Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0888/З |
Дугаар | 221/МА2016/0510 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0510
2016 оны 7 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2016/0510 | Улаанбаатар хот |
С.Л-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч С.Л, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Ц.Б, Л.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэртэй, иргэн С.Л-н нэхэмжлэлтэй, Эрчим хүчний сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 25 дугаар зүйлийн 25.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л болон гуравдагч этгээд У ХХК-ийн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг бүхэлд нь /Хавсралт Увс аймгийн Улаангом сумын дулааны хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл/-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Л-н Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг бүхэлд нь /Хавсралт Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл/-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Л миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Эрчим хүчний сайд маргаан бүхий Захиргааны актыг гаргасан гэх агуулгаар дүгнэлт өгсөн байна.
Миний бие С-н Л Увс аймаг Улаангом сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Увс дулааны станцын үл хөдлөх эд хөрөнгө, шугам сүлжээг хувьчлан авч 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.
Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тогтмол төлж эд хөрөнгийн өмчлөгчийн үүргээ биелүүлсээр ирсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заажээ.
Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгээр гидровилк тооцоолол хийж миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч С.Л-ээс надаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой байна.
Дулааны станцад өдөр тутам гардаг жижиг бэрхшээлээс үүдэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн С.Л миний эрхийг зөрчиж өмчлөлийн эд хөрөнгийг дайчлан авах эрх төрийн сайдад олгогдоогүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ гэж хуульчилсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 486 дугаар захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай гэж шийдвэрлэсэн.
Ийм байхад нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үнэлэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий актын үндэслэлтэй холбоотой шинээр баригдсан ЦТП, дамжуулах шугам, салаа шугам хэний өмчлөлд байгааг тогтоолгүй нэхэмжлэгч С.Л болон гуравдагч этгээд Увс дулааны станц ХХК-ийн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг бүхэлд нь /Хавсралт Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл/-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгээр 2014-2015 оны халаалтын улиралд Увс, Ховд аймгуудын хуучин болон шинэ дулааны станцууд нь зэрэгцээ ажиллах талаар мэдэгдэж, энэ үеийн гидравлик тооцоог үндэслэн аймгийн төвийн дулааны хэрэглээг хуваарилжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Лгээс Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийн дагуу миний өмчлөлийн шугамаас халаалт авч байсан 21 аж ахуйн нэгж, байгууллагын халаалт, дулааныг таслан өөр хэрэглэгчид холбон өгч нэг жилд 500 000 000 гаруй төгрөгийн бодит орлого олох боломжийг хязгаарлаж, миний өмчилж байсан шугам сүлжээ, барилга байгууламжийг дахин ашиглах боломжгүй болгон орхигдууллаа гэж маргаж, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу өмчилж авсан шугам сүлжээг маргаан бүхий акт, хавсралт гидравлик тооцооллоор өмчлөгчид мэдэгдэлгүйгээр тасалж өөр хүнд өгснөөр иргэний өмчлөх эрхэд халдсан гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дулааны шугам сүлжээ нь хувьчлагдахгүй байх зарчимтай тул шугам сүлжээ нь С.Л болон У ХХК-ийн өмч биш гэсэн тайлбарууд нотлох баримтаар нотлогдохгүй гэх боловч энэ талаар тодруулалгүйгээр ... нэхэмжлэгч С.Л нь зөвхөн барилга байгууламжийн өмчлөгч байх тул маргаан бүхий актаар түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шууд дүгнэсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл шүүх маргааны гол зүйл болсон шугам сүлжээ нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэж, маргааны үндэслэлд зөв дүгнэлт өгөхгүй боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн ... Миний бие Сурмаажавын С.Л Увс аймаг Улаангом сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Увс дулааны станцын үл хөдлөх эд хөрөнгө, шугам сүлжээг хувьчлан авч 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.
Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгээр гидровилк тооцоолол хийж миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч С.Л надаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой байна гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Мөн хэрэгт авагдсан хэргийн 1 дүгээр хавтасны 141-142, 2 дугаар хавтасны 44-46, 86-91 дүгээр хуудас дахь баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ