Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 898

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/00525 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч З.Т, "Ш с" ХХК-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч З.Т, хариуцагч  "Ш с" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э З.Т-тай 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Автомашин худалдах, худалдан авах гэрээ" байгуулж Тоёота приус улаан хүрэн өнгөтэй машиныг 8 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож түүний өмчлөлд шилжүүлсэн. Ингээд гэрээний үнийн дүн болох 8 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож мөн өдрөө "Төлбөр барагдуулах гэрээ"-г бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан. Улмаар З.Т худалдаж байсан автомашинуудаас 9 200 000 төгрөгөөр үнэлж зарж байсан Тоёота приус саарал өнгөтэй машиныг худалдаж аваад өөрөө Ж.О гэх хүнд барилгын материалын өрөндөө миний нэр дээрээс шууд шилжүүлсэн. Ингээд надтай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээнийхээ үүргийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр бид харилцан тохиролцсон. Ийнхүү дээр дурдсан гэрээнүүдийг байгуулснаас хойш З.Т нь надад 3 500 000 төгрөгийг хүүнд тооцож 2016 оны 8 дугаар сарын 19-нд төлөөд үүнээс хойш одоог хүртэл З.Т гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлж миний мөнгийг төлөхгүй намайг хохироож байна. Иймд автомашины үнэ 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 9 200 000 төгрөг, алдангид 4 600 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өмгөөлөгч хөлсөлсөн хохиролд 1 000 000 төгрөг, нийт 26 800 000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүх хариуцагч нарын хэнээс нь гаргуулахыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл Б.М захиралтай "Ш с" ХХК-нд ажиллаж байсан. Уг компани нь Баянзүрх  дүүргийн   25-р   хорооны   нутаг  дэвсгэрт  өөрийн хөрөнгөөр 80 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байсан. Би Б.М-тэй 2013 оноос эхлэн танилууд болсон бөгөөд 2015 онд өөрийнх нь тавьсан хүсэлтийн дагуу тус барилгын төсөлд ажиллаж эхэлсэн. Б.М захирал нь санхүүжилт олох үүргийг гүйцэтгэж төслийг ерөнхийд нь удирдаж байсан бол миний бие гүйцэтгэгч нартай байгуулах гэрээг хянах, боловсруулах, өдөр тутмын барилгын ажилд хяналт тавих үүрэгтэйгээр тус тус ажиллаж байсан. Барилгын дотор заслын ажил эхлэн гүйцэтгэгч компаниуд ажлаа хийж эхлэхэд дотор заслын үндсэн материалын нэг болох гал тогоо, ариун цэврийн өрөөний плита, обойг худалдан авах шаардлагатай болсон.  Гэвч  санхүүжилтгүйн  улмаас дотор заслын  ажил  саатаад байсан тул барилгын   материал   зээлээр   авахаар   хөөцөлдөж  эхэлсэн   бөгөөд   100   айлын барилгын материалын захад плита зардаг Ч.Б-аас плита зээлж эхэлсэн. Гэвч материалын төлбөрийг төлөлгүй удааснаас Ч.Б нь дахиж материал зээлэх боломжгүй гэсэн. Б.М-ий танил ахаар дамжуулан нэхэмжлэгч А.Э-той   танилцсан   бөгөөд "Ш с"  компанид  зээлээр  автомашин нийлүүлж    компани    төлбөрийг    нь    удаалгүй    буцааж    өгөхөөр    тохиролцсон. Нэхэмжлэгчээс авсан 2 ширхэг приус маркийн автомашины нэгийг буюу улаан хүрэн өнгөтэй автомашиныг Ч.Булгантамирт өгч оронд нь плита авахаар тохиролцсон бөгөөд  үлдсэн   1   автомашиныг  обой   худалдан   борлуулдаг Ж.О-т  өгч барилгын баруун блокод хэрэглэх обойг оронд нь авсан. Нэхэмжлэгч нь машинаа шилжүүлэх гэрээ байгуулах шаардлагатай болоход Б.М "би амжихгүй, чи аргалаад зохицуулчих" гэж хэлсэн бөгөөд барилгын ажил саатаж захиалагч нар өдөр бүр хэл ам хийж хугацаа алдах боломжгүй байсан тул арга буюу тухайн 2 автомашины нэгийг нь би өөрийн нэр дээр гэрээ байгуулан хүлээн авч түүнийгээ цааш нь Ч.Б-т шилжүүлсэн. Ч.Б нь машины хариуд барилгын баруун блокийн айлуудад хэрэглэх плитаг нийлүүлэн барилгын талбайд буулгасан, Миний  бие   гүйцэтгэгч,   захиалагч,   бараа   материал   нийлүүлэгч   нарын  дарамт шахалт, хэл ам, стрессийн улмаас цаашид ажлаа хэвийн хийх ямар ч боломжгүй болсон бөгөөд 2016 оны 8 дугаар сард ажлаас гарахаар шийдэн "Ш с" ХХК  болон   нэхэмжлэгч   нарын   хооронд  тооцоо   нийлсэн   акт  үйлдсэн   бөгөөд нэхэмжлэгчийн  шаардаж буй автомашины төлбөрийг би биш уг автомашиныг ашиглан   барилгадаа   материал   авсан   "Ш с" ХХК  төлөх  болохоо албажуулан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр уг тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Нэхэмжлэгчийн 9 200 000 төгрөгөөр борлуулж байсан автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А.Э болон обой худалдан борлуулдаг Ж.О нар гэрээ байгуулан хоорондоо шилжүүлсэн. Нэхэмжлэгч А.Э нь дээрх нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй мэдэж байгаа бөгөөд "Ш с" ХХК-ийн захирал Б.М төлбөрийг нь төлөхгүй байгаад бачимдан   дээрх 2 автомашиныг "Ш с" ХХК ашиглан барилгын материал авсныг мэдсээр байж намайг төлөхийг шаардаж байна. Миний хувьд дээрх автомашинуудыг худалдан авах гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгч ч мөн адил надад биш "Ш с" ХХК-д дээрх 2 автомашиныг зээлээр худалдан борлуулж буйгаа мэдэж байсан бөгөөд өөрийн нэрийн өмнөөс шууд "Ш с" ХХК-иас авлагатай этгээд болох Ч.Б-т автомашин шилжүүлсэн байдаг. З.Т-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Ш с" ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагдэвсгэр, 13 дугаар хороололд байрлах "Ариг бүрд" цогцолборын 102а, 1026 тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусгасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү барилгын ажпын гүйцэтгэлтэй (дотоод засал) холбогдуулан манай компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал З.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг А.Э-той байгуулан түүнээс Тоёото Приус маркийн авто машиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн болно. Мөн түүнчлэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Тоёото Приус маркийн саарал өнгөтэй автомашиныг 9 200 000 төгрөгөөр худалдан авсан ба А.Э-оос дээрх мөнгийг огт зээлж аваагүй болно. Тухайн үед А.Э нь гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээ нь хэлбэрийн хувьд л хийгдсэн гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 9 200 000 төгрөгийг зээлсэн гэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа байгааг шүүх анхаарч үзнэ үү. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "...миний худалдаж байсан автомашинуудаас 9 200 000 төгрөгөөр үнэлж зарж байсан тоёото приус саарал өнгөтэй машиныг худалдаж аваад өөрөө Ж.О гэх хүнд барилгын материалын өрөнд миний нэр дээрээс шууд шилжүүлсэн ..." гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар өгсөн, мөн бидний хооронд зээлийн гэрээ бодит байдалд байгуулагдаагүй юм. Хэрэгт авагдсан байгаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн "Зээлийн гэрээ" гэх гэрээ бол саарал өнгөтэй Тоёото Приус маркийн авто машиныг худалдаж авсны баталгаа болгож З.Т-р гарын үсэг зуруулсан авсан гэрээ байгаа юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар "...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно..." гэжзаасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт: "...зээлийн хэмжээ, 9 200 000 төгрөг....", мөн гэрээний 2.4 дэх хэсэгт "....хүүгүй... " гэж заасан байх ба З.Т нь А.Э-с гэрээ байгуулсан өдөр бэлнээр 9 200 000 төгрөгийг зээлж авсан өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн З.Т болон А.Э нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт зааснаар "...зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр буюу бэлэн бусаар дансаар шилжүүлнэ... " гэж заасан байх ба түүнээс бэлэн болон бэлэн бусаар мөнгө авсан өгсөн зүйл огт байхгүй. Харин машин худалдаж авсан үйл баримт баримтаар болон талуудын тайлбараар нотлогдох тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаан нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж бид үзэж байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүргээс З.Т нь 3 500 000 төгрөгийг буцаан төлсөн энэ талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд эхний гэрээний үлдэгдэл 4 500 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Мөн нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь шууд бус хохиролд тооцогддог тул үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхний машины үнийн үлдэгдэл 4 500 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, сүүлд худалдан авсан машины төлбөр 9 200 000 төгрөг, нийт 15 950 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусад нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээрзүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэххэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ш с" ХХК-иас 17 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлээс 9 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ш с" ХХК-иас 246 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүух хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүухэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийгбаталгаажуулах тухай" 2017 оны 10 сарын 4-ний өдрийн 183/Ш32017/10296 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж, Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/Ш32017/20629 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Ш с" ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхий шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс хууль ёсны болж чадаагүй. Учир нь шүүх тооцооллын хувьд хууль зүйн дүгнэлт хийхдээ мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзэж байгаа бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүргийг хариуцагч биелүүлж 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл нь 4 500 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөөгүй байсан. Шүүхээс алдангийн талаар дүгнэлт хийхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба дээрх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 4 500 000 төгрөг байх тул уг үүргээс алданги тооцох байтал 8 000 000 төгрөгнөөс алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

                                                                       

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч З.Т, "Ш с" ХХК-д тус тус холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт 26 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Т эс зөвшөөрч, хариуцагч "Ш с" ХХК 15 950 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэгч А.Э, хариуцагч "Ш с" ХХК-ийн хооронд зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүрэг  үүсээгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг тус тус зөв хэрэглэсэн байна.

 

Хариуцагч "Ш с" ХХК-ийн өмнөөс хариуцагч З.Т нэхэмжлэгч А.Э-той 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах болон автомашин худалдах, худалдах авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр 2003 онд үйлдвэрлэгдсэн Тоёото приус маркийн /улаан хүрэн өнгийн/ автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдаж авах, автомашины үнийг 2016 оны 5 дугаар сарын 14-ний дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.4 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож автомашиныг "Ш с" ХХК-ийн өр төлбөрт тооцон Ч.Б гэх этгээдийн нэр дээр шилжүүлсэн болох нь эдгээр гэрээ /хх-ийн 5-6/, "Ш с" ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 35/, ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 76/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 77/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Мөн хариуцагч "Ш с" ХХК-ийн өмнөөс хариуцагч З.Т нэхэмжлэгч А.Э-той 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээнд 9 200 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлэх талаар тохиролцсон агуулга тусгагдсан боловч 9 200 000 төгрөгийг хариуцагч З.Т-д шилжүүлээгүй, харин Тоёото приус маркийн /саарал өнгийн/ автомашиныг 9 200 000 төгрөгөөр худалдаж авах, автомашины үнийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны дотор төлөх талаар тохиролцсон, уг автомашиныг "Ш с" ХХК-ийн өр төлбөрт тооцон Ж.О гэх этгээдэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хариуцагч "Ш с" ХХК,  нэхэмжлэгч А.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай ниицжээ.

 

Иймд нэхэмжлэгч А.Э нь хариуцагч "Ш с" ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дээрх 2 ширхэг автомашины төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр,  2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч "Ш с" ХХК нь машины төлбөр гэж 2016 оны 9 дүгээр сарын 26, 29-ний өдрүүдэд нийт 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Э-д шилжүүлсэн боловч /хх-ийн 76/  аль автомашины үнийг төлж байгааг заагаагүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нөгөө талдаа төлж буй мөнгө бүх үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөрийн хугацаа болсон үүрэг, түүнчлэн илүү хүнд нөхцөлтэй үүрэгт шилжүүлнэ. Талуудын гэрээний хувьд эхэнд байгуулагдсан 2016 оны 04 сарын 14-ний өдрийн гэрээний үүргийн хугацаа түрүүлж болон гадна анз тооцогдох нөхцөлтэй тул илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзнэ. Иймд    8 000 000 төгрөгийн үүргээс хасч тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүх анзыг төлөгдөөгүй үүргээс тооцолгүй, үндсэн үүрэг 8 000 000 төгрөгөөс тооцсон буруу байх тул 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 4 500 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний автомашины төлөгдөөгүй төлбөр 9 200 000 төгрөг, нийт 15 950 000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

Талуудын хоорондох 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу 9 200 000 төгрөгт анз тооцох үндэслэлгүй талаар болон өмгөөлөгчид төлсөн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.