Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/00282

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Роялл кэстл 102 байр 801 тоотод оршин суух, Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 84 байр 1 тоотод оршин суух, Ц.Б-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Онар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Б.Ганцэцэг өөрийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 1-4 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцийг иргэн Ц.Б болон түүний ээж С.О нартай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулан түрээсийн нийт төлбөрийг 7,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тус байрыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ээж М.Х, дүү Б.Г нь надад бэлэглэсэн. Иргэний хуулийн 297.1 Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол бүх эрх үүрэг нь гуравдагч этгээдэд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Түрээслэгч нар нь түрээсийн төлбөрийг удаа дараа нэхэмжлүүлж, шаардасны дараа 2,500,000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөлгүй зугтааж байна.

Түрээслэгч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлнө гэж амлалт бичиж өгсөн боловч түүнийгээ одоог хүртэл биелүүлээгүй.

Түрээслэгч нар нь утсаа авахгүй, авсан ч янз бүрийн шалтаг хэлэн түрээсийн төлбөрийг өгөлгүй надад маш их хүндрэл учруулж байна. Мөн тэд манай байрны цоожны голыг сольж биднийг байраа хүлээж авахад хүндрэл учруулсан бөгөөд одоог хүртэл сураг чимээгүй алга болсон.

Иймд Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Б холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууцыг түрээслэж байгаагүй, ээж С.О түрээслэж байсан гэх тайлбарыг гаргажээ.

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэн Б.Г, хариуцагч Ц.Бнар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээний 1, 2, 3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 24 дүгээр байрны 4 тоотод орших хоёр өрөө орон сууцыг хариуцагчид нэг жилийн хугацаатай хөлслүүлж, нэг сарын 600,000 төгрөгийн хөлстэй байхаар тохиролцжээ. Гэрээний хавсралтаар орон сууцны тавилга, эд хогшлыг хариуцагч Ц.Б, иргэн Б.Г-ээс хүлээн авсан болохыг батлгаажуулж гарын үсэг зурсныг орон сууцыг хариуцагч өөрийн эзэмшилд хүлээн авсан гэж үзлээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “иргэн Б.Г, хариуцагч Ц.Б-тэй орон сууц хөлслүүлэх гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан, түүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны өмчлөх эрх түүний эгч нэхэмжлэгч Б.Б-ийн нэр дээр шилжсэн учраас гэрээг Ц.Б-ийн ээж С.О-тай нөхөж хийсэн, Ц.Б эзгүй байсан“ тухай тайлбарыг гаргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 24 дүгээр байрны 4 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204057984 дугаартай, хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Г нь бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б-т шилжүүлж, нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Ийнхүү өмчлөгч өөрчлөгдсөн явдал нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх, хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 297 дугаар зүйлийн 297.1-д “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Б-өөс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч, хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацааны хөлс 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 2,200,000 төлсөн, барьцаа 300,000 төгрөгийг хасч 5,000,000 төгрөг үлдсэн гэх тайлбар гаргасныг хариуцагч няцаагаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзлээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “уг орон сууцыг түрээслэн амьдарч байгаагүй, ээж С.О түрээслэж байсан” тухай талйбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан иргэн Б.Ганцэцэг, хариуцагч Ц.Б нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээг үгүйсгэж няцаагаагүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч Б.Б-ийн иргэн С.О-тай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нотлох баримтаар авагдсан боловч энэ нь дээрх үндэслэлээр хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч уг орон сууцыг эзэмшиж байгаагүй гэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн н.Зхариуцагчийг төлөөлөн товыг хүлээн авсан. Хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах тухай үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд хариуцагч Ц.Б-өөс 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 297 дугаар зүйлийн 297.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-өөс 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Ц.Б-өөс 94,950 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ