Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2418

 

 

 

 

 

 

 

 

 

 “ӨХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ӨХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Жд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 13 293 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Уранцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Доржсүрэн

Хариуцагч: Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнөөс эхлэн Г.Ж нь орон сууцны 50 дугаар байр болон манай компанийн эзэмшлийн дундах зайнд 15 давхар барилга барихаар хүчээр дайран орж ирэн манай цахилгааны шугам, утсыг ил гарган тасдаж дахин ашиглагдахгүй болгон манай өмч хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдэл хийсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай барилгын 20 ширхэг бетон хашааг санаатай нурааж устгасан.

2014-2015 оны хугацаанд манай компанид их хэмжээний хохирол учруулах үйлдэл удаа дараа гаргасан тул цагдаагийн байгууллагад хандан, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 779 тоот прокурорын тогтоол гаргаж, Г.Ж нь “ӨХ” ХХК-ийн эд хөрөнгийг устгаж гэмтээсэн нь тогтоогдож байх боловч яллагдагч нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд гэм буруугаа хүлээн хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул манайд учирсан хохирол 13 293 621 төгрөгийг Г.Жөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨХ” ХХК-ны нэхэмжлэж буй 13 293 621 төгрөгийг би хариуцах ёсгүй. 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхдээ өөрийн газар дээр цахилгааны утас байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Гэтэл манай газар дээгүүр хөндлөн гарсан 2 кабелийн утас илэрсэн.

Нэг нь “ӨХ” ХХК-ийн үндсэн тэжээлийн кабель байсан одоо ч байрандаа байгаа. Нөгөө нь “ӨХ” ХХК-ийн өөрсдийн тавьсан /ямар нэгэн байгууллагад харьяалагддагүй/ нь манай газрын тэг дундуур нь хөндлөн ил гарсан байсан. Бид уг кабелийг таслахаас өмнө “ӨХ” ХХК-д кабелийн утсаа холдуулах талаар 2 ч удаа албан бичиг хүргүүлж байсан ч хариу өгөөгүй. Бид газар шорооны ажлаа эхлүүлэхийн тулд таслахаас өөр арга байгаагүй.

Тус компани кабелийн утсаа өөрсдөө татаж авсан. Кабелийн утсыг тухайн үедээ ашиглаж байсан гэж бодохгүй байна. Компани нь нэхэмжлэлдээ 20 ш бетон хашааг санаатайгаар нураан устгасан гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа ч тэр үед ямар ч бетон хашаа нураагаагүй, бетон хашаа байгаагүй, төмөр хашаа байсан. Анхнаасаа тус компани нь ажлыг явуулахгүй саад учруулах, зогсоох, хаалт хийн цагдаагийн байгууллага, иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаж өнөөдрийг хүртэл саад учруулсаар 2 жил болж байна.

Би холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө бүрэн аваад барилгаа барих гэтэл кабелийн утас саад болсон ба кабелиа авах талаар мэдэгдсэн ч аваагүй тул ил гарсан, ашигладаггүй утсыг тасалсан, энэ талаар маргахгүй. Харин бетон хашаа байгаагүй, нураагаагүй нь анх барилга барихдаа авсан зургаар нотлогдоно. Прокурорт миний кабель тасалснаа л хүлээн зөвшөөрсөн талаар хүсэлт гаргасан нь байгаа гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Жөөс гэмт хэргийг улмаас учирсан гэм хорын хохиролд 4 974 096 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ӨХ” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 8 319 525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 536 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэргийн материалд “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн болон “Вендо” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний 2 дүгнэлт байдаг бөгөөд энэхүү 2 зөрүүтэй дүгнэлтийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байх ба энэ талаарх дүгнэлтийг хийлгүй аль үнэлгээнээс хангасан шийдвэрийг гаргасан талаар ойлгомжгүй шийдвэр гаргасан байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн вакуум цонх, ган хоолойг гэмтээсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хүндэтгэн үзэж байх ба “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тооцсон хохирлын үнэлгээнээс вакуум цонх, ган хоолойн үнэлгээ болох 935 000 төгрөгийг хасч, үлдэгдэл хохирол 13 293 621 – 935 000 = 12 358 621 төгрөг хангагдах ёстой гэж үзэж байгаа болно. Эндээс 12 358 621 – 4 974 096 = 7 384 525 төгрөг хангагдаагүйд гомдолтой байна.

Шийдвэрт "... нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, “Вендо” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр нийт хохирлыг 6 754 163 төгрөгөөр үнэлжээ..." гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байтал гаргасан мэтээр дүгнэлт хийсэн нь шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй, хэргийг шийдвэрлэхэд хайхрамжгүй хандсан гэж үзэхээр байна. Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байдаг бөгөөд шинжээч томилон дүгнэлт гаргуулахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж ажиллагаа хийгдсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол, хүсэлтийг тухай бүр гаргасан байдаг.

“Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт асуултуудад хариулт авах, шинжээчийн дүгнэлтийг тодруулах асуулт тавих хүсэлтийг гаргасан байтал шүүх хангаагүй, захирамж гаргаагүй. Шүүх хүсэлтийг хангахгүй байсан тул шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан асуулт тавьж хариулт авсан. Шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо дүгнэлтийг бүрэн бодитой гаргах боломж байгаагүй, хэрэг явдал болоод удаан хугацаа өнгөрсөн, кабель шугам, хашааны үзүүлэлт тодорхойгүй байсан зэргийг хүлээн зөвшөөрч хамгийн бага хүчин чадалтай үзүүлэлтээр үнэлгээг гаргасан тухай тайлбар хэлдэг.

Хэрэгт цугларсан материалд кабель шугам болон хашааны тухай үзүүлэлтүүд тодорхой байсан байх бөгөөд эрүүгийн хэргийг шалгах үед хийгдсэн "Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн үнэлгээг яагаад үнэлээгүй, хүлээн зөвшөөрөөгүй талаар шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Мөн шинжээч хэргийн материалтай танилцах боломжтой байсан атал танилцалгүй дүгнэлт гаргасан тухайгаа хэлсэн байх ба ийм шинжээчийн дүгнэлтийг шүүх бодитой гэж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 7 384 525 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ӨХ” ХХК нь хариуцагч Г.Жөд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 13 293 621 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “ӨХ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Г.Жийг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө барилгын үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн цахилгаан утсыг тасалсан, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн 20 ширхэг бетон хашааг нурааж, эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Г.Ж цахилгааны утас тасалсан гэм буруугийн талаар маргаагүй, бетон хашаа байгаагүй, хохирлын хэмжээг нэхэмжилсэн хэмжээгээр хариуцахгүй гэж маргасан.

 

Хариуцагч Г.Ж нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааг нураасан нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 тоот тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/520 тоот албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/145 тоот албан бичигт “яллагдагч Г.Ж нь ...”ӨХ” ХХК-ийн ... 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 ширхэг бетон  хашааг нурааж гэмтээсэн ..., яллагдагч Г.Ж нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлөх талаар прокурорын шатанд хүсэлт гаргасан” гэж тэмдэглэсэн нотолгоог анхан шатны шүүхэээс зохигчдын тайлбартай  харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ж нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэж тогтоосон нь зөв болжээ.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ӨХ” ХХК өөрт учирсан хохирлыг хариуцагч Г.Жөөс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч талаас эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хийлгэсэн ба тус шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид цахилгааны утас, хашаа, цонхонд 13 293 621 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

Уг үнэлгээг хариуцагч эс зөвшөөрч маргасан тул анхан шатны шүүх дахин шинжээч томилохоор шийдвэрлэхдээ шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийг сонгосон ба шинжээч нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан боловч шинжээчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаагүйгээс түүний гаргасан  дүгнэлтийг хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүх өөр шинжээч томилсон нь зөв гэж дүгнэхээр байна.

 

Учир нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь  хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах тухай  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтийг шүүх  2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэж, шинжээчээр  “Вендо” ХХК-ийг томилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Шинжээч “Вендо” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид учирсан хохирол /шууд болон шууд бус зардал ороод/-ыг 6 754 163 төгрөгөөр тогтоосон.

 

            Анхан шатны шүүх шинжээч “Вендо” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь зөв байна.

 

            Учир нь нэхэмжлэгч тал тасарсан цахилгааныг түр холболт хийсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба уг цахилгаан утсыг газраар татахтай холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй тохиолдолд  шинжээч “Вендо” ХХК-иас үнэлгээг тогтоохдоо  Үнэлгээний Олон улсын Стандартын Консулаас батлан гаргасан ҮОУС-103 /тайлагнал/, ҮОУС-102 /хэрэгжилт/, ҮОУС-101 /хамрах хүрээ/, хөдлөх өмч ХЗ-5 стандартыг баримталж  хамгийн бага зардлаар тооцох зарчмыг үндэслэж цахилгааны утсыг агаарын шугамаар холбох аргыг сонгосныг буруу гэж дүгнэх боломжгүй юм,

 

Түүнчлэн бетон хашааны хохирлын тооцоог 2 шинжээч зөрүүтэй тогтоосон. “Хөрөнгө эстимэйт” ХХК нь үйлдвэрлэгдсэн бэлэн бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээс худалдаж авах байдлаар уг хохирлыг тодорхойлсон бол “Вендо” ХХК нь зардлын хандлагын арга буюу нөхөн сэргээгдэх боломжоор буюу шинээр барихад зарцуулагдах материал болон ажлын хөлсөөр хохирлыг тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь 20 ширхэг бетон хашааг өмнө нь бусдаас худалдаж авсан гэх баримт, тайлбар гаргаагүй байх тул анхан шатны шүүх “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцсон нь илүү үндэслэлтэй болсон гэж дүгнэнэ.

 

            Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцохдоо шууд зардлаар тодорхойлсон нь учир дутагдалтай байх тул уг хохиролд шууд зардлыг шууд бус зардал болох ажлыг хөлс, түүнтэй холбоотой гарах зардлын хамт тооцох нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг 6 754 163 төгрөгийн хэмжээгээр хангаж, нэхэмжлэлээс үлдэх 6 539 458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “4 974 096” гэснийг “6 754 163” гэж, “8 319 525” гэснийг “6 539 458” гэж,

2 дахь заалтын “94 536” гэснийг “123 016” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ӨХ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                               

                        ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА