Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00102

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 843 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

 

Заг девелопер ХХК,******* ХХК,*******т тус тус холбогдох,

 

164,087,700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч******* ХХК-ийн талуудын хооронд байгуулагдсан 14/5 тоот Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******оос 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******оос******* ХХК,******* ХХК,*******т тус тус холбогдуулан гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ 100,000,000 төгрөг, түр оршин суух түрээсийн зардалд 41,900,000 төгрөг, алданги 22,187,700 төгрөг, нийт 164,087,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...30,000,000 төгрөг гэрээний заалтын дагуу орж ирсэн төлбөр тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газар нь ...Нийслэлийн Засаг даргын 2014.12.04-ний өдрийн 4/1011 дүгээр Нөхөх олговор олгох тухай захирамжаар иргэн *******ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлэн нөхөн олговрын хэмжээг тогтоосон, харин 280,000,000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Уг захирамжийн дагуу нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэгчтэй манай байгууллагыг хууран мэхлэн замаар дахин гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

 

Хариуцагч Заг ХХК нь ...Заг девелопер ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 30,000,000 төгрөгийг *******од шилжүүлсэн, мөн түүний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгох захирамж гарч урьдчилгаа 140,000,000 төгрөгийг өгсөн. ...Нийслэлийн засаг даргын захирамжаар төслийн барилгын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй гэж үзэн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалснаар 2 болон 3 талт гэрээ цуцлагдсан. Нийслэлийн өмч харилцааны газраас түүний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ 140,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл төлбөрт тус төслийн барилгаас 2 өрөө орон сууц өгөхөөр тохирсон гэх боловч төрөөс нөхөх олговортойгоор эргүүлэн авч буй тохиолдолд ийнхүү 2 давхар төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

 

Хариуцагч******* ХХК нь ...нэхэмжлэгч гэрээний холбогдолгүй асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж, ...талуудын хооронд байгуулагдсан 14/5 тоот Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт зааснаар *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж түүнд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэрээр: ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас 130,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,147,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч******* ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 843 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...130,940,000 төгрөг гэснийг ...103,600,000 төгрөг гэж, ...33,147,700 төгрөг гэснийг ...60,487,700 төгрөг гэж, шийдвэрийн 3 дахь заалтын ...812,650 төгрөг гэснийг ...675,950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэн ******* нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 280,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээгээр тохиролцсон бөгөөд 150,000,000 төгрөгийг Нийслэлээс нөхөх олговроор, 130,000,000 төгрөгийг******* ХХК-иас авахаар болж******* ХХК-тай 2014.11.04-ний өдөр 31/8-138 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, мөн өдрийн 14/5 Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2014.12.04-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай нөхөх олговрын гэрээ, 2015.12.09-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг Нийслэлийн засаг дарга, иргэн *******, төсөл хэрэгжүүлэгч******* ХХК,******* ХХК нарын хооронд тус тус гэрээ байгуулсан. Энэ асуудалд дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзээд талуудыг гэрээнээс татгалзсан учраас гэрээний дагуу алданги бусад гэрээнээс үүдсэн хохирлыг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь******* ХХК нь анхнаасаа тухайн газар дээр орон сууц бус ЦТП баригдахыг мэдэж байсан нь хангалттай нотлогддог. Гэтэл******* ХХК өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж төсөл хэрэгжүүлэх эрхээ цуцлуулж буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж иргэнд хохирол учирсан тул *******од учирсан хохирол буюу түрээслүүлэгч нарт нийт 40,650,000 төгрөг төлсөн, үүнээс******* ХХК-ийн төлсөн 3,900,000 төгрөгийг хасч тооцвол 36,750,000 төгрөгийг түр суурьшуулах зардалд төлсөн.

4.3. Бид шүүхэд нэхэмжлэлээ 1 сарын дундаж түрээсийн төлбөрийг 650,000 төгрөгөөр тооцож 37,400,000-3,900,000 төгрөгийг /Заг девелопер ХХК-иас түр суурьшуулах зардалд өгч байсан/ хасч 33,500,000 төгрөгөөр тооцсон тул энэ төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна. Мөн алдангид хариуцагчийн үлдсэн төлбөр 106,000,000 төгрөгөөс хоног тутам 0.01%-р алданги тооцож нэг хоногт 10,600 төгрөг буюу 2016.07.01-ний өдрөөс 2019.06.26-ны өдрийг хүртэл нийт 11,554,000 төгрөг болж байна. Иймд******* ХХК-иас 100,000,000 төгрөг, оршин суух зардалд 33,500,000 төгрөг, алдангид 11,554,000 төгрөг, нийт 145,054,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

4.4. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 103,600,000 төгрөг олгохоор шийдсэн тул зөрүү 41,454,000 төгрөгийг нэмж олгуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх ...Талуудын хооронд хийсэн гэрээгээр хариуцагч******* ХХК гэрээнд зааснаар 30,000,000 төгрөгийг бэлнээр 5 хоногийн дотор төлөх, 100,000,000 төгрөгт тооцож ашиглалтад орох 2 өрөө байр өгөх үүрэг тус тус хүлээсэн байна. Хариуцагч байгууллага уг үүргийг биелүүлэх бодит боломжгүй болсон тул ИХ-ийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй ... талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгчийн буруу гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй хэмээн заасныг үндэслэн талууд гэрээнээс татгалзсан хэмээн шууд үндэслэлгүйгээр дүгнэсэн гэж үзэж байна. Гэтэл хариуцагч******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй бөгөөд талууд гэрээнээс татгалзсан үйл баримт байхгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2013.03.30-ны өдрийн 118 дугаар Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай тогтоолын дагуу дан ганц манай төсөл хөтөлбөр гэлтгүй Орон сууцны 7 дугаар хорооллын инженерийн шугам сүлжээнд 12 хэсэгт 6 ширхэг ус, дулаан дамжуулах төвийн барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд 1,558 төгрөгийн санхүүжилтээр 210 га талбайд 10,956 айлын орон сууц, 11,040 сурагчтай сургууль, 2,760 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, 4,500 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламжийг тэжээх ТЦП барих төсөл хэрэгжсэн байдаг. Уг хөтөлбөрийг Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан АGZ ХХК, Жаргал констракшн ХХК, becign LLC зэрэг компаниуд хийж гүйцэтгэсэн. Иргэн *******ын газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь******* ХХК-ийн орон сууцжуулах талбайд бус улсын чанартай инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барих талбайд өртсөн учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014.12.04-ний өдрийн А/1011 дугаар захирамж, тус өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн газрыг 107,476,500 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийг 41,523,500 төгрөгөөр тооцож 100 хувь 150,000,000 төгрөгийг улсаас олгочихсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баттулгыг дуудан ирүүлж, гэрчийн мэдүүлэг авахад Дэд бүтцийн трасст орсон газар чөлөөлөх асуудлыг Газар чөлөөлөх хэлтэс бүрэн хариуцдаг байсан. Энэ тохиолдолд аливаа нэгэн компани нэмж нөхөн олговор олгоно гэсэн асуудал байхгүй. ...газрыг чөлөөлөх, дээр нь барих барилга угсралтын ажлын хөрөнгийг улсын төсвөөс гаргаж байсан. Хувааж төлж байсан асуудал байхгүй хэмээн мэдүүлснийг, мөн яг тухайн үед Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж, бүх баримт бичигт гарын үсэг зурж, гардаж ажилласан Н.Баярыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад ...дэд бүтэцтэй холбоотой асуудлаар******* ХХК,******* ХХК ямар ч хамаа байхгүй. ...Дэд бүтэцтэй холбоотой асуудлыг бол Нийслэл өөрөө хариуцах үүрэг хүлээж байсан ...хувийн компани оролцоогүй ...иргэн *******той 2, 3 удаа уулзаж нөхөн олговрын талаар ярилцсан. Тухайн үед маш өндөр үнээр нөхөн олговор тогтоолгосон. 0.7 га газар бодит үнэлгээ 9,200,000 төгрөг байдаг. Тухайн үед 280,000,000 төгрөгөөр үнэлнэ гэж байсан тэгээд 150,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэл нөхөн олговрыг 100 хувь хариуцаж олгож байсан. Зөрүү гээд байгаа мөнгийг хэн ч олгохгүй. 150,000,000 төгрөг дээр зөвшилцөөд Ганболд өөрөө зөвшөөрөөд гарын үсгээ зураад асуудал дууссан гэж нөхцөл байдлын талаар хангалттай мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн сүүлд авагдсан баримтыг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөтэй холбоотойгоор төрийн байгууллагатай холбогдох гэрээгээ байгуулаад, зөвшилцөөд асуудлаа шийдвэрлээд дууссан байдаг. Иймд 2014.11.04-ний өдрийн 14/5 дугаартай гэрээний дагуу биш тусдаа төсөл хөтөлбөрөөр хэрэгжсэн талбай нь хариуцагч******* ХХК-д хамааралгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

5.2. Харин эсрэгээрээ иргэн ******* нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч******* ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, цаашид ч шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Давж заалдах шатны шүүх ...******* нь хариуцагч******* ХХК-иас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хэргийн нотлох баримтаас үзэхэд******* ХХК нь гэрээнд заасан 2 өрөө орон сууц өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч мөнгөөр буцаан шаардах эрхтэй гэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно хэмээн зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа бол Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж байж өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн гэж үзэхээр зохицуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019.08.20-ны өдрийн 736 дугаар албан тоот, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч *******ын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа буюу Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө******* ХХК-ийн нэр дээр шилжиж ирээгүй болно. Худалдах-худалдан авах гэрээнд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй хэмээн хэргийг үндэслэлгүй шийдэж, худалдах худалдан авах гэрээний анхдагч үүрэг биелэгдээгүй, хэрэгжээгүй, цаашид ч өмчлөгч болохгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр мөнгө төлөх үүрэгтэй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагч******* деволопер ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

7.1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 29 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны VII хороолол орчим ХЕТ-2013-1 багцын З, Е, Ё1, К1, Л, Ш талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр******* ХХК шалгарч, 2014.07.21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/605 захирамжаар төсөл хэрэгжүүлэгч******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг******* ХХК болон******* деволопер ХХК-иудын түншлэл болгон өөрчилжээ.

 

7.2. 2014.11.04-ны өдөр төсөл хэрэгжүүлэх байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч *******, ХЕТ-2013-1 багцын дугаар бүхий байршилд бүхэлд нь төсөл хэрэгжүүлэх-ээр шалгарсан******* ХХК харилцан тохиролцож, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт №31/8-138 дугаартай гэрээ байгуулж, өмчлөгч ******* өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн Сэлбийн 8-р гудамж, 138 тоотын нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 м.кв талбай бүхий газар, тус газар дээр байрлах 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 2 дугаар ашиглалтад орох Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдах төслийн орон сууцны З блокоос 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 100,00,000 төгрөгт тооцож, бэлнээр 30,000,000 төгрөгөөр солихоор, төсөл хэрэгжүүлэгч******* ХХК нь 2016 оны 2 дугаар улирал дуустал******* ХХК түр суурьшуулах асуудлыг хариуцахаар харилцан тохиролцжээ.

 

7.3. Талууд мөн өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах №14/5 дугаартай гэрээ байгуулж, худалдагч ******* өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг дээрх гэрээнд заасан нөхцөлөөр худалдах, худалдан авагч******* ХХК урьдчилгаа 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулж, хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногийн дотор бэлнээр шилжүүлэх, орон сууцыг 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орон орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартер хэлбэрээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

7.4. 2016.07.19-ны өдөр №14/5-1 дугаартай Нэмэлт гэрээ-гээр 14/5 дугаартай гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, энэ хугацаанд худалдагч *******од орон сууцны түрээсийн төлбөрт 1 сарын 650,000 төгрөгөөр тооцож, 6 сарын түрээсийн төлбөрт 3,900,000 төгрөгийг******* ХХК-иас д.Ганболдод олгохоор нэмэлт оруулжээ.

 

7.5. Нийслэлийн Засаг даргын 2014.12.04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай №А/1011 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9.11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Орон сууцны VII хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн иргэн *******ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, иргэн ******* нарын хооронд Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулж, Нийслэлийн Засаг даргын А/1011 тоот захирамжийг үндэслэн нөхөх олговрыг газар өмчлөгчид олгох, газар өмчлөгч газрыг чөлөөлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

7.6. Үүнээс хойш 2015.12.09-ний өдөр *******,******* ХХК, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт №31/8-138 тоот гэрээ-г байгуулж, тус гэрээгээр иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулж, иргэн дахин төлөвлөлтийн төсөл, төлөвлөгөө, түүнд заасан хугацаанд хуваарийн дагуу газраа чөлөөлж, нүүн шилжих, төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга байгууламж барих, Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нь барилга байгууламжийг хүлээн авах үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь нөхөх олговорт Нийслэлийн Засаг даргаас 150,000,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээгээр******* ХХК-иас 2 өрөө орон сууц, 30,000,000 төгрөгийг авах эрхтэй, мөнгөн олговрыг 30,000,000 төгрөгийн хамт авсан, орон сууцыг аваагүй байна.

 

7.7. Нийслэлийн Засаг даргын 2016.6.30-ны өдрийн А/571 дугаартай захирамжаар ...гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан... үндэслэлээр******* ХХК,******* ХХК-иудын түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

 

7.8. 14/5, 14/5-1 тоот Гэрээний дагуу хариуцагч******* деволопер ХХК урьдчилгаа 30,000,000 төгрөгийг 2014.11.13-ны өдөр, орон сууцны түрээсийн төлбөр 3,900,000 төгрөгийг 2016.07.21-ний өдөр тус тус худалдагчид шилжүүлсэн, ******* 2014.12.04-ний өдөр газрыг бүрэн чөлөөлж өгсөн, Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор 150,000,000 төгрөгийг 2014.12.16-ны өдөр *******ын дансанд шилжүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК газар, үл хөдлөх эд хөрөнгийг 315,224,000 төгрөгөөр үнэлсэн, *******ын чөлөөлсөн газарт Ус дулаан дамжуулах төв баригдсан үйл баримт тус тус тогтоогджээ.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2 талт гэрээгээр тохирсон 53 м.кв байрны үнэ 106,000,000 төгрөг, 2014.11.06-наас 2020.10.25-ны өдрийг хүртэл хугацаанд түр оршин суух байрны түрээсийн зардалд 41,900,000 төгрөг, алданги 22,187,000 төгрөг, нийт 164,087,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна, ...хариуцагч******* деволопер ХХК-ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан,

 

Хариуцагч******* деволопер ХХК ...төслийн хүрээнд орон сууцаа барьж, худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид орон сууцыг олгох байсан боловч тус компани төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө Нийслэлийн газрын албатай нөхөн олговор авахаар тохиролцоо хийж, нөхөн олговорт 150,000,000 төгрөгийг авсан, ...нөгөө талаас нэхэмжлэгчийн өмчлөлийн газар манай эзэмшил, өмчлөлд ирээгүй, барилгаа ч бариагүй эрхээ цуцлуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ... гэж марган, ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, газрыг шилжүүлж өгөхгүй хууран мэхэлж хэлцэл хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах...-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК: ...төслийн үйл ажиллагааны хүрээнд талууд хоёр болон гурван талт гэрээ байгуулсан, ...гэрээний дагуу нэхэмжлэгчид урьдчилгаа 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ******* нь газар, үл хөдлөх эд хөрөнгийг******* деволопер ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс сонгогдсон талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдал үүсч, улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар хариуцагчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, ийнхүү хоёр болон гурван талт гэрээ цуцлагдсан. ...газар, үл хөдлөх эд хөрөнгийг төрөөс нөхөх олговортойгоор эргүүлэн авч байгаа тохиолдолд уг газар, үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдах тохиолдолд давхар байх боломжгүй байтал ийнхүү 2 давхар төлбөр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

Хариуцагч*******: ...иргэн ******* Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэгчтэй манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргажээ.

 

9. Анхан шатны шүүх******* деволопер ХХК, ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь бусдыг хууран мэхэлж, нөхөн олговрын мөнгийг хоёр удаа авах зорилгоор гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч******* деволопер ХХК гэрээний үүргийг биелүүлэх буюу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги төлнө гэж дүгнэн, 53 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 106,000,000 төгрөг, алданги 10,900,000 төгрөгийг, мөн гэрээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох түрээсийн төлбөрт 14,040,000 төгрөг, нийт 130,940,000 төгрөгийг******* деволопер ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 33,147,7000 төгрөгийг болон хариуцагч******* ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч******* деволопер ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь 2 өрөө орон сууц өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь мөнгөөр буцаан шаардах эрхтэй гэж дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлснээс гэрээний урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгийг орон сууцны үнэд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 30,000,000 төгрөгийг хасч, улмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохирол нэхэмжилсэн тул алданги шаардах эрхгүй гэж үзсэн боловч хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтыг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр зохигчийн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зохигчийн хооронд байгуулагдсан хоёр болон гурван талт гэрээний оролцогчийн эрх үүргийг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн боловч нэгэнт цуцлагдаж, хэрэгжих боломжгүй болсон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алдангийг хариуцагч******* деволопер ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагчаас 130,940,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтээс алдангид тооцсон 10,900,000 төгрөгийг хасч, үлдэх 120,040,000 төгрөгийг******* деволопер ХХК-иас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн дүгнэвэл: анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 33,147,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй, харин давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс хариуцагчаас гаргуулах төлбөрийг багасгаж тодорхойлсон байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, тогтоолын 10-т дүгнэснээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах боломжтой гэж үзлээ.

 

12. Хариуцагч******* деволопер ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...иргэн *******ын газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь******* деволопер ХХК-ийн орон сууцжуулах талбайд бус улсын чанартай инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барих талбайд өртсөн учраас Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., 32.3.-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014.12.04-ний өдрийн А/1011 дугаар захирамж, тус өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн газрыг, үл хөдлөх эд хөрөнгийн хамт 150,000,000 төгрөгөөр үнэлж, улсаас төлбөрийг олгочихсон тул энэ тохиолдолд аливаа компани нэмж нөхөн олговор олгоно гэсэн асуудал байхгүй талаарх хэрэгт цугларсан баримтыг анхаарч үзнэ үү, ...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу газраа хариуцагч компанид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй атлаа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, худалдах-худалдан авах гэрээний анхдагч үүрэг биелэгдээгүй, хэрэгжээгүй, цаашид ч өмчлөгч болохгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй... тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

12.1. Хариуцагч******* деволопер ХХК нь иргэн *******той 2014.11.04-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №31/8-138 тоот хоёр талт гэрээ, Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах №14/5 тоот гэрээг тус тус байгуулсны дараа 2015.12.09-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг иргэн *******, гуравдагч талаас Нийслэлийн Засаг даргатай байгуулж, тус гэрээгээр өмнө байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулснаар №31/8-138, №14/5 тоот гэрээнүүд хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт ус дулаан дамжуулах төвийн барилга /ЦТП/ баригдсан болох нь тогтоогджээ.

 

Дээрх гурван талт гэрээг байгуулахаас өмнө 2014.12.04-ний өдөр нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулж, ******* газрыг чөлөөлөн өгч, Нийслэлийн өмчийн харилцааны газар тус газрыг хүлээн авснаар Нийслэлийн Засаг даргын А/1011 тоот захирамжийн дагуу нөхөн олговор 150,000,000 төгрөгийг олгосон үйл баримт нэгэнт тодорхой болсон байсан тул ...нэхэмжлэгч нь газрын нөхөн олговрын мөнгийг улсаас авсан тул аливаа компани нэмж олговор олгох боломжгүй талаарх хэрэгт цугларсан баримтыг анхаарна уу... гэх, мөн нэхэмжлэгч нь газрыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

12.2. 2015.12.09-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 2.2.-т гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ, 6.4.-т Төслийн удирдах хорооноос...төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ, 6.5.-д төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын баримтаар нотлогдсон үнийн дүнг хувь тэнцүүлэн тогтоож, баримтжуулна, 6.6.-д төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн этгээд гэрээний 6.5.-д заасан зардлыг 6.4.-т заасан эрхээ авсны дараа төсөл хэрэгжүүлэх эрх нь дуусгавар болсон этгээдэд нөхөн олгоно гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч******* деволопер ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг 2016 оны 06 дугаар сард цуцалсанд нэхэмжлэгчийг буруугүй, хариуцагчийн эрх цуцлагдсанаас гэрээ дуусгавар болохгүй тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 843 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...130,940,000... гэснийг ...120,040,000... гэж, ...33,147,700... гэснийг ...44,047,700... гэж, 3 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2... гэж, ...812,650... гэснийг ...758,150... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг нарын гомдлын заримыг хангаж, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч******* ХХК-иас 2020.05.25-ны өдөр төлсөн 675,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 2020.05.25-ны өдөр төлсөн 365,220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД