Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 974

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр             Дугаар 181/ШШ2019/00974                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд ар хотхон, 7а байр, 80 тоот хаягт оршин байгаа,  /рд:5476704/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 45-р байр, 5 тоот хаягт оршин байгаа, /рд:6025048/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Геологи хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-тай 2016 оны 12 сарын 09-ний өдөр “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус компанийн эзэмшилд байгаа хайгуулын лицензтэй талбайд тодорхойлолсон кординаттай цэгүүдэд 2,000 орчим тууш метрийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.Манай байгууллагын ажиллах хүч нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Зээг нэртэй хайгуулын талбайд гэрээгээр 2,000 орчим тууш газар өрөмдөх байсан боловч тухайн үед захиалагчийн хүсэлтээр 1,148.8 тууш газар өрөмдөж ажлыг дуусгавар болгосон.

Үүнээс нь ажлын үр дүнг 1,123.1 тууш газар хэмээн тооцож хүлээн авсан. Бид ажлын хөлсийг гэрээний 7.2-т заасны дагуу 1 тууш метрийг 100,000 төгрөг байхаар тохиролцсон тул бидний хийсэн өрөмдлөгийн ажлын нийт хөлс нь 112,310,000 төгрөг болсон.Бид ажлыг 2017 оны 02 сарын 03-ны өдөр дуусгаж, мөн сарын 12-ны өдөр “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-д хүлээлгэн өгч, талууд гарын үсгээ зурж, ажил хүлээлцсэн акт үйлдсэн.

Ингээд  нь ажлын нийт хөлс 112,310,000 төгрөг гарснаас 68,000,000 төгрөгийг бэлэн болон дансаар хүлээн авсан тул ажлын үлдэгдэл хөлс 44,310,000 төгрөгийг “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас гаргуулж өгнө үү.

нь гэрээний 7.7-д заасны дагуу ажил 100% дуусч, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор захиалагч тал гэрээт ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг бэлнээр болон бартер оролцуулан төлснөөр төлбөр тооцоо бүрэн дуусна гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаад гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,310,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь эрх, үүрэгтэйгээ 2019 оны 02 сарын 04-ний өдөр танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Талууд 2016 оны 12 сарын 09-ний өдөр “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж,  нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх, нь гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг -д төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Иймд ажил гүйцэтгэгч  нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас шаардах эрхтэй.

Дээр дурдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т 1 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 100,000 төгрөг байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан “Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Зээг” нэртэй хайгуулын талбайд хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүн” гэсэн баримтаас үзэхэд ажил гүйцэтгэгч  нь 2016 оны 12 сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,123.1 тууш метр өрөмлөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх ба гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-ийн захирал М.Машбат, төслийн ахлах геологич Ш.Пүрэвдорж нар хүлээн авч, холбогдох гарын үсгийг зурж, тамгаар баталгаажуулжээ.

Иймд ажил гүйцэтгэгч  нь нийт 1,123.1 х 100,000 = 112,310,000 төгрөгийн ажлын хөлс шаардах эрхтэй байна.

Захиалагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас нийт 68,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, эд хөрөнгөөр авсан гэж нэхэмжлэгч  тайлбарлаж байх тул 112,310,000 – 68,000,000 = 44,310,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлд гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Пүрэвдорж нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч тодорхой санал гаргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас 44,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,500  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Эм Би Эм Эксплорэйшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 379,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.