Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Т,

Хариуцагч: Ш.С ХХК нарт холбогдох,

            “26,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагч З.Т, түүний өмгөөлөгч Б.Номин, хариуцагч Ш.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Э З.Ттай 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Тоёота приус улаан хүрэн өнгөтэй машиныг 8 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож түүний өмчлөлд шилжүүлсэн. Ингээд гэрээний үнийн дүн болох 8,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож мөн өдрөө “Төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан. Улмаар З.Т худалдаж байсан автомашинуудаас 9,200,000 төгрөгөөр үнэлж зарж байсан Тоёота приус саарал өнгөтэй машиныг худалдаж аваад өөрөө Ж.Отгонбаяр гэх хүнд барилгын материалын өрөндөө миний нэр дээрээс шууд шилжүүлсэн. Ингээд надтай 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээнийхээ үүргийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр бид харилцан тохиролцсон.

Ийнхүү дээр дурдсан гэрээнүүдийг байгуулснаас хойш З.Т нь надад 3,500,000 төгрөгийг хүүнд тооцож 2016 оны 08 дугаар сарын 19-нд төлөөд үүнээс хойш одоог хүртэл З.Т гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлж миний мөнгийг төлөхгүй намайг хохироож байна. Би З.Тыг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлнэ гэдэгт итгэж бүтэн жил гаруйн хугацаанд хүлээлээ. Гэвч энэ хүний мөнгөө төлөхгүй байгаа нөхцөл байдал нь эдийн засаг хүнд хэцүү үед миний бизнесийн үйл ажиллагаанд маш их хохирол учруулж байгаагаас гадна төлбөр мөнгөө нэхэж удаа дараа утастах болон уулзах оролдлогыг миний зүгээс хийсэн боловч З.Т өрөө төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй надаас зугтаж байгаад гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд автомашины үнэ 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг, алдангид 4,600,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өмгөөлөгч хөлсөлсөн хохиролд 1,000,000 төгрөг, нийт 26,800,000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүх хариуцагч нарын хэнээс нь гаргуулахыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хариуцагч З.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З.Т 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар cap хүртэл Б.Мөнгөн захиралтай “Ш.С” ХХК-нд ажиллаж байсан. Уг компани нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр 80 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байсан. Би Б.Мөнгөнтэй 2013 оноос эхлэн танилууд болсон бөгөөд 2015 онд өөрийнх нь тавьсан хүсэлтийн дагуу тус барилгын төсөлд ажиллаж эхэлсэн. Б.Мөнгөн захирал нь санхүүжилт олох үүргийг гүйцэтгэж төслийг ерөнхийд нь удирдаж байсан бол миний бие гүйцэтгэгч нартай байгуулах гэрээг хянах, боловсруулах, өдөр тутмын барилгын ажилд хяналт тавих үүрэгтэйгээр тус тус ажиллаж байсан. Барилгын дотор заслын ажил эхлэн гүйцэтгэгч компаниуд ажлаа хийж эхлэхэд дотор заслын үндсэн материалын нэг болох гал тогоо, ариун цэврийн өрөөний плита, обойг худалдан авах шаардлагатай болсон. Гэвч санхүүжилтгүйн улмаас дотор заслын ажил саатаад байсан тул барилгын материал зээлээр авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд 100 айлын барилгын материал захад плита зардаг Ч.Булгантамираас плита зээлж эхэлсэн. Гэвч материалын төлбөрийг төлөлгүй удааснаас Ч.Булгантамир нь дахиж материал зээлэх боломжгүй гэсэн. Б.Мөнгөний танил ахаар дамжуулан нэхэмжлэгч А.Этой танилцсан бөгөөд “Ш.С” компанид зээлээр автомашин нийлүүлж компани төлбөрийг нь удаалгүй буцааж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчээс авсан 2 ширхэг приус маркийн автомашины нэгийг буюу улаан хүрэн өнгөтэй автомашиныг Ч.Булгантамирт өгч оронд нь плита авахаар тохиролцсон бөгөөд үлдсэн 1 автомашиныг обой худалдан борлуулдаг Ж.Отгонбаярт өгч барилгын баруун блокод хэрэглэх обойг оронд нь авсан. Нэхэмжлэгч нь машинаа шилжүүлэх гэрээ байгуулах шаардлагатай болоход Б.Мөнгөн “би амжихгүй, чи аргалаад зохицуулчих” гэж хэлсэн бөгөөд барилгын ажил саатаж захиалагч нар өдөр бүр хэл ам хийж хугацаа алдах боломжгүй байсан тул арга буюу тухайн 2 автомашины нэгийг нь би өөрийн нэр дээр гэрээ байгуулан хүлээн авч түүнийгээ цааш нь Ч.Булгантамирт шилжүүлсэн. Ч.Булгантамир нь машины хариуд барилгын баруун блокийн айлуудад хэрэглэх плитаг нийлүүлэн барилгын талбайд буулгасан. Миний бие гүйцэтгэгч, захиалагч, бараа материал нийлүүлэгч нарын дарамт шахалт, хэл ам, стрессийн улмаас цаашид ажлаа хэвийн хийх ямар ч боломжгүй болсон бөгөөд 2016 оны 8 дугаар сард ажлаас гарахаар шийдэн “Ш.С” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй автомашины төлбөрийг би биш уг автомашиныг ашиглан барилгадаа материал авсан “Ш.С” ХХК төлөх болохоо албажуулан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр уг тооцоо нийлсэн актыг үйлдсэн.

Нэхэмжлэгчийн 9,200,000 төгрөгөөр борлуулж байсан автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А.Э болон обой худалдан борлуулдаг Ж.Отгонбаяр нар гэрээ байгуулан хоорондоо шилжүүлсэн. Нэхэмжлэгч А.Э нь дээрх нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй мэдэж байгаа бөгөөд “Ш.С” ХХК-ийн захирал Б.Мөнгөн төлбөрийг нь төлөхгүй байгаад бачимдан дээрх 2 автомашиныг “Ш.С” ХХК ашиглан барилгын материал авсныг мэдсээр байж намайг төлөхийг шаардаж байна. Миний хувьд дээрх автомашинуудыг худалдан авах гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгч ч мөн адил надад биш "Ш.С" ХХК-д дээрх 2 автомашиныг зээлээр худалдан борлуулж буйгаа мэдэж байсан бөгөөд өөрийн нэрийн өмнөөс шууд "Ш.С" ХХК-иас авлагатай этгээд болох Ч.Булгантамирт автомашин шилжүүлсэн байдаг. З.Тд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Хариуцагч “Ш.С” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Ариг бүрд” цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусгасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү барилгын ажлын гүйцэтгэлтэй (дотоод засал) холбогдуулан манай компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал З.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг А.Этой байгуулан түүнээс Тоёото Приус маркийн авто машиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн болно. Мөн түүнчлэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Тоёото Приус маркийн саарал өнгөтэй автомашиныг 9.200.000  төгрөгөөр худалдан авсан ба А.Эоос дээрх мөнгийг огт зээлж аваагүй болно. Тухайн үед А.Э нь гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээ нь хэлбэрийн хувьд л хийгдсэн гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 9.200.000 төгрөгийг зээлсэн гэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа байгааг шүүх анхаарч үзнэ үү. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...миний худалдаж байсан автомашинуудаас 9.200.000 төгрөгөөр үнэлж зарж байсан тоёото приус саарал өнгөтэй машиныг худалдаж аваад өөрөө Ж.Отгонбаяр гэх хүнд барилгын материалын өрөнд миний нэр дээрээс шууд шилжүүлсэн ...” гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар өгсөн, мөн бидний хооронд зээлийн гэрээ бодит байдалд байгуулагдаагүй юм. Хэрэгт авагдсан байгаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх гэрээ бол саарал өнгөтэй Тоёото Приус маркийн авто машиныг худалдаж авсны баталгаа болгож З.Тар гарын үсэг зуруулсан авсан гэрээ байгаа юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно...” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт: “...зээлийн хэмжээ, 9,200,000 төгрөг....”, мөн гэрээний 2.4 дэх хэсэгт “....хүүгүй... ” гэж заасан байх ба З.Т нь А.Эоос гэрээ байгуулсан өдөр бэлнээр 9.200.000 төгрөгийг зээлж авсан өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн З.Т болон А.Э нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт зааснаар “...зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр буюу бэлэн бусаар дансаар шилжүүлнэ... ” гэж заасан байх ба түүнээс бэлэн болон бэлэн бусаар мөнгө авсан өгсөн зүйл огт байхгүй. Харин машин худалдаж авсан үйл баримт баримтаар болон талуудын тайлбараар нотлогдох тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаан нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж бид үзэж байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүргээс З.Т нь 3.500.000  төгрөгийг буцаан төлсөн энэ талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд эхний гэрээний үлдэгдэл 4.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Мөн нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь шууд бус хохиролд тооцогддог тул үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхний машины үнийн үлдэгдэл 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, сүүлд худалдан авсан машины төлбөр 9,200,000 төгрөг, нийт 15,950,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусад нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э хариуцагч З.Т, “Ш.С” ХХК нарт холбогдуулан “автомашины үнэ 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг, алдангид 4,600,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өмгөөлөгч хөлсөлсөн хохиролд 1,000,000 төгрөг, нийт 26,800,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “А.Э авто машиныг “Ш.С” ХХК худалдан авч байгааг мэдэж байсан, бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, 9,200,000 төгрөг хүлээн аваагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Э 2016 оны 4 сарын 14-ний өдрийн “автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр хариуцагч “Ш.С” ХХК-д Япон улсад 2003 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 3 сарын 30-ны өдөр Монгол Улсад орж ирсэн  тоёота приус маркийн 8,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машинаа худалдсан, худалдан авагч “Ш.С” ХХК 2016.05.14-ний өдрийн дотор төлбөрийг төлөх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.4 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь авто машин худалдах, худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Э 2016 оны 4 сарын 28-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч З.Тд 9,200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.4 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, зээлийн гэрээний 3.2-т “зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр буюу бэлэн бусаар дансаар шилжүүлнэ” заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр А.Э З.Тд 9,200,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба мөнгийг хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл А.Э 9,200,000 төгрөгийг зээлэх, З.Т зээлэн авах хүсэл зориггүй байсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин тоёота приус маркийн саарал өнгөтэй авто машиныг 9,200,000 төгрөгөөр худалдсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... А.Э өөрийн приус маркийн автомашиныг З.Тд зээлээр худалдсан, тохиролцоод зээлийн гэрээ байгуулан алданги тохирсон нь хуульд нийцсэн ... гэж тайлбарлаж байх боловч талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т нийцүүлэн байгуулаагүй тул А.Э хариуцагч З.Т, “Ш.С” ХХК нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 “Ш.С” ХХК-иас З.Тд А.Этой авто машин худалдах гэрээ байгуулах эрхийг олгосон болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож, маргахгүй байна.

“Ш.С” ХХК 2 ширхэг авто машиныг худалдан авах хүсэл зоригтой байсан, 2 авто машин “Ш.С” ХХК-ийн зөвшөөрлөөр компанийн бусдад төлөх төлбөрт тооцож Ч.Булгантамир, Ж.Отгонбаяр нарт шилжүүлсэн,  А.Э авто машиныг “Ш.С” ХХК худалдан авч байгааг  мэдэж байсан болох нь түүний нэхэмжлэл, авто машиныг Ж.Отгонбаярын нэр дээр шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдож байна.

“Ш.С” ХХК-иас А.Эын Хаан банкны 5026993559 тоот дансанд авто машины төлбөрт 2016 оны 9 сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 9 сарын 29-нд 1,500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь А.Эын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

А.Э, “Ш.С” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Дашравдан нар тооцоо нийлж 22,462,400 төгрөгийн авлага, өглөгтэйг баталгаажуулсан баримт байх боловч хариуцагч “Ш.С” ХХК уг тооцооллоор төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул шүүх талуудын хооронд үүссэн харилцааг үндэслэн төлбөрийг тогтоох нь зүйтэй.

Дээр дурдсанаас дүгнэвэл худалдагч А.Э, худалдан авагч “Ш.С” ХХК-ийн хооронд 2016 оны 4 сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөгийн, 2016 оны 4 сарын 28-ны өдөр 9,200,000 төгрөгийн авто машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, А.Э 2 ширхэг авто машиныг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, “Ш.С” ХХК төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, А.Э З.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул З.Т “Ш.С” ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзэхээр байна.

2016 оны 4 сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөгийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.4 хувийн алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул алданги шаардах эрхтэй, 2016 оны 4 сарын 14-ний өдрийн алдангийн тохиролцоог “Ш.С” ХХК хүлээн зөвшөөрсөн, харин 2016 оны 4 сарын 28-ны өдөр 9,200,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, алдангийн талаар бичгээр тохиролцоогүй тул алданги шаардах эрхгүй байна.

“Ш.С” ХХК 2016 оны 4 сарын 14-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг 8,000,000 төгрөгийг төлөх үүргээ 2016 оны 5 сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэл 134 хоног хэтрүүлж алданги нь 8,000,000*0.4%*134хоног=4,288,000 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байна.

 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасанд нийцүүлэн “Ш.С” ХХК-ийн төлсөн 3,500,000 төгрөгийг үндсэн төлбөр 8,000,000 төгрөгөөс хасаж үндсэн үүрэг 4,500,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч “Ш.С” ХХК 2016 оны 4 сарын 28-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах гэрээний үнэ 9,200,000 төгрөгийг төлөөгүй, төлнө гэж байх тул гаргуулах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй, энэ эрхээ эдэлсний улмаас бусдад үүрэг үүсэх үндэслэлгүй тул А.Эоос өмгөөлөгч Б.Анхзаяад төлсөн хөлс 1,000,000 төгрөгийг “Ш.С” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Иймд хариуцагч “Ш.С” ХХК-иас авто машин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,700,000 төгрөг, алдангид 4,000,000 төгрөг, нийт 17,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэлээс авто машины төлбөр 3,500,000 төгрөг, алданги 4,600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 9,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

“Ш.С” ХХК-ийн захирлаар Б.Мөнгөнийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэж, бичилт хийгээгүй байх боловч 50 хувийн хувьцааг Б.Мөнгөн эзэмшдэг болох нь дүрмээр тогтоогдож байх ба Б.Мөнгөнийг захирал гэдэгтэй талууд маргаагүйг дурдав.

А.Э З.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний болон зээлийн харилцаа, үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн тул хариуцагч З.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2017 оны 10 сарын 4-ний өдрийн 183/ШЗ2017/10296 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш.С” ХХК-иас 17,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэлээс 9,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. З.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш.С” ХХК-иас 246,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2017 оны 10 сарын 4-ний өдрийн 183/ШЗ2017/10296 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

6. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/20629 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.БАТЦЭЦЭГ