Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00728

 

       Т.Н-ын нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00142 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “З” ОНӨААТҮГ, Т.Б нарт холбогдох

 Гэм хорын хохиролд 2 110 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П, хариуцагч Т.Б-ийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний ээж Т.Н 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 75-02 УБЧ улсын дугаартай З автобусны жолооч Т.Б-ийн жолоодож явсан автобусанд сууж яваад хаалганд нь хавчуулж нуруундаа хүндэвтэр гэмтэл авсан. Т.Б-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Ээжийг эмнэлэгт үзүүлэхэд цлекон шахах хагалгаа хийхээс өөр боломжгүй учраас 20 хоноод буцаад ирээрэй гэж хэлсэн. Бид мөнгөгүй байсан ба зөвхөн багажийг нь авахад сая гаруй төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед физик эмчилгээнд ээжийг явуулж байсан. Ээжийгээ 3 000 000 төгрөгийн хагалгаанд оруулж чадахгүй, мөнгөний боломжгүйгээс эмчлүүлж чадахгүй байна. Энэ зардал болон хохирлыг барагдуулахаар Т.Б надтай хохирол барагдуулах хэлцлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Үүнээс Т.Б 890 000 төгрөг өгч, үлдэх 2 110 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас нэг сар хагасын дараа төлнө гэж тохирч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл уг мөнгөө төлөхгүй байгаа тул Т.Б, “З” О-аас тус тус 2 110 0000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмгөөллийн зардалд 500 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

     Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “З” ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажилладаг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Н хаалганд хавчуулагдаж биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед эмчилгээ хийхэд 89 .000 төгрөг өгсөн. Эмчилгээ хийлгэсэн маягтаа өгчих даатгалаас өгнө гэж хэлсэн. Аман хэлцэл хийсэн. Даатгалын газарт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн прокуророос бичиг баримт аваад очсон. Хаан даатгал мэргэжлийн жолооч нарт 10 000 000 төгрөгийн нөхөн олговор өгөх боломжтой гэж хэлсэн. Өвчний түүх бичсэн дэвтрийг өгөхөд эмчийн сторь хэрэгтэй. Энэ дэвтрийг хаанаас ч олж болно гэж хэлсэн. Даатгалын холбогдох хуулийг надад уншуулсан. Би Т.Н руу утсаар яриад Т.Н гуайн историйг өгчих гэхэд эмч өгөхгүй байна гэж хэлсэн. Канондаад өгчих би Амгалан вокзалаас тосоод авъя гэхэд надад өгөөгүй.  Даатгалын газар очоод хохирол авах гэхээр баримт дутуу гээд өгөх боломжгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

      Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлээр шаардсан 2 110 000 төгрөгийг ямар эмчилгээнд зарцуулсан талаарх баримтгүй. Манай байгууллагаас осол гаргасан эсэх, ослын улмаас хохирол хэн төлөх талаар маргахгүй. Т.Б  Автобус-1 нэгтгэлийн жолоочоор ажилладаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол мөн хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд улаан хар өнгийн флашинд хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн флашинд автобусанд байх камерын бичлэгт хохирогч хөдөлгөөн эхлэх үед гэнэт босч, хаалга руу ухасхийсэн дүрс байдаг. Дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01275 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад хандсан баримтгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа хэлцэлд Зорчигч тээврийн нэгтгэл оролцоогүй. Т.Б даатгалын газраас мөнгө авна гэж хэлцлийн нөхцлийг тохиролцсон гэж ярьдаг. Манай жолоочийн хэлснээр 10 000 000 хүртэлх төгрөгийг гаргадаг. Хэлцлийн үндэслэл нь баримтаа гаргаад өгвөл даатгалаар нөхөн төлбөр гаргаж өгнө гэсэн тохиролцоо байсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Н өмгөөллийн зардалд 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзсныг баталж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б, З ОНӨААТҮГ-т тус тус холбогдох гэм хорын хохиролд 2 110 000 төгрөг гаргуулах тухай  Т.Нямаажавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     Т.Н цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, урьдчилан төлсөн 48 710 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Н.Н нь Т.Б-тай байгуулсан хэлцэлд Т.Н-ыг төлөөлөх эрхгүй гэж үзэж нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь: Т.Б болон Н.Н нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь эрүүгийн хэргийг шийдвэрлэх гол нөхцөл болсон Т.Н болон хариуцагч Т.Б нар нь энэхүу хэлцэл дээр маргаагүйн дээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөл нь амаар болон бичгээр үүсдэг байж болохоор зохицуулсан байхад заавал бичгээр хийсэн итгэмжлэл байх ёстой мэтээр үзэж хуулийн зохицуулалтыг явцууруулж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Н хариуцагч “З” ОНӨААТҮГ, Т.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 2 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Б 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд замд Daewoo BS-106 маркийн 75-02 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зорчигч Т.Н уг автобуснаас унаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг хэргийг “хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Тээврийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 275 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход хариуцагч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Т.Б нарын хооронд “Хохирол барагдуулах тухай” хэлцэл хийж, 890 000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Т.Н нь өөрийн нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхийг Н.Н-т олгоогүй байна.  

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд эмчилгээний зардалд нэхэмжилсэн төлбөрийг төлөх үүрэгтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгчийн  “...2 110 000 төгрөгийн хохирол учирсан” талаарх шаардлага хэргийн баримтаар тогтоогдоогүй.  

      Хариуцагч Т.Б нь жолоочийн хариуцлагын даатгал төлдөг учраас баримтаа бүрдүүлвэл даатгалаар хохирол барагдуулах боломжтой гэх тайлбар гаргасан бөгөөд  шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй гэжээ.

     Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх “Хохирол барагдуулах тухай” хэлцлийг заавал бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулна гэж Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарласан гэх гомдол гаргасан. Нэхэмжлэгч өөрийг нь төлөөлж хэлцэл хийх зөвшөөрлийг Н.Н-т олгосон баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                         ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА