Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 632

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00632

 

 

Х.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00143 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МСПК-ид холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүүц ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Х-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Анхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х- нь 2014 оноос хойш тус сургуульд захирлын туслах, архив бичиг хэрэг, мэдээллийн төвийн эрхлэгчээр, улмаар статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоонд ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдөх болсон гол шалтгаан нь Х.Х-гийн ажиллаж байсан ажлын байр нь цомхотгосон байдаг. Шинээр гаргасан сайдын тушаалтай танилцуулаагүй,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сайдын тушаалтай танилцаад өөрийнх нь эрхэлж байсан албан тушаал цомхотголд орсныг мэдсэн, уг тушаалтай маргахгүй.

Нэхэмжлэл гаргах шалтгаан нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь шинээр ирсэн удирдлагын баг гэх хүмүүс нь байнгын дарамт, шахалт үзүүлсэн байдаг.

Ажилтанг бөөнөөр ажлаас халсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажлаас халах болсноо 45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Гэтэл 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн байна.

Х.Х-гийн гүйцэтгэж байсан статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажлын байр нь ахлах нягтлан бодогч, няравын ажилтай дүйцэхүйц бөгөөд өөрөөр хэлбэл адил чанарын ажил албан тушаал байхад түүнийг дээрх хоёр ажилд томилоогүй, мэдэгдэл өгсөн үед буюу ажлаас чөлөөлсний дараа ахлах нягтлан бодогч, няравын ажил албан тушаалд өөр хүмүүс шинээр авч тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Х.Х- нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 9 262 260 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү.

Мөн өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Монгол Солонгосын коллежийн бүтэц орон тоог баталсан. Энэ тушаалд Х.Х-гийн ажиллаж байсан ажлын орон тоо хасагдсан.

Х.Х-г хууль бус аргаар дарамталж ажлаас гаргаагүй. Ажлын байранд ажиллаж байсан хүмүүсийг бөөнөөр нь халсан зүйл байхгүй.

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.Х- нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба үүнд ажлын байранд дүйх ажилд оруулах шаардлага нь түүний ажлын байранд ямар албан тушаал дүйхийг мэдэхгүй байна. Хуульд ийм зохицуулалт байхгүй.

Ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээд Х.Х- байгууллагадаа үлдэх хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт ажилтан, ажил олгогч тохиролцох ёстой бөгөөд тохиролцох боломж байхгүй. Учир нь зарим нэг орон тоо хасагдаж, шинээр орон тоо нэмэгдээгүй, бусад нь өөр өөрийн ажлын байранд ажиллаж байгаа тул Х.Х-гийн ажилтай адил чанарын ажил байхгүй тул ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х- өмгөөллийн зардалд 1 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзсныг баталж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Х.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Би ажлаас халагдахаасаа өмнө байгууллагадаа намайг боломжийн өөр ажилд шилжүүлж ажиллуулж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан бөгөөд байгууллага миний өргөдлийг шийдвэрлэхгүй шууд ажлаас халсанд би гомдолтой байдаг юм. Учир нь манай байгууллага намайг ажлаас халсны дараа болон халахын өмнө шинээр ажилтнууд авч байсан бөгөөд энэ хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажил олгогч ажилтныг ажлаар хангах үүрэгтэй боловч түүнийгээ биелүүлээгүй байдлыг шүүх зөтгөж үзэж байгааг би буруу гэж үзэж байна.

Би заавал ахлан нягтлан бодогч, няравын ажлын байранд шүүхийг томилж өгөхийг шаардаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага маань хэвээрээ байсан. Харин ажил олгогч ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй болохыг нотлох зорилгоор хамгийн сүүлд ажилд авсан ажлын байрны талаарх нотлох баримтуудыг хэрэгт жишиг байдлаар оруулсан нь ахлан нягтлан бодогч, няравын ажлын байр байсан болохоос биш би заавал тэдгээр ажлын байрнуудад намайг томилуулж өгөхийг хүсээгүй байхад шүүх эдгээр ажилд орохыг намайг хүссэн мэтээр ойлгож шийдвэрээ гаргасан нь буруу юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч нь Х.Х- нь хариуцагч МСПК-ид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, өмгөөллийн зардалд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүүц ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

            Х.Х- нь 2014 оноос эхлэн тус сургуульд захирлын туслах, архив бичиг хэрэг, мэдээллийн төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж, улмаар статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус сургуулийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг үндэслэн тус коллежийн статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан албан тушаалтай Х.Х-гийн ажлын байр нь орон тоо хасагдаж батлагдсантай холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

            Нэхэмжлэгч орон тоо цөөрүүлсэн талаар маргаагүй. Харин хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж адил чанарын өөр албан тушаалд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Х.Х- нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, өмнө эрхэлж байсан ажилтай дүйх ажлын байранд ажиллуулахыг даалгах гэж тодорхойлсон нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас ялгаатай бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ахлах нягтлан бодогч болон няравын албан тушаалд томилуулах гэж тодорхойлж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Учир нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй бөгөөд Х.Х-гийн эрхэлж байсан статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалыг зэрэглэл, ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг нь ахлах нягтлан бодогч болон няравын ажил үүргийн хуваарь өөр байх тул эдгээр албан тушаалыг адил чанарын албан тушаал гэж үзэхгүй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан ба 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг танилцуулснаар ажилтан Х.Х- нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МСПК-ийн захиргаанд хүсэлт гаргасан байна. Энэ  хүсэлт нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх агуулгатай биш, харин шинэ гэрээ байгуулах санал гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул ажил олгогч нь ажлаар хангах үүрэг хүлээхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан гэж маргах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаас үзвэл ажилтныг бөөнөөр халах тохиолдолд мэдэгдэлийг 45 хоногийн өмнө мэдэгдэхээр зохицуулсан байх бөгөөд хэргийн баримтаар ажилтныг бөөнөөр нь халсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд ажилтанд мэдэгдлийг 1 сарын өмнө хүргүүлсэн ажил олгогчийн үйлдлийг уг хуулийг зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, Х.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Монгол Солонгосын политехник гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тушаал нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА