Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00423

 

 “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2418 дугаар магадлалтай

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Ж-т холбогдох

Гэм хорын хохиролд 13 293 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Г.Ж-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариауцагчий Г.Ж-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнөөс эхлэн Г.Ж- нь орон сууцны 50 дугаар байр болон манай компанийн эзэмшлийн дундах зайд 15 давхар барилга барихаар хүчээр дайран, манай цахилгааны шугам, утсыг ил гарган тасдаж дахин ашиглагдахгүй болгон манай өмч хөрөнгийг санаатайгаар устгасан. 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай барилгын 20 ширхэг бетон хашааг санаатай нурааж устгасан.

2014-2015 оны хугацаанд манай компанид их хэмжээний хохирол учруулах үйлдэл удаа дараа гаргасан тул цагдаагийн байгууллагад хандан, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 779 тоот прокурорын тогтоол гаргаж, Г.Ж- нь ”Ө” ХХК-ийн эд хөрөнгийг устгаж гэмтээсэн нь тогтоогдож байх боловч яллагдагч нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд гэм буруугаа хүлээн хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул манайд учирсан хохирол 13 293 621 төгрөгийг Г.Ж-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-ны нэхэмжлэж буй 13 293 621 төгрөгийг би хариуцах ёсгүй. 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхдээ өөрийн газар дээр цахилгааны утас байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Гэтэл манай газар дээгүүр хөндлөн гарсан 2 кабелийн утас илэрсэн.

Нэг нь ”Ө” ХХК-ийн үндсэн тэжээлийн кабель байсан одоо ч байрандаа байгаа. Нөгөө нь ”Ө” ХХК-ийн өөрсдийн тавьсан /ямар нэгэн байгууллагад харьяалагддаггүй/ нь манай газрын тэг дундуур нь хөндлөн ил гарсан байсан. Бид уг кабелийг таслахаас өмнө ”Ө” ХХК-д кабелийн утсаа холдуулах талаар 2 ч удаа албан бичиг хүргүүлж байсан ч хариу өгөөгүй. Бид газар шорооны ажлаа эхлүүлэхийн тулд таслахаас өөр арга байгаагүй.

Тус компани кабелийн утсаа өөрсдөө татаж авсан. Кабелийн утсыг тухайн үедээ ашиглаж байсан гэж бодохгүй байна. Компани нь нэхэмжлэлдээ 20 ширхэг бетон хашааг санаатайгаар нураан устгасан гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа ч тэр үед ямар ч бетон хашаа нураагаагүй, бетон хашаа байгаагүй, төмөр хашаа байсан. Анхнаасаа тус компани нь ажлыг явуулахгүй саад учруулах, зогсоох, хаалт хийн цагдаагийн байгууллага, иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаж өнөөдрийг хүртэл саад учруулсаар 2 жил болж байна.

Би холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө бүрэн аваад барилгаа барих гэтэл кабелийн утас саад болсон ба кабелиа авах талаар мэдэгдсэн ч аваагүй тул ил гарсан, ашигладаггүй утсыг тасалсан, энэ талаар маргахгүй. Харин бетон хашаа байгаагүй, нураагаагүй нь анх барилга барихдаа авсан зургаар нотлогдоно. Прокурорт миний кабель тасалснаа л хүлээн зөвшөөрсөн талаар хүсэлт гаргасан нь байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Ж-өөс гэмт хэргийг улмаас учирсан гэм хорын хохиролд 4 974 096 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 8 319 525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 536 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2418 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “4 974 096” гэснийг “6 754 163” гэж, “8 319 525” гэснийг “6 539 458” гэж, 2 дахь заалтын “94 536” гэснийг “123 016” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ж- хяналтын гомдолдоо: “...Г.Ж- миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2418 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Хариуцагч Г.Ж- миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ойн гудамж, 221 тоот хаягт байршилтай 18644310161339 нэгж талбарын дугаартай газрыг өмчилдөг бөгөөд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн эзэмшдэг газартай хөрш залгаа болно.

Миний бие өөрийн өмчлөлийн газар дээр 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс барилга барьж улмаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 дугаартай улсын комиссоор барилгыг улсад хүлээлгэн өгсөн болно.

Хариуцагч Г.Ж- би өөрийн өмчлөлийн газар дээр байгаа кабелыг холдуулах талаар удаа дараа хөрш газар эзэмшигч болох “Ө” ХХК-д албан бичиг хүргүүлж байсан. Энэ талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн байдаг. Барилгын ажил эхлэх зайлшгүй шаардлага гарсан тул кабелыг тасалсан талаар маргаагүй болно. Өөрийн өмчлөлийн газар дээр байгаа кабелыг тасалснаар буруутай болох хариуцах эсэх нь ойлгомжгүй байна. Анхнаасаа “Ө” ХХК нь кабель шугамыг техникийн нөхцөлд заасны дагуу угсарч суурилуулсан эсэх, техникийн нөхцөлийн дагуу угсарч суурилуулаагүйгээс хариуцагчийн өмчлөлийн газар дээр тус маргааны зүйл болж буй кабель шугам татагдсанаар өнөөдрийн маргааныг бий болгож байна.

Хариуцагчийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, нэхэмжлэгч өөрт гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлсэн нь гэм хор учруулахад хүргүүлсэн талаар давж заалдах шатны шүүх үнэн зөв, эргэлзээгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээгүй байна. Мөн хариуцагч Г.Ж- нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхнаасаа тус компани нь барилгын ажлыг явуулахгүй, саад учруулах, зогсоох, хаалт хийн цагдаагийн байгууллага, иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаж барилгын ажилд саад учруулж байгаа талаар тодорхой хэлсэн байдаг. Дээрх гаргасан гомдол, нэхэмжлэлүүдтэй хэрэг маргаан өнөөдрийг хүртэл иргэн, захиргааны хэргийн шат шатны шүүхэд хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа болно.

Дээрх иргэн, захиргааны хэргийн шүүхүүдээр явж байгаа маргааны гол зүйл нь өөрөө нэхэмжлэгч талын субъектив цаад хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хянан үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэлийн үнийн дүнгээр хэргийг хязгаарлаж шийдвэрлэсэн, хэргийн бодит үнэнийг тогтоож, хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шийдвэрлэж чадаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэргийг бүхэлд нь хянан үзээгүйгээс Монгол Улсын Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тодорхой заасан заалт хэрэгжих боломжгүй болж хариуцагч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал гэсэн хэсэгт зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үнийн дүнг шинжээч хэрхэн үнэлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгч, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт авагдсан баримтаар “нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнөөс эхлэн Г.Ж- нь орон сууцны 50 дугаар байр болон манай компанийн эзэмшлийн дундах зайнд 15 давхар барилга барихаар хүчээр дайран орж ирэн манай цахилгааны шугам, утсыг ил гаргаж тасдаж дахин ашиглагдахгүй болгон манай өмч хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдэл хийсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай барилгын 20 ширхэг бетон хашааг санаатай нурааж устгасан” гэж нэхэмжилсэн байхад маргааны зүйл болох кабелийн утсыг ил гарган дахин хэрхэн ашиглагдах боломжгүй болсон талаар, кабелийн утсыг тухайн үед ашигладаг байсан эсэх талаар, өмнө нь төмөр хашаа байсан эсэх талаар талууд хэрхэн нотлох баримт бүрдүүлж нотолсон талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан үнийн дүнг шинжээч хэрхэн үнэлсэн дээр давж заалдах шатны шүүх үнэлэлт өгөн хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь цахилгааны шугам, утсыг ил гаргаж тасдаж дахин ашиглагдахгүй болсон гэх атлаа давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 12 дугаар догол мөрт дурдсанаар тасарсан цахилгааны түр холболт хийсэн гэж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлнэ, 166 дугаар зүйлийн 166.4-т заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй гэх журмуудыг зөрчсөн нь тодорхой байна.

Нэхэмжлэгч тал болох “Ө” ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолж байгааг биш нэхэмжлэлийн үнийн дүнг үнэлгээний байгууллага хэрхэн дүгнэсэн талаарх баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг нэхэмжлэгч бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх зайлшгүй шаардлагатайг хуульд тодорхой зааж өгсөн байна.

Нотлох баримтыг үнэлэх онцлог болох гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаанд гэм хор учруулсныг тогтоох шууд гэрчлэх этгээдүүдийн мэдүүлэг энэ хэрэгт байхгүй, гэм хор учирсан байдал буюу цахилгаан шугам, утсыг ил гаргаж тасдаж дахин ашиглагдахгүй болсныг үзлэг шалгалт явуулж шинжлэн судлах, хэргийг үнэн бодит, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломж бүрдээгүй, зөвхөн хохирлын хэмжээгээр хэргийг хязгаарлаж шийдвэрлэж, үйл баримтыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нотлох баримтын хүрээнд хийж гүйцэтгээгүй нь хэргийн материалаас тодорхой харагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Үнэлэгдэхгүй орхигдохгүй ямар ч нотлох баримт байх учиргүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулан үзэхгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн байна.

“Итгэлт эстимэйт” ХХК, “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээний талаар:

Давж заалдах шатны шүүх алдааг залруулахын тулд биш харин илрүүлэхийн тулд нотлох үүрэгтэй болно. Хариуцагч Г.Ж- миний бие нэхэмжлэгч болох “Ө” ХХК-ийн нэхэмжилсэн хэмжээгээр хариуцах үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр гаргасан 2 үнэлгээний компанийн дүгнэлт эрс зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэргийн материалд “Итгэлт эстимэйт” ХХК болон “Вендо” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний 2 дүгнэлт авагдсан байдаг. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь 13,293,621 төгрөг, “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээ нийт хохирлыг 6,754,163 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний байгууллагуудаар хийгдсэн үнэлгээ нь илт зөрүүтэй байгаа учир ИХШХШТХ-ийн 47.5-д зааснаар “Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх” гэж зааснаар анхан шатны шүүх зөрүүтэй үнэлгээг нэг мөр болгож дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэх боломж байсан болно.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдааг залруулснаас журам зөрчсөн талаар нотлоогүй нь дээрх 2 үнэлгээгээр тогтоогдож байгаа болно. Хоёр үнэлгээний байгууллагын эргэлзээтэй, зөрүүтэй гаргасан дүгнэлтэд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ үндэслэх боломжгүй байхад зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 2418 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв эргэлзээгүй, хэргийг бүхэлд нь шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдаж байгаа нотлох баримтыг бүрдүүлэх үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Г.Ж-т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 13 293 621 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Ж- нь 2014 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө барилгын үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн цахилгааны утсыг тасалсан, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааг нурааж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлүүлж, хохирлын хэмжээг 13 293 621 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар “Итгэлт истимэйт” ХХК нэхэмжлэгчид учирсан хохирлыг 6 754 163 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 974 096 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6 754 163 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд зохигч гомдол гаргаагүй тул дүгнэлтэд заасан хэмжээгээр хохирлыг тооцож, хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтад нийцсэн байна.

Гэвч нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт, гэм хор учирсан нөхцөл байдалд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 541.1.-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор зохицуулжээ.

Хариуцагч нь өөрийн өмчлөлийн газарт  эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлэх үед хөрш залгаа газар эзэмшдэг “Ө” ХХК барилгын ажлыг явуулахгүй саад учруулах, зогсоох, зэрэг үйл ажиллагаа явуулахыг нь эсэргүүцэж  байсан бөгөөд тус газар дээгүүр хөндлөн гарсан кабель утсаа татаж авахыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч кабель утсаа татаж аваагүйн улмаас барилгын суурийн ажил эхлэхэд кабель утас тасарч, сараалжин хашаа эвдэрсэн байна.

Түүнчлэн тус кабел шугам нь техникийн нөхцлийн дагуу угсарч суурилуулсан эсэх нь тодорхойгүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Иймд хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэж, түүнд учирсан хохирлыг хариуцагчаар бүрэн хариуцуулах боломжгүй тул хариуцагчийн хариуцах гэм хорыг 25 хувиар багасгаж, /6 754 163 - /6 754 163  х 25%/ 5 065 622 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайлан нь шинжээчийн дүгнэлт биш, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт гэж үнэлэгдэх тул хэрэгт эрс зөрүүтэй хоёр дүгнэлт байхад дахин шинжилгээ хийлгээгүй, зөвхөн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2418 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01866 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...510.1.-д” гэснийг “510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д” гэж, “...4.974.096 /дөрвөн сая есөн зуун далан дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөг...” гэснийг “5 065 622 төгрөг...” гэж, “...8.319.525 төгрөгийг ..” гэснийг “...8 227 999 төгрөгийг...” гэж, 2 дахь заалтын “94.536 төгрөгийг...” гэснийг “...96 000 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Ж-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД