Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2420

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02420

 

 

Ц.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02994 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох,

 

31 523 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Х хариуцагч “Ц” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байсан Хадат вилла хотхоны 44 айлын хаусаас В1 байршил бүхий Твинхаус загварын амины орон сууцыг захиалсан.

Бид анх 149.81 м.кв талбайн ажлын хөлсийг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөг, гараашийн талбайг 1 м.кв талбайг 950 000 төгрөг, саравч болон тагтны талбайг 1 м.кв талбайг 500 000 төгрөг, нийт төлбөрийг 273 050 000 төгрөгөөр тохирсон боловч гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, амьдрах талбайн хэмжээг 19.81 кв талбайгаар нэмэгдүүлж, уг ажлыг 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр бусад талбайд 3.2 м.кв талбайг 500 000 төгрөгөөр нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр болсон ба нэхэмжлэгч тал нийт 292 168 000 төгрөгийг хариуцагчид төлсөн.

Уг орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Тоонто гранд” ХХК-иар талбайг хэмжүүлэхэд амьдрах талбайгаас 15.77 м.кв, орон сууцны бус зориулалттай талбайгаас 18.85 м.кв талбай, нийт 34.62 м.кв талбай дутсан ба үүнд төлсөн 38 423 000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн хөнгөлөлтийн 6 900 000 төгрөгийг хасч тооцвол 31 523 000 төгрөгийн үнэтэй талбай дутуу хүлээж авсан байна.

Иймд илүү төлсөн 31 523 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар барилгын талбайг тэнхлэгээр тооцохоор тохирсныг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй юм. Учир нь, ось тэнхлэгээр тооцох талаар тусгайлан дүрэм, журам байхгүй ч үүнийг зохигчид харилцан тохиролцох замаар гэрээнд тусгадаг, хэдийгээр тус компанид амины орон сууц захиалгаар барих гэрээг олон дахин хувилж, захиалагчтай байгуулдаг ч талууд хэлэлцэн тохиролцоод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй байдаг юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 78 тоот тушаалаар батлагдсан Нэг айлын сууц БНбД 31-05-05 дүрмийн 1 дүгээр зүйлд заасан хамрах хүрээ гэсэн хэсгийг авч үзвэл маргааны зүйл болсон амины орон сууцыг нэг айлын орон сууцад хамруулах тул энэхүү сууцны өрөөний талбайг тооцохдоо MNS6058:2009  стандартыг дагаж мөрдөхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны талбайг тэнхлэгээр тооцохоор тохиролцсон байх тул MNS6058:2009 стандартыг дагаж мөрдөхгүй. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Хгийн гаргасан хариуцагч “Ц” ХХК-нд холбогдох 31 523 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 600 төгрөгийг улсын орлогод үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 438 130 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүх "Нэг айлын сууц" БНбД 31-05-05 норм, дүрмийн 1 дүгээр зүйлийг хэрэглэж "нэхэмжлэгчийн орон сууцыг нэг айлын зориулалттай орон сууц гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн ч уг норм, дүрмийн 4.8-д "Сууцны өрөөний талбай, эзлэхүүн ба давхрыг БНбД 31-01-01-ийн дагуу тооцно" гэж заасныг зөв хэрэглээгүйгээс буруу шийдвэр гаргалаа.

Шүүх шийдвэртээ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010-12-23-ны өдрийн 418 дугаар тушаалаар "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10 норм, дүрмийн 6 дугаар хавсралтын 1.1-д заалтыг тус норм, дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан нэг айлын болон хөдөлгөөнт түр орон сууцны зураг төсөл зохиоход хамаарахгүй, хариуцагчийг ажил гүйцэтгэхдээ орон сууцны өрөөний талбайг тооцоход батлагдсан норм, дүрмийг баримтлаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж буруу дүгнэсэн байна.

"Нэг айлын сууц" БНбД 31-05-05 норм, дүрмийн 4.8-д "Сууцны өрөөний талбай, эзлэхүүн ба давхрыг БНбД 31-01-01-ийн дагуу тооцно" гэж ишлэл хийсэн тул шүүх уг гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ БНбД 31-01-10 норм, дүрмээс зөвхөн сууцны өрөөний талбай, эзлэхүүн ба давхрыг тооцохтой холбоотой хэсгийг, норм, дүрмийн заавал мөрдөх 6 дугаар хавсралтын 1.1-д заасны дагуу MNS 6058:2009 стандартыг тус тус хэрэглэх ёстой байсан.

Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт буруу, алдаатай гэж маргаагүй, хэмжилтийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тэнхлэгээр тооцоход 214,01 м.кв талбай хүлээлгэн өгөх ёстойгоос 189,15 м.кв талбай хүлээлгэн өгч, 24,86 м.кв талбай дутсан байхад нэхэмжлэгч стандартын дагуу тооцсон 34,62 м.кв зөрүүтэй холбоотой шаардлага гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 31 523 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигч маргааны талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Уг гэрээгээр хариуцагч “Ц” ХХК нь нэхэмжлэгч Ц.Хд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлээс 21 523 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж эвлэрсэн ба уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар эвлэрлийн гэрээндээ тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02994 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Ц” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Хд тус тус төлөх, нэхэмжлэгч Ц.Х нь нэхэмжлэлээс 21 523 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                               

                        ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА