Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 374

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н х” СӨХ-нд холбогдох

 

Ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5 733 000 төгрөг тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус СӨХ-д 2006 оны 10 дугаар сарын 13-наас эхэлж гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажил албан үүргээ сайн гүйцэтгэж байсантай холбоотой түүнийг 2015 онд гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргатай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдаж, хурлын тогтоолоор Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулж, улмаар 9 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь мэдээгүй. Ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээгүй явж байгаад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийг нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлсөн байна гэдгийг мэдсэн. Гэхдээ 9 сарын сүүлээр ажилдаа очиход өөр хүнд ажлыг чинь хүлээлгэн өгч хийлгэж байгаа гээд Ч.Д-г өрөөнд нь оруулахгүй байсан байдаг. Энэ хугацаанд СӨХ-нд аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан тул СӨХ-ны Дээд зөвлөл дээр очиж хүсэлтээ тавьж, тэнд ажлаа хийгээд явж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өөрөө гардаж аваагүй, албан ёсоор мэдээгүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргахад хугацаа хэтэрсэн байна гэсэн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 18-нд шүүхэд хандсан. Үүний өмнө тус СӨХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоолгохоор 2017 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хэргийг шийдсэний дараа нэхэмжлэлээ гаргасан юм билээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны 3 дугаар сараас хойш хуулийн байгууллагаар явж байгаа. Нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэж байсан ажлын зургийг хэрэгт гаргаж өгсөн байх тул түүнийг огт ажил хийгээгүй гэж хэлж болохгүй. Мөн тухайн байрны оршин суугчид нь СӨХ-ны төлбөрийг төлдөггүй байснаас болж ажилчдын цалинг бүтэн өгч байгаагүй гэж тайлбарладаг. Түүнчлэн эрүүгийн хэргийн материалд байгаа тайлангуудаас харахад өөрийнх нь хийсэн ажлууд байгаа. Оршин суугчид хийсэн ажлын тайланг нь шаардах эрхтэй боловч эхлээд төлбөр төлсний дараа хийсэн ажлын тайланг шаардах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. “Н х” СӨХ-ны Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг хууль бусаар ажлаас халж, халсан шийдвэрээ одоо болтол хүлээлгэн өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга П.Түмэнжаргал ажлаас халах тушаал гаргасан байдаг ба түүнд тийм эрх хэмжээ байхгүй. Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж тогтоолоор шийдвэрлэх ёстой. Мөн уг тушаалд сүүлд хийлгэсэн тамгыг дарсан байдаг. Уг тамгыг 2017 оны 02 дугаар сарын 21-нд Соёмбо тамга тэмдэгний үйлдвэр хийсэн гэдгээ нотолж тодорхойлолт өгснийг шүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр сүүлд нөхөж хийсэн, хууль бус тушаал гэж үзэж байна. Мөн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөхдөө Удирдах зөвлөлийн топгоол гаргаагүй, Удирдах зөвлөлийн гишүүдийн тэмдэглэлээр ажлаас халж бас хууль зөрчсөн. Иймд Ч.Д-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 2017 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэл тооцож 5 733 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сарын 490 000 төгрөгийн цалинтай бөгөөд гар дээр 441 000 төгрөг авдаг байсан. “Н х” СӨХ-ны хэсэг хүмүүс Ч.Д-г тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтыг авч зугтлаа гэж 2016 оны 12 дугаар сарын 06-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тэрээр хийсэн ажил болоод санхүүгийн бичиг баримтаа хамгаалахын тулд өөрөө авч яваад дараа нь тус СӨХ-д хүлээлгэн өгсөн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд СӨХ-ны гүйцэтгэх захиралд 2015, 2016 оноос хойш оршин суугчид аюулгүй амьдрах нөхцөлийг хангах үүднээс сангийн шугам хоолойг засварлах талаар хэлж байсан боловч ямар нэг арга хэмжээ авч байгаагүй. Түүнчлэн Татварын хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээ, ОСНААГ-ын ХҮТ-д тус тус өр үүсгэсэн нь түүний ажлын хариуцлагатай шууд холбоотой. Мөн ажиллаж байх хугацаандаа ажлын тайлангаа огт тавьж байгаагүй ба өөрөө тайлангийн хурал хийсэн гэдэг боловч тэр талаараа бидэнд болон оршин суугчдад мэдэгдэж байсан удаа байхгүй. Ажилчдын цалинг байнга дутуу өгч байсан. Манай байрны доор 27 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэдэнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулж ажиллах хангалттай хугацаа байсан Гэрээгүй байж тэднээс яаж мөнгө авдаг, мөнгөө хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй. Энэ мэтчилэн оршин суугчдаас байнга гомдол санал гарч, түүнийг солих талаар удаа дараа ярьж байсан. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр СӨХ бүх гишүүдийн хурлаа хийж, гүйцэтгэх захирлыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж, Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг шинээр байгуулсан. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг сонгож, СӨХ-ийн гүйцэтгэх захирлын асуудлыг авч хэлэлцэж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр Ч.Д-г ажлаас нь чөлөөлсөн. СӨХ-ны тухай хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх үүргийг зохицуулж өгсөн ба 12.4.9-д “... Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан бол түүнээс хойш ажлын 3 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өгнө” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь үүнийг мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг 6 хуудас баримтыг түүний гэрийн хаягаар шууданд хийж, өөрөө шууданг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр гарсныг хүмүүс түүнд утсаар хэлсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлыг нь хүлээж авна гэдгээ хэлсэн боловч өглөө нь ирээд тамга тэмдэг, бичиг баримтуудыг аваад явсан байсан. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Д-г оруулахгүй байсан, өөр хүнээр ажлыг хийлгүүлж байгаа гэж тайлбарласнаас үзэхэд 9 дүгээр сарын 22-нд ажлаас халсныг мэдсэн гэдэг нь нотлогдож байна. Ч.Д- ажлаа хүлээлгэж өгөхгүй, СӨХ-ны тамга, тэмдэг санхүүгийн бичиг баримтыг авч зугтсанаас болж, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн  дарга  болон  хяналтын  зөвлөлийн  гишүүдээс Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгахад санхүүгийн бичиг баримт, тамга тэмдэг надад байгаа гэж мэдүүлсэн байдаг ба эдгээр баримт нь хэрэгт авагдсан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн баримт, тамга тэмдгийг СӨХ-д хүлээлгэж өгсөн гэж ярьж байгаа боловч хэзээ хэнд хүлээлгэн өгсөн гэдэг нь тодорхойгүй, хэрэгт тэр талаар ямар нэгэн баримт байхгүй байна. СӨХ ажлаа хэвийн явуулахын тулд дахин шинээр тамга хийлгэсэн. Н х СӨХ нь 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ хугацаанд Ч.Д- удирдлагын үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 3, 4 дүгээр сараас эхэлж оршин суугчид СӨХ-ийн даргыг солих хүсэлтийг удаа дараа өгч байсан юм билээ. Энэ хүнийг нэг удаа хуралдаж ажлаас нь халахаар шийдвэрлэсэн асуудал биш. Бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг байгуулсан боловч бас нэг чухал асуудал нь СӨХ-ны даргыг солих асуудал байсан юм. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж түүнмйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин чөлөөлсөн тогтоолыг яагаад шуудангаар илгээсэн бэ гэхээр 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гарч, хүн бүр утсаар залгаж өөрийг нь ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь шуудангаар илгээсэн, гэтэл мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй эсэхийг сайн мэдэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэл хугацаанд шүүхэд хандаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой байхад нэхэмжлэгч нь хүсэлт гаргаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга П.Түмэнжаргал ажлаас халах тушаалыг дахин гаргасан байдаг ба түүнд тийм эрх хэмжээ байхгүй. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас дээрх тушаалыг гаргасан байх ба Ч.Д-г ажлаас хүлээлгэн өгөхгүй байснаас уг тушаалыг дахин гаргасан гэж тайлбарладаг, гэхдээ уг тушаалыг түүнд гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хэлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Түүнээс хойш 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. СӨХ-ны эрх мэдэл тухайн оршин суугчид байдаг бөгөөд оршин суугчид гүйцэтгэх захирлыг ажил, албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзвэл ажлаас нь чөлөөлөх бүрэн эрхтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал, гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө гэж заасан боловч хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Гүйцэтгэх захирлыг хаанаас томилж чөлөөлдөг гэхээр удирдах зөвлөлөөс томилж чөлөөлдөг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-д зааснаар удирдах зөвлөлд гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д-гийн хариуцагч Н х СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 733 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02620 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй дараах гомдлыг гаргаж байна.

1. Ч.Д- нь 2006 оноос хойш хугацаанд “Н х” СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байрны засвар засан сайжруулалтыг тодорхой хэмжээнд сайн гүйцэтгэж ирсэн байдаг, энэ нь хэрэгт авагдсан хийсэн ажлын тайлан мөн зурган баримтууд болон бусад нотлох баримтаас харагддаг. Мөн 2015 онд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсантай нь холбогдуулан СӨХ-ны удирдах зөвлөлөөс гэрээ сунган байгуулж ажиллуулсан байна. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ирц бүрэлдэхүүн зарласан зүйлгүй бүх гишүүдийн хуралыг хуралдуулж СӨХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийг сонгон Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг зөрчин 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан байдаг. Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөн хурал зарлан хуралдуулж Удирдах зөвлөлийн даргыг томилох, Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх асуудлуудыг хэлэлцэн ярьсныг Ч.Д- өөрөө мэдээгүй байдаг. Гэтэл Удирдах зөвлөлийн гишүүд гэж өөрсдийгөө томилсон хэсэг оршин суугч нар нь он cap нь мэдэгдэхгүй хурлын тэмдэглэл үйлдэн гарын үсэг, тамга тэмдэггүй хурлын тэмдэглэлээр гүйцэтгэх захирлыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар Удирдах зөвлөлөөс гарч буй шийдвэр, тогтоол нь мөн гарын үсэг зурагдсан тамга тэмдгээр баталгаажуулсан шийдвэр гарах байсан. Шүүгч үүнийг харж үзсэнгүй 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн нь эрх зөрчигдсөн хугацаа гэж үзэн хариуцагч талаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар ажил дээр нь явуулсан бичгийг хүлээн авсан гэж дүгнэн шийдвэр гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар явуулсан бичгийг Ч.Д- яг хүлээж авсан эсэх, гарын үсэг нь мөн эсэх уг бичгүүд ыь ямар баримт байсан эсэх нь тодорхой биш байгаа юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д Удирдах зөвлөл шийдвэр гаргахаар заасан гэтэл СӨХ-ны удирдах зөвлөл нь 2016 оны 11 дүгээр cap нэрээр гаргасан шийдвэр дээр 2017 оны 02 дугаар сард захиалан хийлгэсэн тамга тэмдэг дарж нөхөн шийдвэрийг бичсэн байхад үүнийг шүүх үнэлж үзээгүй. Учир нь ажлаас чөлөөлсөн шийдвэр маань 2017 оны 02 сард гарсан гэдгийг шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Учир нь “Н х” СӨХ-оос гарсан шийдвэр бичиг баримтууд нь нөхөгдөж дараа нь дахин боловсруулж гаргасан баримтуудыг нотлох баримтаар гаргаж байгаа нь хуулийн шаардлага хангаж хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас өөрсдийн нотлох баримтын татгалзал нотолгоог бүрэн нотлож чадаагүй СӨХ-ны дүрмийг нотлох баримтаар гаргуулах гэтэл байхгүй нэрээр гаргаж өгөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан Удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлсөн шийдвэрт гомдож ажлаас чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны цалин, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н х” СӨХ-нд холбогдуулан нэхэмжлэгч Ч.Д- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар Ч.Д нь “Н х” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч “Н х” СӨХ нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан ба уг хурлаар Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирал Ч.Д-г гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажлаас чөлөөлсөн, тушаалыг надад гардуулж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн” гэж тайлбарлаж байх боловч 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний харилцааны үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1 сарын хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн дээрх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

 

Мөн хариуцагч “Н х” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг нэхэмжлэгч Ч.Д-д 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн болох нь “Монгол Шуудан” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн лавлагааны хариу гэх баримтаар тогтоогджээ.

 

Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдуламын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                   ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА   

                   

                                                                                                         С.ЭНХТӨР