Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/02473/И |
Дугаар | 181/ШШ2017/03141 |
Огноо | 2017-12-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/03141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г. Ж-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө Х ХХК-д холбогдох
Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол болох 793.342.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, иргэдийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн Г.Ж миний бие 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Газар худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Ш.Н-гаас Сүхбаатар дүүргийн 1 хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001493 улсын бүртгэлийн гэрчилгээтэй нэгж талбарын 18644310126361 дугаартай, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001494 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 18644310125325 дугаартай газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн 000130051, 000130052 дугаар бүхий гэрчилгээнүүдийг авсан болно.
Уг газарт барилга барихаар иргэн Ш.Н нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөлөө авсан байсан бөгөөд уг зөвшөөрөл нь газар өмчлөх эрхийн хамт миний нэр дээр шилжин бүртгэгдсэн болно. Уг зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байсан болно.
Миний бие уг газрыг худалдан авсаны дараагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын хэмжээг багасган 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг авсан. Үүний дараагаар 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх, Үргэлжлүүлэх зөвшөөрөлөө авч сунгалт хийлгэн барилгын ажилаа гүйцэтгэсэн.
Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн Ө Х ХХК нь янз бүрийн аргаар миний ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдлийг гаргаж байсан.
Ө Х ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан миний газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцсан болон миний барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж уг маргаан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын дээд шүүхийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж Ө Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно. Тус компанийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл Ө Х ХХК-ийн шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээс болоод миний бие барьсан орон сууцны барилгаа бусдад худалдан борлуулах боломжгүй болсон бөгөөд уг хугацаанд барилгын 1 м.кв талбайн үнэ 1.000.000 орчим төгрөгөөр буурсан.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажилаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм.
Ө Х ХХК нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан болно.
Ө Х ХХК-ийн дээр дурьдсан үндэслэлгүй, хууль бус үйлдлүүд нь миний барилгын ажлаа хэвийн явуулах, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм.
Нийтийн эзэмшлийн замыг хууль бусаар хааж нэвтрэх боломжийг хязгаарласнаас улбаалан дараах нэмэлт зардал гарч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Үүнд:
1. Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын машин ажлаа хий чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогссон. Үүний улмаас нийтдээ 27.280.000 төгрөгийн хохирол учирсан
2. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулсанаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119.820.000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан
3. Барилгын ажлыг гүйцэтгэх кран Ө Х ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж, нийт 32.760.000 төгрөгийн зардал гарсан
4. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсаны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 67.452.000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9.000.000 төгрөгийн ажлын хөлс олгосон.
5. Бест чойс ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс Ө Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд Бест чойс ХХК-иас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв үнэлгээ унаж 2.500.000 төгрөг болоод байна. Бест чойс ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2.500.000 төгрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74.400.000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна.
6. “Хөтөл тэлмэн” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631.990.000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон.
Гэтэл мөн л дээр дурьдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв 3.500.000 төгрөгийн үнэтэй байрыг 2.500.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180.560.000 төгрөгийн шууд хохирол учраад байна.
Г.Ж миний бие хариуцагчаас нийт 453.972.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнийг дараах баримтыг үндэслэн 339.370.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
1. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээ”-г “Буяндэлгэрэх цамхаг” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээний Буяндэлгэрэх цамхаг ХХК нь барилгын гадна пасадны материал нийлүүлж, пасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166.250.000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөрөө барьж буй барилгаас 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3.500.000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно.
2. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Цонхны ажил гүйцэтгэх гэрээ”-г “Алтайн гуулин констракшн” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166.250.000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3.500.000 төгрөг тооцож гэрээ байгуулсан.
3. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ”-г “Тул-Эрд” ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191.205.000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэнд миний зүгээс 54.63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3.500.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон.
4. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эм ХХК-тай байгуулж нийт 125.370.000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35.82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирцсон.
5. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиололын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 291.620.000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно.
6. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260.400.000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон
Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч Ө Х ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно.
Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүйн улмаас дараах байдлаар гэрээнд тусгагдсан 1 м.кв талбайн үнэнд өөрчлөлт орж хохирол учраад байна. Ө Х ХХК-ийн хууль бус, үндэслэлгүйгээр манай барилга угсралтын ажлыг саатуулсанаас үүссэн хохиролд өмнө гаргасан нэхэмжлэлийн дүн болох 453.972.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн дүн 339.370.000 төгрөг нийт 793.342.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай өмгөөлөгч ирэх боломжгүй талаар хүсэлттэй байгаа тул ирээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа хэрэгт байгаа ажил гүйцэтгэж компаниудтай хийсэн гэрээнүүд, санхүүгийн анхан шатны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Нэхэмжлэлд дурдсан 793.342.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй. Өөрт нь энэ хөрөнгө байсан уу, ямар хэлбэрээр гаргаад туслан гүйцэтгэгч компаниуд юм уу, бартерын гэрээгээр хийгээд байгаа айлуудтай гэрээ хийгээд, төлбөр төлөгдсөн эсэх нь хэрэгт нотлогдсон зүйл байхгүй гэж манай зүгээс үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Ө Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 793.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Ө Х ХХК-иас барилгын ажил зогсоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Ө Х ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй учир 1 м.кв-ийг 3.500.000 төгрөгөөр барилгын материал болон техник хэрэгслийг түрээслэхээр худалдан авахаар тохиролцсон байсан, орон сууцны үнэ 1 м.кв нь 2.500.000 төгрөг болж буурсан тул хохирол учирсан, мөн нэмэлт зардал гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан ба хохирлын задаргааг авч үзвэл:
1. Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасанаас болож суурийн шороо ачих том оврийн машин ажлаа хий чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогсоосны улмаас нийтдээ 27.280.000 төгрөгийн хохирол учирсан,
2. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулсанаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 110.820.000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан,
3. Барилгын ажлыг гүйцэтгэх кран Ө Х ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж, нийт 13.260.000 төгрөгийн зардал гарсан,
4. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсаны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс, мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 47.652.000 төгрөгийн нэмэлт зардал гарсан,
5. Бест чойс ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр тооцож өгөхөөр анх тохирсон, Бест чойс ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2.500.000 төгрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74.400.000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна.
6. “Х тэлмэн” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 180.560.000 төгрөгийн нэмэлт зардаж гарсан,
7. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээ”-г “Буяндэлгэрэх цамхаг” ХХК-тай байгуулсан ба 3.500.000 төгрөгөөр тохирсон, шинээр гэрээ байгуулж 2.580.000 төгрөгөөр тохирсон, зөрүү 920.000 төгрөгийг 47.5 м.кв-аар тооцоход 43.700.000 төгрөгөөр тооцсон,
8. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Цонхны ажил гүйцэтгэх гэрээ”-г “Алтайн г констракшн” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166.250.000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3.500.000 төгрөг тооцож гэрээ байгуулсан ба гэрээг шинэчилж 2.500.000 төгрөг, 47.5 м.кв тооцоход 47.500.000 төгрөг,
9. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ”-г “Тул-Эрд” ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191.205.000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэнд миний зүгээс 54.63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3.500.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2.500.000 төгрөг, 54.63 м.кв тооцоход 54.630.000 төгрөг,
10. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эм ХХК-тай байгуулж нийт 125.370.000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35.82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирцсон ба гэрээг шинэчилж 2.500.000 төгрөг, 35.82 м.кв тооцоход 35.820.000 төгрөг,
11. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 291.620.000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон ба гэрээг шинэчилж 2.500.000 төгрөг, 83.32 м.кв тооцоход 83.320.000 төгрөг,
12. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260.400.000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон ба гэрээг шинэчилж 2.500.000 төгрөг, 74.4 м.кв тооцоход 74.400.000 төгрөг, нийт 793.342.000 төгрөгийг шаардсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан бол уг гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй бөгөөд гэм хороос үүсэх үүрэгт хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хороонд шалтгаант холбоотой байх ёстой.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр Ө Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 442 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /нэгдүгээр хх-ийн 54-72 дахь тал/
Ө Х ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Ж ийн 15 давхар барилгын ажлыг зогсоох тухай шүүгчийн захирамж гараагүй болох нь талуудын тайлбараар нотлогдов.
Түүчнлэн Ө Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Ж өд холбогдох иргэний хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын хойно байрлах Г.Ж ийн барьж байгаа 15 давхар барилгын тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн /нэгдүгээр хх-ийн 53 дахь тал/ ба Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг захирамжийг хүчингүй болгосон” гэх тайлбараас үзэхэд шүүхээс Г.Жавхантөгсийн барилгыг зогсоож, түүний улмаас хохирол учраагүй байна.
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч зам хаасан, хууль бусаар тэмдэг тэмдэглэгээ байршуулсан гэж тайлбарлаж байх боловч нэгдүгээр хавтаст хэргийн 165-184 дэх талд авагдсан бичгийн баримтаар Улсын мэргэжлийн хяналтын газар,
Барилга, хот байгуулалтын яам, Авлигатай тэмцэх газар,Онцгой байдлын ерөнхий газар,Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас нэхэмжлэгч Г.Ж , хариуцагч Ө Х ХХК-д гаргасан хүсэлт, гомдолтой нь холбоотой хариу өгч, эрх бүхий байгууллагад хүсэлтийг уламжилж байсан бөгөөд Г.Ж ийн барилгын ажлыг зогсоож, уг акт шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдохгүй байна. /нэгдүгээр хх-ийн 165-184, 240-244 дэх тал,/
Нэхэмжлэгч хариуцагч хууль бусаар замын тэмдэг тэмдэглэгээ байршуулсан, мөн хариуцагч Ө Х ХХК-иас шалтгаалан улсын комисс барилгын ажлыг хүлээж аваагүйн улмаас орон сууцны үнэ буурч, барилгын материалд арилжааны гэрээ хийсэн газруудтай гэрээгээ шинэчилж, 1 м.кв-аас 1.000.000 орчим төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тайлбарласан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын хойно байрлах Г.Ж ийн барьж байгаа 15 давхар, 70 айлын орон сууцны зориулалттай барилгыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт”-аар улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авсан ба уг барилга 2014 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дууссан гэжээ. /нэгдүгээр хх-ийн 51-52 дахь тал/
Уг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт”-д захиалагч байгууллагын 2016 оны мэдэгдлийн дагуу гэж дурдсан ч Ө Х ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас орон сууцны барилгыг байнгын ашиглалтад авах комисс аваагүй, эсхүл авахаас татгалзсан байдал баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан барилгын бараа материалыг нэхэмжлэгч өөрийн барилгад авч ашигласан, хожим нэхэмжлэгч бусад /гэрээний хийсэн хуулийн этгээд, иргэн/-тай нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, арилжааны байрны үнийг буруулах, эсхүл өсгөх нь тухай гэрээний талуудын гэрээний эрх чөлөө бөгөөд нэхэмжлэгч өөрийн байрны үнийг буруулж хэлцэл байгуулахад хариуцагч Ө Х ХХК-ийн гэм буруу шалтгаант холбоогүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагч Ө Х ХХК-иас гэм хорын хохиролд 793.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ж ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ө Х ХХК-иас гэм хорын хохиролд 793.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ж ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.282.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР
шүүгчид т.ганчимэг
о.одгэрэл