Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00142

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 01 сарын 17 өдөр

           Дугаар 183/ШШ2018/00142                             Улаанбаатар хот                            

 

                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Т.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Б,  

 

Хариуцагч: ЗТН ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 2.610.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэг, түүний өмгөөлөгч Ч.П, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Д.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний ээж Т.Н нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр .... УБЧ улсын дугаартай ЗТН  жолооч Т.Б-ийн жолоодож явсан автобусанд сууж яваад хаалганд нь хавчуулж нуруундаа хүндэвтэр гэмтэл авсан. Т.Б эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Ээжийг эмнэлэгт үзүүлэхэд цлекон шахах хагалгаа хийхээс өөр боломжгүй учраас 20 хоноод буцаад ирээрэй гэж хэлсэн. Бидэнд мөнгө байхгүй байсан ба зөвхөн багажийг нь авахад сая гаруй төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед физик эмчилгээнд ээжийг явуулж байсан. 3.000.000 төгрөгийн хагалгаанд ээжийгээ оруулж чадахгүй, хөрөнгө мөнгөний боломжгүйгээс эмчлүүлж чадахгүй байна. Энэхүү гарсан зардал болон хохирлыг барагдуулна гэж Т.Б надтай хохирол барагдуулах хэлцлийг 2017 оны 5 дугаар сарын 10-нд хийсэн. Үүнээс Т.Б 890.000 төгрөг өгч үлдэх 2.110.0000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас нэг сар хагасын дараа төлнө гэж тохирсон, ингээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл уг мөнгөө төлөхгүй байсан тул шүүхэд хандсан ба одоо өөр зүйл ярьж байгаад гомдолтой байна. Т.Б ЗТН ОНӨААТҮГ-т жолоочоор ажилладаг тул Т.Б, ЗТН ОНӨААТҮГ-аас тус тус 2.110.0000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмгөөлөлийн зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЗТН ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажилладаг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Н нь хаалганд хавчуулагдаж биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед эмчилгээ хийхэд нь 890.000 төгрөг өгсөн. Эмчилгээ хийлгэсэн маягтаа өгчих даатгалаас өгнө гэж хэлсэн. Аман хэлцэл хийсэн. Даатгалын газарт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн прокуророос бичиг баримт аваад очсон. Хаан даатгал мэргэжлийн жолооч нарт 10.000.000 төгрөгийн нөхөн олговор өгөх боломжтой гэж хэлсэн. Өвчний түүх бичсэн дэвтрийг өгөхөд эмчийн историй хэрэгтэй. Энэ дэвтрийг хаанаас ч олж болно гэж хэлсэн.  Даатгалын холбогдох хуулийг надад уншуулсан. Би Т.Н руу утсаар яриад Т.Н гуайн историйг өгчих гэхэд эмч өгөхгүй байна гэж хэлсэн. Канондаад өгчих би Амгалан вокзалаас тосоод авъя гэхэд надад өгөөгүй.  Даатгалын газарт очоод хохирол авах гэхээр баримт дутуу гээд өгөх боломжгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01976 дугаар захирамжаар манай компанийг хамтран хариуцагчаар татаж, уг хэрэгт оролцсон. Т.Н-ын нэхэмжлэлтэй гэм хорын хохиролд 2.610.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлээр шаардсан 2.110.000 төгрөгийг ямар эмчилгээнд зарцуулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Манай байгууллагаас осол гаргасан эсэхэд болон ослын улмаас хохирол хэн төлөх талаар маргахгүй. Учир нь  Т.Б  А-1 нэгтгэлийн жолоочоор ажилладаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол мөн хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд улаан хар өнгийн флашинд хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн флашинд автобусанд байх камерын бичлэгт хохирогч хөдөлгөөн эхлэх үед гэнэт босож, хаалга руу ухасхийсэн дүрс бичлэг байдаг. Дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01275 дугаартай тогтоол байгаа. Тогтоолын 6 дугаар заалтад уг тогтоолыг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандана гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа хэлцэлд Зорчигч тээврийн нэгтгэл оролцоогүй. Т.Б нь даатгалын газраас мөнгө авна гэж хэлцлийн нөхцөлийг тохиролцсон гэж ярьдаг. Манай жолоочийн хэлснээр 10.000.000 хүртэлх төгрөгийг гаргадаг. Хэлцлийн үндэслэл нь баримтаа гаргаад өг тэгвэл даатгалаар нөхөн төлбөр гаргаж өгнө гэсэн тохиролцоо байсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Т.Н нь Т.Б, ЗТН ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 2.610.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад 500.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр 2.110.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Т.Б нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ-ын эзэмшлийн  75-02 УБЧ улсын дугаартай Daewoo BS-106 маркийн автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Т.Н автобуснаас унаж улмаар бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмтлийн эмчийн үзлэгийн баримт, шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Тээврийн прокурорын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 275 дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Т.Б гэм буруугийн талаар маргахгүй байна.  

 

Нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н ээжийг хагалгаанд оруулахад хөрөнгө мөнгөний боломжгүйгээс эмчлүүлж чадахгүй байгаа, энэхүү гарсан зардал болон хохирлыг барагдуулна гэж Т.Б 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “хохирол барагдуулах хэлцэл” хийж, үүнээс 890.000 төгрөг өгч, үлдэх 2.110.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас нэг сар хагасын дараа төлнө гэж тохирсон боловч төлөөгүй, Т.Б нь А-1 нэгтгэлийн жолоочоор ажилладаг тул хамтран хариуцагч ЗТН ОНӨААТҮГ болон Т.Б-с 2.110.000 төгрөгийг тус тус нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

 

Хариуцагч Т.Б Т.Н-н эмчилгээний зардалд 890.000 төгрөг төлсөн, холбогдох бичиг баримт болон, эмчилгээний зардлаа аваад ирвэл даатгалын компани болох Хаан даатгал компани хохирлыг барагдуулна гэсэн боловч нэг ч баримт бүрдүүлж өгөөгүйгээс төлөх боломжгүй болсон, нэхэмжлэгч ийм хэмжээний зардал гаргаснаа нотлоогүй гэж, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, 2.110.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар эмчилгээнд зарцуулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй, баримтаар нотлоогүй, хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд улаан хар өнгийн флашинд хийсэн тэмдэглэлд... камерын бичлэгт хохирогч хөдөлгөөн эхлэх үед гэнэт босож, хаалга руу ухасхийсэн дүрс бичлэг байдаг, дээрх нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэх ёстой гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчээс эрүүгийн хэргийн материалаас Т.Н-ын эмчилгээний зардлын талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулсан ба хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Т.Н-т эмчилгээний зардалд 890.000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй, 2.110.000 төгрөг нэхэмжилсэн зардалд дээрх 890.000 төгрөг ороогүй болохыг нэхэмжлэгч дурдаж байгаа болно.

 

         Н.Н нь Т.Б-тай хохирол барагдуулах хэлцлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж, хэлцэлд... 890.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н.Н-т өгч, үлдэх 2.110.0000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас хойш нэг сар хагасын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон гэж уг хэлцлийг үндэслэн нэхэмжилсэн боловч дээрх хэлцлийг Т.Б-тай нэхэмжлэгч Т.Н биш, Н.Н хийсэн, уг бичиг баримтаас харахад Т.Н-аас итгэмжлэл олгоогүй, өөрөөр хэлбэл Т.Н зам тээврийн осолд орсноос ээжийнхээ өмнөөс уг хэлцлийг хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд дээрх хэлцлийг үндэслэн гэм хорын хохиролд 2.110.000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Т.Н цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Н өмгөөллийн зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзсныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б, ЗТН ОНӨААТҮГ-т тус тус холбогдох гэм хорын хохиролд 2.110.000 төгрөг гаргуулах тухай  Т.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Т.Н цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, урьдчилан төлсөн 48.710 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                               Д.ДАВААСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                               Б.МӨНХЖАРГАЛ

                                                                       

                                                                        Д.ХУЛАН