Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/03743/И |
Дугаар | 427 |
Огноо | 2018-02-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 42 тоотод байрлах, “С т” ХХК /РД: 5162394/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Макс малл худалдааны төвтэй байрны В2 дугаар давхарт байрлах, “Э н” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
7 952 552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С т” ХХК-ийн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сигма Отис” ХХК нь 2016 оны 11 дүгээр сард хуулийн этгээдийн нэрээ “С т” ХХК хэмээн өөрчилөн бүртгүүлсэн. “Сигма Отис” ХХК нь 2013 оноос хойш “Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Э н” СӨХ-ны эзэмшил, ашиглалтад байх Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 16 дугаар хороо, Макс малл худалдааны төвийн залгаа байрлах орон сууцны барилгад байрлах Di1-PA9/600/-СО60-16/13 үзүүлэлттэй, 4 ширхэг иж бүрдэл цахилгаан шатны техникийн үзлэг, засвар үйлчилгээг сард 1 удаа гүйцэтгэх бөгөөд 1 сарын техникийн үзлэг үйлчилгээний төлбөр 1 цахилгаан шат 99 000 төгрөг буюу 4 иж бүрдэл нь нийт 396 000 төгрөг байхаар, “Э н” СӨХ нь тухайн сарын үзлэг үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 29-ний өдөр “Сигма Отис” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээ нь 2013 оноос эхлэн 1 жилийн хугацаатай байгуулагдаж, хугацаа дуусгавар болоход талуудын хүсэлтээр дахин 1 жилийн хугацаатай байгуудагдсан. Талуудын хооронд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болж “Э н” СӨХ-оос гэрээгээ дахин хугацаа сунгаж байгуулах хүсэлт гаргаагүй тул гэрээ дуусгавар болсон. “Э н” СӨХ нь 2014 оны 10 дугаар сараас хойш cap бүр төлөх ёстой гэрээний төлбөрийг төлөхгүй хуримтлуулсаар 6 740 000 төгрөгний төлбөртэй болсон. “Э н” СӨХ нь 2014 оны 3 дугаар сараас хойш орон сууцны ашиглалтыг хариуцаж байгаа. “С т” ХХК-иас cap бүр техникийн засвар үйлчилгээ орж байсан боловч үйлчилгээний төлбөрийг 2014 оны 10 сараас эхлэн огт төлөөгүй төлбөрийн хуримтлал үүсгэсэн. Тус СӨХ-той 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 3 077 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөр 3 564 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1 311 552 төгрөг, нийт 7 952 552 төгрөгийг хариуцагч “Э н” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э н” СӨХ-ны төлөөлөгч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний анх байгуулсан гэрээнд буюу 2.4-т зааснаар “Сигма тек” ХХК cap бүр үзлэг оншилгоо “Э н” СӨХ-ны лифтэнд хийнэ гэсэн боловч завтай үедээ ирж үзлэг хийдэг болж хувирсан. Үүний улмаас манай лифтний тороос 2015 оны 3 дугаар сард тасарсан. Гэрээний 2.4-т техникийн үзлэгийн хувиар гаргаж хөтөлж, хувиарын дагуу сард нэг удаа үзлэг хийж акт хөтлөнө гэсэн байдаг боловч нэг ч удаа хувиар гаргаж үзлэгээ хийж байгаагүй. 2014 оны 8 дугаар болон 11,12, түүнчлэн 2015 оны 01 дүгээр саруудад огт үзлэг хийгээгүй. Үзлэг үйлчилгээ хийгдсэн актанд эрх бүхий этгээд гарийн үсэг зурж акт үйлдэнэ гэсэн боловч нэг ч удаа үзлэгийн график гаргаагүйн улмаас дуртай үедээ ирж харуул болон цэвэрлэгч гэх мэт байгууллага төлөөлөх эрхгүй ажилчидаар гарын үсэг актан дээр зуруулсан нь засвар үйлчилгээний актууд бүхэлдээ хүчингүй буюу гэрээний нөцөлийг хангах чадамжгүй гэж үзэж байна. 2015 оны 10 дугаар сараас манай 1 дүгээр лифтний хаалга дурын давхартаа хаагдахгүй, гацаж зогсох болсон бөгөөд нэхэмжлэгч лифтийг засварлаж чадаагүй. 2016 оны 02 дугаар сард сүүлийн гэрээ хийхдээ танай байгууллага гэрээнд заасан ажлаа хийж сайн засварчидаа явуулж манай лифтийг засч өгөөч гэсэн итгэлцэлээр хийсэн боловч өмнөх байдлаараа лифтийг засаж чадахгүй хэвээр байсан. 2016 оны 3 дугаар сарааас эхлэн манай 1 дүгээр лифт огт ажилахаа больж үзлэгээр ирсэн хүмүүс нь ажилуулж өгөөд явсаных нь дараа унтардаг болж, тухайн лифтийг бүр зогсоож 2016 он 11 дүгээр сард өөр лифтний байгууллагаар шалгуулж плат нь шатсан болохыг тодруулж шинээр сольж хэвийн үйл ажилгаанд оруулсан. Эвдэрсэн лифтийг засч оншилж чадахгүй байж төлбөр нэхэх нь ёс зүйгүй үйлдэл юм. Гэрээнд манай СӨХ-ны хүсэл зоригийг тусгаагүй, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр гэрээний нөхцөлийг бичсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ хангалтгүй хийсэн тул манай СӨХ төлбөр төлөх ёсгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С т” ХХК нь хариуцагч “Э н” СӨХ-д холбогдуулан “цахилгааны шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 6 740 000 төгрөг, алданги 3 370 000 төгрөг, нийт 10 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ үлдэгдэл төлбөр 3 564 000 төгрөг, алданги 1 311 552 төгрөг, нийт 7 952 552 төгрөг гаргуулахаар багасгажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд хариуцагч талын хүсэл зориг тусгагдаагүй, ...үзлэг хийсэн актад гэрээнд зааснаар хариуцагч талын эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“С-О” ХХК нь оноосон нэрээ “Сигма тек” ХХК болгон өөрчилж, 2016 ны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 00030516 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч “Сигма тек” ХХК нь “С-О” ХХК-ийн “Э н” СӨХ-той байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. /хх-4 дүгээр талын арын нүүр/
Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан SM-A/S AP-140313-01 дугаартай “цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ээр 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан SM-A/P160201/04 дугаартай “цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ”-ээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 16 дугаар хороо, 35 дугаар байрны Di1-PA9/600/CO60 16/13 үзүүлэлттэй, 2009BE 1707 E01-04 Lift1-4 үйлдвэрийн дугаартай, 4 ширхэг иж бүрдэл зорчигчийн зориулалттай цахилгаан шатны үзлэг, механик засвар үйлчилгээг сард 1 удаа, захиалагчтай тохиролцсон графикийн дагуу үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч нь 1 ширхэг цахилгааны шатны үзлэгийн төлбөрт 99 000 төгрөг, 4 ширхэг цахилгааны шатны үзлэгийн төлбөрт 396 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талуудын төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан байна.
Гэрээний агуулга, шинж, зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байхаас гадна мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тогтсон хугацаанд хариуцагчийн эзэмшлийн цахилгаан шатанд үзлэг хийх, хариуцагч нь үзлэгийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн байхаас гадна дээрх 2 гэрээг дан гацан нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн SM-A/S AP-140313-01 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 3 дугаар сарын 13-ны өдөр, 4 дүгээр сарын 27-ны өдөр, 6 дугаар сарын 11-ний өдөр, 9 дүгээр сарын 21-ний өдөр, 12 дугаар сарын 19-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дээрх 4 ширхэг цахилгаан шатанд тус тус үзлэг хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь “цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн хүснэгт /татуургат цахилгаан шат” гэх баримтаар тогтоогдож байна /хх 31-46 дугаар тал/. Уг гэрээний үүрэгт хариуцагч нь нийт 4 653 000 төгрөг төлөхөөс 3 077 000 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн санхүүгийн засвар үйлчилгээний тооцоо нийлсэн актаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх төлбөрийг төлсөн эсэхэд болон үнийн дүнд дээр маргаагүй байна.
2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн SM-A/P160201/04 дугаартай гэрээний хувьд гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр дуусахаар байсан боловч талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байх бөгөөд энэ талаар маргаагүй байна. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 3 дугаар сарын 13-ны өдөр, 5 дугаар сарын 21-ний өдөр, 6 дугаар сарын 18-ны өдөр, 7 дугаар сарын 23-ны өдөр, 8 дугаар сарын 22-ны өдөр, 9 дүгээр сарын 17-ны өдөр, 10 дугаар сарын 08-ны өдөр дээрх 4 ширхэг цахилгаан шатанд тус тус үзлэг хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь “цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн хүснэгт /татуургат цахилгаан шат” гэх баримтаар тогтоогдож байна /хх 13-30 дугаар тал/. Гэрээний 2.5-д “засвар үйлчилгээ хийсэн талаар үзлэгийн хуудсанд тэмдэглэлээ хийж 2 талын гарын үсгээр баталгаажуулна” гэсэн байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 35 дугаар байрны 1 дүгээр орцны 2 ширхэг цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн хүснэгтэд хариуцагч талын гарын үсэг зураагдаагүй байх тул мөн өдөр нэхэмжлэгчийг уг 2 ширхэг цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн гэж үзэх боломжгүй байна /хх-26 дугаар тал/. Иймд нэхэмжлэгч нь 2 ширхэг цахилгаан шатны үзлэг, үйлчилгээний төлбөрт 198 000 төгрөгийг шаардах эрхгүй, харин хариуцагч нь үлдэгдэл 3 366 000 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн санхүүгийн засвар үйлчилгээний тооцоо нийлсэн актаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх төлбөрийг төлсөн эсэхэд болон үнийн дүнд дээр маргаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байхаас гадна хариуцагч нь “нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй юм.
Түүнчлэн, гэрээний 2.5-д “засвар үйлчилгээ хийсэн талаар үзлэгийн хуудсанд тэмдэглэлээ хийж 2 талын гарын үсгээр баталгаажуулна” гэж зааснаас үзвэл хариуцагчийн “үзлэг хийсэн актад гэрээнд зааснаар хариуцагч талын эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй” гэх татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд үзлэг хийсэн хүснэгтэд эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулах талаар тохиролцоогүй байхаас гадна хариуцагчийн эрх бүхий этгээд нь гарын үсэг зураагүй нь нэхэмжлэгчээс цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ хийсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн SM-A/S AP-140313-01 дугаар гэрээний үүрэгт 3 077 000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн SM-A/P160201/04 дугаар гэрээний үндсэн үүрэгт 3 366 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн SM-A/P160201/04 дугаар гэрээний 4.3, 4.6-д зааснаар хариуцагч нь төлбөрийг нэг сараар нь төлөх ба төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлснээс хойш тухайн сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид төлөх бөгөөд төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй бол төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон нэхэмжлэгчид төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцсэн байна. Харин 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийг 2 ширхэг цахилгаан шатанд үзлэг, үйлчилгээ үзүүлээгүй гэж шүүх үзсэн тул 198 000 төгрөгт ногдох алданги 109 296 /198 000 төгрөг х 0.3 хувь буюу нэг өдрийн 594 төгрөг х 184 хоног/ төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.
Иймд хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт 3 366 000 төгрөг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 4.3-т заасныг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар сар бүр төлөх төлбөрийн хариуцлага буюу алданги 1 202 256 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 7 645 256 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 307 296 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э н” Сууц өмчлөгчдийн холбооноос 7 645 256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 307 296 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН