Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00143

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 01 сарын 17 өдөр

    Дугаар 183/ШШ2018/00143

                  Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

                   Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 25/1 байр, 46 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, ЖЯ:69110404 регистрийн дугаартай, Халман овогт Хасчулууны Хажидмаагийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, МСПТКид холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.                                                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х нь 2014 оноос хойш тус сургуульд захирлын туслах, архив бичиг хэрэг, мэдээллийн төвийн эрхлэгчээр, улмаар статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоонд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус коллежид ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан оюутан сурагчтай холбоотой мэдээ тайлан гаргаж, бусад ажлыг заасан хугацаанд нь чанартай гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх болсон гол шалтгаан нь Х.Хгийн ажиллаж байсан ажлын байр нь цомхотгосон байдаг. Нэхэмжлэл гаргах үедээ Х.Х нь өөрийн статистик судалгааны ажил тус коллежид байх ёстой ажил гэж үзэж байсан. Шинээр гаргасан сайдын тушаалтай танилцуулаагүй, миний ажлын байр байх үндэслэлтэй гэдэг утгаараа нэхэмжлэлээ шүүхэд гаргасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сайдын тушаалтай танилцаад өөрийнх нь эрхэлж байсан албан тушаал цомхотголд орсныг мэдсэн, уг тушаалтай маргахгүй. Нэхэмжлэл гаргах шалтгаан нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь шинээр ирсэн удирдлагын баг гэх хүмүүс нь байнгын дарамт, шахалт үзүүлсэн байдаг. Ажлын байранд байхад нь хийх ёстой ажлыг нь өөр хүнээр хийлгэх, эсхүл гэрийнх нь хаягаар мэдэгдэх хуудас явуулж байсан нь тухайн хүнийг ажиллуулах сонирхолгүй байна гэж үзсэн. Ажиллаж байх хугацаанд 5 захирал солигдсон байдаг ба ажлын байр нь өөрчлөгдөх үед өргөдөл өгч өөр ажил, үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Гэтэл н.Эрдэнэбат дарга Х.Хгийн өөрийн ажил, албан тушаал гүйцэтгэхийг хүссэн өргөдөлд хариу өгөлгүй, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байдаг. Ажил олгогч ажилтанг ажлын байраар хангах ёстой гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэж үзсэн. Тус сургуулийн удирдлага орон тооны цомтхотголоор 8 хүнийг ажлаас халсан. Хоёр хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад нэг нь ажилдаа орж, нөгөө нь шүүхийн шатанд явж байгаа. Ажилтанг бөөнөөр ажлаас халсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажлаас халах болсноо ...45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Гэтэл 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн байна. Х.Хгийн гүйцэтгэж байсан статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажлын байр нь ахлах нягтлан бодогч, няравын ажилтай дүйцэхүйц бөгөөд өөрөөр хэлбэл адил чанарын ажил албан тушаал байхад түүнийг дээрх хоёр ажилд томилоогүй, мэдэгдэл өгсөн үед буюу ажлаас чөлөөлсний дараа ахлах нягтлан бодогч, няравын ажил албан тушаалд өөр хүмүүс шинээр авч тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлийн үүднээс Х.Х нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг сарын 948.300 төгрөг, өдрийн 48.106 төгрөг, 210 хоногоор тооцоход 9.262.260 төгрөгийг болж байх тул гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч МСПТКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бусаар ажлаас чөлөөлсөн байхыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн ажилтанг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т... Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан тул хууль зөрчсөн үндэслэл байхгүй. Улсын дээд шүүхийн уг заалтыг тайлбарласан тайлбарт хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтын аль нэгийг заавал баримтлавал зохино, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдана гэдэгт тухайн хуулийн этгээд, аж ахуй нэгж байгууллагын орон тоо хасагдсан тохиолдолд ажлын байранд хасагдсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан дагуу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот захирлын тушаал гарсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Монгол Солонгосын коллежийн бүтэц орон тоог баталсан. Энэ тушаалд Х.Хгийн ажиллаж байсан ажлын бүтэц орон тоо хасагдсан. Х.Хг хууль бус аргаар дарамталж ажлаас гаргаагүй. Ажлын байранд ажилласан хүмүүсийг бөөнөөр нь халсан зүйл байхгүй, ажиллаж байсан хүмүүсийг бөөнөөр халсан талаарх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд дурдаагүй, өмнөх шүүх хуралдаанд яригдаагүй, баримтаар нотлогдоогүй зүйлийн талаар ярьж байгаад гайхаж байна. Нэг хүний орон тоо Х.Хгийн шиг хасагдсан үндэслэлээр нөгөө нь тухайн сургуулийн захирлаар ажиллаж байсан н.Оюунбилэгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлаас чөлөөлсөн болохоос захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Тус тусдаа агуулгатай зүйлийг нэгтгээд нэг болгоод, төөрөгдүүлж, шүүхэд буруу ойлголт өгч болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ажил олгогч ажилтанг ажлын байраар хангана гэж тайлбарлаад байна. Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүнийг ажил хийлгэхгүй байгаа бол ажил олгогч ажлаар хангана гэсэн үүрэг болохоос биш ажлын байр нь орон тооны цомхотголд орсон хүнийг ажлаар хангана гэсэн зохицуулалт байхгүй. Хуулиа буруу хэрэглэж тайлбарлаад, шүүхэд буруу ойлголт төрүүлээд байна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.Х нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тодруулагатаа ажлын байранд дүйх ажилд оруулж өгнө үү гэсэн шаардлага нь Х.Хгийн ажлын байранд ямар албан тушаал дүйхийг мэдэхгүй байна. Хуульд ийм зохицуулалт байхгүй. Сургуульд шинээр би болгосон ажлын байр байхгүй. Захирлын ажлын байр дүйнэ гэж үзэж байгаа бол захирлаа чөлөөлөөд намайг захирлын ажлын байранд аваач гэж байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зүйл заалттай нийцэж байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн хуульд орон тоо нь цөөрсөн бол ажлаас халах эрх үүргийг ажил олгогчид олгосон байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын А/21 тушаалд энэ хүний ажлын байрыг хассан. Ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй гэж ярьж байна, мэдэгдээд Х.Х байгууллагадаа үлдэх хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т ажилтан, ажил олгогч тохиролцох ёстой бөгөөд тохиролцох боломж байхгүй. Учир нь зарим нэг орон тоо хасагдаж, шинээр орон тоо нэмэгдээгүй, бусад нь өөр өөрийн ажлын байранд ажиллаж байгаа тул Х.Хгийн ажилтай адил чанарын ажил байхгүй тул ажлаас чөлөөлсөн. Сургуулийн захирал эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан. Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х хариуцагч МСПТКид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, өмгөөлөлийн зардалд 1.500.000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч өмгөөлөлийн зардалд 1.500.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Х.Х нь 2014 оноос эхлэн тус сургуульд захирлын туслах, архив бичиг хэрэг, мэдээллийн төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж, улмаар статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус сургуулийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн гүйцэтгэх захирлын “ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.                      

          МСПТКийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот тушаалд … Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг үндэслэн тус коллежийн статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан албан тушаалтай Х.Хгийн ажлын байр нь орон тоо баталсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар хасагдаж батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ.        

         Нэхэмжлэгч Х.Х Хөдөлмөр хамгаалал нийгмийн хамгааллын сайдын тушаалтай танилцаад өөрийнх нь эрхэлж байсан албан тушаал цомхотголд орсныг мэдсэн, уг тушаалтай маргахгүй, харин адил чанарын өөр ажил гүйцэтгэхийг хүссэн өргөдөлд хариу өгөлгүй, ажлаас чөлөөлсөнд гомдолтой, ажил олгогч ажилтанг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, тус сургуулиас 8 ажилтанг халсан тул бөөнөөр ажлаас гэж үзэж байна, бөөнөөр халсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажлаас халах болсноо ...45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой байтал 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн тул Х.Хг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг төсөөтэй хэрэглэж  өмнө нь эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

          Харин хариуцагч тал Хөдөлмөр хамгаалал нийгмийн хамгааллын сайдын тушаалаар зарим орон тоо хасагдсантай холбогдуулан Х.Хд хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, орон тоо хассан үндэслэлээр хоёр хүнийг ажлаас халсаны нэг нь тухайн сургуулийн захирлаар ажиллаж байсан н.Оюунбилэгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлаас чөлөөлсөн болохоос захирлын тушаалаар ажлаас чөлөөлөөгүй, ажилчдыг бөөнөөр халсан зүйл байхгүй, хэрэгт тийм баримт байхгүй, хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ажил олгогч ажилтанг ажлын байраар хангана гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүнийг ажил хийлгэхгүй байгаа бол ажил олгогч ажлаар хангана гэсэн үүрэг болохоос биш ажлын байр нь орон тооны цомтголд орсон хүнийг ажлаар хангана гэсэн зохицуулалт байхгүй, хуулиа буруу хэрэглэж тайлбарлаж байна, мөн Х.Х өөрийнх нь өмнө эрхэлж байсан ажилтай одоо ямар ажил албан тушаал дүйж байгааг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй, учир нь надад мэдэгдэл өгсөн үед болон ажлаас чөлөөлсний дараа ахлах нягтлан бодогч болон няраваар шинэ ажилтан авч намайг ажиллуулаагүй ахлах нягтлан бодогч, няравын ажил албан тушаал нь миний ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаал гэж тайлбарлаж байна.  

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтны орон тоо хасагдаж, ажил олгогч ажилтанд хууль заасан хугацаанд мэдэгдлийг өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ... Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөөр заасан дагуу Х.Хг  2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байх тул ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Хгийн гүйцэтгэж байсан статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан байр нь ахлах нягтлан бодогч, няравын ажилтай дүйцэхүйц, өөрөөр хэлбэл адил чанарын ажил албан тушаал байхад түүнийг дээрх ажилд томилоогүй, мэдэгдэл өгсөн үед буюу ажлаас чөлөөлсний дараа ахлах нягтлан бодогч, няравын ажил албан тушаалд өөр хүмүүс шинээр авч тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй тул ажилтантай тохиролцож, аль нэг ажилд авах үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт ажлын байранд заагдсан ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолт зэрэгтэй ижил байхыг ойлгох бөгөөд зохигчдын тайлбар, мэдүүлэг болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан, ахлах нягтлан бодогч, няравын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээс харахад Х.Хгийн эрхэлж байсан статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалын зэрэглэл нь ТҮ-8, ахлах нягтлан бодогчийн албан тушаалын зэрэглэл нь ТҮ-7, няравын албан тушаалын зэрэглэл нь ТҮ-4, ажил олгогчийн тавьсан ажлын байрны боловсролын шаардлагад статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтанд тавигдах шаардлага нь бакалавраас доошгүй зэрэгтэй  байх бол  ахлах нягтлан бодогч, няравт тавигдах шаардлага нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй байхаас гадна ба тэдний ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь өөр өөр байна.

 

Өөрөөр хэлбэл статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан нь байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн төсөв төлөвлөгөөг тайлан графикт статистик мэдээг нэгтгэн хүргүүлэх,  үйл ажиллагаанд эдийн засгийн дүн шинжилгээ хийж зардлыг оновчтой төлөвлөх, стратеги төлөвлөгөөнд тусгах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн эргэлт, танадалт мөшгих, судалгааг салбар мэргэжлээр гарган тодорхойлж, эрэлттэй шинэ мэргэжлийн талаарх судалгаа хийж, судалгааны үр дүнг тооцон шинээр мэргэжлийн анги нээх санал боловсруулах, танилцуулах, сургуулийн хөгжлийн хөтөлбөр, төсөл, эдийн засгийн хэтийн чиглэл төсвийг нэгтгэн боловсруулах, нэгжүүдийн үйл ажиллагааны статистик мэдээ, тайланг нэгтгэн дүгнэлтийг мэдээлэх, үндсэн сургалт, болон түр сургалтын өөрийн өртгийн судалгааг мэргэжил бүрээр хийж, үнэлгээг хийх саналыг боловсруулан шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан эргэлтийн судалгаа төгсөгчид, ажил олгогч аж ахуй нэгжийн харилцаа холбоог бэхжүүлэх тандалт мөшгих судалгааг хариуцан гаргаж, тайлан мэдээг холбогдох газруудад хүргүүлэх, төгсөгчдийг тандах, мөшгих судалгааг тухай бүр нь хийж тогтмолжуулах нэгтгэх судалгааны санг баяжуулах, тайлагнах, удирдах ажилтнуудыг мэдээллээр хангах, тандалт болон мөшгих судалгаа, төгсөгчдийн ажлын байран дээрх тогтвортой байдал, ур чадварын үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах, багш оюутнуудаас сургалтын үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн болон бусад судалгаа байнга авч,  дүгнэлт гаргах, үр дүнг тооцон ажиллах зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг бол ахлах нягтлан бодогч нь жилийн төсөл төлөвлөгөөг боловсруулж батлуулах, төсвийг зориулалтын дагуу хуваарилан зарцуулах, нягтлан бодох бүртгэлийн ажлыг гүйцэтгэж санхүүгийн тайлан гаргах, төсвийн сахилгыг хэрэгжүүлж, бүртгэлээр хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, улирал, хагас жил, жилээр сургуулийн санхүүгийн болон бараа материал худалдан авсан, засварын бэлэн мөнгөний зэрэг тайлангуудыг хугацаанд нь зөв нягт нямбай гаргах, цалин хөлс холбогдох нэмэгдлийг тогтоосон хугацаанд нь тавьж олгох, хяналт тавих, мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийж, мөнгөн хөрөнгийн урсгалыг төлөвлөх хэрэгжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг бол нярав нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, гүйцэтгэлийг ханган хариуцсан эд хөрөнгийн тооллого тооцоог цаг хугацаанд нь хийлгэж, санхүүтэй тооцоо хийж өр авлагагүй ажиллах, бараа материал үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт эмх цэгцийг сайжруулах, эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлүүдийг тогтмол хөтөлж, тайланг гаргаж, цаг тухайд нь танилцуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах, нягтлан бодогч холбогдох хангамжийн ажилтнуудын хуваарилсан аж ахуйн материал, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын падаан, анхан шатны баримтыг үндэслэн зарлагадах, үлдэгдэл баталгаажуулах, тайлан гаргах, агуулахад хөрөнгө хадгалах, зохих зөвшөөрлийн дагуу зориулалтаар хуваарилан олгох, өрөлт хураалтыг нэр төрлөөр нь хийх, хөрөнгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх бүртгэл хөтлөх  зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул эдгээрийг адил чанарын ажил, албан тушаал гэж үзэх боломжгүй байна.

 

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил албан тушаал /ахлах нягтлан бодогч, нярав/-ын ажилд томилуулах тухай нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзсныг баталсугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэхь хэсэгт заасныг тус тус  баримтлан ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН