Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2021/0003

 

 

 

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал, Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын /цаашид НҮТББ гэх/ нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын А/238 дугаартай захирамжийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаартай захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах Н.Баттөрөөс Л.Чинболдод газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Манлайбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Энхболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Баттөр, гуравдагч этгээд Л.Чинбатын төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Н.Тэрбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие А.Батаа нь “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д 1989 оноос хоршоо байхаас 1990 онд төрийн бус байгууллагын хэлбэрээр тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэгдэн зохион байгуулагдахад тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм. Улмаар манай төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал нас барж, зарим удирдах зөвлөлийн гишүүд цаашид байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн зэрэг шалтгаанаар төрийн бус байгууллагынхаа удирдах зөвлөлийг шинэчилж, гүйцэтгэх удирдлагыг шинээр томилох шаардлага үүссэн тул удирдах зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулж гүйцэтгэх захирлаар М.Дашлэгцэгийг, удирдах зөвлөлийн даргаар А.Батаа намайг сонгож 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан юм. Үүнээс хойш төрийн бус байгууллагынхаа хувийн хэрэг, гаргасан шийдвэртэй нь танилцах, байгууллагаа төлөөлөн гомдол нэхэмжлэл гаргах боломж үүсэж аймгийн улсын бүртгэлийн газарт хадгалагдаж байх хувийн хэрэгтэйгээ танилцахад манай байгууллагын газрын хэмжээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний А/238 дугаар захирамжаар 3213 м2 болон багассан болохыг олж мэдсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж, түүний хавсралтыг олж үзэхэд манай эзэмшлийн 6363 м2 газраас иргэн П.Бат-Эрдэнийн эзэмшилд 3150 м2 хэмжээтэй газрыг шилжүүлсэн байсан. Миний бие төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргын хувьд аймгийн Засаг даргад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын шийдвэргүйгээр, түүнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг иргэн П.Бат-Эрдэнэд шилжүүлсэн, газрын хэмжээг багасгасан шийдвэрээ хүчингүй болгохыг хүссэн агуулга бүхий гомдлыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан юм.Аймгийн Засаг даргаас иргэн А.Батаа надад хаяглан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/2796 дугаартай албан бичгээр гомдлын хариуг өгсөн тул харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Миний бие А.Батаа болон манай төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага М.Дашлэгцэг, удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү бид аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа очиж өөрийн байгууллагын эзэмшиж буй газрын хувийн хэрэгтэй биечлэн танилцах хүсэлт гаргасан ч дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Б.Батчулуун гэх хүмүүс бидэнд хувийн хэрэгтэйгээ танилцах, түүнээс нотлох баримт хуулбарлах боломж, эрхийг огт олгохгүй байгаа тул арга буюу олсон захирамжийнхаа хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргаж байна. Одоогоор манай байгууллагын эзэмшлийн газар хэнд хэрхэн шилжиж ямар байдлаар эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр бидний эрх хэмжээнээс гарч, зарцуулагдаж байгааг мэдэхгүй тул шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт материалаа татан авч үзэх хүсэлтээ тухайн үед нь гаргах болно. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: “... Манай төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байсан Б.Лхамсүрэн агсны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн үндсэн эрх ашиг, байгууллагын эд хөрөнгө, нийтлэг ашиг сонирхолтой холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийн урьд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж, мөн шинээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Манай байгууллагын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа болохыг тодруулъя: Манай төрийн бус байгууллага нь өөрийн гэсэн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг гүйцэтгэх захирал дангаараа шийдвэрлэх эрх хэмжээгүй, удирдах зөвлөл буюу өмчийн эзний шийдвэр гарсны дараа аливаа өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах үйл ажиллагаа хэрэгждэг юм.

Манай байгууллагаас доорх иргэдэд газар эзэмших эрхээ шилжүүлэх талаар ямар ч шийдвэр гаргаагүй бөгөөд ийнхүү эрх шилжүүлэх талаар ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй учир хууль, дүрэм журам зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрүүдийн хууль бус үр дагавруудыг арилгах зорилгоор өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шинээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1.Миний бие байгууллагаа төлөөлөн гаргасан үндсэн нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын А/238 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг/ хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэгт цугларсан баримтаас харахад П.Бат-Эрдэнэд газар эзэмшүүлсэн энэхүү захирамж Н.Баттөрд газар эзэмших эрх шилжүүлэх үед хүчингүй болсон байна. Иймд нэгэнт хүчингүй болсон захирамжийн тухайд хуульд нийцүүлэн тухайн захирамжийн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор урьд гаргасан шаардлагаа өөрчлөх нь зүйтэй. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 238 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг/ хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилж тухайн захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд шилжүүлсэн хэсгийг/ хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

2.Мөн хэрэгт авагдсан баримтаас Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжаар иргэн П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд манай эрх ашигтай хамааралтай газрын эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсний дараа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар иргэн Н.Баттөрийн газар эзэмших эрх иргэн Л.Чинболдод шилжиж Н.Баттөрд газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Н.Баттөрд хамаарах хэсэг  хүчингүй болсон байна. Иймд өөрийн байгууллагын эрх ашигт хамаарах хэсэг болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Н.Баттөрд хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

3.Хэрэгт авагдсан баримтаас харахад манай эрх ашигт хамаарах, маргаан бүхий газрын эзэмших эрх нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар Н.Баттөрөөс Л.Чинболдод шилжиж одоо хүчин төгөлдөр захирамж үйлчилж, манай эрх ашигт сөрөг нөлөөлөл бүхий захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд энэхүү захирамжийн Л.Чинболдод хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ыг төлөөлж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын дүрэмд зааснаар тэргүүлэгчид нь төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулаад тогтоол гаргана гэж заасан. Харин дарга нь “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын нэрийн өмнөөс гадаад, дотоодын байгууллагад төлөөлж, харилцах, гэрээ байгуулах, итгэмжлэл олгох тушаал гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гараагүй байхад газрыг худалдсан байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д зааснаар нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байх ёстой. Үүнээс үзвэл олон нийтийн өмчийг бусдад шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй байдаг. Мөн аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа бүрдүүлсэн материалуудыг нь шалгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Байгууллагын бланк тамгатай цаасыг нэг хүн ашиглаад юу ч хийж болно. Гэтэл зарагдсан газар нь хоршоодын холбооны дансанд ороогүй байдаг. Маргаан бүхий газар хувийнх биш. Мөнгө нь манай байгууллагын данс руу орсон байвал өөр байсан байх. Одоо үлдсэн газрыг нь Б.Лхамсүрэнгийн эхнэр би өмчлөх эрхтэй гэж маргадаг. Өөр ярих зүйл байхгүй. ... агуулах, гражид албан ёсоор үл хөдлөхийн гэрчилгээ авсан зүйл байхгүй байх. Б.Лхамсүрэн агсан манай “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны дарга бөгөөд удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын газрын эрх шилжүүлж хууль зөрчсөн маргаан нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан. Газрын эзэмших эрхийг шилжүүлж, газар эзэмших захирамж гаргасан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагын өөрсдийн эзэмшил газраа хуульд заасны дагуу эзэмших эрхийг зөрчсөн. Цаашдаа ийм хууль бус захиргааны акт гаргуулахгүй ашиг сонирхол давхар яригдаж байгаа.

Аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжаар “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын 3150 м2 газрыг  үйлчилгээний зориулалтаар эрх шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд маргаан бүхий газрыг шилжүүлсэн. Энэ захирамж нь хэрэгжээд цуцлагдсан тул хууль бус байсныг тогтоолгох нь зүйтэй. Харин 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж нь нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болсон бөгөөд дээрх актыг мөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. А.Батаа нь “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын үйл ажиллагаанд сургууль төгсөж ирээд оролцсон байдаг. Энэхүү хоршоодын холбооны дарга байсан Б.Лхамсүрэнгийн буруу шийдвэрээс болж дээрх маргаан үүссэн. Нэхэмжлэгч байгууллагын үе үед ажиллаж байсан дарга нар нь нас барсан байгаа. А.Батаагийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр анхнаас нь ажиллаж байсан юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий газрыг өөр хүнд эрх шилжүүлж олгосон аймгийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа. Хуульд заасны дагуу уг газрыг шилжүүлээгүй байдаг. Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг газар нь нэг байгууллагаас хувь хүнд шилжээгүй юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 90 дугаартай захирамжаар Б.Лхамсүрэн нь уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын эзэмшил газраас Б.Лхамсүрэн нь хэн нэгэнд эрх шилжүүлж өгөхдөө удирдах зөвлөлийн шийдвэрийг харгалзаж үзээгүй, гэрээ байгуулаагүй байдаг. Гэрээ байгуулах ёстой гэдгийг ч мэдээгүй. Энэ маргаан өмнө нь нэг удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалаар буцаасан байдаг. Шүүх өөрийн эрх хэмжээний дагуу хангалттай нотлох баримтуудыг цуглуулсан гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тухайн үеийн дарга асан Б.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №20 тоот албан бичигт “Хоршоодын холбооны эзэмшлийн газарт байгаа хувийн агуулах гражийг зарсан тул уг эзэмшил газраас урт нь 63, өргөн нь 50 метр буюу 3150 м2 газрыг иргэн П.Бат-Эрдэнэд шилжүүлнэ үү” гэсэн хүсэлтийн дагуу 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжаар газрыг хуваан шилжүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэсэн болно. Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн холбооны дарга асан Б.Лхамсүрэнг нас барсны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр удирдах зөвлөлийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2018 онд байгуулагдсан удирдах зөвлөлд мэдэгдэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж гарсан, Хөвсгөл аймгийн худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоо 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Иймд иргэн А.Батаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мөрөн сумын 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 06 тоотод оршин суугч Аюушжавын Батаа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гаргасан гомдолд аймгийн Засаг дарга Л.Ганболд би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/2796 дугаар албан бичгээр хариу өгсөн, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаар албан бичгээр тайлбар гаргасан болно.

... Л.Чинболд нь Засаг дарга Л.Ганболд миний төрсөн дүү болно. Засаг дарга Л.Ганболд би дээрх албан бичгүүдийг гаргаснаар Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн 14.3.1-д зааснаар өөртөө хамаарал бүхий этгээдийн өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй гэсэн заалтууд зөрчигдөж байна.

Иймд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөхгүй байх нөхцөл байдал үүссэн тул А.Батаагийн гомдолд хариу өгсөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/2796 дугаар албан бичиг, хэрэгт хариуцагчаар оролцож 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/288 дугаар албан бичгээр шүүхэд гаргасан тайлбараасаа тус тус татгалзаж, хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаагийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тухайн үеийн дарга асан Б.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот албан бичиг болон иргэн П.Бат-Эрдэнэ нарын хүсэлтийг харгалзан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 тоот захирамжаар газрыг хуваан шилжүүлсэн. Мөн 2018 онд шинэчлэн байгуулагдсан эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөл нь 2012 онд эрх зүйн актад гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Иргэн А.Батаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2012 онд “Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагаас манайд хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд хоршоодын холбооны эзэмшлийн газраас 3150 м2 газрыг иргэнд Н.Бат-Эрдэнэд шилжүүлье гэсэн байсан. Иргэн Н.Бат-Эрдэнэ ч гэсэн энэ талаар хүсэлтээ ирүүлсэн юм. Манай байгууллагын хувьд эх хувиар ирүүлсэн хүсэлт, өргөдлийг заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. Уг хүсэлтийн эх хувь нь хэргийн материалд авагдсан байгаа. Ингээд тухайн иргэний хүсэлтийг хангаж уг газрыг П.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн. Захирамж гарч улсын бүртгэлийн байгууллагад бүртгэх ажил явагдаагүй байхад дахин хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтэд газрыг П.Бат-Эрдэнэд шилжүүлэхээ болиод Н.Баттөрд шилжүүлье гэсэн. Хүсэлтүүдийг нь хангаж шийдвэрлээд А/238, А/256 захирамж гарч дараа нь Н.Баттөрөөс Л.Чинболд руу шилжсэн А/289 дугаартай захирамжууд гарсан юм. Манай байгууллагын зүгээс Б.Лхамсүрэн нь “Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоо” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн гэж үзэж хүсэлтийг нь хангасан. 2012 онд маргаан бүхий газрыг эрхийг шилжүүлээд 3 сарын хугацаанд 3 захирамж гарсан. 2018 онд хүртэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй, сөрөг нөлөөлөл байхгүй, ямар нэг маргаан гараагүй, гомдол ирээгүй юм.

 Тухайн үед даргынхаа үйл ажиллагааг удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй үйл ажиллагаа нь зогсонги байгууллага байсан байх гэж бодож байна. Тиймээс А/238, А/256, А/256 дугаартай захирамжууд нь үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ маргаан олон удаа шүүхээр хянагдаж байсан гэлээ. 2017 онд иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэл нь конторын барилга, 3213 м2 газрыг албадан чөлөөлүүлэх, Л.Чинболдод шилжүүлсэн 3150 м2 газрыг албадан чөлөөлүүлэх гэх шаардлагатай байсан. Ингээд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдсэн 3213 м2 газрын хувьд ямар нэг гэрээ байгуулаагүй, дараа нь хэн гэх хүн ирж гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх нь тодорхойгүй байгаа.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ байгууллагаас тамга, тэмдэгтэй, даргын газрын үсэгтэй албан тоотыг авч, иргэнээс өргөдлийг бичүүлж аваад шилжүүлдэг байсан. Учир нь байгууллагын тамга, тэмдэгтэй албан бланкыг нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаггүй. Харин хоёр иргэн хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх болвол гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг байсан. Учир нь иргэдэд тамга, тэмдэг гэж байхгүй учраас нотариатаар гарын үсгийг нь баталгаажуулж авдаг ...” гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Маргаан бүхий 3213 м2 газрыг А.Батаа нэхэмжлэх эрхтэй юм бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн гэж үзэж болох юм. Гэтэл А.Батаагийн ямар эрх нь зөрчигдсөн талаар тодорхойгүй байдаг. Хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан нотлох баримтад “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ыг шинээр байгуулсан гэсэн. Шинээр байгуулагдсан хоршоодын холбоо нь маргаан бүхий газартай яаж холбогдож байгаа вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ газрын маргаан анх “Бат-Чандмань” ХХК-иас эхтэй. Энэ компани 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан. Ингээд энэ компани хөрөнгөгүй болоод “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д эрх нь шилжсэн. Ийм асуудал байгаагүй бол “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ГҮТББ-ын эд хөрөнгийг “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ руу шилжүүлье гэх хүсэлт байвал дээрх газартай холбоотой эрх ашиг нь яригдах ёстой. Гэтэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгууллагын нэрийг нь болон регистрийн дугаарыг нь ашиглаж шинээр байгуулсан нь эрх ашгийн холбоо байхгүй гэж бодож байна. ...” гэв.

Гуравдагч этгээд П.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Пүрэвжавын Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооноос 3150 м2 газрыг авах гэж хоршооны дарга Б.Лхамсүрэнтэй тохирсон байсан боловч эдийн засгийн боломжгүй болсон учир аваагүй юм. Энэ газар нь Л.Чинболдын нэр дээр шилжиж кадастрын зураглал хийгдсэн байсан. Иймд миний бие шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй болно. Энэ газар надад хамаагүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд П.Бат-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие П.Бат-Эрдэнэ нь 2012 онд Эд хэрэглэгчдийн хоршоо НҮТББ-ын дарга Б.Лхамсүрэнгээс 3150 м2 газрыг худалдан авахаар тохиролцож байгаад санхүүгийн боломжгүй болсон учир авахаа больсон. Тухайн үед Б.Лхамсүрэн бид хоёр газрын албанд гэрчилгээ шилжүүлэх материал бүрдүүлж өгсөн боловч миний татгалзсанаар уг бичиг баримт хүчингүй болсон. Энэ үед газар шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж миний нэр дээр гарсныг мэдээгүй. Миний нэр дээр уг газрын гэрээ, гэрчилгээ кадастрын зураг огт үйлдэгдээгүй. Ийм учраас миний бие Н.Баттөр гэдэг хүнд уг газрыг шилжүүлээгүй. Ямар журмаар шилжүүлсэн болохыг мэдэхгүй. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Баттөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөрөн сумын иргэн Н.Баттөр би иргэн П.Бат-Эрдэнээс хууль ёсны дагуу газар шилжүүлэн авсан. Мөн энэ газрыг иргэн Л.Чинболдод хууль зүйн дагуу шилжүүлэн өгсөн байх тул иргэн А.Батаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэл гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэн Н.Баттөр Л.Чинболд нарт холбогдуулж буй нэхэмжлэлийн үндэслэлгүй болохыг батлах нотлох баримт Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02950 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн материалаас хоёрдугаар хавтасны 35-53 дугаар хуудсанд байгаа баримтуудыг захиргааны хэрэгт нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Баттөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хувьд энэ газрыг 2012 онд Б.Лхамсүрэнгээс харилцан тохиролцож гэрээ байгуулан эрх шилжүүлж авч байсан. Б.Лхамсүрэн нь тухайн үед аймгийн Газрын албанд уг газрыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтээ гаргасан юм. Ингээд хүсэлтийг нь Газрын албанаас хянаад хүчин төгөлдөр гэж үзэн миний нэр дээр захирамж гарсан байдаг. Харин би уг газрыг 2012 оны 10 дугаар сард Л.Чинболдод шилжүүлсэн. Б.Лхамсүрэн нь уг газрыг шилжүүлэх бүрэн эрх бүхий этгээд мөн байсан гэж бодож байна. ...” гэв.

Гуравдагч этгээд Л.Чинболд болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч Н.Тэрбиш нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат А.Батаа, М.Дашлэгцэг хоёр нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн хурал хийж тэмдэглэл хөтөлж А.Батаа нь удирдах зөвлөлийн дарга, М.Дашлэгцэг нь гүйцэтгэх захирлаар өөрсдийгөө томилж тогтоол гаргаж гарын үсэг зурж баталж, улмаар “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ыг шинээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчээ.

... А.Батаа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар иргэн П.Бат-Эрдэнийн эзэмшилд 3150 м2 газрыг шилжүүлсэн газрыг өөрсдийн 2018 оны 09 дүгээр сард үүсгэн байгуулсан НҮТББ-ын газар гэж маргаан үүсгэж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбооноос 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Газрын харилцаа, геодизи, барилга хот байгуулалтын албанд хүргүүлсэн 20 тоот албан бичгээр ... Хоршоодын холбооны эзэмшлийн газарт байгаа хувийн агуулах, гаражийг зарсан тул уг эзэмшил газраас урт 63 метр, өргөн 50 метр буюу 3150 м2 газрыг иргэн П.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжаар Мөрөн сумын 8 дугаар багийн 9-49б тоот байршилд байрлах 3150 м2 газрыг Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Мөрөн сумын 8 дугаар багийн 9-49б тоот байршилд байрлах 3150 м2 газрыг П.Бат-Эрдэнээс иргэн Н.Баттөрд шилжүүлсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар энэ газрыг иргэн Н.Баттөрөөс Л.Чинболдод шилжүүлжээ.Дээрх газрыг А.Батаа нарын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Л.Чинболдод олгосон хууль ёсны эзэмшлийн газар болох нь аймгийн Засаг даргын захирамжуудаар батлагдаж байна. Нэхэмжлэлд заасан үйл баримт, үндэслэлийн талаар өмнө нь 2017 онд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02950 дугаар шүүгчийн захирамж гарсан болно.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Аюушжавын Батаа, Минжээгийн Дашлэгцэг нарын нэр бүхий 10 хүний нэхэмжлэлтэй, хариуцагч Мөрөн сумын 5 дугаар багийн харьяат Пүрэвжавын Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Шинэ-Өглөө 23-3 дугаар байрны 1 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Чинболд нараас 15750000 төгрөгийн үнэлгээ бүхий 3150 м2 газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шалгаад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хурлаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан шүүх хурлаар хэлэлцүүлэн шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 02950 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа болно.

А.Батаагийн нэхэмжлэлд дурдсанаар дээрх аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийг огт мэдэхгүй, 2018 оны 9 дүгээр сараас хойш олж мэдсэн гэдэг нь үндэслэлгүй, А.Батаа нар нь “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-нд 1989 оноос хоршоо байхаас 1990 онд төрийн бус байгууллагын хэлбэрээр тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэгдэн зохион байгуулагдахад тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан болох нь 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн анкет бүртгэл, хурлын тэмдэглэлээр батлагдаж байна.

“Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагыг 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар дүрэм, удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, улмаар 1998 оны 6 дугаар сарын 8-нд улсын бүртгэлд бүртгэж 1018337 дугаар гэрчилгээ олгосон нь одоо ч хүчинтэй хэвээр байна. Тус холбооны дүрэмд зааснаар холбоог байгуулах, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны удирдах дээд байгууллага болох бага хурлын төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэхээр батлагдсан байхад А.Батаа, М.Дашлэгцэг хоёр “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ шинээр үүсгэн байгуулахдаа улсын бүртгэлийн газраас 1998 онд олгосон 1018337 дугаар гэрчилгээ хүчинтэй хэвээр байхад энэ дугаараар гэрчилгээ давхардуулж хууль бусаар олгосон тухай гомдлын талаар аймгийн Цагдаагийн газарт одоо хэрэг нээж, шалгах ажиллагаа дуусаагүй шалгагдаж байна.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Л.Чинболд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна.

Хөвсгөл аймгийн Худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбооноос 2012 оны 7 дугаар сарын 19-нд 20 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, геодизи, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмшиж, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн №743 дугаартай гэрээ, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1018337 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт материалуудыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд түүний улмаас 2018 онд үүсгэн байгуулагдсан “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын ашиг сонирхол зөрчигдсөн гэж үндэслэлгүйгээр нэхэмжилж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж тайлбар гаргав.

... А.Батааг удирдах зөвлөлийн даргын хувьд “Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ыг төлөөлж газар эзэмших, өмч хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээдээр тооцуулахаар бие даасан гуравдагч этгээдийн хүсэлт гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Чинболдын төлөөлөгч, өмгөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гуравдагч этгээд Н.Баттөр, Л.Чинболд нарт маргаан бүхий газрыг хуульд заасны дагуу шилжүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэдгийг хэлмээр байна. Шүүхээс газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай баримт дээр хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргасан баримтууд нь байгаа. Газар эзэмших эрхийг Б.Лхамсүрэн гэх хүн дур мэдэж авсан зүйл байхгүй юм. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан эрхийн дагуу л газрыг шилжүүлсэн. А.Батаа нь Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн. Гэхдээ энэ хуульд зааснаар Б.Лхамсүрэн нь хоршоодын холбоог гадаад, дотоодод төлөөлөх, өмчийг нь захиран зарцуулах ганц эрхтэй хүн байсан. 1998 онд шинэчилж баталсан дүрмийн дагуу л хийгдсэн ажиллагаа юм. Харин 2018 онд шинэчлэн байгуулагдсан төрийн бус байгууллагаас өмнө нь хийгдсэн ажиллагаа. 1998 оны “Эд хэрэглэгчдийн хошоодын холбоо” ТББ-ын 13 дугаар бага хурлаас баталсан дүрэмд зааснаар өмч хөрөнгийг нь шийдвэрлэсэн.

 Өөрөөр хэлбэл бага хурлаар шийдвэрлэхээс бусад өдөр тутмын үйл ажиллагааг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Өмнө нь анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудал яригдаж  байсан. Нэхэмжлэгч А.Батаа энэ талаар тайлбартаа хэлж байсан. Хоршоодын холбооны гишүүдийн хэдэн хувь нь бага хуралд оролцоод 2018 онд дүрмээ баталж шинэчилсэн зохион байгуулалтад орсон бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл өөр чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага болсон. Энэ талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа. Гэтэл бага хурал хийлгүйгээр 2 хүн хуралдаад нэг нь гүйцэтгэх захирал, нөгөө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болсон. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомж болон “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын 1998 онд батлагдсан дүрэм нь эрх бүхий гэж бодож байна. Гэтэл 2018 онд баталсан дүрэмтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 Мөн Засаг даргын захирамжууд, гэрээ нь хэргийн материалд авагдсан, оролцогчид бүгд танилцсан. Хуулийн этгээд газрын эрх шилжүүлэх эрхтэй. П.Бат-Эрдэнэ газар эзэмших эрхтэй болоод би энэ газрыг авахгүй гэж хүсэлтээ аймгийн Газрын албанд өгсөн. Хүсэлтийнх нь дагуу Засаг даргын захирамж гарсан. Захирамж гарсны дараа гэрээ байгуулах ёстой. Гэтэл захирамж гараагүй байхад аймгийн Газрын алба гэрээ байгуулах эрхгүй юм. Газрын тухай хуулийг зөв ойлгож хэрэглэх ёстой гэдгийг хэлмээр байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байдаг. Газрын албанд хүсэлтээ өгөхөд хүсэлтийг нь Засаг дарга руу шилжүүлсэн. Захирамж хүчингүй болоогүй байхад Газрын алба хэн нэгэнтэй гэрээ байгуулж газрыг дур мэдэн шилжүүлж болохгүй. А/238, А/256, А/289 дүгээр захирамжууд хууль бус байгаагүй, хуульд заасны дагуу л ажиллагаа хийсэн. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж болохгүй гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ үнэн зөвөөр нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах Н.Баттөрөөс Л.Чинболдод газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

“Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” төрийн бус байгууллага нь анх гишүүддээ үйлчилдэг, 18 хоршоо, 1 компанийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага байсан болох нь тус төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн хувийн хэрэг материалд авагдсан баримтаар[1] нотлогдох ба 1998 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хууль зүйн яаманд бүртгүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1018337 регистр бүхий 783 дугаар гэрчилгээ[2] авч байжээ.

Харин тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдахдаа[3] холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, гишүүддээ үйлчлэх бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон хэлбэрээ өөрчилсөн байна.

Хэргийн оролцогчдын маргаж буй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шинээр байгуулагдсан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь хуучин “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын  эрх залгамжлагч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны 13 дугаар бага хурлаар 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр баталсан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны дүрмийн гурвын 2-ын “а”-д[4] аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг Бага хуралд олгосон атал дүрэм ёсоор Бага хурлыг хуралдуулахгүйгээр, харин төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулж дүрэм, удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн баталсан[5] нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Гэвч энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байна.

Учир нь Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр[6] тогтоолоор “иргэн А.Батаа аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооны холбооны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар баримт бичиг бүрдүүлэн улсын бүртгэлээс гаргуулан авсан” гэх хэрэг бүртгэлтийн 193800409 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаасан. Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар[7] Г.Цэдэндамбын нэхэмжлэлтэй “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо /регистр 1018337/ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын 1771002068 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Б.Лхамсүрэн захиралтай “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага[8] болон П.Баярхүү захиралтай “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага[9] хоёрын аль аль нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн “1018337” гэсэн нэгэн ижил регистрийн дугаартай, ижил нэртэй байх ба эрх зүйн хэлбэрийн хувьд гишүүдэд үйлчлэхээс, нийгэмд үйлчлэх болон өөрчлөгдсөн байх тул шүүх дээрх нэр болон улсын бүртгэлийн дугаар бүхий төрийн бус байгууллагыг нэг байгууллага гэж үзсэн болно.

Нөгөө талаар Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1018337  дугаартай “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” нэршил бүхий ТББ нь хуульд заасны дагуу татан буугдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдаагүй, бүртгэл хүчинтэй, хэргийн оролцогчид тус хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй маргаагүй байх тул “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагыг татан буугдсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч А.Батаа нь “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар[10] тогтоолоор тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ. Улмаар “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар[11] тогтоолоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжид гомдол гаргахыг удирдах зөвлөлийн дарга /А.Батаа/-д үүрэг болгосон байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх ... зэрэг бүрэн эрхтэй байна”, “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан шинэчилсэн дүрмийн 7.2-т[12] “Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх ... эрхтэй” гэжээ.

Иймд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа нь байгууллагаа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалт болон дүрэмд заасан зохицуулалтуудад нийцсэн, тэрээр шүүхэд төлөөлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд “Эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрүүдийн хууль бус үр дагавруудыг арилгах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лхамсүрэн агсан удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргах шаардлагыг хангахгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамж гаргасан нь хууль бус” гэсэнд дараах хууль зүйн дүгнэлт хийлээ.

Б.Лхамсүрэн агсан нь 1998 оноос 2014 онд нас барах хүртлээ “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч А.Батаагийн шүүх хуралдаанд гаргасан “Б.Лхамсүрэн агсан манай “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны дарга бөгөөд удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан” гэх тайлбар, “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар[13] тус тус нотлогдож байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах” гэж заасан бөгөөд 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн гурвын 7-д[14] “... Холбооны дарга нь холбооны нэрийн өмнөөс төр, улс, олон нийт, аж ахуйн бусад нэгжүүд болон гадаадын байгууллагатай харилцаж, гэрээ байгуулах ... эрхтэй” гэжээ.

“Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” төрийн бус байгууллагын 1998 оны дүрмээр[15] “удирдах зөвлөл” бус харин “тэргүүлэгчид” гэх 5 хүнийг сонгосон[16], тэргүүлэгчдийн дарга нь хэн болохыг тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгч А.Батаагийн “Б.Лхамсүрэн агсан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” төрийн бус байгууллагын дарга бөгөөд удирдах зөвлөлийн дарга байсан” гэх тайлбараас үзэхэд Б.Лхамсүрэн агсан төрийн бус байгууллагынхаа удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлын үүргийг давхар гүйцэтгэж байжээ гэж дүгнэж болохоор байна.

Иймд Б.Лхамсүрэн агсан Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт зааснаар байгууллагаа төлөөлөх эрхтэй юм.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна” гэж заасан бөгөөд дүрэмд удирдах зөвлөлийн даргатай байх, түүний эрх хэмжээний талаар заагаагүй харин холбооны даргын эрх хэмжээг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн гурвын 7-д[17] зааснаар байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Б.Лхамсүрэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хүсэлт[18] ирүүлсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нь шилжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга А.Батаа “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагын өмнөх гүйцэтгэх захирлыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж хууль бус шийдвэрүүдийн хууль бус үр дагавруудыг арилгах зорилгоор нэхэмжлэл шүүхэд гаргасан гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагын эзэмшлийн 70х80=5600 метр квадрат хэмжээтэй 210700235 нэгж талбарын дугаартай газар[19] дээрх 490 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний, конторын зориулалттай барилгаас бусад агуулах, граж зэрэг обьектуудад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй болох нь нэхэмжлэгч А.Батаагийн “агуулах, гражид албан ёсоор үл хөдлөхийн гэрчилгээ авсан зүйл байхгүй байх” гэх тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 1/46 дугаарын[20] албан бичгээр тус тус тогтоогджээ.

Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тэргүүлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 05 дугаар протоколд[21] “конторын барилгыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх талаар ярилцаж татвар төлөхөд хүндрэлтэй тул бодит үнийг 10.0 сая төгрөгөөр үнэлж энэ ажлыг гүйцэтгэх үүргийг дарга Б.Лхамсүрэнд хариуцуулав. Энэхүү хөрөнгийг холбооны дарга Б.Лхамсүрэн захиран зарцуулах эрхтэй болно” гэжээ.

Уг протоклыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан. Нэхэмжлэгч А.Батаа “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тэргүүлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 05 дугаар протокол дахь гарын үсэг минийх биш” хэмээн тайлбарласан, тус протокол дахь Д.Жавзан, Д.Батбаяр нарын нэр 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн анкет” гэсэн жагсаалтад ороогүй байх тул төрийн бус байгууллагын хууль ёсны шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тэргүүлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 05 дугаар протоколыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Б.Лхамсүрэн агсан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл буюу тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан эсэх, түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэй эсэх, удирдах зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр эсэхийг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд энэ харилцааны талаар гарсан маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Б.Лхамсүрэн агсан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр тул аймгийн Засаг даргын шийдвэрийн талаар тус төрийн бус байгууллагын дараагийн удирдлага нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж ... хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээн хамгаалуулахыг хүссэн эрх, ашиг сонирхол нь өөрөө хууль ёсны байх ёстой.

Гэтэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар төрийн бус байгууллагын өмнөх удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл тогтоогдож байгаа боловч хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

 “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллага нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар нэгж талбарын 210700235 дугаартай, 5600 м2 газрыг 40 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 0113268 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, мөн өдрөө газар эзэмших гэрээ байгуулжээ[22].

Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дарга Б.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй, байгууллагын тамга дарсан 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот албан бичигт[23] “Хоршоодын холбооны эзэмшлийн газарт байгаа хувийн агуулах, гражийг зарсан тул уг эзэмшил газраас урт нь 63 метр, өргөн нь 50 метр газрыг иргэн П.Бат-Эрдэнэд шилжүүлэн өглөө. Иймд манай кадастрын зураг, гэрээнд өөрчлөлт оруулж, шилжүүлсэн газрыг П.Бат-Эрдэнийн нэр дээр эзэмшүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны дагуу иргэн П.Бат-Эрдэнэ, “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын хооронд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3 хураамж төлсөн баримт хавсаргахыг шаарддаг /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө/ байжээ.

Үүний дагуу аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамж гаргахдаа “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх хүсэлт[24], иргэн П.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт[25], хураамж төлсөн баримтыг[26] тус тус хүлээн авч 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэжээ.

Гэсэн хэдий ч иргэн П.Бат-Эрдэнэ санхүүгийн боломжгүй болсны улмаас “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны мэдэлд газрыг буцаан шилжүүлэх захирамж гаргаж өгөхийг[27], харин “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны дарга Б.Лхамсүрэн агсан П.Бат-Эрдэнэ санхүүгийн боломжгүй болсон тул Н.Баттөрд обьект байрлаж байгаа газраас 63х50 метрийн газрыг шилжүүлж өгөхийг[28] хүссэн хүсэлтээ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлжээ.

Аймгийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг агентлаг болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны /дарга Б.Лхамсүрэн агсан/ болон П.Бат-Эрдэнэ нарын хүсэлтийг хүлээн авч улмаар “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэлгүйгээр шууд[29] П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамж гаргасан[30] нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж чадаагүй ч эрх зүйн харилцаанд оролцогч талуудын хүсэл зоригт нийцсэн тул “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ, П.Бат-Эрдэнэ, Н.Баттөр нар захирамжид гомдол гаргалгүй өнгөрчээ.

Захиргааны эрх зүйн онолд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэмээн үздэг бөгөөд үүгээрээ илт хууль бус захиргааны актаас ялгаатай юм.

Улмаар Н.Баттөр өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Л.Чинболдод шилжүүлэхийг хүссэний дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь заалтаар[31] Л.Чинболдод газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд бүрэн нийцжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн П.Бат-Эрдэнэд холбогдох, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Н.Баттөрд холбогдох, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн Л.Чинболдод холбогдох хэсэг тус бүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу иргэн П.Бат-Эрдэнэ, Н.Баттөр, Л.Чинболд нарт чиглэсэн эерэг үйлчлэл бүхий захиргааны акт байна.

Эерэг үйлчлэл бүхий захиргааны актын онцлог нь тус захиргааны актын үйлчлэлийг хүлээн авсан этгээд өөрийн ажил амьдралаа түүний дагуу төлөвлөж, зохицуулж, төрийн үйл ажиллагаа, шийдвэрт итгэдэг явдал юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ байгууллагын тамга, тэмдэгтэй, байгууллага төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан тоотыг авч, иргэнээс өргөдлийг бичүүлж аваад шилжүүлдэг байсан. Учир нь байгууллагын тамга, тэмдэгтэй албан бланкыг нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаггүй. Харин хоёр иргэн хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх болвол гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг байсан. Учир нь иргэдэд тамга, тэмдэг гэж байхгүй учраас нотариатаар гарын үсгийг нь баталгаажуулж авдаг” гэснээс үзэхэд газар эзэмшигч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” төрийн бус байгууллага, иргэн П.Бат-Эрдэнэ, Н.Баттөр нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг нь үндэслэн, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг шаардахгүйгээр Засаг дарга шийдвэр гаргасан байна.

Захиргааны байгууллагаас тавьсан энэ шаардлагын хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн өгч, авч байгаа нь иргэн, хуулийн этгээдийн буруу биш бөгөөд иргэн П.Бат-Эрдэнэ, Н.Баттөр, Л.Чинболд нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих учиртай.

Газрын тухай 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасан.

Тодруулбал газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн аваад нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээдийн эрх, үүргээ бүрэн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн баримт байгаа эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг л шалгана.

Нэхэмжлэгч А.Батаа ““Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лхамсүрэн агсан удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн нь хууль бус” хэмээн маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т тухайн шатны Засаг дарга эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахдаа төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэртэй эсэхийг тодруулдаг байхаар хуульд заагаагүй. Тодруулбал: Хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн гарын үсэг, тухайн байгууллагын тамга, тэмдэг бүхий албан бичгээр ирүүлсэн хүсэлт нь хариуцагчийн хувьд хууль ёсны баримт байна. Харин төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авах эсэх талаарх харилцаа нь тухай хуулийн этгээдийн дотоод харилцаанд хамаарна.

Засаг дарга хуулиар өөрт нь олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх, хуульд зааснаас гадна нэмэлт /удирдах зөвлөлийн шийдвэр хавсаргах тухай/ шаардлага тавих эрхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын хүрээнд ажиллах үүрэгтэй бөгөөд байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг буруутгах боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн 14.3.1-д зааснаар өөртөө хамаарал бүхий этгээдийн өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй гэснийг үндэслэн шүүхэд гаргасан тайлбараасаа татгалзсан тул шүүх татгалзлыг хүлээн авч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлсэн болно.

Гуравдагч этгээд Л.Чинболд “А.Батааг удирдах зөвлөлийн даргын хувьд “Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ыг төлөөлж газар эзэмших, өмч хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээдээр тооцуулахаар бие даасан гуравдагч этгээдийн хүсэлт гаргаж байна” гэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.2.5, 52.5.3-д заасан шаардлагыг хангаагүй. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тодорхой заах үүрэгтэй боловч гуравдагч этгээд үүнийгээ тодорхойлоогүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаа 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцэж байна. Түүний өргөдлийн хариуд Хөвсгөл аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/2796 тоот албан бичгээр “... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч А.Батаа нь “газар эзэмших эрхийн гэрчилгээ маань бусдад шилжсэн талаар 2015 онд мэдсэн” гэх боловч аймгийн Засаг дарга шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзлээ. 

Шүүх “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Батаагийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд энэ байгууллага “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн[32] бөгөөд тус төрийн бус байгууллага 1998, 2018 оны аль аль дүрэмдээ[33] “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” гэж бичсэн, “хоршооллын холбоо, хоршоодын холбоо” гэж хоёр янзаар тус байгууллагын бичиг баримтуудад бичиж, амаар ярихдаа ч хоёр янзаар ярьсаар ирснийг шүүх харгалзан үзсэн болно. Түүнчлэн хэргийн 1 дэх хавтасны 57 дугаар хуудасны арын хэсэг, 59 дүгээр хуудасны ар, өвөр талд авагдсан баримтууд нь “Хөвсгөл аймгийн үйлдвэрлэлийн хоршоодын холбоо” гэх өөр байгууллагад холбогдох баримт тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2-ын 1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан  болохыг  тогтоолгох, Хөвсгөл  аймгийн  Засаг  даргын  2012 оны  09  дүгээр 

 

сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Бат-Эрдэнээс Н.Баттөрд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах Н.Баттөрөөс Л.Чинболдод газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧ                       Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                       Б.БАТЧИМЭГ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас 62 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дахь хавтасны 124 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дэх хавтасны 45-46, 50-51 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дэх хавтасны 66 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дэх хавтасны 45-46, 50-51 дүгээр хуудас

[6] Хэргийн 2 дахь хавтасны 20-21 дүгээр хуудас

[7] Хэргийн 2 дахь хавтасны 26-32 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дэх хавтасны 65-66 дугаар хуудас, 2 дахь хавтасны 124

[9] Хэргийн 1 дэх хавтасны 38, 50-51 дүгээр хуудас

[10] Хэргийн 1 дэх хавтасны 44 дүгээр хуудасны арын хэсэг

[11] Хэргийн 1 дэх хавтасны 6 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дэх хавтасны 50 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дэх хавтасны 40 дүгээр хуудасны арын хэсэг, 53, 57- 58, 62-66 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дэх хавтасны 65 дугаар хуудасны арын хэсэг

[15] Хэргийн 1 дэх хавтасны 65-66 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дэх хавтасны 64 дүгээр хуудас

[17] Хэргийн 1 дэх хавтасны 65 дугаар хуудасны арын хэсэг

[18] Хэргийн 2 дахь хавтасны 143, 180 дугаар хуудас

[19] Хэргийн 3 дахь хавтасны 28-29 дүгээр хуудас

[20] Хэргийн 3 дахь хавтасны 17 дугаар хуудас

[21] Хэргийн 3 дахь хавтас 21 дүгээр хуудас

[22] Хэргийн 2 дахь хавтасны 125, 130 дугаар хуудас

[23] Хэргийн 2 дахь хавтасны 143 дугаар хуудас

[24] Хэргийн 2 дахь хавтасны 143 дугаар хуудас

[25] Хэргийн 2 дахь хавтасны 145 дугаар хуудас

[26] Хэргийн 2 дахь хавтасны 146 дугаар хуудас

[27] Хэргийн 2 дахь хавтасны 179 дүгээр хуудас

[28] Хэргийн 2 дахь хавтасны 180 дугаар хуудас

[29] Хэргийн 2 дахь хавтасны 228-229 дүгээр хуудас

[30] Хэргийн 2 дахь хавтасны 237, 239 дүгээр хуудас

[31] Хэргийн 2 дахь хавтасны 242, 244 дүгээр хуудас

[32] Хэргийн 1 дэх хавтасны 38 дугаар хуудас, 2 дахь хавтасны 123 дугаар хуудас

[33] Хэргийн 1 дэх хавтасны 50-51, 65-66 дугаар хуудас