Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2419

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02419

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/02211 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь хариуцагч Д.Бтай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хоног тутамд 12 500 төгрөгийн алданги тооцохоор 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан.

Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 91-19 УБЕ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулан манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 3 сарын төлөлт үндсэн төлбөрт 1 500 000 төгрөг, хүүнд 510 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн.

Үлдэгдэл 1 280 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч бусдад зарсан байсан. Худалдаж авсан хүн нь осол хийж автомашиныг журмын хашаанд хураалгасан байсныг манай компани олж авч, уг автомашиныг 2 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хүү 280 000 төгрөг, нийт 1 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашиныг осолд орсон гэх хугацаанаас өнөөдрийг хүртэл яагаад зарахгүй хүү, алданги бодсон гэдэг дээр би гайхаж байна. Төлбөр төлөгдөөгүй 2 сар болсноос хойш машиныг хурааж аваад зарна гэж гэрээнд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 1 жил болгож байгаад алданги нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

“Т” ХХК-ийн нэр дээр байсан өөр хүн унаж яваад осол хийсэн учраас журмын хашаанд байгаа автомашиныг надад өгөхгүй байсан. Автомашиныг 2 500 000 төгрөгөөр зараад журмын хашааны төлбөрт 500 000 төгрөг төлөөд, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд авсан боловч миний үндсэн үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөгөөс хасаагүй байгааг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баас зээлийн гэрээний үүрэгт 1 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Тайкун" ХХК 91-19 УБЕ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Иймд хариуцагч Д.Бын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байна гэж шүүх үзлээ" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Д.Б нь 2016 оны 11 сараас хойш үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг манай компанид төлж барагдуулаагүй атлаа бидэнтэй холбогдохгүй, утсаа ч авахгүй алга болсон. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бусдад худалдан борлуулж, талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т "зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд шилжүүлсэн эд хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа бол эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах ба бусдад худалдаалах, давуу эрхээр түрээслэх, өр төлбөрт хураалгах бусдад бэлэглэх өв залгамжлуулахаар гэрээслэх, аливаа хувь хүн аж нэгж байгууллагад баталгаа, батлан даалт барьцаа болгохыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчсөн. Автомашиныг худалдаж авсан хүн нь осолд оруулан, журмын хашаанд орхисон байсныг манай компани 2017 оны 05 дугаар сард олж мэдсэн.

Ийнхүү Д.Б нь үүрэг зөрчсөний улмаас манай компанид нийт 3 780 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх Д.Б нь гэрээгээ зөрчин, автомашиныг бусдад худалдан борлуулснаас болж автомашин осолд орж, компанид хохирол учирсан хариуцагчийн буруутай үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Фидуцийн гэрээг байгуулах үедээ үндсэн зээл, зээлийн хүүгийн нийт хэмжээнд тохирох үнэтэй эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн байх ёстой. Бодитойгоор гаргуулан авах гэдгийг тухайн эд хөрөнгө нь нийт гүйцэтгэлийг хангахад хүрэлцэх үнэтэй гэж үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөгч болсон, эсхүл худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг бодитойгоор хангасан байхыг ойлгоно. Гэтэл фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан автомашин нь осолд орж түүний зах зээлийн үнэ цэнэ буурсан зэрэг нөхцөл байдлаас болж компани 3 780 000 төгрөгийн үүргийг бүхэлд хангуулж авч чадаагүй. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний автомашин үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцээгүй болно.

Иймд шүүх "Тайкун" ХХК нь автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар л фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг бодитойгоор хангуулж авч чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухайгаа нотолсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Иймээс "Тайкун" ХХК нь Д.Баас үндсэн зээл 1 000 000 төгрөг, 140 хоногийн алданги 280 000 төгрөг нийт 1 280 000 төгрөгийг шаардах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан 7053 дугаартай зээлийн гэрээний 3.1.2-т үүрэг гүйцэтгэх дарааллыг тохирсон байдаг.

Гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу "Тайкун" ХХК нь автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс эхлээд журмын хашаа, ачилтын хөлс гэх мэт зардлаа нэн түрүүнд хасч тооцсон бөгөөд үлдэх үндсэн зээл 1 000 000 төгрөг+хүү 280 000 төгрөг= 1 280 000 төгрөг нь агуулгын хувьд компанид учирсан хохирол болно. Иймээс "Тайкун" ХХК нь Д.Баас Иргэний хуулийн 235.1, 235.4-т заасныг үндэслэн 1 280 000 төгрөгийн хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 3 780 000 төгрөгөөр тодорхойлж, үндэслэлийг зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 540 000 төгрөг, алданги 1 130 000 төгрөг, ажлын хөлс 150 000 төгрөг, журмын хашааны төлбөр 800 000 төгрөг, ачилт 70 000 төгрөгийг гаргуулахаар тайлбарласан байна.

 

Энэ нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

 

Хариуцагч мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар өгөхдөө хүү, алданги зөвшөөрөхгүй, автомашины үнээр зээлийн үүрэг дуусгавар болсон гэж татгалзлаа илэрхийлсэн байна.

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 52 дахь талын арын нүүр/-ээс үзвэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг 1 280 000 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийг багасгасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрт энэ хэмжээгээр тусгагдсаныг буруутгах боломжгүй юм.

 

            Түүнчлэн талууд автомашины журмын хашааны төлбөр, зээлийн хүү, алдангийн талаар маргаж, шүүх хуралдаанаар холбогдох нотлох баримтыг шинжлэн судалсан байх тул шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн хэмжээ 2 500 000 төгрөг, сарын 6 хувийн хүүтэй, хоног тутам 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр тохирсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу бөгөөд талуудын хооронд байгуулагдсан бичгээр хийгдсэн зээлийн гэрээ баримтаар хэрэгт авагдаагүй байна.

 

            Хэрэгт баримтаар талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ -/фидуци/ баримтаар хэрэгт авагдсан /хх 7-8, 38-39 дэх тал/ байх бөгөөд уг фидуцийн гэрээний 2 дахь заалтад гүйцэтгэх үүрэг, түүний хэмжээ, гүйцэтгэх хугацааг бичсэн нь талуудын хооронд уг тохиролцоог зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй юм. Түүнчлэн уг фидуцийн гэрээний эхний хэсэгт уг гэрээ нь талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан гэсэн тохиролцоогоор зээлийн гэрээ тусдаа байгуулагдсан гэдэг нь нотлогдож байна.

 

            Мөн хэргийн 37 дахь талд авагдсан баримтад “Зээлийн N 7053, 91-19 УБЕ, Тоёото марк-Х, Д.Б, үндсэн зээл: 2 500 000, хүү 6 %, эхлэх хугацаа: 2016-06-06, дуусах хугацаа: 2016-11-03” гэсэн бичилтэд талууд гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хэлцлийг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй байна.

 

            Уг баримтын доод хэсэгт нэхэмжлэгч байгууллагын кассын орлогын ордерыг хуулбарлаж, 2 500 000 төгрөгийг хариуцагч хүлээж авсан талаар хийсэн бичилтийг талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэх баримт болохгүй, харин уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгснийг нотлох баримт болно.

 

            Хариуцагч зээлийн гэрээг байгуулаагүй гэж маргаагүй тул талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг байгуулагдсан, гэрээг талууд амаар байгуулсан, зээлийн гэрээний үнэ 2 500 000 төгрөг гэсэн үйл баримт тогтоогдсон.

 

            Бичгээр зээлийн гэрээг байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

Хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 1 500 000 төгрөг, зээлийн хүүд 510 000 төгрөг нийт 2 010 000 төгрөг төлөгдсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бөгөөд уг тайлбарыг хариуцагч маргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэлцлийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

Хариуцагч зээлийн гэрээнээс 2 500 000 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 1 500 000 төгрөг төлсөн тул түүний үндсэн үүргийг 1 000 000 төгрөгөөр тодорхойлогдоно.

 

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан фидуцийн гэрээ нь бичгээр хийгдсэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Фидуцийн гэрээний зүйл болох 91-19 УБЕ улсын дугаартай, “Тоёото марк-Х” маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн боловч уг автомашины эзэмшил хариуцагчид байсан, хариуцагч фидуцийн гэрээг хүчинтэй байх хугацаанд автомашины эзэмшлийг бусдад шилжүүлсэн, гуравдагч этгээд зам тээврийн осол гаргаснаас эрх бүхий байгууллагаас уг автомашиныг журамласан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иймд фидуцийн гэрээнд заасан тохиролцооны дагуу нэхэмжлэгч автомашиныг зээл төлөгдөхгүй байсан хугацаанаас эхлэн 2 сарын дотор худалдан борлуулах боломжгүй, үүнд хариуцагч буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг автомашиныг журмын хашаанд байх хугацааны төлбөр 800 000 төгрөг, ажлын хөлс 150 000 төгрөг, ачилт 70 000 төгрөг гэж тодорхойлсон боловч хариуцагч автомашины журмын хашааны төлбөрийг 500 000 төгрөг гэж хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нотлогдсон гэж хохирлыг тодорхойлох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан төлбөр тооцооны баримт /хх 41 дэх тал/ нь нэг талын баримт бөгөөд хариуцагч зөвшөөрөөгүй тохиолдолд уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн “Бат зэв” ХХК-ийн санхүүгийн тамга дарсан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн кассын орлогын ордер гэх баримтын зориулалт агуулга тодорхойгүй тул 91-19 УБЕ төлбөр 950 000 төгрөг гэж тодорхойлсныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхойлогдох төлбөр, улмаар уг хэмжээгээр нэхэмжлэгч хохирсон гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн зээлийн үүрэг 1 000 000 төгрөг, нэхэмжлэгчид учруулсан хохирол 500 000 төгрөг нийт 1 500 000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйлийг 2 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/02211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35 270 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                               

                        ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА