Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2017/03067

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ММК  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  АК  ХХК -д холбогдох

 

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.155.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А констаркшн ХХК нь үйл ажиллагаагаа тэлж, А групп болон бүтэц, зохион байгуулалт өөрчлөх, 2 хэлтэс шинээр үүсгэн байгуулахтай холбоотойгоор манай компанитай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 02 дугаартай Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээг байгуулж хамтарч ажиллах болсон. Тус гэрээгээр тохиролцсоны дагуу манай компани нь мэргэшсэн боловсон хүчин /ажил горлигч/ сонгон шалгаруулах ажлыг, АК  ХХК нь ажил горилогчийг сонгох эцсийн сонголтыг хийх болон манай компанид үйлчилгээний хөлс төлөх нөхцөлийг зохицуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Бизнес хөгжлийн болон Хүний нөөцийн хэлтсийн дарга ажлын байруудад нийт 11 ажил горилогчдыг танилцуулснаас хойш 2 удаагийн ярилцлагын дараа П.Мболон П.Ө-г сонгон шалгаруулж, ажлын байр санал болгосон.

А констаркшн ХХК нь манай компанийн санал болгосон ажил горилогч буюу П.М 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс П.Ө-г 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажилд авсан бөгөөд П.М нь өнөөдрийг хүртэл Алтай группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний 5.2-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэх авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан нийт төлбөрийн 50 хувийг, 6 сарын дараа үлдсэн 50 хувийг Худалдаа хөгжлийн банкны 420003302 тоот дансанд шилжүүлэхээр зохицуулсан байдаг.

АК  ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр П.Мөнхнасангийн урьдчилгаа төлбөрт 2.700.000 төгрөгийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 420003302 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 50 хувь болох 4.050.000 төгрөгийг АК  ХХК-иас нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Энэ хугацаанд манай компанийн хувьд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх зарчим баримталж ирсэн бөгөөд тус компанид олон удаа боломж олгож үлдэгдэл төлбөрийн асуудлаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч АК  ХХК нь П.М-г ажиллуулах хүсэлтэй байсан боловч өөрөө төд удалгүй ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн, АК  ХХК-д ажиллахгүй байгаа иймд төлбөр төлөх боломжгүй гэж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэснээр эвлэрүүлэн зуучлалын ажил амжилтгүй болсон.

Иймд Иргэний хуулийн 206.1, 208.1, 232.6, Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний 5.3-т заасныг тус тус үндэслэн үндсэн төлбөр, алданги зэрэг төлбөрүүдийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагч талын тайлбараас үзэхэд АК  ХХК нь Мөнхнасанг авч ажиллуулаагүй учраас хариуцахгүй гэж байх шиг байна. Бид АК  ХХК-тай гэрээ байгуулсан. Эцсийн дүндээ АК  ХХК нь Алтай групп ХХК-тай харилцан хамаарал бүхий компани гэдгийг тухайн үед хамтран ажиллаж байхдаа ч гэсэн хэлж байсан.

Ийм учраас заавал хоорондоо хамаарал бүхий компанийн хувьд өнөөдөр эдгээр хүмүүс компанийн төлөө л ажиллаж байгаа. Ө-гийн хувьд ММК  ХХК-тай мөн ялгаагүй АК  ХХК л гэрээ хийсэн гэсэн мөртлөө Өлзиймааг ажиллуулж байгаад ажлаас нь халсан юм байна. Үүнтэй холбоотой маргаан нь шүүхийн шатанд явж байгаа юм байна.

Манай зүгээс ийм боловсрол мэргэжилтэй хүн байна гэдгийг санал болгож байгаа бөгөөд ажиллуулах эсэх нь зуучлалын гэрээний захиалагч талын эрх хэмжээ байгаа. Бид гэрээгээр биелүүлсэн үүргийн дагуу нэхэмжилж байгаа  ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын гэрээ байгуулсан. АК  ХХК болон иргэн П.М нарын хооронд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Энэ нь тус компанийн 2016, 2017 оны нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажсан албан ёсны нийгмийн даатгалын тайлангаар нотлогддог. Түүнчлэн шаардах эрхийн үндэслэл болгосон гэрээний 1.4-т гүйцэтгэгч, захиалагчаас хүлээн авсан захиалгын үндсэн дээр буюу захиалагч нь анхлаад захиалга өгнө, манайд ийм албан тушаал дээр ийм ийм чадвартай боловсон хүчин сонгон шалгаруулж өгөөчээ гэж захиалга өгсний дагуу ММК  ХХК нь ажил горилогчтой холбоотой сонгон шалгаруулалт явуулаад тэндээс шалгарсан хүмүүстэй анхан шатны ярилцлага хийгээд АК  ХХК-д хүргүүлнэ. Гэтэл ийм хүргүүлсэн баримт аль ч компанид нь байдаггүй.

Гэрээний 1.5-д ажил горилогч ММК  ХХК нь ажилд сонгон шалгаруулах ярилцлага, зөвлөгөө өгөөд эцсийн шийдвэрийг захиалагч гаргах ёстой гэтэл үүнтэй холбоотой баримт бас байхгүй. Цаашлаад гэрээний 4.1-т заасан гүйцэтгэх ажлын тодорхойлсон захиалга, ажлын байранд тавигдах шаардлага гэдэг юм байдаг, Захиалагчийн үүрэг хэсэг дээр ажил горилогчийн хийж гүйцэтгэх үүргийг нарийн тодорхойлсон, ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаарлага гэх 2 баримтыг гүйцэтгэгчид хүргүүлнэ гэсэн үүрэг байдаг.

Тэгэхээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн бол энэ үүргээ биелүүлж ажлын байрны шаардлагаа тодорхойлж өгсөн байх ёстой үүнтэй холбоотой баримтыг аль ч тал гаргаж тавьдаггүй бөгөөд талуудын хооронд ийм харилцаа үүсээгүй гэдэг үүнээс харагдаж байгаа. Гэрээний 4.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ирүүлэх ёстой энэ бол АК  ХХК нь санал болгосон ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаад гэрээнийхээ хуулбарыг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчид хүргүүлнэ гэсэн байдаг. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ анхнаасаа байгуулагдаагүй, байгуулагдаагүй учраас  ММК  ХХК-д хүргэгдээгүй.

Гэрээний 4.3-т заасан ажил горилогчийн ажилд орохыг зөвшөөрсөн мэдэгдэл зэрэг баримтуудыг өгнө гэсэн боловч энэ баримтуудыг өгөөгүй. АК  ХХК нь ММК  ХХК-ийн санал болгосон ажил горилогчийг ажилд орохыг зөвшөөрсөн мэдэгдлийг хүлээн авсан бол гэрээний 5.2-т заасан хугацаанд үйлчилгээний хөлсийг төлнө гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулаад АК  ХХК нь иргэн Мөнхнасанд манайд ажлаачээ гэж санал тавьсан юм байхгүй, дээр нь Мөнхнасан ажилд орохыг зөвшөөрч байна гэж мэдэгдэл өгсөн зүйл байхгүй, үүнийг хүлээж авсантай холбоотой баримт ММК  ХХК-д байдагггүй. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хийгдэх ёстой процесс нэг ч явагдаагүй учраас Мөнхнасанг АК  ХХК-д энэ гэрээний дагуу ажил горилох сонгон шалгаруулалт хийгдсэн гэсэн баримт байхгүй. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн гэсэн баримт байхгүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн АК  ХХК-ийн дүрмийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ компани нь өөрөө ямар нэгэн толгой компанигүй буюу 1 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд уг хувьцаа эзэмшигч нь иргэн Х.Бат-Эрдэнэ гэдэг хүн байдаг. Хариуцагч талаас маргаж байгаа шиг толгой компанидаа ажилуулсан гэж ярьж байгаа нь ор үндэслэлгүй байна.

Иим учраас ММК  ХХК-ийн АК  ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 5.155.650 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ММК  ХХК нь хариуцагч А контракшн ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 4.050.000 төгрөг, алданги 1.105.650 төгрөг, нийт 5.155.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу П.Мөнхнасанг ажилд аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу АК  ХХК-ийн захиалгын дагуу мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

            Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

            Талуудын хооронд зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд талуудын зуучлалын гэрээний дагуу П.Ө-г авч, ажиллуулсан байна.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “П.М-г ажилд зуучилсан ажлын хөлсний тал хувь буюу 4.050.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, гэрээний 5.1-т зааснаар жилийн үндсэн цалингийн 15 хувиар үйлчилгээний хөлсийг тохирсон, Одоо Алтай групп ХХК-д ажиллаж байгаа, хамаарал бүхий компаниуд...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “П.М манайд ажилладаггүй болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч гэрээний 1.4, 1.5-д заасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбарласан.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “...Захиалагч нь гүйцэтгэгчийн санал болгосон ажл горилогчтой хөдөлмөрийн гэрээ хийхээр харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн ажилтны жилийн үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлсийг /татварын өмнөх дүнгээр/ гүйцэтгэгчид төлнө” гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зуучилсан ажилтны жилийн цалингийн цэсийг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргаагүй тул жилийн цалингийн 15 хувь нь 4.050.000 төгрөг гэж үзэх боломжгүй.

 

            АК  ХХК-иас ММК  ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 420003302 дугаар дансанд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 4.050.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 2.700.000 төгрөг, нийт 6.750.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.2-т гүйцэтгэгчээс төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан төлбөрийн 50 хувийг, 6 сарын дотор 50 хувийг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон гэх боловч АК  ХХК-иас ММК  ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 420003302 дугаар дансанд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 4.050.000 төгрөг нь зуучлалын гэрээний бүрэн хөлс, эсхүл 50 хувь болохыг тухайн зуучилсан гэх ажилтны цалингийн цэс байхгүй тул шүүх тодорхойлох боломжгүй юм.

           

Түүнчлэн хариуцагч нь гэрээний 1.4, 1.5-д заасан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд Хариуцагч АК  ХХК-д П.М ажилладаггүй болох нь АК  ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар нотлогдов.

 

Нэхэмжлэгч нь Алтай констаркшн ХХК-тай гэрээ байгуулсан атлаа Алтай групп ХХК-д ажилладаг ажилтныг судалсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх АК  ХХК-иас 5.155.650 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч АК  ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт 4.050.000 төгрөг, алданги 1.105.650 төгрөг, нийт 5.155.650 төгрөг гаргуулах тухай ММК  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  97.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР