Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Их тойруу 87-1, Эвергүүд байр, 2 давхарт байрлах, В ХХК/РД: 2878496/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03-р хороо, Сарроро оффис, 112 тоотод байрлах, ТХХК/РД: 5425638/-д холбогдох,

 

1 450 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 1 550 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ариунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В ХХК нь ТХХК-ийн маркетингийн менежер Ш.Доржхандтай 2017оны 10-р сарын 11-ний өдөр утсаар холбогдон 6000 ширхэг брошурыг нэг нэгжийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх В ХХК нь үнэ хөлсөд 3 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд Ш.Доржхандыг 2017 оны 10-р сарын 12-ны өдөр оффис дээрээ дуудан уулзаж өмнө нь хийлгэсэн эх бэлтгэлээ өгч явуулан тэрхүү эх бэлтгэлийн дагуу тухайн үед хийж өгсөн цаасаар, өнгө загварын хувьд яг ижилхэн хийлгэхээр тохиролцож урьдчилгаа болгож 1 450 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг бүх брошураа хүлээн авсны дараа төлөхөөр төлбөрийн баримтан дээр гарын үсэг зуруулсан.

Гэтэл ТХХК нь тохирсон хугацаандаа бус хугацаа хэтрүүлэн брошураа авч ирж анх тохирсон цааснаас өөр цаасаар хийж, тоо ширхэг дутуу анх тохирсон эх бэлтгэлээс өөрөөр хийж авч ирснийг бид хүлээж аваагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Иймд ТХХК-тай холбогдон бид “эд хөрөнгийн доголдолтой зүйлийг хүлээж авах боломжгүй байна гэж хэлэхэд” өмнөх цаас нь байгаагүй учир та нарт мэдэгдэлгүй өөр цаасаар хийсэн юм гэж хэлээд утсаар ярих боломж олгоогүй.

Монгол улсын Иргэний хуулийн 39.1-г үндэслэн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан бөгөөд мөн хуулийн 352.2.1 гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн хуулийн 355.1. Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар шаардаж байна.

Иймд ТХХК-иас 1 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч ТХХК-ийн төлөөлөгч Ц.Ариунболор шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хэргийн материалд 170 гэсэн зүйл байхгүй. 150 граммын цаас гэж захирал нь өөрөө баталсан. 410 төгрөгөөр брошурыг авах талаар огт яригдаагүй. Захирлынх нь баталсан 150 гр цаасан дээр хэвлэсэн. Ажлын 3 хоногт багтааж хийж өгөх байснаас амралтын өдөр таараад 1 дэх өдөр нь аваачиж өгсөн. Ер нь төлбөрөө төлөхгүй гэсэн санаа л яваад байна. Дутуу 30 ширхэг нь хайрцаглахдаа дутуу хийсэн байх. 6000 ширхэг брошур гэдэг нь эдний 1 жилийн хэрэгцээ.” гэв.

 

Хариуцагч ТХХК-ийн төлөөлөгч Ц.Ариунболор шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр В ХХК-тай харилцан тохиролцож 6000 ширхэг боршурыг нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлыг хугацаанд нь хийж нийлүүлсэн билээ. Гэрээний нийт үнийн дүн 3.000.000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа төлбөрт 1.450.000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл төлбөр 1.550.000 төгрөг дутуу байгаа боловч В ХХК нь төлбөрөө төлөлгүй урдчилгаанд төлсөн 1.450.000 төгрөгөө буцаан шаардаж шүүхэд хандсан байна.

Манай байгууллага талуудын тохиролцсон ёсоор 6000 ширхэг боршурыг зохих ёсоор хугацаанд нь хийж нийлүүлсэн бөгөөд В ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хугацаа хэтрүүлж тохирсоноос өөр цаасаар хийсэн, мөн анхны эх бэлтгэлээс өөрөөр дутуу хийж гүйцэтгэсэн зүйл огт байхгүй. Бид анх тохиролцсон 157 граммын матт цаасаар боршурыг хийж гүйцэтгэсэн, мөн 6000 ширхэгийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед тоо ширхэг дутуу байсан талаар ямар нэгэн маргаан гараагүй юм. Гэтэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүйн тулд ямар ч үндэслэлгүй шалтаг шалтгаанаар урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байна. Манай компанийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 1.550.000 төгрөгийг шаардах эрхтэй юм.

Иймд В ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй В ХХК-ийн нэхэмжлэлтэй ТХХК-д холбогдох хэрэгт ТХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ТХХК нь сөрөг нэхэмжлэлдээ дурдахдаа брошурыг тоо ширхэгээр нь чанарын шаардлага хангахуйц байдлаар хүлээлгэн өгсөн гэж дурдсан байдаг. Гэтэл ТХХК-ийн хийж ирүүлсэн брошур нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна тоо ширхэг дутуу брошур байсан тул манай байгууллагын зүгээс хүлээж аваагүй юм. Иймд ТХХК нь хийж гүйцэтгэх ажлын хөлсөө шаардах эрхгүй юм.

Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч ТХХК-д холбогдуулан 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч ТХХК нь нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ТХХК нь захирлынх нь баталсан 150/нэг зуун тавь/ граммын цаасан дээр хэвлэсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч В ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид 6 000/зургаан мянга/ ширхэг танилцуулгыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэвлүүлэх, хариуцагч нь өөрийн материалаар 6 000/зургаан мянга/ ширхэг танилцуулгийг хэвлэн, хөлсөд 3 000 000/гурван сая/ төгрөгийг авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчийн хийсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-г бичгээр байгуулах хэлбэрийн шаардлаггүй тул зохигчийн байгуулсан Гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зохигчид 6 000/зургаан мянга/ ширхэг танилцуулгийг хэвлэн хүлээлгэн өгөх, хүлээн авахаар харилцан тохиролцсон хугацааны талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь танилцуулгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцуулгийг хүлээлгэн өгөөгүй байх ба уг өдрөөс 3/гурав/ хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид 5 970/таван мянга есөн зуун дал/ ширхэг танилцуулгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээний үүргээ ноцтой зөрчиж харилцан тохиролцсон цааснаас өөр цаасан дээр танилцуулгыг хэвлэсэн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь харилцан тохиролцсон 150/нэг зуун тавь/ граммын цаасан дээр танилцуулгыг хэвлэсэн гэж маргаж байна.

 

Хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж бичсэн танилцуулгийн загварт 157/нэг зуун тавин долоо/ гэж бичсэн байх ба тус загварт 150/нэг зуун тавь/ грамм гэж бичигдээгүй болох нь тус загвараар нотлогдож байна.

 

Танилцуулгийг 150/нэг зуун тавь/ граммын цаасан дээр хэвлэхээр харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй өмнө нь хэвлэсэн танилцуулгийг дахин хэвлэхээр харилцан тохиролцсон талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн танилцуулгийг өмнө нь 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр хэвлэж байсан талаар, мөн нэхэмжлэгч нь өмнөх эх загварын дагуу 6 000/зургаан мянга/ ширхэг танилцуулгийг хэвлэх захиалга өгсөн талаар маргаагүй болно.

 

Хариуцагчийн 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр хэвлэсэн нэхэмжлэгчийн танилцуулга хэрэгт баримтаар авагдсан байх ба хариуцагч нь уг танилцуулга нь нэхэмжлэгчийн өмнө нь хэвлүүлсэн танилцуулга мөн болох талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр танилцуулга хэвлүүлж байсан байх ба хариуцагчийн 150/нэг зуун тавь/ граммын цаасан дээр танилцуулгийг хэвлэхээр харилцан тохироцлсон гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэгчийн тайлбар, танилцуулгаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгчийн 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр танилцуулгийг хэвлүүлэхээр харилцан тохиролцсон гэх тайлбар, хариуцагчийн өмнөх эх загварын дагуу танилцуулгийг хэвлүүлэх захиалга өгсөн, өмнө нь 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр танилцуулгийг хэвлэсэн гэх тайлбараар зохигчид 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр танилцуулгийг хэвлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ...”, 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь харилцан тохиролцсноор танилцуулгийг 170/нэг зуун дал/ граммын цаасан дээр хэвлээгүй байх ба Гэрээнд зааснаас өөр цаасан дээр танилцуулгийг хэвлэсэн байх тул Гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдон нэхэмжлэгчид 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ ноцтой зөрчиж, Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанартай тохирохгүй танилцуулгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, танилцуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал доголдолгүй гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний үүргээ ноцтой зөрсөн байх тул нэхэмжлэгчээс 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХХК-иас 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгон, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В ХХК-иас 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч ТХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХХК-иас 1 450 000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В ХХК-иас 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч ТХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
     
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 150 төгрөгийг, хариуцагч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТХХК энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ