Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 77

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

Улсын яллагч Б.Энэрэл,

Хохирогч Х.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Э.Батзаяа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2-260),

Шүүгдэгч Б.Амарзаяа, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-165),

Шүүгдэгч Д.Цогтгэрэл, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-217),

Шүүгдэгч Р.Готов, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-261),

Иргэдийн төлөөлөгч Б.Он-Ой нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас;

- Боржигин овгийн Бэхбатын Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4., 155 дугаар зүйлийн 155.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 155 дугаар зүйлийн 155.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Боржигон овогт Энхбатын Батзаяа, Шандас овогт Рэнцэндоржийн Готов нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2601 2662 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Боржигон овогт Энхбатын Батзаяа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 9-11 тоотод оршин суудаг, УЗ91080794 регистрийн  дугаартай, урьд 3 удаа ял шийтгүүлсэн,

1.1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

1.2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 434 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

1.3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Хоёр. Боржигин овогт Бэхбатын Амарзаяа, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-12 тоотод оршин суудаг, ВЖ83043014 регистрийн дугаартай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн,

2.1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаар тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. дэх хэсэгт заасны дагуу үлдсэн хорих ялын 3 жилийг өршөөн хасаж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаартай захирамжаар 7 сар, 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2.2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2. дахь хэсэгт зааснаар 6 жил, 7 сар, 9 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Гурав. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1973 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19-26 тоотод оршин суудаг, НИ73040112 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй.

 

Дөрөв. Шандас овогт Рэнцэндоржийн Готов, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22-б байрны 63 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-61 тоотод түр оршин суудаг, ЦБ56011879 регистрийн дугаартай, урьд 4 удаа ял шийтгүүлсэн,

4.1. Улаанбаатар хотын шүүхийн 1973 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

4.2. Сэлэнгэ аймгийн нүүдлийн 4 дүгээр шүүхийн 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1975 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б, 64 дүгээр зүйлд зааснаар 5 жил, 11 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

4.3. Зүүнхараа хотын шүүхийн 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн б, 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4.4. Улаанбаатар хотын Найрамдлын раойны шүүхийн 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Батзаяа:

- ганцаараа, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрийн 180,000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэж, нэвтрэн орж мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэрэг 310,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25,000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2,552,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явсанаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Б.Амарзаяа:

- Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед буюу урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25,000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2,552,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс Э.Батзаяагийн хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аягыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Д.Цогтгэрэл нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчимд бусдад борлуулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Д.Цогтгэрэл:

- Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх Х.Эрдэнэбаярын байшингийн 25,000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2,552,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс Э.Батзаяагийн хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аягыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Б.Амарзаяа нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчимд бусдад борлуулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Р.Готов:

- Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25,000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2,552,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Э.Батзаяа ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байрлах Х.Эрдэнэбаярын эзэнгүй байсан монгол гэрийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдлэн орж, 150.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 160.000 мянган төгрөгийн үнэ бүхийг мөнгөн бугуувчийг хулгайлсны улмаас Х.Эрдэнэбаярт нийт 490.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Э.Батзаяа нь мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг Хархорин зах дээр борлуулж, өөрийн дураар захиран зарцуулсан.

Мөн өдрийн 16 цагийн үед Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байрлах Х.Эрдэнэбаярын эзэнгүй байсан байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж;

- 900,000 төгрөгийн үнэ бүхий  “Эйл-Жи” загварын цагаан өнгөтэй хөргөгч,

- 652,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан зуух,

- 350,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эко-халаагуур,

- 200,000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин,

- 100,000 төгрөгийн үнэ бүхий зурагт,

- 350,000 төгрөгийн үнэ бүхий 42 хэмжээтэй пүүзэн гуталыг хулгайлсны улмаас Х.Эрдэнэбаярт 2.577.000 төгрөгийн хохирол учирсан нь дараах нотлох баримтуудаар бүрэн бодитой нотлогджээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Батзаяа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг авч явж байгаад Амарзаяа, Цогтгэрэл ах хоёртой таараад хамт зах дээр очиж зарсан. Дараа нь Готов ахтай таарсан. Тэгээд ганц шил юм уухуу гэсэн чинь Готов ах тэгье гээд хамт явсан. Тэгээд би Амарзаяа ахыг машин аваад ир гэж хэлсэн. Энэ хэрэгт Амарзаяа, Готов ах хоёр ямар ч хамаагүй. Би Цогтгэрэл ахыг гуйж байгаад юм зөөлгөсөн гэв. 

 

Шүүгдэгч Б.Амарзаяа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Яллагдагч Батзаяа ах Цогтгэрэл бид хоёртой тааралдахдаа мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг өөрийнхөө биед авч явж байсан. Тэгээд энийг зарж архи авч уух уу гэхээр нь тэр саналынх нь дагуу бид нар Хархорин зах дээр очиж зараад архи авч уусан. Тэгээд Цогтгэрэлийн гэрт очиж бид гурав архи ууж байтал Батзаяа гэр рүүгээ явлаа гээд явсан. Удалгүй Цогтгэрэл бид хоёр тамхи авахаар дэлгүүр рүү явж байгаад Батзаяа тал шил архи барьсан явж байгаатай таарсан. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад сууж байтал Батзаяа надад хандан эгчийнхээ гэрийг нүүлгэх гэсэн юм. Тэгсэн чинь унаа тэрэг олдохгүй байна гэж хэлсэн. Би урьд нь эгчийнх нь нүүх гэж байгааг сонсож байсан. Гэхдээ гэр нь хаана байдаг талаар мэдээгүй байсан. Тэгээд хөлсний машин олох хэрэгтэй байна. Хөлс мөнгийг нь би өгнө гэж хэлсэн. Тэр гуйлтынх нь дагуу хөлсний машин олж өгсөндөө одоо би буруутаад зогсож байна. Тэгээд машин олоод ир гэж явуулахдаа манай эгчийнх энэ гэж цэнхэр хаалгатай айлыг зааж байсан боловч би дотор нь орж үзээгүй. Намайг машин олоод ирэхэд гадаа гудамжинд бүх эд зүйлсээ гаргаад тавьчихсан байсан. Батзаяа, Цогтгэрэл нар гудамжинд юмыг нь гаргаад тавьсан байсан болохоор би айлынх нь цонхыг хагалаад авсан юм уу, яаж авсан талаар нь мэдээгүй. Тэр өдрөөс хоёр хоногийн өмнө Хангай зах дээр явж байгаад Батзаяа ахтай таарахад манай зурагт эвдэрсэн талаар хэлж байсан. Тэгээд юмыг нь өргөлцөөд өгч байхад Амарзаяа зурагтаа засуулаагүй бол энэ зурагтыг түр гэртээ тавьж байхгүй юу, манай эгчийн юм байгаа шүү. Би буцааж авна гэж хэлсэн. Тэгээд би зурагтыг гэртээ аваачиж тавьсан. Яллагдагч Готов, Цогтгэрэл нар мөрдөн байцаалтын шатанд яагаад миний талаар ингэж худал ярьсан, мөн Цогтгэрэл дөрвүүлээ тэр айлын гэрт орж авсан мэтээр хэлсэн байсан. Ингэж худал мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Би тэр айлын хашаанд ороогүй, Батзаяагийн эгчийн гэрийг нь мэдэхгүй. Би үнэхээр эгчийнх нь нүүх гэж байна гэж бодсон. Тэгээд би Хангай зах дээрээс портер машин авчирч өгсөн. Тэгээд хамт очиж буулгаж өгье гэсэн чинь Батзаяа хэрэггүй, согтуу хүн дагуулаад очвол эгч уурлана. Та Хархорин зах дээр очоод байж бай. Би эгчээс гэрийг нь зөөж өгсний хариуд мөнгө аваад очъё гэж хэлсэн. Тэгээд би ийм хэрэгт орж өндөр настай ээжийгээ зовоож араасаа гүйлгэж байгаад харамсаж байна гэв.

Шүүгдэгч Д.Цогтгэрэл мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. 2015 оны 12 дугаар сарын 08-нд Амарзаяа бид хоёр гудамжаар явж байгаад Батзаяатай таарсан чинь Батзаяа надад мөнгөн аяга, мөнгөн бугуйвч байна. Хамт явж заръя гэхээр нь Хархорин зах дээр ирж зарсан. Тэгээд манай гэрт очиж 1 шил архи хувааж уусан. Батзаяа харьж амарлаа гээд гараад явсан. Тэгээд Амарзаяа бид хоёр тамхи авах гэж явж байгаад Батзаяатай таарсан чинь Батзаяа эгчийнхээ гэрийг нүүлгэх гэсэн юм. Унаа олоод ир гээд Амарзаяаг явуулсан. Тэгээд бид хоёр гадаа зогсож байтал би эгчийнх рүүгээ орчихоод ирье гээд орсон. Тэгснээ намайг дуудаад та хөргөгчийг нь хамт өргөлцөөд өгөөч гээд дуудсан. Тэгж байтал Готов ах ирсэн. Тэгээд эд зүйлийг нь ачилцаж өгөөд Батзаяа яваад өгсөн. Тэгээд Готов, Амарзаяа бид гурав зурагтыг Амарзаяагийнд аваачиж өгчихөөд гэр гэр рүүгээ харьцгаасан гэв.  

Шүүгдэгч Р.Готов мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх үг алга. Амарзаяа, Цогтгэрэл хоёр анх тохиролцоод дөрвүүлээ хамт орсон гэж хэлье гэсэн. Тэгээд би анх энэ хүмүүсийн үгээр мэдүүлэг өгсөн. Батзаяа намайг энийг өргөлцөөд өг, би даахгүй байна. Гэхээр нь би тэрийг өргөж өгснөөрөө буруутан болж байна. Дараа нь Амарзаяагийн гэрт зурагт аваачиж тавьчихаад би гэр рүүгээ явсан. Өөр зүйл болоогүй гэв.  

Хохирогч Х.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр оройхон гэртээ ирэхэд монгол гэрийн хаалга цөмөрсөн, байшингийн нэг цонх хагарсан, хаалга нь онгорхой байсан. Ороход бүх юм аваад явсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Хөргөгч, угаалгын машин, зурагт, халаагуур, мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, пүүз гэх зүйлс алга болсон. Эдгээрээс зурагтаа л авсан. Бусад зүйлсээ нэхэмжилж байна гэв. 

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2015 2601 2662 дугаартай хэргээс

Хохирогч Х.Эрдэнэбаярын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч яваад, маргааш орой нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний орой гэртээ иртэл хашаанд байсан монгол гэрийн хаалгыг цөм цохиод хаалга эвдэлж гэрт хулгай орсон, мөн байшингийн урд талын цонх хагалан орж байшингаас эд зүйл авсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Гэрээс орчин цагийн хөөрөг 1 ширхэг 100,000 төгрөг, мөнгөн бугуйвч 1 ширхэг 150,000 төгрөгийн үнэтэй эд зүйл алга болсон. Байшингаас Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 2 метр өндөртэй “LG” брэндийн хөргөгч 1 ширхэг 900,000 төгрөг, цахилгаан зуух “FAGOR” брэндийн 1 ширхэг 652,000 төгрөг, эко усан цахилгаан паар 1 ширхэг 350,000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн ашиглаж байсан угаалгын машин 1 ширхэг 200,000 төгрөг, Хавтгай дэлгэцтэй биш 21 инчийн өнгөт зурагт 1 ширхэг 100,000 төгрөг, би интернетээс харж байгаад найздаа захиж Америкаас захиалж авчируулсан эрэгтэй хүний 42 размерийн шинэ пүүз 1 хос 680,000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүдийг хулгайд алдсан. Надад нийтдээ 3,123,000 төгрөгний хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Мөн түүний 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би гомдолтой байна, өөрийнхөө алдсан эд зүйлийг гарсан үнэлгээгээр нь төлүүлж хохирлоо авмаар байна. Одоогоор миний хохирлыг огт төлж барагдуулаагүй байна. Гэрээс алдсан зүйл гэвэл орчин цагийн хөөрөг 1 ширхэг 100,000 төгрөгийн үнэтэй, мөнгөн бугуйвч 1 ширхэг 150,000 төгрөг, Мөнгөн аяга 150,000 төгрөгийн үнэтэй байгаа байх. Байшингаас алдсан эд зүйл гэвэл LG брэндийн цагаан өнгийн хөргөгч 900,000 төгрөгийн үнэтэй, эко усан паар 350,000 төгрөгийн үнэтэй, угаалгын машин 200,000 төгрөгийн үнэтэй, 21 инчийн өнгөт зураг 100,000 төгрөгийн үнэтэй, мөн угаалгын машин дотор байсан 42 размерийн шинэ пүүз 1 хос, 680,000 төгрөгөөр анх худалдан авч байсан одоо 300,000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрийн хаалгыг бүр ашиглах боломжгүй болгож цөм цохиод орхичихсон байсан. Мөн байшингийн урд талын вакум цонхыг хагалж байшинд орсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

Мөн түүний 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө алдсан эд зүйлийн талаар ярьсан байгаа, гэхдээ гэрээс хөөрөг алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл хөөргийг хулгайч нар гэрт орохоос өмнө би өөрөө аваад ахын гэрт орхисон юм билээ. Би гэрт хулгай ороход гэрт хөөрөг байсан гэж бодоод өмнө мэдүүлэг өгөхдөө гэрээс хөөрөг алдсан гэж мэдүүлсэн байна. Бусад зүйл нь нэмж хасагдах зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг дээр байгаа. Би хохирлоо барагдуулмаар байна, хохирлоо барагдуулчихвал надад өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр тал),

Гэрч Э.Баярцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай гудамжны захын айлд хулгай орсон талаар сонсож байсан. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 6-нд хөдөө яваад 8-ны орой ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал),

О.Батзаяа (Э.Батзаяа)-ийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хороо, Баянголын 26-01 тоот хашаанд Амарзаяа, Цогтгэрэл нарын хамт хулгайгаар орж гэрээс мөнгөн аяга, байшингаас хөргөгч, цахилгаан зуух, угаалгын машин зэрэг зүйлүүдийг авч Хангай захаас нүүрс ачсан портер машин дуудаж авчираад Хархорин зах дээр хүнд зарчихсан. Би тухайн үед портер машины жолоочийн утсыг нь авч байсан боловч хаячихсан болохоор мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн Портер маркийн машин байсан, дугаарыг нь анхаарч сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Би өөрөө тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

Мөн түүний 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хороо, Баянголын 26-01 тоот хашаанд ганцаараа орж хашаанд байсан гэрийн хаалгыг доод булангийн самбараас нь хуга татаж хаалгыг эвдэж орсон. Гэрээс мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг хулгайлан авч хашаанаас гарч яваад Амарзаяа, Цогтгэрэл хоёртой таарсан. Би тэр хоёроос мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг зарах уу гэж асуухад Амарзаяа, Цогтгэрэл хоёр тэгье гэж хэлэхээр нь Хархорин зах руу очиж нэг танихгүй бүдүүн хүүхэнд мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёроо нийлүүлж 40,000 төгрөгөөр зараад, дэлгүүрээс 1 шил архи авч “Барс-2” захын хажууд байдаг контейнорын араар орж хувааж уусан. Архиа ууж дуусаад буцаад Ханын материал руу алхсан. Замаараа ...дахиж 1 шил архи авч уугаад Цогтгэрэлийн гэр лүү явцгаасан. Цогтгэрэлийн гэрт ороод бид дахиж архи авч уусан. Архиа ууж дуусгаад би гэр лүүгээ харихаар гарсан. Би гэртээ ороод байж байтал Готов ах гэрийн гаднаас дуудахаар нь би гараад очтол Готов “мөнгөн аяга, мөнгө бугуйвч зараад явж байна гэсэн чамд мөнгө байна уу” гэж асуухаар нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Готов ахтай хамт буцаад төв зам руу яваад мөнгөн аяга, мөнгөн бугуйвч авсан айлын гадаа очоод Амарзаяаг “та яваад машин олоод ир, би энэ айл руу орчихоод ирье” гэж хэлсэн. Амарзаяа машинд явсан. Цогтгэрэл, Готов хоёр хашааны гадаа байсан. Би хашаанд ороод гэрийн хажуу талын байшингийн цонхыг хагалж ороод доторх юмыг нь харчихаад буцаад гараад ирсэн. Тэгээд гарч ирээд амбаарын үүдэнд байсан сүхээр хаалыг нь хөшиж онгойлгоод байшингаас зурагт, угаалгын машин гаргасан. Готов ахыг дуудаж байшинд оруулж ирээд шарх шүүгээг гаргасан. Дараа нь Цогтгэрэлийг дуудаж байшинд оруулж ирээд хөргөгч ийг нь гаргасан. Байшингаас гаргасан зүйлээ хашаан дотор байлгаж байтал Амарзаяа цэнхэр өнгийн Портер машин аваад ирсэн. Тэгээд авсан зүйлүүдээ бүгдийг нь ачиж би аваад явсан. Харин Амарзаяа зурагтыг нь аваад үлдсэн. Би бусдыг нь Хархорин захын хавьд аваачиж хүнд зарсан. Би тухайн үед нилээд согтуу байсан учраас ямар хүнд өгсөнөө санахгүй байна. Харин дуков шарх шүүгээг зах руу хүргэж өгсөн портерын жолооч авсан гэх ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал),

 

Б.Амарзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цогтгэрэлтэй хамт явж байтал Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны, ...хэддүгээр гудамж билээ санахгүй байна, Батзаяатай тааралдсан. Тэгтэл Батзаяа жижигхэн мөнгөн аяга, мөнгөн бугуйвч барьчихсан зарна гээд явж байсан. Тэр мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг алт мөнгө авдаг хүнд 40,000 төгрөгөөр зарсан. Мөнгөө авчихаад Цогтгэрэл, Батзаяа бид гурав “Барс-2” руу орж 0,75 литрийн 1 шил архи ундаа авч тэр хавьдаа хувааж уусан. Бид 3 архиа ууж дуусгаад захаас такси бариад Цогтгэрэлийн гэрт ирж дахин архи авч, хувааж уугаад архиа дуустал Батзаяа гэр рүүгээ харьлаа гээд явсан. Би Цогтгэрэлтэй хамт гэрт нь байж байтал Готов гэдэг ах орж ирээд Батзаяаг асуухаар нь хажуу талын айлд байгаа гэж хэлээд гаргасан чинь удалгүй Батзаяаг дагуулж орж ирээд Батзаяа, Готов хоёр нэг юм ярьж байгаад хамт гараад явахаар нь 2-3 минутын дараа Цогтгэрэл бид хоёр мөн араас гаръя гээд дагаад гарсан. Урд алхаж явахаар нь араас нь яваад байсан чинь өдөр таарсан гудамжныхаа дэлгүүрийн буланд зогсохоор нь яваад очсон. Тэгтэл Батзаяа айлаас юм  ачих гэсэн юм, та яваад унаа портер олоод ирээч гэж хэлэхээр нь би Хангай зах руу явж нүүрс ачсан байсан портер дагуулаад очтол гудамжинд хөргөгч, угаалгын машин, зурагт, шарх шүүгээ зэрэг зүйлүүд гаргаад тавьчихсан байхаар нь тэрийг хараад Батзаяа хулгай хийсэн байна гэдгийг нь мэдсэн. Би гудамжинд байсан зүйлүүдийг нь портерт ачилцаж өгсөн. Тэгтэл Батзаяа та гурав жаахан байж байгаад Хархорин захын наад талын хаалган дээр хүрээд ирээрэй гэж хэлээд айлаас авсан зүйлээ ачаад Батзаяа яваад өгсөн. Готов, Цогтгэрэл бид гурав үлдээд араас нь такси бариад Хархорин захын наад талын хаалган дээр очоод зах дотор хайгаад олоогүй. Гэтэл Готов ах мөн алга болчихсон. Цогтгэрэл бид хоёр үлдээд зах дээр жаахан хайж байгаад захаас Цогтгэрэл бид хоёр алхаж ирсэн. Цогтгэрэлийн гэрт ирээд бид гэрлүүгээ харихаар явсан. Гэртээ байж байтал цагдаагаас хүмүүс хүрч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

Мөн түүний 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Цогтгэрэл бид хоёр ... “Очирхайрхан” дэлгүүрийн ойролцоо Батзаяатай тааралдсан. Батзаяатай тааралдахад надад мөнгөн аяга, мөнгөн бугуйвч байна, энийг зармаар байна гэхээр нь Цогтгэрэл ах, Батзаяа бид гурав Хархорин зах дээр ирж алт мөнгөний ченжид мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг 45,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр зарсан мөнгөөрөө “Барс-2” худалдааны төв рүү орж 0,75 литрийн 1 шил архи, ундаа, 1 хайрцаг тамхи авсан. Тэгээд 1 шил 0,75 литрийн архиа “Барс-2” захын ард талын чингэлэгний ард очиж уусан. Бид 3 архиа ууж дуусгаад 32-р байрны автобусны буудлаас такси бариад Цогтгэрэл ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, мандал овоогийн 50-01 тоотод ирж зүүн улаан тоосгон дэлгүүрээс 0,5 литрийн 2 шил архи аваад Цогтгэрэл ахын гэрт орж уусан. Тэрийг уучихаад Батзаяа би согтоод байна, орж унтлаа гээд гараад явсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр байж байтал гаднаас Готов ах орж ирээд “Батзаяа мөнгөн аяга, бугуйвч зарах гээд явж байсан гэсэн, хаана байна” гэж асуусан. Тэгэхээр нь би Батзаяа харьлаа гэж хэлээд явсан гэж хэлсэн чинь Готов ах гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Готов ах Батзаяагийн хамт буцаад ороод ирсэн. Тэгээд Готов ах Батзаяатай юм ярьж байгаад дагуулаад гараад явсан. Цогтгэрэл ах бид хоёр араас нь гарсан. ...Тэгээд урд талын дэлгүүр рүү явж байсан чинь Готов ах Батзаяа хоёр зогсож байсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр очсон. Тэгтэл Батзаяа намайг юм ачихаар портер олоод хүрээд ирээч гэсэн. Тэгээд би тэндээс Хангай зах руу яваад нүүрс ачсан цэнхэр өнгийн портерын жолоочтой уулзаад 10,000 төгрөг өгөхөөр тохироод Батзаяагийн ир гэсэн газар очсон. Тэнд очсон чинь Цогтгэрэл ах, Готов ах, Батзаяа гурав гудамжинд хөргөгч ширхэг, шарх шүүгээ 1 ширхэгийг гаргаад тавьсан байсан. Тэгээд бид нар тэр зүйлүүдийг портер дээр ачсан. Ачиж байхад би Батзаяад энэ зурагтаа ахдаа өгчих, ах нь түр гэртээ үзэж байгаад өгье гээд авсан. Тэгээд Батзаяа араас такси бариад хүрээд ирээрэй гэж хэлээд портерийн жолоочтой хамт явсан. Бид гурав авсан зурагтаа манайд аваачиж тавьчихаад Батзаяагийн араас нь такси бариад Хархорин зах дээр очоод Батзаяаг хайсан. Тэр хавиар хэсэг хайж байгаад Готов ахаас төөрөөд салсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь болиод Цогтгэрэл ахын гэр рүү алхаж ирсэн. Замдаа 0,5 литрийн 1 шил архи аваад Цогтгэрэл ахынд ирж архиа уусан. Тэгээд би согтоод гэр рүүгээ орж унтсан. Тэгээд гэртээ унтаж байтал цагдаа нар манай гэрт ирж намайг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Тухайн үед машин олж ирэхэд нь би айлаас хулгай хийх гэж байна гэдгийг нь ойлгоогүй байсан. Би согтуу байсан болохоор хулгайн эд зүйл ачиж байгаа гэдгээ мэдээгүй. Мөн би хөргөгч, угаалгын машин, шарх шүүгээ зэрэг эд зүйл зарсан мөнгөнөөс хамт үрэлцээгүй. Би портерын жолоочид “Эндээс юм ачих гэсэн юм, 10.000 төгрөг өгье” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

 

Д.Цогтгэрэлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...би Амарзаяатай хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-р гудамж өнгөрөөд явж байтал Лууван хочтой Батзаяа араас дуудахаар нь яваад очтол, надад нэг ийм юм байна үүнийг зарчихмаар байна гээд нэг ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч Амарзаяа бид хоёрт харуулахаар нь “Хархорин” зах явж түүнийг нь заралцахаар бид гурав хамтдаа явж Хархорин зах орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёроо нийлүүлээд 40.000 төгрөгөөр зарсан. Амарзаяа, Батзаяа бид гурав Хархорин захаас явж замаараа дэлгүүр орж 1 шил архи аваад  манай гэрт орж хувааж уусан. Тэгтэл Батзаяа гэр рүүгээ орлоо гээд  манайхаас гараад явсан. Амарзаяа, бид хоёр манай гэрт зурагт үзээд сууж байтал Готов ах орж ирээд Лууван хочтой Батзаяаг асуухаар нь дөнгөж сая гэр рүүгээ орлоо гэж хэлээд манайхаас гараад явчихлаа гэж хэлтэл Готов буцаад явсан. Тэгээд Амарзаяа бид 2 дүүрэг орж иргэний бүртгэлийн лавлагаа очиж авъя гээд манайхаас гарч яваад Амарзаяагийн гэрээр ороод урагшаа зах дагаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 26 гудамж 01 тоот замын зүүн талын хашаанд Готов, Лууван хочтой Батзаяа хоёр айлд хулгайгаар орж хашааных нь гадна хөргөгч, цахилгаан зуух, зурагт зэрэг зүйлийг гаргаад тавьчихсан байсан. Амарзаяа бид хоёрыг харчихаад Батзаяа чи яваад машин олоод ир гэж хэлтэл, Амарзаяа, Батзаяа хоёр машинд яваад, би Готов ахтай хамт үлдээд хашааны гадаа гаргаж тавьсан зүйлүүдийг хараад зогсож байтал тэвшин дээрээ нүүрс ачсан цэнхэр өнгийн портер маркийн машин аваад ирэхээр нь Амарзаяа, Батзаяа, Готов бид дөрөв хашааны гадаа байсан зүйлүүдийг ирсэн машинд нийлж хамжиж байгаад ачиж өгөөд явуулсан. Тухайн үед Амарзаяа надад энэ зурагтаа өгчих гэж хэлээд Батзаяагаас айлаас хулгайлсан зурагтыг нь авсан. Тэгээд портер дээр юмаа ачаад Батзаяа машинд суугаад явсан. Бид гуравыг араас такси бариад Хархорин зах дээр яваад очоорой гэж хэлэхээр нь Амарзаяа, Батзаяагаас авсан зурагтаа гэртээ хүргэж өгчихөөд, Готов, Батзаяа, бид гурав шинэ замаас такси бариад Хархорин зах руу очоод Батзаяаг хайгаад олоогүй. Хархорин зах дээр Батзаяаг хайж яваад Готов ах зах дээр төөрөөд алга болчихоор нь Амарзаяа бид хоёр Хархорин захаас явган алхаж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 50 гудамж 01 тоотод хашаанд манай гэрт ирсэн. ...Би машины жолоочийг танихгүй жолооч ганцаараа байсан, хулгай хийж авсан юмаа Батзаяа ачаад жолоочтой хамт явсан. Машины улсын дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

Мөн түүний 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн орчим өөрийн хуурай дүү Амарзаяатай гэрт нь очиж уулзаад цугтаа иргэний үнэмлэхийн лавлагаа авахаар Сонгинохайрхан дүүрэг рүү явж байтал бидний хулгай хийдэг айлын хажуу талын “Очирхайрхан” гэдэг дэлгүүрийн тэнд Батзаяа мөнгөн аяга, мөнгөн бугуйвч жинсэн якныхаа баруун зүүн халааснаас гаргаж ирээд энийг зарчмаар байна гэж хэлсэн. Ингээд Амарзаяа, Батзаяа бид 3 Хархорин зах ороод “Барс-2” захын үүдэнд байсан махлаг шар хүүхэнд мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёроо нийлүүлээд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Барс-2 зах ороод 1 шил 0,75 граммын архи авсан. Авсан архиа Барс-2-ын зүүн талын контнерийн ард  гурвуулаа хувааж уучаад 14 цагийн үед бид 3 манайд очоод 2 шил 0.5 граммын “эзэн чингис” нэртэй архи аваад хувааж уусан. Тэгтэл 16 цагийн орчим Батзаяа орж унтлаа гээд гараад явсан. Батзаяаг явсаны дараа манайд хааяа цуг архи уудаг Готов ах орж ирээд Батзаяаг асуусан. Тэгэхээр нь Батзаяаг гэр рүүгээ явсан талаар хэлэхэд араас нь гараад явсан. Тэр үед би орон дээрээ хэвтэж байсан. Батзаяа, Готов ах 2 хоорондоо юм ярьж байгаад гараад явсан. Дараа нь тэр хоёрын араас Амарзаяа бид хоёр гараад манай гэрийн зүүн талын улаан тоосгон “Дамбо” гэдэг дэлгүүр рүү Батзаяа, Готов ах хоёрыг асууж ортол байхгүй байсан. Ингээд Очирхайрхан дэлгүүр рүү очиж үзэхэд тэр дэлгүүрийн гадаа тэр 2 байж байсан. Тэгтэл Батзаяа нь Амарзаяаг портер олоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарзаяа портероор яах гэж байгаан гэж асуутал юм ачих гэж байна гэж хэлсэн. Ингээд Амарзаяа портер олохоор ганцаараа явсан. Энэ хооронд нь Батзаяа, Готов ах, бид гурав “Очирхайрхан” дэлгүүрийн баруун талын улаан өнгийн 1 давхар тоосгон байшинтай айл руу түрүүлээд Батзаяа ороод хаалга үүдийг нь онгойлгоод Готов ах, би 2 араас нь гэрт нь ороод хөргөгчийг нь бид хэд өргөөд гудамжинд гаргасан. Харин угаалгын машин, дуков, зурагт 3 нь хашаан дотор нь байсан. Тэгээд “Очирхайрхан“ дэлгүүрийн баруун талын гудамжинд тухайн эд зүйлсийг зөөж гаргаад байж байтал удалгүй Амарзаяа портер аваад ирсэн. Тухайн портерт хөргөгч, угаалгын машин, дуков зэрэг эд зүйлийг 17 цагийн үед ачсан. Зурагтыг нь Амарзаяа Батзаяагаас түр гэртээ тавьчихъя гэж хэлээд аваад гэр рүүгээ явсан. Тэгэхэд нь бид хэд хамт явсан. Батзаяа тэр үед портероо унаад Хархорин явсан. Ингээд бид Амарзаяагийн гэрт зурагтыг нь оруулж тавьсан. ...Би хулгайн эд зүйл болохыг нь мэдэж байсан. Гэхдээ тэр үед согтуу байсан болохоор ямар нэг юм бодоогүй. Шууд хамтарч хулгай хийсэн. Батзаяа хаалгыг нь сүхээр эвдсэн гэж ярьж байсан. Түүнээс биш  би хараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дугаар тал),

 

Р.Готовын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал худгын урд талын замын баруун талд нүүрэн талын ханшаанд цэнхэр өнгийн портер зогсоочихсон Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл 3 айлын хашаанаас юм зөөгөөд ачиж байсан. Лууван хочтой Э.Батзаяа би өргөж даахгүй байна, та өргөөд ачилцаад өгөөч гэж хэлэхээр нь цахилгаан зуух өргөж машинд ачилцаж өгсөн. Тэр гурав юмаа ачиж дуусаад Э.Батзаяа нөгөө ачсан юмаа аваад портертой яваад өгсөн. ...Би гэрийн хаалга эвдэрсэн гэдгийг мэдэхгүй байна, хашааны том хаалга нь онгорхой байсан. Би огт байшингаас ямар нэгэн зүйл гаргалцаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал),

Мөн түүний 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол орж таньдаг хүнтэйгээ уулзалдаж, архи хувааж уучихаад буцаад гэр рүүгээ явж байтал худгын урд талын замын баруун талд нүүрэн талын хашаанд цэнхэр өнгийн портер зогсоочихсон Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл гурав айлын хашаанаас юм зөөгөөд ачиж байсан. Тэгтэл Э.Батзаяа цахилгаан зуух өргөж ачих гээд “Готов ахаа өргөлцөөд өгөөч, би даахгүй байна” гэж хэлэхээр нь би цахилгаан зуух өргөлцөж өгөөд машинд ачилцаж өгсөн. Тэр гурав хашаанаас хөргөгч, цахилгаан зуух, цахилгаан халаагч ачсан, өөр юу юу байсан эсэхийг одоо санахгүй байна. Тэгтэл  Э.Батзаяа нөгөө юмнуудаа ачиж дуусаад портертой, харин Амарзаяа, Цогтгэрэл хоёр гудамжаар ороод зүүн тийшээ яваад өгсөн. Би гэр рүүгээ явсан. ...Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарын гэр биш гэдгийг мэдэж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал),

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаартай

1. Б.Амарзаяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Амарзаяа нь сэтгэцийн өвчний учир эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. Б.Амарзаяа нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна.

3. Б.Амарзаяа нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Амарзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар тал),

 

Түүнчлэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээнүүд, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” 158 дугаартай тогтоол болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

Прокуророос Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр хулгайн эд зүйл болох мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг борлуулсан гэх Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсныг үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нар “...Э.Батзаяагийн зарсан мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдээгүй...” гэж, харин Э.Батзаяа нь “...хулгайлсан эд зүйл гэдгээ Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарт хэлээгүй...” гэж тогтвортой мэдүүлсэн бөгөөд яллагдагч нарын мэдүүлгийг няцаах баримт хэрэгт байхгүй. Мөн мөрдөн байцаалтаар шалгавал зохих ажиллагааг хийсэн боловч Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр хулгайн эд зүйл болох мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг борлуулсан нь нотлогдоогүй байна. Иймд Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарыг Э.Батзаяад байсан мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсэн гэж таамаглах нь хуульд нийцэхгүй юм.

 

Харин шүүгдэгч Э.Батзаяа хулгайлсан мөнгөн аяга, мөнгөн бугуйвчаа Хархорин зах дээр ганцаараа бусдад борлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тэдний мэдүүлгээр хангалттай нотлогдож байх боловч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш байна.

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь “Хангай” зах дээрээс портер маркийн автомашиныг олж ирж, уг автомашинд Х.Эрдэнэбаярын гэрээс хулгайлсан эд зүйлээ ачсан талаар шүүгдэгч Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нар нь харилцан мэдүүлдэг. Нөгөө талаар хулгайн эд зүйл болох зурагтыг Б.Амарзаяа өөрийн гэртээ аваачиж, өөрийн дураар ашигласан тул түүнийг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэж хулгайлсан нь хангалттай нотлогдсон гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч Р.Готов нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт бүлэглэж оролцсон нь бусад шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдсон бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харвал Х.Эрдэнэбаярын байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орсон, монгол гэрийн хаалгыг эвдэлсэн байгаа нь шүүгдэгч нарт харагдах бүрэн бололцоотой, илэрхий байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгээ мэдээгүй гэх боломжгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Батзаяаг хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Батзаяагийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3. дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Б.Амарзаяа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. дэх хэсэгт заасны дагуу үлдсэн хорих ялын 3 жилийг өршөөн хасч, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаартай захирамжаар 7 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2. дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар Б.Амарзаяад оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар, 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил, 7 сар, 9 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд тэрээр хорих ялаа эдэлж байгаад Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай захирамжаар 2 жил, 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Амарзаяагийн сүүлд шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. дахь хэсэгт хамаарч байх тул түүний ялгүй болох хугацааг өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд тооцов.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Амарзаяаг дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

  

 

Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл;

 

-   шүүгдэгч Б.Амарзаяаг урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа бусадтай бүлэглэж, давтан үйлдээр машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Э.Батзаяаг ганцаараа болон бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

-  шүүгдэгч Д.Цогтгэрэл, Р.Готов нарыг бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулах ял дээр түүний эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 17 (арван долоо) хоногийн ялаас зарим буюу 6 (зургаа) сарыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяаг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох хууль зүйн үндэслэл байгаа хэдий ч түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тус зүйлийг хэрэглэсэнгүй. Учир нь тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн үндэслэлээр онц хүнд гэмт хэрэгт яллагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний эрх зүйн байдлыг дахин дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох комисоос хохирогч Х.Эрдэнэбаярын монгол гэрийн хаалгыг 180.000 төгрөгөөр, байшингийн вакум цонхыг 25.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр,  мөнгөн бугуйвчийг 160.000 төгрөгөөр, 42 размерийн пүүзийг 350.000 төгрөгөөр, цагаан өнгийн “Эйл Жи” загварын хөргөгчийг 900.000 төгрөгөөр, цахилгаан зуухыг 652.000 төгрөгөөр, цахилгаан эко-халаагуурыг 350.000 төгрөгөөр, угаалгын машиныг 200.000 төгрөгөөр, 21 инчийн зурагтыг 100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд эдгээр нь нийт 3.067.000 төгрөг болж байна.

 

Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 21 инчийн зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд хохирогч Х.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “Би өмнөх шүүх хуралдаанд хөдөөнөөс шууд ирсэн тул 21 инчийн зурагтыг буцаан өгснийг мэдээгүй байсан юм. Цагдаагийн байгууллагаас тус зурагтыг буцаан өгсөн бөгөөд тэр зурагт одоо манайд байгаа” гэж мэдүүлсэн тул хохирлын үнийн дүнгээс 100.000 (нэг зуун мянга) төгрөг хасаж тооцов.

 

            Монгол гэрийн хаалга, мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийн үнэ болох нийт 490.000 төгрөгийг Э.Батзаяагаас гаргуулж, харин байшингийн цонхны үнэ 25.000 төгрөг болон бусад эд хөрөнгийн үнэ 2.452.000 төгрөг буюу бүгд 2.477.000 төгрөгийг шүүгдэгч Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Х.Эрдэнэбаярт тус тус олгуулах нь зүйтэй байна.  Үүнд:

            - шүүгдэгч Э.Батзаяагаас 1.109.250 буюу 490.000+(2.477.000:4) төгрөгийг,

- шүүгдэгч Б.Амарзаяагаас 619.250 буюу 2.477.000:4 төгрөгийг,

- шүүгдэгч Д.Цогтгэрэлээс 619.250 буюу 2.477.000:4 төгрөгийг,

- шүүгдэгч Р.Готовоос 619.250 буюу 2.477.000:4 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Х.Эрдэнэбаярт нийт 2.967.000 төгрөгийг олгохоор тогтоов.

 

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хэрэглэх асуудлын талаар:

 

Шүүгдэгч нар нь иргэн Х.Эрдэнэбаярын гэрээс хулгайлсан цагаан өнгийн “Эйл Жи” загварын хөргөгч,  42 хэмжээтэй пүүз, цахилгаан зуух, цахилгаан эко-халаагуур, угаалгын машин, 21 инчийн зурагтыг “Хангай” захаас хөлсөлсөн “Хьюндай портер” загварын ачааны автомашинд ачиж, Хар хорин зах руу аваачиж, борлуулсан үйл баримт тогтоодож байх боловч дээрх автомашины улсын дугаар, жолоочийг шүүгдэгч нарын хэн аль нь мэдэхгүй, танихгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд уг автомашиныг битүүмжлэх, үнийг тогтоох ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Э.Батзаяа, Б.Амарзаяа нарт хорих ял оногдуулж, тус ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, харин Д.Цогтгэрэл, Р.Готов нарт баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүйг тус тус тогтоолд дурдав.

 

Э.Батзаяа 87 хоног, Д.Цогтгэрэл 87 хоног, Б.Амарзаяа 87 хоног, Р.Готов 91 хоног цагдан хоригдсон тул тус хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

 

Шүүгдэгч Р.Готов нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  08.30 цагт  товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба, шүүхээс шүүх шүүгдэгч Р.Готов нь шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Р.Готовт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэж, шүүгдэгчийг олж ирүүлэхийг Нийслэлийн тахарын албанд даалгасан бөгөөд шүүгдэгч Р.Готовыг шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олж ирүүлж, тус өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол хэрэгжсэн тул шүүгдэгч Р.Готовын цагдан хоригдсон хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Батзаяагийн эцэг, эхийн нэрийг Оюунчимэг гэсэн овог нэрээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Оюунчимэгийн Батзаяа гэсэн нэрээр сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгсөн байна.

 

Гэвч хэрэгт цугларсан баримтууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын олгосон 9/009021 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Оюунчимэгийн Батзаяагаар төрсний бүртгэлд бүртгэгдсэн байх ба дараа нь эцэг тогтоолгож, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Энхбатын Батзаяагаар бүртгэл хийгдсэн талаар 9/009022 дугаартай эцэг тогтоосон тухай лавлагаа зэрэг байна. (2-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Батзаяа нь эцэг тогтоосон тухай лавлагаагаар Энхбатын Батзаяа гэж овог нь өөрчлөгдөж бүртгэгдсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд Оюунчимэгийн Батзаяа гэж бичиж ирүүлснийг шүүгдэгч Энхбатын Батзаяа гэж зөвтгөсөнг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1., 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Бэхбатын Амарзаяа, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Батзаяагийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3. дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч;

- Боржигин овогт Бэхбатын Амарзаяаг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Боржигон овогт Энхбатын Батзаяаг ганцаараа болон бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл, Шандас овогт Рэнцэндоржийн Готов нарыг нарыг бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч;

- Шүүгдэгч Боржигин овогт Бэхбатын Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4. дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 (арав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял;

- Боржигон овогт Энхбатын Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял;

- Шүүгдэгч Шандас овогт Рэнцэндоржийн Готовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 (тав) сар, 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял;

- Шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 (дөрөв) сар, 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар 10 (арав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 17 (арван долоо) хоногийн ялаас зарим буюу 6 (зургаа) сарыг  нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 10 (арав) жил, 7 (долоо) сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтгэрэл, Р.Готов нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяагийн цагдан хоригдсон 87 хоног, Д.Цогтгэрэлийн цагдан хоригдсон 87 хоног, Б.Амарзаяагийн цагдан хоригдсон 87 хоног, Р.Готовын цагдан хоригдсон 91 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар:

-шүүгдэгч Э.Батзаяагаас 1.109.250 (нэг сая нэг зуун есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг,

-шүүгдэгч Б.Амарзаяагаас 619.250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг,

-шүүгдэгч Д.Цогтгэрэлээс 619.250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг,

-шүүгдэгч Р.Готовоос 619,250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж, нийт 2,967,000 (хоёр сая есөн зуун жаран долоон мянга) төгрөгийг хохирогч Х.Эрдэнэбаяр (РД:дэ83042519, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоотод оршин суух, утасны дугаар: 9992-2345)-т олгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Амарзаяа, Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарын эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Амарзаяа, Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.ДАШДОНДОВ

 

                                          ШҮҮГЧИД                       Б.БАТАА

 

  Г.МӨНХЗУЛ