Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00016

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1204 дугаар магадлалтай,

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Д-д холбогдох,

2.975.750 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Майцэцэг, хариуцагч Н.Д-, өмгөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д- нь Ц ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэл эмч төлөөлөгчийн албан тушаалд ажилласан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах компанийн харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн харилцдаг байсан. Эмч төлөөлөгч нар нь эмийн сангуудаас захиалга хүлээн авч, захиалга өгсөн бараа бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авч, өөрийн хариуцсан тойргийн эмийн сангуудад хүргэн өгч, борлуулалтын дараах тооцоог хийн санхүүд тусалдаг. Тэрээр компанид ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүрэгт байрладаг эмийн сангуудад Ц ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж байснаас өөрийн хариуцсан 9 нэр бүхий эмийн сангуудтай тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч компанийн санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан байдаг. Н.Д- уг мөнгийг компанид өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу 2,975,750 төгрөгийг гаргуулж Ц ХХК-д учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Н.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Яагаад удаа дараагийн нэхэмжлэлийн үнийн дүн багасаад байдаг нь ойлгомжгүй байдаг. Миний бие тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй ба ажлаас гарах өргөдлөө байгууллагын удирдлагуудад өгсөн. Гэтэл байгууллагын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа Н.Д-гөөс байршуулалтын төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,600,000 төгрөг кассын орлогод хийснээс 3,104,700 төгрөгийг суутгаж аваад 1,495,300 төгрөгийг машины зээлийн үлдэгдэлд суутгаж авсан гэж тайлбарласан. Түүнчлэн намайг 2016 оны 2 сард Сүхбаатар дүүргийн цагдаад Дэлгэрмөрөн нь компанид ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа Мөнх Харгана Үндэс эмийн сангийн борлуулалтын үлдэгдэл төлбөр 270,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж өргөдөл гаргаж шалгуулсан боловч тогтоогдоогүй. Ц ХХК-ийн зүгээс өдийг хүртэл ямар шалтгаанаар намайг шүүх цагдаад өгч сэтгэл санааны дарамтад оруулж байгааг ойлгохгүй байна. Нийт 23 эмийн сангийн 6,918,260 төгрөгийн жагсаалт байгаа. Энэ нь тухайн үед миний хариуцаж байсан бүх өр авлагатай эмийн сангуудын өрийн жагсаалт бөгөөд 2015 оны 6 сарын 23-нд ерөнхий санхүүч н.Өлзийбаяр дуудаад 7 сарын 01-нээс өмнө өртэй байгаа эмийн сангуудын өр төлбөрийг барагдуулахгүй бол машинд өгсөн мөнгийг суутгаж авна гээд хэрэгт авагдсан баталгаа гэх бичгийг хийлгүүлж авсан. Миний цалинг хаагаад 6 сарын 20-ноос 7 сарын 07-ны хоорондох цалин ороогүй. Хулан, Баянбүрэн эмийн сангуудын байршуулалтыг өөр хүн байршуулалт хийсэн. Календула, Бумбат, Жаргалмөнх, Дамин, Аюур 2 эмийн сангуудын өр авлагыг нэмээд үзэхээр 2,705,750 төгрөг хүрэхгүй байна. Ямар эмийн сангийн хэдий хэмжээний өр авлага байгаа, одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь бодитой эсэх дээр эргэлзэж байна. Иймд Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний бие ямар нэг өр төлбөр энэ компанид байхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Н.Д-гөөс 788,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,187,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1204 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 135.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Д-гөөс 1.535.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.440.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг 23.462 гэснийг 39.510 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн №1204 тоот магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагч Н.Д-г байгууллагад 2,705,750 /хоёр сая долоон зуун таван мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гээд энэ нь бараа бүтээгдэхүүн эмийн сангуудын байршуулсан “Байршуулалтын тооцоо”, борлуулалтын зарлагын болон буцаалтын баримтууд, банкны хуулга, шуурхай хуралдааны тэмдэглэл, Аюур 2, Бумбат тун, Дамин, Жаргалмөнх, Календула, Татц эмийн сангуудын тодорхойлолт, эмийн сангийн эрхлэгч болон Ж.Номиндарь, Ш.Даариймаа нарын гэрчийн мэдүүлэг, 2015 оны 06 сарын 23-ны өдрийн авлага барагдуулах тухай баталгаа зэрэг баримтуудаар нотлогдож байгаа гэж шүүхээс үзсэн боловч харилцан тооцоо нийлсэн болох нь тодорхой бус байх тул эдгээр баримтуудаар хангалттай нотолж чадахгүй юм. Нотлох баримтууд өөр хоорондоо бие биенийгээ нотолж аль эсвэл Дэлгэрмөрөн нь гэм хор учруулсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. “Ц” ХХК нь Баянбүрэн эмийн сангаас бэлэн мөнгө авахдаа “Бэлэн мөнгөний орлогын баримт” үйлдэж, мөнгө хүлээж авч байсан атлаа бусад эмийн сангуудад, хариуцагчаар дамжуулан эмийн бүтээгдэхүүн худалдахдаа хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлж, хадгалаагүй байгаа нь эргэлзээтэй, “Борлуулалтын зарлага”, “Борлуулалтын буцаалт” гэх баримтуудад хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй тул уг баримтуудын дагуу хариуцагчийг эд хөрөнгө хүлээж авсан гэж үзэх нь нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар эд хөрөнгийн хариуцлагыг шаардах эрхийг хязгаарласан хуулийн ерөнхий зохицуулалт юм. Гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 -д зааснаар, ажилтны нэг сарын дундаж цалин хөлс болох 900,000 төгрөгийн хэмжээнд ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхээр шаардаж болох хэдий ч хариуцагч Н.Д- нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй тул хариуцагчаас төлбөр гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК- д олгох нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Ийнхүү “Ц” ХХК нь ажилтан Н.Д-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм хорын хохирол гаргуулах боломжгүй, хэрэгт цугларсан баримтууд нь Дэлгэрмөрөнг байгууллагад гэм хор учруулсан гэж хангалттай нотолж чадахгүй байхын дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа мөн хангалттай нотолж чадаагүй гэж үзэхээр байна. Гэвч анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдээс хангалттай нотолж чадахгүй баримтуудыг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулахаар болсон нь өөрөө үндэслэлгүй, баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Ц” ХХК  нь хариуцагч  Н.Д-гөөс 2.975.750 төгрөгийг шаардахдаа “...нэр бүхий эмийн сангуудаас авсан 2.705.750 төгрөгийг компанид тушаагаагүй, ...270.000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирлыг нэхэмжилж байна” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд өр дутагдал гаргаж байгаагүй, ...Хулан, Баянбүрэн эмийн санд өөр хүн байршуулалт хийсэн. Календула, Бумбат, Жаргалмөнх, Дамин, Аюур-2 эмийн сангуудын өр авлагыг нэмэхэд 2,705,750 төгрөг хүрэхгүй байгаа,  ямар эмийн сангийн хэдий хэмжээний өр авлага байгаа, одоо нэхэмжилж байгаа үнийн дүн бодитой эсэхэд  эргэлзэж байна, ... 270,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж өргөдөл гаргаж шалгуулсан боловч тогтоогдоогүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ /1хх-1-2, 89-90 тал/.

Анхан шатны шүүх  нэхэмжлэлээс 788.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1.535.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Байршуулалтын тооцоо”, борлуулалтын зарлагын болон буцаалтын баримтууд, банкны хуулга, шуурхай хуралдааны тэмдэглэл, Аюур-2, Бумбат тун, Дамин, Жаргалмөнх, Календула, Татц эмийн сангуудын тодорхойлолт, эмийн сангийн эрхлэгч болон Ж.Номиндарь, Ш.Даариймаа нарын гэрчийн мэдүүлэг, 2015 оны 06 сарын 23-ны өдрийн авлага барагдуулах тухай баталгаа зэрэг баримтууд нь гэм буруутайг хангалттай нотлохгүй, ... хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй тул уг баримтууд нотлох баримт болохгүй,  ...харилцан тооцоо нийлээгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдоогүй, ...шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, давж  заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

1. Ц ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын З0-ний өдөр Н.Д-г  импортын  нэгжид эмч төлөөлөгчөөр түр хугацаагаар,   2013 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр орон тооны ажилтнаар томилсон, тэрээр уг ажлыг 2015 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 37-38, 93 тал/.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэйгээс гадна гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлийг тусгасан байх шаардлагатай.

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч Н.Д- эмч төлөөлөгчийн  ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан тул зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, энэ  талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т нийцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эмч төлөөлөгч нь эмийн сангуудаас захиалга авч, захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авч өөрийн хариуцсан тойргийн эмийн санд хүлээлгэн өгч борлуулалтын дараах тооцоог хийдэг, ...хариуцагч нь Баянзүрх дүүрэгт байрладаг эмийн сангуудад бараа бүтээгдэхүүнийг байршуулж байсан, нэр бүхий 9 эмийн сантай  тооцоо нийлж төлбөрийг авсан боловч компанид тушаагаагүй...” гэж тодорхойлон, байршуулалтын тооцоо, борлуулалтын зарлагын болон буцаалтын баримтууд, банкны хуулга, шуурхай хуралдааны тэмдэглэл, Аюур-2, Бумбат тун, Дамин, Жаргалмөнх, Календула, Татц эмийн сангуудын тодорхойлолт, 2015 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн авлага барагдуулах баталгаа гэх баримтуудыг нэхэмжлэлд  хавсаргаж  ирүүлсэн байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.”, 135.4.-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ  байгуулсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх  Н.Д-г эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд гэж үзсэн нь Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

2.Ажилтан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.5.-т заасан.  

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 270.000 төгрөг шаардахдаа “Мөнх харгана үндэс” эмийн санд борлуулсан барааны үлдэгдэл үнийг хувьдаа завшсан гэсэн үндэслэл заасан, давж заалдах шатны шүүх “...хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Н.Д- 2015 оны 8 сараас хойш  Ц ХХК-д  ажил,  албан тушаал эрхлээгүй болох нь  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2403 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023 дугаар магадлалаар тогтоогдсон ба 2015 оны 9 дүгээр сард “Мөнх харгана үндэс” эмийн санд бараа байршуулсан  эсэх,  барааны  үлдэгдэл 270.000 төгрөг  байгаа  нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 1636 дугаар тогтоолд “...Н.Д- нь Ц ХХК-д эмч төлөөлөгчөөр ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сард  “Мөнх харгана үндэс” нэртэй эмийн санд борлуулсан үлдэгдэл барааны мөнгө болох 270.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргийг хянахад 2015 оны 11 сарын 20-ний өдрийн 5543 дугаар шинжээчийн дүгнэлт, Ц ХХК-ний албан бичиг Авто тээврийн газрын албан тоот, хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч ...эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас  109 дүгээр тал/.

Нэхэмжлэгч уг тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ба энэ нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж, төлбөр гаргуулах хангалттай үндэслэл болохгүй юм. Тодруулбал, тогтоолд дурдсан 5543 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хэргийн 2 дугаар хавтас  62-63 дугаар тал/ ...шинжлэгдэж буй Ц ХХК-ийн 2015.6.5-ний өдрийн Авто тээврийн  үндэсний төвийн тоо бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийн доод хэсэгт байх шинжлэгдэж буй тэмдэгний дардас болон гарын үсгийг хуулбарлан олшруулах аргаар ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна... гэх дүгнэлт хариуцагчийн 270.000 төгрөг хувьдаа завшсан гэх үйлдэлтэй ямар хамааралтай болох нь тодорхой бусаас гадна хохирогч, яллагдагч, гэрч ямар мэдүүлэг өгсөн талаар тогтоолд тодорхой тусгагдаагүй, эдгээр баримт хэрэгт авагдаагүй  байна.

3. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ба  энэ нь ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1., 133 дугаар зүйлийн 133.1.-т заасан, энэхүү зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг  хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан байршуулалтын  тооцоо гэх баримтад хариуцагч гарын үсэг зураагүй,  тэрээр уг баримтад заасан бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжилж буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлгүй.

Харин гэрч Аюур 2 эмийн сангийн ажилтан Я.Амаржаргал “...Н.Д- нь 394.000 төгрөгийн эм байршуулаад мөнгийг бэлнээр аваад явсан” гэж,  Жаргалмөнх эмийн сангийн ажилтан Ш.Гэрэлмаа “...Н.Д-г таньж байна, эм байршуулсан хүн мөн байна, эхлээд зуу гаруй мянга, дараа нь үлдсэнийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг өгснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүх дээрх 2 эмийн санд байршуулсан эмийн төлбөр болох 788.000 төгрөгийг Н.Д- хариуцах үндэстэй гэж үзэж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг  зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “...хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг  хангахгүй орхих  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1204 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.            

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 39.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ