Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00054

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00974 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1282 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 44.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваацэрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Геологи хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ЭЭксплорэйшн ХХК-тай 2016 оны 12 сарын 09-ний өдөр Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн эзэмшилд байгаа хайгуулын лицензтэй талбайд тодорхойлсон кординаттай цэгүүдэд 2,000 орчим тууш метрийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай байгууллагын ажиллах хүч нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Зээг нэртэй хайгуулын талбайд гэрээгээр 2,000 орчим тууш газар өрөмдөх байсан боловч тухайн үед захиалагчийн хүсэлтээр 1,148.8 тууш газар өрөмдөж ажлыг дуусгавар болгосон. Үүнээс ЭЭксплорэйшн ХХК нь ажлын үр дүнг 1,123.1 тууш газар хэмээн тооцож хүлээн авсан. Бид ажлын хөлсийг гэрээний 7.2-т заасны дагуу 1 тууш метрийг 100,000 төгрөг байхаар тохиролцсон тул бидний хийсэн өрөмдлөгийн ажлын нийт хөлс нь 112,310,000 төгрөг болсон. Ажлыг 2017 оны 02 сарын 03-ны өдөр дуусгаж, мөн сарын 12-ны өдөр ЭЭксплорэйшн ХХК-д хүлээлгэн өгч, талууд гарын үсгээ зурж, ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Ингээд Б ХХК нь ажлын нийт хөлс 112,310,000 төгрөг гарснаас 68,000,000 төгрөгийг бэлэн болон дансаар хүлээн авсан тул ажлын үлдэгдэл хөлс 44,310,000 төгрөгийг ЭЭксплорэйшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00974 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ЭЭксплорэйшн ХХК-иас 44,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭксплорэйшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 379,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1282 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29ий өдрийн 181/ШШ2019/00974дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1282 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт "...Захиалагч “ЭЭксплорэйшн” ХХК -иас 68,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, эд хөрөнгөөр авсан гэж нэхэмжлэгч “Б ” ХХК тайлбарлаж байх тул 112,310,000 - 68,000,000 = 44,310,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлд гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 13 дугаар талд авсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцах дансны гүйлгээний хуулга дээрх “ЭЭксплорэйшн” ХХК-иас 2017 оны 02 сарын 23-ны өдрийн дараалан шилжүүлсэн 1,468,000 төгрөгийн гүйлгээг үнэлээгүй, нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй, мөн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн авто машиныг ажлын хөлсөнд тооцуулж хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулаагүй шийдвэрлэжээ. “Б” ХХК-ийн ажилчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлан ажиллаж байх хугацаандаа нутгийн малчин айл, сумын дэлгүүрт нийт 3,241,600 төгрөгийн өр тавьсан байсан ба манай компаниас дээрх өр төлбөрийг орон нутагт төлсөн. Төлсөн тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж өрийн тооцоог хүргүүлж байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“Б” ХХК нь  “Э” ХХК-с 44.310.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ажлын хөлсний үлдэгдэл гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2017 оны 02 сарын 23-ны өдрийн 1.468.000 төгрөгийн гүйлгээг нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй, ...авто машиныг ажлын хөлсөнд тооцуулж хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулаагүй,  “Б” ХХК-ийн ажилчдын тавьсан 3.241.600 төгрөгийн өрийг төлсөн, хасч тооцоогүй...” гэжээ.   

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2000 тууш метрийн өрөмдлөг хийх, хариуцагч 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөхөөр харилцан тохирч, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу “Б” ХХК нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Э” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 1123.1 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн нь тогтоогджээ.  

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээг төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг  шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба гэрээний 7.7-т ажил дуусаж ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор захиалагч ажлын хөлсийг өгнө гэжээ.

Хариуцагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч,  68.000.000 төгрөгийн ажлын хөлс төлсөн боловч үлдэх 44.310.000 төгрөгийг төлөөгүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй

Хариуцагч нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар 4-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргуулах цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, энэ тохиолдолд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Иймд  шийдвэр,  магадлалыг  хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00974 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1282 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 379.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ