Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1210

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Д Ф  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д Ф  ХХК нь иргэн Д.Б тай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнсний барааг зээлээр борлуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Тус гэрээ нь Д Ф  ХХК нь импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгох, нийлүүлэгчийн тогтоосон үнээр худалдан борлуулах, борлуулагч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан хэмжээгээр нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх зохицуулалт бүхий гэрээ байгуулагдсан. Түүний дагуу Д Ф  ХХК-иас Д.Б д нийт 10.298.475 төгрөгийн барааг зээлээр нийлүүлсэн. Ингээд Д.Б  нь тус бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш 912.000 төгрөгийг буцааж тушаасан. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.064.080 төгрөг, 150.240 төгрөгийн бараа нэмж авч, 9.386.475 төгрөгийн үлдэгдэлтэй болж, үүнээс 10.600.795 төгрөг болж, буцаагаад 7.576.345 төгрөгийн барааг буцааж авсан. Ингээд үлдэгдэл нь 3.024.450 төгрөг болж, үүнээс 351.100 төгрөгийг төлж, 2.673.350 төгрөгийг үлдэж, үүнээс Д Ф  ХХК-ийн зүгээс Д.Б д 1.000.000 төгрөгийн урамшуулал олгосон байдаг.

Д Ф  ХХК-аас эднийх очсоноос болж бараа бүтээгдэхүүн худалдан борлогдоогүй гэж байна. Тэр нь зөвхөн 1 улирал очиж ажилласан байдаг. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахад саад учирсан, ямар нэгэн хохирол гарсан талаар шүүхэд холбогдох нотлох баримтуудаа ирүүлээгүй байна. Тиймээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Манай зүгээс гэрээний дагуу мөнгөө төлөөч гэж байнга мэдэгдэхэд манайх төлнө гэж хэлээд олддоггүй алга болж 1 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн компанийнхан ажилчид сэтгэл санаагаар унасан гэж байна. Энэ нь компанийн дотоод асуудал байх.

Гэрээний 5.6, Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож, алданги нь 836.675 төгрөг буюу нийт 2.580.225 төгрөгийг хариуцагч Д.Б аас гаргуулж, тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б  миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, яг төвд нь холбооны газрын чанх эсрэг талд, /Улаанбаатар хоттой харьцуулбал төв шуудангийн эсрэг тал гэсэн үг/ байрлалтай өөрийн байр болох Сонголт плаза төв байрлах дэлгүүрт хүнс, гоо сайхан, электрон барааны худалдаа эрхэлж, Улаанбаатар хотоос гэрээт Номин трейдинг ХХК, Таван богд ХХК, Глобал бридж ХХК зэрэг компаниудтай гэрээ байгуулан чанартай барааг хямд үнээр борлуулж, хүнс, гоо сайхан, электрон барааг худалдаалдаг.

2015 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод очиж, судалгаа хийхэд бөөний үнээр зарах хэдэн төрлийн ургамлын тос, цагаан будаа, огурцы зэрэг барааг авах нь зүйтэй гэж үзэж Д Ф  ХХК-тай гэрээ байгуулан харилцан ашигтай, хамтран ажиллахаар санал тавьсан.

Манай саналын дагуу Баянхонгор аймагт хоёр талаас хүнсний бараа худалдах худалдан авахаар тохирч, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Номгон, 1 дүгээр багт байрлах Сонголт плаза төвд байрлах 34,8 мкв-тай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан.

Ингээд шинээр гэрээ байгуулсан тул бид Баянхонгор аймагт бараа борлуулахаар бэлтгэл ажлаа хангаж, шаардлагатай болж, зах зээлийн борлуулалт сайтай байдаг. Гэтэл агуулах байхгүй байсан учир шинээр агуулах түрээсэлж авах, агуулахдаа шинээр нярав 1 хүн, борлуулалтын менежер 1 хүн, жолооч 1 хүн, нийт 3 ажилтан шинээр авсан. Учир нь Д Ф  ХХК-ийн цагаан будаа, ургамлын тос, давсалсан огурцы зэрэг ногоонууд нь өргөн хэрэглээний хурдан зарагдах, эрэлт хурдантай бараа учраас нэг удаа татан авалт хийхдээ 10-аас 20 тонн бараа татан авалт хийж, зайлшгүй нөөц сайтай байх шаардлагатай болсон.

Барааг Улаанбаатар хотоос татан авч ирсэн барааг таниулах ажлыг зохион байгуулж, барааны үнэ, тоо тавьсан хэвлэмэл хуудас материалыг захиалах төлбөрийг төлж, бэлдүүлэх, аймгийн төвийн 69 төвийн дэлгүүрүүдээр борлуулалтын менежер, жолоочийг хамтад нь нэг бүрчлэн явж, танилцуулж эхэлсэн. Баянхонгор аймгийн 3 телевизэд реклам, ролик бэлдүүлж, сурталчилгааг хийлгэж, төлбөрийг төлж, ойрхон давтамжтай танилцуулж, цацалт хийлгэсэн.

11 сарын сүүл, 12 сар гарангийн хугацаанд манай залуучууд баг хамт олон сайн ажилласны хүчинд борлуулалт нилээд сайжрах төлөвтэй байтал, дөнгөж 2016 он гарч байтал Д Ф  ХХК-ийн ажилтнууд гэх ачааны 40 тонны машинтай хүмүүс Баянхонгор аймагт ирж, зах дээр ирж, манай компанийн борлуулж байгаатай яг ижил барааг бөөний үнээр хямд зарж эхэлсэн. Үүнээс болж олон үл ойлголцох асуудлууд үүсч дэлгүүрүүд манай борлуулагч, жолооч нарыг загнаж, хямд үнэтэй барааг Улаанбаатар хотоос тээвэрлэж ирээд ийм үнээр зарж болж байхад та нар биднийг хуурч, өндөр үнээр зарж байсан байна гэх зэргээр загнаж, доромжилж эхэлсэн тул манай хоёр ажилтан маш их гомдсон байдалтай ирж, цаашид ажлаа хэвийн явуулах боломжгүй боллоо гэдгийг хэлсэн. Үүссэн нөхцөл байдлыг ойлгуулах, засаж залруулах гэж би Улаанбаатар хот руу Д Ф  ХХК-ийн менежер н.Ганчимэгтэй утсаар ярьж байгаад ийм асуудал үүсгэв, яагаад бидэнд нэг удаа сануулж хэлж яриагүй, ирж Баянхонгор аймгийн зах зээлд биднийг ингэж муухай эвгүй байдалд оруулав гэдгийг асуусан. Менежер н.Ганчимэг та захирлаас асуу гэсэн. Захирлын утас руу залгахад утсаа авахгүй ямар ч хариу өгөөгүй, бид маш гайхсан. Бидэнд яагаад ингэж дээрэнгүү, бүдүүлэг зан гаргаж байгааг ойлгож чадаагүй. Бид 1995 оноос хойш 20-оод жил Баянхонгор аймагт худалдаа хийж, гэрээт болж, олон компанитай хамтран ажилласан. Анх удаагаа ийм бүдүүлэг, хариуцлагагүй компанитай таарч, асуудлаа шийдэж чадаагүй. Д Ф  ХХК-ийн машин бараагаа зах дээр бөөндөж зараад байдаг. Ийм үнээр зарж байгаа юм танай компани Баянхонгор аймаг дахь гэрээт борлуулагчаар ажил, манай төлөөлөл гэж очиж уулзахад би юу ч мэдэхгүй, надад юу ч хэлээгүй, та компанийн удирдлагуудтай ярь гэх хариу өгсөн. Ийм хэцүү нөхцөл байдал үүссэн тул арга буюу Д Ф  ХХК-ийн манай зарж байсан барааг аймгийн дэлгүүрүүдэд буцаалт хийж, бид борлуулсны дараа тооцоогоо хийж авахаар гэрээ хийж, тараалт хийсэн байсан тул бүх барааг агуулах руу буцаан таталт хийж хураасан. Борлуулалт зогсож, цаашид бараа түгээх ямар ч боломжгүй, мухардмал байдалд орж, дэлгүүрийн эзэд бараа авахаа больж, манай ажилтнуудыг зөв ойлгохгүй, доромжлох, загнаж эхэлсэн тул борлуулалтын менежер, хоёр жолооч сэтгэл санаагаар унаж, ажил хийх урам зориггүй болж, ажлаас гарах өргөдлөө өгсөн тул ажлаас нь аргагүйн эрхэнд чөлөөлсөн. Бид тухайн үед 2 сар гаруй хугацаанд ажилтануудаа сургах, тэднийг цалинжуулах, хэвлэмэл хуудас, телевизийн сурталчилгаа, барааг Улаанбаатар хотоос татах, Баянхонгор аймгийн бүх дэлгүүрт тавьж түгээх зэрэгт зардалд хохирол 3.115.000 төгрөгийг Баянхонгорт томилсон зардлыг нэхэмжилж, манай Сонголт трейд ХХК-иас албан бичиг өгч, гомдлоо хүргүүлсэн. Бид нэхэмжлэгч Д Ф  ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөр, алданги, торгууль 2.580.222 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч энэ асуудал дээр зардлын зөрүү болох сөрөг нэхэмжлэл гаргах замаар бидэнд учирсан хохирлоо гаргуулж авах шаардлагатай гэж үзэж байна. Д Ф  ХХК, Сонголт трейд ХХК гэх 2 хуудас материалыг хавсаргав”  гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Д Ф  ХХК нь хариуцагч Д.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Хариуцагч Д.Б  нь бараа худалдах гэрээ байгуулж ажиллаж байхад 40 тн чингэлэгтэй адил төрлийн барааг бөөний үнээр нийлүүлсний улмаас манай компани хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 000109 дугаартай “Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу нийлүүлэгч нь өөрийн импортоор оруулж ирдэг үнийн дүн 15.000.000 төгрөг хүртэл хүнсний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн тухайн үеийн ханштай уялдуулан тогтоосон үнээр /зээлээр/ нийлүүлэх, борлуулагч нь өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс тогтоосон үнээр худалдан борлуулах, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд хадгалж үйлчлэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 000109 дугаартай “Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээ”-гээр хариуцагч нь бараа бүтээгдэхүүний үнийг дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдан авч, цааш борлуулах үүрэг хүлээх тул худалдааны зуучлалын гэрээний шинжийг агуулахгүй байна.

 

Уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдсан барааны үнэд хүү тооцоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэв.

 

 Дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Номгон 34,4 м.кв тайлбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай  эрхийн бүртгэлийн Ү-0320004729 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Д Ф  ХХК болон Д.Б  нарын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Б  нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 912.000 төгрөгийг тушаасан. Нийт үлдэгдэл нь 10.600.795 төгрөг үүнээс 7.576.345 төгрөгийн барааг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцааж өгсөн. Ингээд 3.024.450 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүнээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 351.000 төгрөгийн барааг Д.Б  буцааж хүлээлгэж өгсөн. 1 сая төгрөгийг урамшуулал болгон чөлөөлсөн. Ингээд 1.673.350 төгрөгийн үлдэгдэлтэй болсон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий, хэдэн нэр төрлийн бараа нийлүүлсэн, түүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх баримт, хариуцагчийн мөнгөн төлбөр төлсөн баримт, одоо шаардаж байгаа 1.673.350 төгрөг нь хэдэн нэр төрлийн хүнсний барааны үнэ болох, тооцооны задаргааг баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаас 1.673.350 төгрөгийн задаргааг харах боломжгүй, тооцоо нийлсэн акт, уулзалтын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдолтой баримтыг шүүхэд гараагүй болно.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байхад нэхэмжлэгч нь хүнсний бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн байдлыг нотлох үүрэгтэй.

 

Иргэний хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд уг хугацаагаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргах хангалттай хугацаа байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шинээр нотлох баримт авах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох, хэрэв өөрөө уг баримтыг гаргах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт цуглуулах цаг хугацаа, хууль зүйн боломж нээлттэй байхад нотлох баримтыг гаргаагүй, мөн ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчийн эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 000109 дугаартай “Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээний дагуу нийлүүлэгч нь өөрийн импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн тухайн үеийн ханштай уялдуулан тогтоосон үнээр /зээлээр/ нийлүүлэх, борлуулагч нь өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс тогтоосон үнээр худалдан борлуулах, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд хадгалж үйлчлэхээр тохиролцсон атлаа Баянхонгор аймагт өөрийн импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг 40 тонн чингэлгээр тээвэрлэн аваачиж борлуулсан нь шударга ёсонд нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Б аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Д Ф  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.Б аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.580.225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Д Ф  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       
             2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                

 

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР