Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 328

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00328

 

 

“МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АК” ХХК-д холбогдох,

 

Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 155 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнх-Ачит

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АК” ХХК нь үйл ажиллагаагаа тэлж, “Алтай групп” ХХК болон бүтэц, зохион байгуулалт өөрчлөх, 2 хэлтэс шинээр үүсгэн байгуулахтай холбоотойгоор манай компанитай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх 02 дугаартай гэрээг байгуулж хамтарч ажиллах болсон.

Тус гэрээгээр тохиролцсоны дагуу манай компани нь мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулах ажлыг, “АК” ХХК нь ажил горилогчийг сонгох эцсийн сонголтыг хийх болон манай компанид үйлчилгээний хөлс төлөх нөхцөлийг зохицуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Бизнес хөгжлийн болон Хүний нөөцийн хэлтсийн дарга ажлын байруудад нийт 11 ажил горилогчдыг танилцуулснаас хойш 2 удаагийн ярилцлагын дараа П.Мөнхнасан болон П.Өлзиймааг сонгон шалгаруулж, ажлын байр санал болгосон.

“Алтай констаркшн” ХХК нь манай компанийн санал болгосон ажил горилогч буюу П.Мөнхнасан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс, П.Өлзиймааг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажилд авсан бөгөөд П.Мөнхнасан нь өнөөдрийг хүртэл “Алтай групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний 5.2-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэх авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан нийт төлбөрийн 50 хувийг, 6 сарын дараа үлдсэн 50 хувийг шилжүүлэхээр зохицуулсан байдаг.

“АК” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр П.Мөнхнасангийн урьдчилгаа төлбөрт 4 050 000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн. Манай компани нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 50 хувь болох 4 050 000 төгрөгийг “АК” ХХК-иас нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний 5.3-т заасныг тус тус үндэслэн үндсэн төлбөр, алдангид нийт 5 155 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын гэрээ байгуулсан. “АК” ХХК болон иргэн П.Мөнхнасан нарын хооронд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй.

Энэ нь тус компанийн 2016, 2017 оны нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажсан албан ёсны нийгмийн даатгалын тайлангаар нотлогддог. Түүнчлэн шаардах эрхийн үндэслэл болгосон гэрээний 1.4-т гүйцэтгэгч, захиалагчаас хүлээн авсан захиалгын үндсэн дээр буюу захиалагч нь анхлаад захиалга өгнө, манайд ийм албан тушаал дээр ийм ийм чадвартай боловсон хүчин сонгон шалгаруулж өгөөчээ гэж захиалга өгсний дагуу “МК” ХХК нь ажил горилогчтой холбоотой сонгон шалгаруулалт явуулаад тэндээс шалгарсан хүмүүстэй анхан шатны ярилцлага хийгээд “АК” ХХК-д хүргүүлнэ. Гэтэл ийм хүргүүлсэн баримт аль ч компанид нь байдаггүй.

Гэрээний 1.5-д ажил горилогч “МК” ХХК нь ажилд сонгон шалгаруулах ярилцлага, зөвлөгөө өгөөд эцсийн шийдвэрийг захиалагч гаргах ёстой гэтэл үүнтэй холбоотой баримт бас байхгүй. Цаашлаад гэрээний 4.1-т заасан гүйцэтгэх ажлын тодорхойлсон захиалга, ажлын байранд тавигдах шаардлага гэдэг юм байдаг, Захиалагчийн үүрэг хэсэг дээр ажил горилогчийн хийж гүйцэтгэх үүргийг нарийн тодорхойлсон, ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлага гэх 2 баримтыг гүйцэтгэгчид хүргүүлнэ гэсэн үүрэг байдаг.

Тэгэхээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн бол энэ үүргээ биелүүлж ажлын байрны шаардлагаа тодорхойлж өгсөн байх ёстой үүнтэй холбоотой баримтыг аль ч тал гаргаж тавьдаггүй бөгөөд талуудын хооронд ийм харилцаа үүсээгүй гэдэг үүнээс харагдаж байгаа.

Гэрээний 4.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ирүүлэх ёстой энэ бол “АК” ХХК нь санал болгосон ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаад гэрээнийхээ хуулбарыг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчид хүргүүлнэ гэсэн байдаг. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ анхнаасаа байгуулагдаагүй, байгуулагдаагүй учраас “МК” ХХК-д хүргэгдээгүй.

Гэрээний 4.3-т заасан ажил горилогчийн ажилд орохыг зөвшөөрсөн мэдэгдэл зэрэг баримтуудыг өгнө гэсэн боловч энэ баримтуудыг өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хийгдэх ёстой процесс нэг ч явагдаагүй учраас П.Мөнхнасанг “АК” ХХК-д энэ гэрээний дагуу ажил горилох сонгон шалгаруулалт хийгдсэн гэсэн баримт байхгүй. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн гэсэн баримт байхгүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн “АК” ХХК-ийн дүрмийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ компани нь өөрөө ямар нэгэн толгой компанигүй буюу 1 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд уг хувьцаа эзэмшигч нь иргэн Х.Бат-Эрдэнэ гэдэг хүн байдаг. Хариуцагч талаас маргаж байгаа шиг толгой компанидаа ажилуулсан гэж ярьж байгаа нь ор үндэслэлгүй байна.

Иимд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “АК” ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт 4 050 000 төгрөг, алданги 1 105 650 төгрөг, нийт 5 155 650 төгрөг гаргуулах тухай “МК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар  гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Алтай групп” ХХК-ийн ажилтан П.Мөнхнасангийн нийгмийн даатгалын тайлан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Алтай групп” ХХК, “АК” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулахыг хүссэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 183/11132017/15558 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан атлаа хүсэлт гаргаж байгаагүй мэтээр дүгнэсэн учир дутагдалтай байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нь гэрээний 1.4, 1.5-д заасан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хариуцагч “АК” ХХК-д П.Мөнхнасан ажилладаггүй болох нь “АК” ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар нотлогдов" гэж дүгнэсэн.

Бодит нөхцөл байдал дээр П.Мөнхнасан нь “Алтай групп” ХХК-д ажиллаж байгаа учир мэдээж "АК" ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар харагдахгүй нь ойлгомжтой. Тэр ч утгаараа анхан шатны шүүхэд П.Мөнхнасангийн нийгмийн даатгалын тайлан болон, “АК” ХХК болон “Алтай групп” ХХК-ийн харилцан хамааралтай болохыг нотлохын тулд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хангаагүй.

Хэргийн нөхцөл байдлын хувьд хариуцагч компани нь П.Өлзиймааг ажилд авсан талаар маргадаггүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/01 тоотоор “Алтай групп” ХХК нь П.Өлзиймааг ажил, албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь захирлын зөвлөлийн хурлаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдье гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “АК” ХХК-ийн ажилтныг “Алтай групп” ХХК нь ажлаас чөлөөлж энэ 2 компани нь харилцан хамааралтай болох нь нотлогдох юм. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл дээр “АК” ХХК нь “Алтай групп” ХХК-ийн хуульчийг томилж байгаа бодит нөхцөл байдал байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй бөгөөд хэтэрхий нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 155 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх 02 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь “АК” ХХК-ийн захиалгын дагуу мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсоноор Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалтын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч “АК” ХХК нь зуучлалын гэрээний дагуу П.Өлзиймааг авч ажиллуулсан ба гэрээний 5.1-д заасны дагуу “АК” ХХК-иас “МК” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 420003302 дугаар дансанд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 050 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөг, нийт 6 750 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийн зуучилж өгснөөр П.Мөнхнасан хариуцагч “АК” ХХК-ийн толгой компани болох “Алтай групп” ХХК-д нь ажилласан талаар маргажээ. Нэхэмжлэгч “МК” ХХК нь Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх 02 дугаартай гэрээний 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар П.Мөнхнасангийн талаар дүгнэлт боловсруулан, холбогдох баримт бичгийг захиалагчид хүргүүлэх, мөн П.Мөнхнасанг ажилд сонгон шалгаруулах ярилцлагыг зохион байгуулах үүргээ гүйцэтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд П.Мөнхнасан нь “Алтай групп” ХХК-д ажиллаж байгаа үйл баримт нь “АК” ХХК нь нэхэмжлэгч “МК” ХХК-иар зуучлуулан П.Мөнхнасанг “Алтай групп” ХХК-д ажилд авсан, зуучлалын үйлчилгээ үзүүлсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн П.Мөнхнасангийн нийгмийн даатгалын дэвтэр, “Алтай групп” ХХК, “АК” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар уг баримтуудыг хэрэгт хамааралгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээрд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 97 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА