Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 633

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00633

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б-өд холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Пүрэвхүү

Хариуцагч: Ц.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ийн дүү Б.Ганцэцэг нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 1-4 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцийг Ц.Б- болон түүний ээж С.Отгонбаяр нартай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатай, төлбөрийг 7 500 000 төгрөгөөр тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

Тус байрыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ээж М.Хоролсүрэн, дүү Б.Ганцэцэг нь надад бэлэглэсэн.

Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг удаа дараа шаардсаны дараа 2 500 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөөгүй.

Иймд түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би уг орон сууцыг түрээсэлж байгаагүй бөгөөд тус орон сууцыг миний ээж болох С.Отгонбаяр түрээсэлж байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 297 дугаар зүйлийн 297.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-өөс 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Ц.Б-өөс 94 950 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ орон сууц эзэмшигч Б.Б-, С.Отгонбаяр нарын хооронд хийгдсэн орон сууц хөлслөх гэрээ хэрэгт байсаар байтал хууль буруу хэрэглэн бусдад шилжүүлсэн мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, харин тодорхойлох хэсэгт алдаатай бичснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар залруулах боломжтой байна.

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ц.Б-өд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Б.Ганцэцэг болон Ц.Б- нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагсдан, уг гэрээгээр Б.Ганцэцэг нь өөрийн өмчлөлийн,  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 1-4 тоот хаягт байрлах 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Б-өд 12 сарын хугацаатай, хөлслөгч сарын 600 000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр хөлсүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар орон сууц болон бусад эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн нь талуудын гарын үсэг зурсан баримтаар тогтоогджээ.

            Мөн өдрөөр огноолсон Б.Б- болон С.Отгонбаяр нарын хооронд дээрх орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан бичгийн баримт байх боловч уг орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Б.Ганцэцэгийн өмчлөлөөс Б.Б-ийн өмчлөлд шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд С.Отгонбаяртай орон сууц хөлслөх гэрээ байгуулах үед Б.Б- нь орон сууцны өмчлөгч болоогүй байсан ба Б.Ганцэцэгээс Б.Б-т орон сууц хөлслөх эрхийг мөн олгоогүй байжээ.

            Иймд анхан шатны шүүх эдгээр баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, Б.Ганцэцэг болон Ц.Б- нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ  хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

            Эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлслүүлэгч талын өмчлөгч солигдсоноор Б.Б- нь Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасныг дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсийг шаардах эрхтэй. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ганцэцэг болон Ц.Б- нарын хооронд байгуулагдсан гэрээний хөлсийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Хариуцагч Ц.Б- нь эд хөрөнгийг хүлээж авсан хэдий ч өөрөө ашиглаагүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүх хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх байсан 7 200 000 /600 000төгрөгЧ12сар/ төгрөгөөс төлсөн 2 200 000 төгрөгийг хасч үлдэх 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА