Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 146

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Б.Энэрэл, хохирогч С.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-234), иргэдийн төлөөлөгч Д.Бодрой, шинжээч эмч Ц.Ганболд, шүүгдэгч Я.Баярбаатар, түүний өмгөөлөгч А.Ариунаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1869), Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-362) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Моломдагва овогт Янжингийн Баярбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0660 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Моломдагва овогт Янжингийн Баярбаатар: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-293 тоотод оршин суудаг, ШЖ74070913 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Я.Баярбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны гадна эхнэр Х.Баасансүрэнг зодсон байна гэсэн шалтгааны улмаас тус орцны жижүүрээр ажиллаж байсан С.Гантулгын чээж рүү өшиглөж түүний бие махбодод зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичсэнээр)

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Я.Баярбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд эхнэр Х.Баасансүрэнг зодсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэрээ өмгөөлөн тус орцны жижүүрээр ажиллаж байсан С.Гантулгатай маргалдаж, улмаар түүнийг тонгойлгон чээж рүү нь өшиглөж, түүний бие махбодод зүүн 6 дугаар хавирганы урд буюу чээжин хэсэгт хугарал, уг хугарлаас үүдэн зүүн уушигны бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Я.Баярбаатар: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр найз нартайгаа уулзахаар явсан. Шөнийн 02 цагийн үед  манай эхнэр ирж байна тосоорой гэж утсаар ярьсан. Би зурагт үзэж байгаад унтчихсан байсан. Хаалга чангаар нүдэх үед сэрээд хаалгаа онгойлгоход манай эхнэр хамраас нь цус гарчихсан, өмд нь урагдсан, айсан сандарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би эхнэрээсээ юу болсон талаар асуухад орцны жижүүр зодсон гэж хэлсэн. Би цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд би 4 дүгээр орцны үүдэнд очоод  хаалгыг нь нүдэхэд онгойлгоогүй. Тэгтэл Гантулга гаднаас нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Би Гантулгаас чи яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ, гаж донтон юм уу гэж асуухад  намайг чи согтуу эхнэрнийхээ толгойг захирч чадахгүй гээд зүүн шанаа хэсэгт нэг цохьсон. Тэгээд Гантулга бид хоёр барьцалдаж байгаад сандал руу Гантулгатай хамтдаа давхралдаад унасан. Тэгээд би босч ирээд Гантулгын гуя руу 2 удаа өшиглөсөн. Би Гантулгын нуруу руу өшиглөх боломжгүй. Тэгээд цагдаа ирж  цагдаагийн хэлтэс рүү явсан. Тиймээс би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хохирогч С.Гантулга: 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад хаалга учир зүггүй нүдээд байхаар нь 5 минут орчим хаалга онгойлголгүй харсан. Тэгээд хаалга онгойлгоход нэг эмэгтэй орж ирээд та нар муусайн хулгайчууд юу хийдэг юм гээд загнаад байсан. Тэгэхээр нь би хаалганы кодоо мэддэггүй юм уу гэхэд та нар хаалгаа онгорхой байлгах ёстой гээд хэрэлдээд байсан. Тэгээд тэр эмэгтэй 1 давхар руу гарчихаад буцаж бууж ирээд цүнхээрээ намайг баахан цохиод байхаар нь би түлхсэн. Тэгээд тэр эмэгтэй чи наанаа байж байгаарай би нөхөртөө хэлээд чамайг байдаг газар руу чинь явуулна гэж хэлээд гараад явсан. Би араас нь гараад харахад 5 дугаар орц руу орсон. Би хэл ам болно гэж бодоод Цэенхорол эгчтэй уузаж болсон явдлыг хэлсэн. Тэгээд Цэенхорол эгчийг дагуулаад буцаж ирэхэд 4 дүгээр орцны гадна эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хаалга нүдээд зогсож байсан. Тэд энэ орцны жижүүр нь хаана байна гэхээр нь би байна гэхэд эрэгтэй нь чи яахаараа манай эхнэрийг зоддог юм гээд надтай барьцалдсан. Тэгээд хоёулаа сандлын ойролцоо ноцолдож байгаад сандлын түшлэг рүү давхралдаад унасан. Сандал хөндлөн байрлалтай байсан. Би тус сандлын зүүн гар талын түшлэгийн дээд үзүүрт би ар нуруугаараа унасан. Дараа нь намайг тонгойлгож байгаад миний чээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед Цэенхорол эгч та нар ажлаа хийж байгаа хүнийг яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудсан. Удалгүй жижүүрийн цагдаа ирсэн. Баярбаатарын эхнэр нь цагдаад энэ хүн намайг зодсон гэж хэлсэн. Харин би энэ хүний эхнэрийг зодоогүй, намайг цүнхээрээ цохихоор нь түлхсэн гэж хэлсэн. Би цагдаа дээр очоод миний хавирга хатгаад өвдөөд байна гэхэд цагдаа намайг шинжээч эмчид үзүүлчих гэж хэлсэн. Миний хавирга сандал руу унах үед хугарсан уу, эсхүл тэр залуу намайг тонгойлгож байгаад чээж рүү өшиглөх үед хугарсан уу гэдгийг мэдээгүй. Цагдаа нар ирэх үед чээж рүү хатгуулж өвдөж байсан. Тэр шөнөдөө түргэн тусламж дуудаж үзүүлэхэд миний хавиргыг хугарсан байна, гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэсэн тэгээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Шүүгдэгч Я.Баярбаатар нь миний эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн. Миний биеийн байдал одоо хэвийн болсон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.

 

Шинжээч эмч Ц.Ганболд: 2016 оны 4 дүгээр сарын 14-нд хавтаст хэргийн материалаар давтан шинжилгээ хийж, С.Гантулгын биед учирсан гэмтлийн талаар бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Түүний биед учирсан гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хязгаарлагдмал гадаргуутай гэдэг нь гэмтэл үүссэн талбайгаас бага хэмжээтэй буюу чээжнээс бага хэмжээтэй зүйлийг ойлгоно. Урт сандалны түшлэгийг цохиж унах үед 1 хавирга хугарахгүй. Учир нь зургаас харвал уг сандалны түшлэг нь урт гадаргуутай байна. Нийт 7-8 см өргөнтэй 3 хавирга эгнэсэн байхад 3 см орчим гадаргуутай зүйл үйлчлэхэд нэг хавирга хугарах боломжтой. Өөрөөр хэлбэл, түрүүлж хүрсэн хэсэгт хүч үйлчилж нэг хавирга хугардаг. Ер нь бол цохих, өшиглөх үед түрүүлж хүрсэн хэсэгтээ хүч үйлчилж нэг хавирга хугарсан тохиолдол олон бий. Хохирогч ар нуруугаараа ирмэг, өнцөг цохих үед хавирга нь урд талдаа хугарахгүй. Хохирогч өөрөө араараа унасан гэж мэдүүлж байгаа учраас түүний гэмтэл сандал дээр унах үед үүсээгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 0660 дугаартай хэргээс)

 

Хохирогч С.Гантулгын өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын эхээр ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны жижүүрээр ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед миний ажилладаг орцны хаалгыг гаднаас нь нүдээд байхаар нь онгойлгож өгтөл 40 орчим насны эмэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд тэр эмэгтэй хаалганы код сольчихсон байна, яахаараа хэлдэггүй юм гэхэд нь би нууц дугаар өөрчлөгдөөгүй 2094 хэвээрээ байгаа гэхэд тэр эмэгтэй битгий худлаа яриад байгаарай гээд барьж явсан цүнхээрээ миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд намайг хэл амаар доромжилж байгаад нөхрөө дагуулж ирнэ гээд гараад явсан. Тэгэхээр нь би 2 дугаар орцны жижүүр дээр очоод болсон явдлыг яриад манай орц руу хамт хүрч ирэхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай орцны хаалгыг тогшоод зогсож байсан бөгөөд эрэгтэй нь бид хоёроос энэ орцны жижүүр нь хэн бэ гэхэд нь би байна гэж хариултал тэр залуу миний толгой руу нэг удаа цохьсон тэгээд намайг тонгойлгож байгаад миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн..., ...түргэн тусламж дуудаж үзүүлэхэд миний хавиргыг хугарсан байна яаралтай гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн бөгөөд маргааш нь гэмтлийн эмнэлэгийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн..., ...тэр залуу яагаад манай эхнэрийг зодсон бэ гээд л намайг зодоод байсан гэх мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас)

 

...Баярбаатар намайг заамдаж байгаад байрны гаднах сандал дээр давхралдаад унасан тэгэхэд хүнд гэмтэл нь үүссэн байх. Харин сандал дээр унаад босож ирэхэд намайг Баярбаатар нь хөлөөрөө нуруу гэдэс рүү цохиж зодоод байсан. ...Одоо миний биеийн байдал зүгээр байгаа Баярбаатар надад эмчилгээний зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан надад цаашид Баярбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх давтан мэдүүлэг (хх-ийн 168 дугаар хуудас),

 

Гэрч Д.Циенхоролын өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 03 цаг өнгөрч байхад манай 26 дугаар байрны 4 дүгээр орцны жижүүр Гантулга манай орцны үүдэнд ирээд Цээгий эгчээ сая нэг согтуу хүүхэн ирээд орцоо андуураад хаалга нүдэж байгаад нөхрийгөө дуудна гээд гараад явлаа юмыг яаж мэдэх вэ намайг зодчих байх миний дэргэд байж байгаач гэсэн. Тэгээд Гантулга бид хоёр 4 дүгээр орц руу явж байтал хаалгыг нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн өшиглөөд зогсож байсан тэгэхээр нь би та 2 яагаад орцны хаалга нүдээд байна кодоо хийгээч гэсэн чинь энэ орцны жижүүр нь хаана байна гэхээр нь энэ байна гэтэл чи эхнэр нь үү гэж нөгөө эрэгтэй нь хэлсэн... ...нөхөр нь энэ залуу сая манай эхнэрийн хамрыг цохисон байна эмэгтэй хүнийг ингэж зодож болох уу гэсэн. Гэтэл Гантулга та юу яриад байгаа юм бэ та кодоо хийгээд ор гэж хэлсэн өөр зүйл яриагүй гэж хэлсэн чинь нөхөр нь миний эхнэрийн хамрыг ийм болгочихоод яагаад хуцаад байгаа юм бэ, чамайг шоронгийн хадаас болгоно, угаадас зөөлгөнө гээд Гантулгын бие рүү, чээжин хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Харин эхнэр нь нүүр рүү нь гараараа цохиод байсан. Эхнэр нь хэлэхдээ Гантулга руу чи сая миний хамар руу гараараа цохисон биз дээ гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр хүн миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэтэл нөхөр нь би цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд Гантулгыг аваад явсан. Харин эхнэр, нөхөр хоёр эмнэлэг орно гээд тусдаа явсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад Гантулга буцаж ирээд манай хаалгыг тогшиж Цээгий эгчээ түргэн дуудаж өгөөч миний бие өвдөөд байна гэсэн. Тэгээд би түргэн дуудаж үзүүлтэл Гантулгын хавирга хугарсан байна гэмтлийн эмнэлэг ороод биеэ үзүүлээрэй гэсэн..., ...Гантулга Баярбаатар нар нь хоорондоо зууралдаж сандал дээр унасан зүйл байхгүй. Харин хэд хоногийн дараа Баярбаатар над дээр ирээд цагдаа дуудвал намайг гэрээсээ гарч ирэхдээ тавчиктай гарч ирсэн гэж хэлээрэй гэсэн. Тэгэхэд нь би худлаа хэлж чадахгүй чи хар өнгийн гуталтай явсан биз дээ тэр гутлаар Гантулгыг өшиглөөд байсан биз дээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас),

 

Гэрч Н.Амарсанаа (дуудлагаар очсон цагдаагийн офицер)-ийн өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн бүргэд 113 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр шөнө 04 цагийн үед 16 дугаар хорооны 26 дугаар байрны гадна манай эхнэрийг орцны жижүүр зодсон гэх дуудлагын дагуу очтол 4 дүгээр орцны жижүүр эрэгтэй, мөн эхнэр, нөхөр гэх хоёр хүн байсан. Тэр үед эхнэр нь гэх эмэгтэй орцны жижүүр залуугийн толгой руу цүнхээрээ цохиод байсан санагдаж байна. Тэд харилцан бие биедээ гомдолтой байсан тул би тэднийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн юм гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүнд зодуулчихлаа ах нь одоо гэмтлийн эмнэлэг дээр байна гэж над руу залгасан тэгээд би ажилтай байж байгаад тэр өдөр нь очиж чадаагүй. Маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр очтол манай ах Гантулга хавсарсан гэмтлийн тасагт хэвтэж байсан. ...Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Баярбаатар гэх залуу өдөр болгон залгаж чиний бие хаа чинь зүгээр гэж байна, би чамд болохгүй бол 500.000 төгрөг өгье би гэмтлийн эмч нарыг чинь бүгдийг нь таньдаг, цагдаа сэргийлэх угаасаа намайг байцаахгүй байгаа би бүгдийг нь танина. Та нар намайг шоронд оруулна гэвэл амжихгүй гэх зэргээр дарамтлаад байдаг байсан. Манай ахын зүүн талын 6 дугаар хавирга хугараад зүүн талын уушиг нь бяцарсан гэсэн оноштой хэвтэж байсан. Манай дүүгийн эхнэр нь хөдөөнөөс ирээд Баярбаатартай уулзсан байсан. Баярбаатар байнга ярих зүйл байна ах нь нэг охинтой, энэ нэг архичин хүүхнээс болж шоронд орох гээд байна, би шоронд орвол энэ хүүхэн хаяад явна тийм биз дээ гэсээр байгаад уулзахад би шоронд орсон ч танай ахтай хамт орно, танай ахыг чирээд явна, та нар ахыгаа шоронд хийчихвэл нэг ч удаа очиж эргэж чадахгүй арчаагүй хулгайчууд байж надтай арцалдаад яахав дээ гэх зэргээр сүрдүүлж, доромжлоод байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас),

 

ХХаШүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3041 дугаартай Гантулгын биед зүүн 6-р хавирганы далд хугарал, чээжний хөндийд цус хуралдалт, арьсан доор хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-60 дугаар хуудас),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаартай Шинжээч эмч Д.Мөнхбатын гаргасан 3041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гантулгын биед зүүн 6-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт (хх-ийн 75 дугаар хуудас),

 

Шинжээч Ц.Ганболдын өгсөн: ...Зүүн уушигны бүрэн бус авчилт, чээжний хөндийн хий хуралт нь хүнд гэмтэлд хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ...Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих өшиглөх үед үүсэх боломжтой буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Хязгаарлагдмал зүйл гэдэг нь тухайн чээжний гадаргуугаас бага хэмжээтэй зүйлийг хэлнэ. ...Уг хугарал нь нэг удаагийн хүч үйлчлэхэд хугарна. Сандалын өнцөг булан дээр унахгүй бол өөр байдлаар унахад үүсэх боломжгүй. ...Зовхины цус хуралт нь гараар цохиход үүсэх боломжтой. Харин духны зулгаралт нь цүнхээр цохих үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 169-170 дугаар хуудас),

 

Хохирогч С.Гантулгын сэжигтнээр өгсөн: ...Тэгээд би хөөе яасан бэ гэсэн чинь жижүүр нь хэн бэ гэхээр нь би байна гэсэн чинь намайг шууд үгийн зөрүүгүй нүд дух руу гараараа цохиод авсан. Тэгээд тонгойлгож байгаад зүүн талын хавирга руу 2-3 удаа өшиглөсөн..., ...Баярбаатар намайг эмнэлэгт хэвтсэний маргааш нь ирээд бие чинь гайгүй юу? чамаас байцаалт авсан уу, гомдолгүй, хамаатан гээд хэлчих би эмчилгээний зардал мөнгийг төлнө гэж хэлсэн. Тэгээд бас хэд хоногийн дараа ирээд би чамайг ийм ажил хийлгэж байхаар цалин өндөртэй ажилд оруулаад өгье, өргөдлөө авчих гээд байсан. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд утсаар байнга ярьдаг байсан өргөдлөө авчих гэдэг байсан. Надад хохирол мөнгө өгөөгүй би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Я.Баярбаатарын сэжигтнээр өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэр бүлийн хүн Х.Баасансүрэн шөнө 04 цагийн орчим гаднаас хүнд зодуулчихлаа хүн намайг татаж чангаалаа гэсээр хамраас цус гарсан, нүүр нь хавдчихсан шинжтэй орж ирсэн. Тэгээд би хэнд зодуулсан яасан талаар асуухад Баасансүрэн надад хэлэхдээ 4 дүгээр орцны жижүүр зодож дээрэмдэх гэж татаж чангаасан гэхээр нь яадаг гаж донтон бэ гээд цагдаагийн 102 дугаарын утасруу өөрийн 96005152 гэсэн утсаар гэрийн хаягаа хэлээд манай эхнэр хүнд зодуулчихлаа гэж дуудлага өгөөд эхнэрээ дагуулаад 4 дүгээр орцны жижүүр дээр очтол жижүүр нь орцондоо байгаагүй. Тэгэхээр нь хаалгыг нь цохиод байж байтал согтуу байрын эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь энэ хүн бие муутай хүн шүү битгий зодоорой гэхээр нь би чи яадаг гаж донтон бэ орц андуурснаас болж эмэгтэй хүнийг зодож хүчиндэх гэж оролдсон байна гэж хэлээд ойрттол чи өөрөө хар гичийгээ захирч чадахгүй юу хуцаад байгаа пизда вэ гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь бид хоёр хоорондоо барьцалдаад авсан тэгээд бид хоёр орцны үүдэн дээр байдаг саадны сандал дээр тэврэлдээд давхралдаж унасан гэх мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас),

Шүүгдэгч Я.Баярбаатарын яллагдагчаар өгсөн: ...С.Гантулгыг санаатайгаар бэртээнэ гэж зодоогүй. Гантулгын хэлсэн үгнээс буюу надад согтуу гичийгийнхээ бөгсийг захирч явж чадахгүй пизда вэ гэсэн үгийн хэлээд намайг эхлээд цохиод авсан тэгэхээр нь барьцалдаж аваад сандал дээр давхралдаж унацгаасан. С.Гантулгын биед цаашдаа амь нас эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхөөр гэмтэл учруулаагүй. С.Гантулгын биед учирсан гэмтэл нь энэ хүний сул дорой байдал, хийж байгаа ажил байгалийн бохирдлоос болж С.Гантулгын уушиг нь муудсан байх. ... Би зодоогүй ер нь барилцаж аваад сандал дээр унацгаасан. Тэр хүн манай эхнэрийг зодож цохиж цус нөжтэй нь хольж, хувцасыг нь ураагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан байх, Гантулгад одоогийн байдлаар хохирол мөнгө өгөөгүй. Цаашдаа миний зүгээс хохирол мөнгө өгнө... гэх мэдүүлэг (хх-ийн 104-105 дугаар хуудас),

Хэрэг болсон газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: ...хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан, цагаан саарал өнгийн, 12 давхар байр байх бөгөөд зүүн урагш харсан 4 дүгээр орцны 2 хаалга байх ба хаалганаас ертөнцийн зүгээр баруун талд модон сандал 6 метр 20 сантиметрийн зайд байх ба хэрүүл маргаан, хэрэг учрал болсон гэх газрыг тус байрны 2 дугаар орцны жижүүр Цэенхорлоор заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болох 3 ширхэг фото зураг (хх-ийн 164-166 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 276, 277 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хх-ийн 188-191 дүгээр хуудас), Х.Баасансүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас), Гэмтэл согог судлалын төвийн архиваас баталгаажсан өвчний түүхийн хуулбар (хх-ийн 66-72 дугаар хуудас), шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас), шүүгдэгч Я.Баярбаатарыг ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 128 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокурорын зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч С.Гантулгын зүүн 6 дугаар хавирганы урд буюу чээжин хэсэгт хугарсны улмаас түүний зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Я.Баярбаатар хохирогч С.Гантулгыг тонгойлгон чээж рүү нь өшиглөж, уг гэмтлийг учруулсан гэж үзлээ. Энэхүү үйл баримтыг шууд нотолж буй нотлох баримтаас дурдвал:

1. Хохирогч С.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...эрэгтэй нь чи яахаараа манай эхнэрийг зоддог юм гээд надтай барьцалдсан. Тэгээд хоёулаа сандлын ойролцоо ноцолдож байгаад сандлын түшлэг рүү давхралдаад унасан. Сандал хөндлөн байрлалтай байсан. Би тус сандлын зүүн гар талын түшлэгийн дээд үзүүрт ар нуруугаараа унасан. Дараа нь намайг тонгойлгож байгаад миний чээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн..., ...Миний хавирга сандал руу унах үед хугарсан уу, эсхүл тэр залуу намайг тонгойлгож байгаад чээж рүү өшиглөх үед хугарсан уу гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг,

 

2. Хохирогч С.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...Баярбаатар намайг заамдаж байгаад байрны гаднах сандал дээр давхралдаад унасан тэгэхэд хүнд гэмтэл нь үүссэн байх. Харин сандал дээр унаад босож ирэхэд намайг Баярбаатар нь хөлөөрөө нуруу гэдэс рүү цохиж зодоод байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 168 дугаар хуудас),

 

3. Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Нийт 7-8 см өргөнтэй 3 хавирга эгнэсэн байхад 3 см орчим гадаргуутай зүйл үйлчлэхэд нэг хавирга хугарах боломжтой. Өөрөөр хэлбэл, түрүүлж хүрсэн хэсэгт хүч үйлчилж нэг хавирга хугардаг. Ер нь бол цохих, өшиглөх үед түрүүлж хүрсэн хэсэгтээ хүч үйлчилж нэг хавирга хугарсан тохиолдол олон бий. Хохирогч ар нуруугаараа сандалны ирмэг, өнцөг цохих үед хавирга нь урд талдаа хугарахгүй. Хохирогч өөрөө араараа унасан гэж мэдүүлж байгаа учраас түүний гэмтэл сандал дээр унах үед үүсээгүй гэх мэдүүлэг,

 

4. Гэрч Д.Циенхоролын мөрдөн байцаалтад өгсөн: ...нөхөр нь миний эхнэрийн хамрыг ийм болгочихоод яагаад хуцаад байгаа юм бэ, чамайг шоронгийн хадаас болгоно, угаадас зөөлгөнө гээд Гантулгын чээжин хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас),

 

5. ХХаШүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3041 дугаартай Гантулгын биед зүүн 6-р хавирганы далд хугарал, чээжний хөндийд цус хуралдалт, арьсан доор хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-60 дугаар хуудас),

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаартай Шинжээч эмч Д.Мөнхбатын гаргасан 3041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гантулгын биед зүүн 6-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт (хх-ийн 75 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтын үед шинжээч Д.Мөнхбат нь ...Эдгээр гэмтэл нь сандал дээр унах болон босоогоос зодуулж, өшиглүүлэх үед үүсэх боломжтой. Гэхдээ уналтаас үүссэн үү, зодуулснаас үүссэн үү гэдгийг ялгах боломжгүй. гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Баярбаатар, хохирогч С.Гантулга нарыг хэрхэн яаж барьцалдсан, хохирогч биеийнхээ аль хэсгээр сандал руу унасан зэргийг шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн оролцоотойгоор тодорхойлсон бөгөөд шинжээч Ц.Ганболд сэргээн тогтоосон үйл баримтыг үндэслэн хохирогч ар нуруугаараа сандалны түшлэг рүү унах үед түүний зүүн 6 дугаар хавирганы урд буюу чээжин хэсэгт хугарах боломжгүй хэмээн мэдүүлсэн нь үндэслэл бүхий байх тул шинжээч Д.Мөнхбатын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

 

Өмгөөлөгч нарын өмгөөллийг няцаасан талаар:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн шүүгдэгч Я.Баярбаатар, хохирогч С.Гантулга нар барьцалдах үедээ сандал дээр давхаралдаж унасан гэх асуудлыг нарийвчлан шалгаагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэх өмгөөлөл нь дээр дурдсан шинжээч Д.Мөнхбатын мэдүүлэг-ийг үнэлэх эсэх талаарх хууль зүйн дүгнэлтээр давхар няцаагдана.

 

Харин түүний Мөрдөн байцаалтын үед энэ гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй гэх өмгөөллийг дараах үндэслэл бүхий дүгнэлтээр няцаалаа.

 

- Хохирогч С.Гантулга ...эрэгтэй нь бид хоёроос энэ орцны жижүүр нь хэн бэ гэхэд нь би байна гэж хариултал тэр залуу миний миний толгой руу нэг удаа цохьсон тэгээд намайг тонгойлгож байгаад миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн..., ...тэр залуу яагаад манай эхнэрийг зодсон бэ гээд л намайг зодоод байсан... гэх (хх-ийн 20-22 дугаар хуудас),

 

- шүүгдэгч Я.Баярбаатар манай эхнэр гаднаас орж ирэхдээ зодуулчихсан байсан тул би цагдаад дуудлага өгчихөөд хамт 4 дүгээр орц руу очсон. Тэгээд тэр залуу намайг нэг удаа цохиход нь би түүнтэй барьцалдсан... гэх (шүүхийн хэлэлцүүлэгт),

 

- гэрч Д.Циенхорол ...нөхөр нь энэ залуу сая манай эхнэрийн хамрыг цохисон байна эмэгтэй хүнийг ингэж зодож болох уу гэсэн. Гэтэл Гантулга та юу яриад байгаа юм бэ та кодоо хийгээд ор гэж хэлсэн өөр зүйл яриагүй гэж хэлсэн чинь нөхөр нь миний эхнэрийн хамрыг ийм болгочихоод яагаад хуцаад байгаа юм бэ, чамайг шоронгийн хадаас болгоно, угаадас зөөлгөнө гээд Гантулгын чээж рүү нь өшиглөсөн... гэх (хх-ийн 48-49 дүгээр хуудас) мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Я.Баярбаатар нь өөрийн эхнэр Х.Баасансүрэнг зодсон гэх хувийн шалтгааны улмаас хохирогч С.Гантулгатай маргалдаж, улмаар түүнийг тонгойлгон чээж рүү нь өшиглөж хүнд зэргийн гэмтэл учруулсан байх тул гэмт хэргийн сэдэлт тогтоогдсон, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд өмгөөлөл явуулахдаа: Хэрэв шүүгдэгч Я.Баярбаатар хохирогч С.Гантулгын чээж рүү өшиглөсөн бол түүний чээжинд зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ёстой. Гэтэл тийм гэмтэл байхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх саналтай байна гэв.

 

Хэргийн материалыг нягтлан шинжилбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбатын гаргасан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3041 дугаартай дүгнэлт (хх-ийн 60)-ийн урьдчилсан онош хэсэгт: чээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тэмдэглэгдсэн байх бөгөөд мөн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 488 дугаартай дүгнэлт (хх-ийн 75-76)-д шинжээч эмч Д.Мөнхбатын дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн нь өмгөөлөгчийн хэлсэнчлэн чээж рүү өшиглөх үед зөөлөн эдийн гэмтэл учрах ёстой гэсэнтэй давхцах бөгөөд харин чээжинд гэмтэл байхгүй гэх өмгөөллийн үг нь няцаагдаж байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг бүхэлд нь үнэлэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гараагүй тул хууль зүйн хувьд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн өмгөөлөгч Э.Ганбатын саналыг хүлээн авах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Я.Баярбаатарын хувьд эхнэрээ өмгөөлөн хамгаалах гэсэн санаа зорилгыг буруутгах аргагүй боловч эхнэрээ өмгөөлсөн хувийн сэдэлт бүхий санаа зорилгоо хууль бусаар хэрэгжүүлж, улмаар бусдын чээж рүү өшиглөж, хүнд зэргийн гэмтэл учруулсан нь санаатай гэмт хэрэг болно.

 

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

 

Иймд дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Я.Баярбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн 128 дугаар хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Я.Баярбаатарыг ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн дардас дарагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Я.Баярбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

 

Хохирогч С.Гантулга нь Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Баярбаатар надад эмчилгээний зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид Баярбаатарт ямар нэгэн гомдол, саналгүй гэх мэдүүлэг хавтаст хэргийн 168 дугаар хуудаст, хэргийн материалтай танилцлаа, Я.Баярбаатар, Х.Баасансүрэн нарт хохирогчийн хувьд ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт хавтаст хэргийн 184 дүгээр хуудаст тус тус авагдсан бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч биеийн байдал хэвийн болсон гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэв.

 

Хохирогч С.Гантулга хохирол төлбөрт баримтаар нийт 366.137 (гурван зуун жаран зургаан мянга нэг зуун гучин долоо) төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгч Я.Баярбаатар түүнд нийт 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирол төлсөн болох нь хавтаст хэргийн 179, 203 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Түүнчлэн, хохирогч С.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Я.Баярбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдав. 

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Я.Баярбаатар нь шүүхийн шатанд нийт 12 (арван хоёр) хоног цагдан хоригдсон тул тус хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

 

Харин түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Моломдагва овогт Янжингийн Баярбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я.Баярбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баярбаатарт оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баярбаатарын цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Баярбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Я.Баярбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Баярбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА

 

 

                                         ШҮҮГЧИД                                    Т.АЛТАНТУЯА

 

 

   Г.ГАНБААТАР