Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/02620

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 11 сарын 29 өдөр

 Дугаар 183/ШШ2017/02620

               Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Ч.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.ХСӨХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.733.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгээ, Л.Маамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Д нь тус СӨХ-д 2006 оны 10 дугаар сарын 13-наас эхэлж гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажил албан үүргээ сайн гүйцэтгэж байсантай холбоотой түүнийг 2015 онд гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргатай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдаж, хурлын тогтоолоор Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулж, улмаар 9 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь мэдээгүй. Ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээгүй явж байгаад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийг нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлсөн байна гэдгийг мэдсэн. Гэхдээ 9 сарын сүүлээр ажилдаа очиход өөр хүнд ажлыг чинь хүлээлгэн өгч хийлгэж байгаа гээд Ч.Дг өрөөнд нь оруулахгүй байсан байдаг. Энэ хугацаанд СӨХ-д аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан тул СӨХ-ийн Дээд зөвлөл дээр очиж хүсэлтээ тавьж, тэнд ажлаа хийгээд явж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өөрөө гардаж аваагүй, албан ёсоор мэдээгүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргахад хугацаа хэтэрсэн байна гэсэн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 18-нд шүүхэд хандсан. Үүний өмнө тус СӨХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоолгохоор 2017 оны 2 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хэргийг шийдсэний дараа нэхэмжлэлээ гаргасан юм билээ. Өөрөөр хэлбэл 2017 оны 3 дугаар сараас хойш хуулийн байгууллагаар явж байгаа. Нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэж байсан ажлын зургийг хэрэгт гаргаж өгсөн байх тул түүнийг огт ажил хийгээгүй гэж хэлж болохгүй. Мөн тухайн байрны оршин суугчид нь СӨХ-ийн төлбөрийг төлдөггүй байснаас болж ажилчдын цалинг бүтэн өгч байгаагүй гэж тайлбарладаг. Түүнчлэн эрүүгийн хэргийн материалд байгаа тайлангуудаас харахад өөрийнх нь хийсэн ажлууд байгаа. Оршин суугчид хийсэн ажлын тайланг нь шаардах эрхтэй боловч эхлээд төлбөр төлсний дараа хийсэн ажлын тайланг шаардах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Н.Х СӨХ-ийн Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг хууль бусаар ажлаас халж, халсан шийдвэрээ одоо болтол хүлээлгэн өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга П.Т ажлаас халах тушаал гаргасан байдаг ба түүнд тийм эрх хэмжээ байхгүй. Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж тогтоолоор шийдвэрлэх ёстой. Мөн уг тушаалд сүүлд хийлгэсэн тамгыг дарсан байдаг. Уг тамгыг 2017 оны 02 дугаар сарын 21-нд Соёмбо тамга тэмдэгний үйлдвэр хийсэн гэдгээ нотолж тодорхойлолт өгснийг шүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр сүүлд нөхөж хийсэн, хууль бус тушаал гэж үзэж байна. Мөн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөхдөө Удирдах зөвлөлийн тогтоол гаргаагүй, Удирдах зөвлөлийн гишүүдийн тэмдэглэлээр ажлаас халж бас хууль зөрчсөн. Иймд Ч.Дг урьд эрхэлж байсан  ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 2017 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэл тооцож 5.733.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сарын 490.000 төгрөгийн цалинтай бөгөөд гар дээр 441.000 төгрөг авдаг байсан. Н.ХСӨХ-ийн хэсэг хүмүүс Ч.Дг тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтыг авч зугтлаа гэж 2016 оны 12 дугаар сарын 06-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тэрээр хийсэн ажил болоод санхүүгийн бичиг баримтаа хамгаалахын тулд өөрөө авч яваад дараа нь тус СӨХ-д хүлээлгэн өгсөн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгээ,  Л.Маамсүрэн, өмгөөлөгч Б.Түвшинжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 10 гаруй ажил ажиллаж байгаа бөгөөд СӨХ-ийн гүйцэтгэх захиралд 2015, 2016 оноос хойш оршин суугчид аюулгүй амьдрах нөхцөлийг хангах үүднээс сангийн шугам хоолойг засварлах талаар хэлж байсан боловч ямар нэг арга хэмжээ авч байгаагүй. Түүнчлэн Татварын хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээ, ОСНААГ-ын ХҮТ-д тус тус өр үүсгэсэн нь түүний ажлын хариуцлагатай шууд холбоотой. Мөн ажиллаж байх хугацаандаа ажлын тайлангаа огт тавьж байгаагүй ба өөрөө тайлангийн хурал хийсэн гэдэг боловч тэр талаараа бидэнд болон оршин суугчдад мэдэгдэж байсан удаа байхгүй. Ажилчдын цалинг байнга дутуу өгч байсан. Манай байрны доор 27 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэдэнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулж ажиллах хангалттай хугацаа байсан. Гэрээгүй байж тэднээс яаж мөнгө авдаг, мөнгөө хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй. Энэ мэтчилэн оршин суугчдаас байнга гомдол санал гарч, түүнийг солих талаар удаа дараа ярьж байсан. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр СӨХ бүх гишүүдийн хурлаа хийж, гүйцэтгэх захирлыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж, Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг шинээр байгуулсан. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг сонгож, СӨХ-ийн гүйцэтгэх захирлын асуудлыг авч хэлэлцэж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр Ч.Дг ажлаас нь чөлөөлсөн. СӨХ-ийн тухай хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх үүргийг зохицуулж өгсөн ба 12.4.9-д... Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан бол түүнээс хойш ажлын 3 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь үүнийг мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг 6 хуудас баримтыг түүний гэрийн хаягаар шууданд хийж, өөрөө шууданг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр гарсныг хүмүүс түүнд утсаар хэлсэн байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлыг нь хүлээж авна гэдгээ хэлсэн боловч өглөө нь ирээд тамга тэмдэг, бичиг баримтуудыг аваад явсан байсан. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Дг оруулахгүй байсан, өөр хүнээр ажлыг хийлгүүлж байгаа гэж тайлбарласнаас үзэхэд 9 дүгээр сарын 22-нд ажлаас халсныг мэдсэн гэдэг нь нотлогдож байна. Ч.Д ажлаа хүлээлгэж өгөхгүй, СӨХ-ийн тамга, тэмдэг санхүүгийн бичиг баримтыг авч зугтсанаас болж, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга болон хяналтын зөвлөлийн гишүүдээс Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгахад санхүүгийн бичиг баримт, тамга тэмдэг надад байгаа гэж мэдүүлсэн байдаг ба эдгээр баримт нь хэрэгт авагдсан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн баримт, тамга тэмдгийг СӨХ-д хүлээлгэж өгсөн гэж ярьж байгаа боловч хэзээ хэнд хүлээлгэн өгсөн гэдэг нь тодорхойгүй, хэрэгт тэр талаар ямар нэгэн баримт байхгүй байна. СӨХ ажлаа хэвийн явуулахын тулд дахин шинээр тамга хийлгэсэн. Н.ХСӨХ нь 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ хугацаанд Ч.Д удирдлагын үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 3, 4 дүгээр сараас эхэлж оршин суугчид СӨХ-ийн даргыг солих хүсэлтийг удаа дараа өгч байсан юм билээ. Энэ хүнийг нэг удаа хуралдаж ажлаас нь халахаар шийдвэрлэсэн асуудал биш. Бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг байгуулсан боловч бас нэг чухал асуудал нь СӨХ-ийн даргыг солих асуудал байсан юм. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин чөлөөлсөн тогтоолыг яагаад шуудангаар илгээсэн бэ гэхээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гарч, хүн бүр утсаар залгаж өөрийг нь ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь шуудангаар илгээсэн, гэтэл мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй эсэхийг сайн мэдэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэл хугацаанд шүүхэд хандаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл сэргээлгэх хүсэлтээ гаргаж боломжтой байхад нэхэмжлэгч нь тэр талаар хүсэлт гаргаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга П.Түмэнжаргал ажлаас халах тушаалыг дахин гаргасан байдаг ба түүнд тийм эрх хэмжээ байхгүй. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас дээрх тушаалыг гаргасан байх ба Ч.Дг ажлаас хүлээлгэн өгөхгүй байснаас уг тушаалыг дахин гаргасан гэж тайлбарладаг, гэхдээ уг тушаалыг түүнд гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комиссод хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хэлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Түүнээс хойш 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. СӨХ-ийн эрх мэдэл тухайн оршин суугчид байдаг бөгөөд оршин суугчид гүйцэтгэх захирлыг ажил, албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзвэл ажлаас нь чөлөөлөх бүрэн эрхтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал, гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө гэж заасан боловч хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Гүйцэтгэх захирлыг хаанаас томилж чөлөөлдөг гэхээр удирдах зөвлөлөөс томилж чөлөөлдөг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-д зааснаар удирдах зөвлөлд гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Д Н.ХСӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.733.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Ч.Д нь 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тушаалаар Н.ХСӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж, улмаар 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга П.Т-тай гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллаж байсан байх ба Ч.Дг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажилд томилсон тушаал, тэдний хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, Н.Х СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.              

 

         Н.Х СӨХ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлд… Одоо ажиллаж буй СӨХ-ийн гүйцэтгэх захирал хэт олон жил ажилласан, үүргээ сайн биелүүлдэггүй, бүх гишүүдийн хурлыг тогтмол зарлаж хуралдуулдаггүй, олон сараар өвчтэй байдаг нь ажлаа сайн гүйцэтгэхэд саад болж байгаа зэргийг харгалзан ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв гэжээ.        

 

         Нэхэмжлэгч Ч.Д намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж маргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.733.000 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

          Харин хариуцагч тал гүйцэтгэх захирлыг ажиллаж байх хугацаандаа ажлын тайлан тавьж байгаагүй, өөрөө тайлангийн хурал хийсэн гэдэг боловч тэр талаар оршин суугчдад мэдэгдэж байгаагүй, ажилчдын цалинг байнга дутуу өгч байсан, байрны доор 27 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэдэнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэднээс түрээсийн мөнгийг яаж авч, хэрхэн зарцуулж байсан нь тодорхойгүй, Татварын хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээ компани зэрэг олон газарт өр үүсгэж ажилдаа хариуцлагагүй хандсан, оршин суугчдын удаа дараагийн шаардлагыг эс биелүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээс СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, нөгөө талаар хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Н.Х СӨХ нь 2016 оны  9 дүгээр сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, тус хурлаар Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлыг ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар хэлэлцэж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэн Ч.Дг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч тал 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг томилсон, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлсөн, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16/01 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” Удирдах зөвлөлийн дарга Ж.Хүрэлбаатарын тушаал дахин гарсан зэргийг огт мэдээгүй, тушаалыг надад гардуулж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдсөнөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СӨХ-ны гишүүдийн хурлаар Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байгуулагдаж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж нэхэмжлэгч Ч.Дг гүйцэтгэх захирлын ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шийдвэрээ 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүргүүлж тэрээр хүлээн авсан, түүнчлэн Ч.Д ажил үүргээ хүлээлгэн өгөхгүй тамга тэмдэг, санхүүгийн тайлан, холбогдох бичиг баримтуудыг авч зугатаасан тул тус СӨХ-ийн Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдээс Цагдаагийн байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 06-нд гомдол гаргаж, тэрээр тамга тэмдэг, санхүүгийн баримт бичиг өөрт нь байгаа гэдгээ мэдүүлсэн ба энэ үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэдэж байсан, гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл шүүхэд гомдол гаргаагүй, түүнээс хойш ч шүүхэд хандаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т.... Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас харахад 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17.50 цагт нэхэмжлэгч Ч.Д-д ...Н.ХСӨХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, мөн СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нийт 6 хуудас баримтыг Монгол шуудан ТӨХК-иар дамжуулан хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн лавлагаа, төлбөр тушаасан баримт, шууданг нэхэмжлэгч Ч.Дд хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Д СӨХ-ийн Удирдах зөвлөл нь гаргасан шийдвэрээ хүлээлгэн өгөөгүй гэх ба шийдвэрийг ажилтанд өгөөгүй боловч түүнтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосноо тодорхой илэрхийлсэн /ажлын байранд нэвтрэн оруулахгүй байх, ажлыг нь өөр хүнээр хийлгэж, өмнөх ажил албан тушаалыг гүйцэтгүүлэхгүй/ зэрэг тохиолдолд ажилтан өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломж нэгэнт байх бөгөөд ийм үед шийдвэрийг хүлээлгүйгээр шүүхэд гомдлоо гаргах байжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч нь Ч.Дг 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр ажилдаа очиход өөр хүнээр ажлыг нь хийлгэж байгаа гээд ажлын байранд оруулаагүй, СӨХ-д аудит хийлгэх шаардлагатай байсан тул бичиг баримтыг хамгаалахын тулд тамга, санхүүгийн баримтуудыг авч явсан гэж тайлбарласнаас үзэхэд тэр үеэс өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх боломжтой байна.

 

Нөгөө талаар Н.ХСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийг 2016 оны 10 дүгээр сарын 04-нд хүргүүлснээс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-нд, нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-нд мэдсэн бол 2017 оны 01 дүгээр сарын 22-нд нэхэмжлэлээ гаргах байтал 2017 оны 4 дүгээр сарын 18-нд гаргасан нь нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Ч.Д-гийн Н.ХСӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5.733. 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Н.ХСӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16/01 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргасан байх ба дээрх тушаалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Дгийн хариуцагч Н.ХСӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5.733.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ДАВААСҮРЭН