Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00026

 

З.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцооож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1234 дүгээр магадлалтай,

З.О-гийн нэхэмжлэлтэй,

Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О-, өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагч Б.Б-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.Нэхэмжлэгч З.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн багын найз Ч.Пунцагаар зуучлуулж Б.Б- болон түүний эзэмшлийн Сухайт хайрхан компанид нийт 26,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний нэхэмжлэлээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00121 тоот шийдвэрээр 11,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Сухайт хайрхан компанийн нэрээр зээлсэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүү алданги авах эрхгүй болохыг дурдаж, өмнө нь 6 удаагийн гүйлгээгээр хүүнд өгсөн 2,540,000 төгрөгийг үндсэн 11,000,000 төгрөгөөс хасч, үлдсэн 8,460,000 төгрөгийг Сухайт хайрхан компаниас гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгохоор шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэлээс үлдсэн 15,000,000 төгрөгийг Сухайт хайрхан компаниас биш иргэн Б.Б-аас нэхэмжлэх нь хуульд нийцнэ хэмээн хэрэгсэхгүй болгосон.

Иймд иргэний журмаар зээлийн гэрээ хийж, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б.Б- нь бэлнээр тоолж авсан 15,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж, гэрээнд заагдсаны дагуу 10 хувийн хүүг 2 сарын хугацаатай тооцож, нийт 3,000,000 төгрөгийн хүү, нийт 18,000,000 төгрөг хариуцагч Б.Б-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар энэ хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1234 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 01-ны өдрийн 1234 тоот магадлалтай танилцаад эс зөвшөөрч хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

2018 оны 07 сарын 04-ны өдөр Ч.Пунцагын хүсэлтээр би хамт явж З.О-тэй зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн үед миний бие зээлийн мөнгийг тоолж аваад Ч.Пунцагт өгсөн бөгөөд энэ мөнгийг Ч.Пунцаг юунд зарцуулсныг мэдэхгүй. Дээрх зээлийг авсны дараахан наадмаар Ч.Пунцаг нь усанд осолдож нас барсан. Анхан шатны шүүхэд намайг Ч.Пунцагаар зуучлуулан зээл авсан мэтээр дурдсан нь үндэслэлгүй юм. Тухайн зээлийг авахдаа Ч.Пунцаг өөрийн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Энэ машин өнөөдрийг хүртэл З.О-гийн хашаанд барьцаанд байгаа. Ч.Пунцаг нь баталгаатай гэр бүлтэй, өөрийн орон сууцтай. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-д заасныг хэрэглэхгүйгээр зөвхөн намайг зээл авч зээлийг 100 хувь захиран зарцуулсан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу энэ зээлийн үүргийг өөрийн өвлөн авсан өвийн хэмжээгээр Ч.Пунцагын гэр бүл хариуцах ёстой  гэжээ.

ХЯНАВАЛ

З.О- нь Б.Б-аас зээл 15.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг  хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Ч.Пунцагийн хүсэлтээр З.О-тэй зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 2 сарын хугацаагаар зээлсэн. ...мөнгийг Ч.Пунцагт өгсөн,  зээл авсны дараа Ч.Пунцаг нас барсан. Зээлийг авахдаа Ч.Пунцаг өөрийн автомашиныг барьцаанд тавьсан, З.О-гийн хашаанд байгаа, энэ зээлийн үүргийг Ч.Пунцагийн гэр бүл хариуцах ёстой  гэжээ.  

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2018.7.4-ний өдрийн Зээлийн гэрээгээр З.О- нь Б.Б-, Ч.Пунцаг нарт 26.000.000 төгрөгийг 2 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ /хэргийн 7 дугаар тал/.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ний өдрийн 121 дүгээр шийдвэрээр зээлийн гэрээнд заасан 26.000.000 төгрөгийн 11.000.000 төгрөгийг  “Сутай хайрхан” ХХК зээлсэн гэж үзэж, тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна. 

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, зээлдэгч нар мөнгийг нотариатчийн дэргэд бэлнээр хүлээн авсан талаар гэрээнд тусгаж, гарын үсэг зурсан нь тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэлийг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.  

Хариуцагч “...хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэснээс өөр тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.   

2. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг Б.Б-аас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

Иймд “...мөнгийг Ч.Пунцагт өгсөн,  зээл авсны дараа Ч.Пунцаг нас барсан. ...зээлийн үүргийг Ч.Пунцагийн гэр бүл хариуцах ёстой...” гэх гомдол шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй болно.

3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.Пунцаг өөрийн автомашинаа барьцаалсан, уг машин З.О-гийн хашаанд байгаа талаар хариуцагч хяналтын гомдолдоо дурдсан боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж, маргаж мэтгэлцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1234 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ