Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00014

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1373 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, хариуцагч Д.Б-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь иргэн Д.Б-тай 2015 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр хүнсний барааг зээлээр борлуулахаар харилцан тохиролцож №00109 тоот “Зээлийн ба барьцааны гэрээ” байгуулан түүний барьцаанд 34,8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Энэ гэрээний зохицуулалт нь “Дельта фуүдс” ХХК-иас 15,000,000 төгрөг хүртэлх хүнсний барааг зээлээр нийлүүлэх, борлуулагч тухайн хүнсний барааг худалдан борлуулж, барааг борлогдсон хэмжээгээр төлбөрийг сар бүр “Д” ХХК-ийн дансанд шилжүүлж, тооцоо нийлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч Д.Б- нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй, 1.673.350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Гэрээний 5.6-д “...Лимитийн хэтэрсэн мөнгөн дүнд болон төлбөр тооцооны хэтэрсэн хоног тутамд 0,3% алданги тооцохоор заасан. Иргэний хуулийн 232.4-т зааснаар “...анзын нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 836,675 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөр болох 1.673.350 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,580,225 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж, тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод очиж, судалгаа хийхэд бөөний үнээр зарах хэдэн төрлийн ургамлын тос, цагаан будаа, огурцы зэрэг барааг авах нь зүйтэй гэж үзэж Д ХХК-тай гэрээ байгуулан харилцан ашигтай, хамтран ажиллахаар санал тавьсан. 11 сарын сүүл, 12 сар гарангийн хугацаанд манай залуучууд баг хамт олон сайн ажилласны хүчинд борлуулалт нилээд сайжрах төлөвтэй байтал, дөнгөж 2016 он гарч байтал Д ХХК-ийн ажилтнууд гэх ачааны 40 тонны машинтай хүмүүс Баянхонгор аймагт ирж, зах дээр ирж, манай компанийн борлуулж байгаатай яг ижил барааг бөөний үнээр хямд зарж эхэлсэн. Үүнээс болж олон үл ойлголцох асуудлууд үүсч дэлгүүрүүд манай борлуулагч, жолооч нарыг загнаж, цаашид ажлаа хэвийн явуулах боломжгүй боллоо гэдгийг хэлсэн. Ийм хэцүү нөхцөл байдал үүссэн тул арга буюу Д ХХК-ийн манай зарж байсан барааг аймгийн дэлгүүрүүдэд буцаалт хийж, бид борлуулсны дараа тооцоогоо хийж авахаар гэрээ хийж, тараалт хийсэн байсан тул бүх барааг агуулах руу буцаан таталт хийж хураасан. Борлуулалт зогсож, цаашид бараа түгээх ямар ч боломжгүй, мухардмал байдалд орж, дэлгүүрийн эзэд бараа авахаа больж, манай ажилтнуудыг зөв ойлгохгүй, доромжлох, загнаж эхэлсэн тул борлуулалтын менежер, хоёр жолооч сэтгэл санаагаар унаж, ажил хийх урам зориггүй болж, ажлаас гарах өргөдлөө өгсөн тул ажлаас нь аргагүйн эрхэнд чөлөөлсөн. Бид тухайн үед 2 сар гаруй хугацаанд ажилтнуудаа сургах, тэднийг цалинжуулах, хэвлэмэл хуудас, телевизийн сурталчилгаа, барааг Улаанбаатар хотоос татах, Баянхонгор аймгийн бүх дэлгүүрт тавьж түгээх зэрэгт зардалд хохирол 3.115.000 төгрөгийг Баянхонгорт томилсон зардлыг нэхэмжилж, манай Сонголт трейд ХХК-иас албан бичиг өгч, гомдлоо хүргүүлсэн. Бид нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөр, алданги, торгууль 2.580.222 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч энэ асуудал дээр зардлын зөрүү болох сөрөг нэхэмжлэл гаргах замаар бидэнд учирсан хохирлоо гаргуулж авах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Д.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1373 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23ы өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Д.Б-тай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 000109 дугаартай “Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээ” байгуулан хариуцагч Д.Б-д нийт 15.000.000 төгрөг хүртэлх хүнсний барааг зээлээр олгох, борлуулагч тус барааг худалдан борлогдсон хэмжээгээр нийлүүлэгчийн дансанд төлбөрийг шилжүүлэх зохицуулалт бүхий гэрээтэй холбоотой талууд маргасан. Шүүх хэт нэг талыг баримтлан хариуцагч Д.Б-д нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий, хэдэн нэр төрлийн бараа нийлүүлсэн, түүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх баримт, хариуцагчийн мөнгөн төлбөр төлсөн баримт, одоо шаардаж байгаа 1.673.350 төгрөг нь хэдэн нэр төрлийн хүнсний барааны үнэ болох тооцооны задаргааг нотлоогүй гэжээ. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 00109 дугаартай “Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээний дагуу нийлүүлэгч нь өөрийн импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн тухай үеийн ханштай уялдуулан тогтоосон үнээр /зээлээр/ нийлүүлэх, борлуулагч нь өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс тогтоосон үнээр худалдан борлуулах, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд хадгалж үйлчлэхээр тохиролцсон атлаа Баянхонгор аймагт өөрийн импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг 40 тонн чингэлгээр тээвэрлэн аваачиж борлуулсан нь шударга ёсонд нийцэхгүй байна” гэжээ. Гэтэл талууд тухайн барааг хүлээж авсан, аваагүй талаар маргаагүй, хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ямар, ямар нэр төрлийн барааг хүлээж авсан талаар тайлбартаа дурдаж, зээлээр барааг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өөрийн барааг Баянхонгор аймагт худалдан борлуулснаас тухайн бараа бүтээгдэхүүнээ худалдаж чадаагүй, түүнтэй холбоотой зардал гарсан гэж хариуцагч тайлбарласан. Гэхдээ түүний талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч өөрийн санхүүгийн өглөг, авлагын дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөөр байтал түүнийг үнэлэхгүй, хариуцагчийн тайлбар төдий зүйлд ач холбогдол өгч шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч тухайн барааг Баянхонгор аймагт 1-2 өдөр худалдан борлуулсны төлөө хариуцагчийн ямар эрх, ашгийг хөндсөн болон ямар хохирол учирсан талаар шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй байхад хариуцагчийн тайлбар төдий зүйлийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь шүүх өөрөө хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1373 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Д ХХК нь өөрийн импортоор оруулж ирүүлсэн барааг Баянхонгор аймагт 1-2 өдөр худалдан борлуулсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан байхад 1 улирал гэж шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр дээрээ бичсэн байгаа нь мөн алдаатай байна.

Шүүх хэргийг тал бүрээс үнэн бодитой, шударгаар шийдвэрлэх үүргээ зөрчин хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1373 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“Д” ХХК нь Д.Б-д холбогдуулан 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хариуцагчийн тайлбар төдий зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулах агуулга бүхий  гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...хүнсний бараа зээлээр борлуулахаар харилцан тохирч, ...10.298.475 төгрөгийн бараа шилжүүлснээс хойш 912.000 төгрөг төлсөн, ...2016 оны 1 сарын 22-нд 1.064.080 төгрөг, 150.240 төгрөгийн бараа нэмж авч 9.386.475 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, үүнээс 7.576.345 төгрөгийн бараа буцаан авсан, үлдэгдэл 3.024.450 төгрөгөөс 351.100 төгрөг төлсөн, 2.673.350 төгрөг үлдсэнээс Д.Б-д олгосон урамшуулал 1.000.000 төгрөгийг  хасч, үлдэгдэл 1.673.350 төгрөг, алданги 836.675 төгрөг, хохирол 70.200 төгрөг” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр байгуулагдсан Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээгээр  нийлүүлэгч нь өөрийн импортоор оруулж ирдэг 15.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн тухайн үеийн ханштай уялдуулан тогтоосон үнээр нийлүүлэх,  борлуулагч нь өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс тогтоосон үнээр худалдан борлуулах, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалж үйлчлэхээр харилцан тохиролцжээ. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  1 дүгээр багт байрлах 34.8 м.кв  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ/хэргийн  8-10 дугаар тал/.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчийн хооронд  байгуулсан дээрх гэрээг худалдах, худалдан авах  гэрээ гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй эсэхийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан.

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт шаардаж буй тохиолдолд худалдагч гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид хэдэн төгрөгийн үнэтэй бараа хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.  

Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтад хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй тул нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг нотлох баримт гэж үзэх боломжгүй, барааны үлдэгдлийн талаар талууд харилцан тооцоо нийлж баримт үйлдээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан байна.

Зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримт бөгөөд нэхэмжлэлээс татгалзахдаа  хариуцагч “... 2015 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод очиж, судалгаа хийгээд бөөний үнээр зарах хэдэн төрлийн ургамлын тос, цагаан будаа, огурцы зэрэг барааг авахаар  Д ХХК-тай гэрээ байгуулан харилцан ашигтай, хамтран ажиллахаар санал тавьсан. 11 сарын сүүл, 12 сард  манай хамт олон сайн ажилласны хүчинд борлуулалт нилээд сайжрах төлөвтэй байсан, 2016 он гарч байтал Д ХХК-ийн ажилтнууд ачааны 40 тонны машинтай  Баянхонгор  аймагт ирж, зах дээр манай компанийн борлуулж байгаатай ижил барааг бөөний үнээр хямд зарснаас ажлаа хэвийн явуулах боломжгүй болж  зарж байсан барааг аймгийн дэлгүүрүүдэд буцаалт хийж, борлуулсны дараа тооцоогоо хийж авахаар бүх барааг агуулах руу буцаан таталт хийж хураасан...” гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч  үгүйсгэж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаагүй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1373 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 56.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ