Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 374

 

Ч.Э-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батнасан,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805060140011 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Эрх мэргэд овгийн Ч.Э-, 1964 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ч.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцны подвальд иргэн В.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, Ч.Э- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, Ч.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч В.Ганбат нь тухайн үед зохисгүй авир гаргаж, олон удаа намайг доромжилсон. Тэрээр урьд миний куртикийг хулгайлж байсан хүн. Гэтэл хэрэг бүртгэлтийн явцад түүний хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй, шүүхээс энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье...” гэжээ.

Прокурор Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Энэ хэргийн шүүгдэгч нас барсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд бий болсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ч.Э- нь согтуугаар, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцны подвальд иргэн В.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны цус хуралт, дух, хамар, баруун ташаа, бүсэлхийн зулгаралт, хэвлийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч В.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад “...подвальд өрөөндөө байж байхад гаднаас согтуу хүмүүс явж өнгөрсөн. Тэгэхээр нь юун хүмүүс болохыг асуухад тухайн үед манай подвальд амьдардаг байсан Э- согтуу орж ирээд “чамд ямар хамаатай юм” гээд намайг өшиглөж зодсон...” /хх-ийн 10-11/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ж.Батхүүгийн “...Э-той уулзаад юу болсон талаар асуухад “Ганбат намайг хүнтэй явж байхад доромжлоод байхаар нь би зодсон” гэж хэлсэн...” /хх-ийн 34/ гэх,

яллагдагч Ч.Э-ын “...Ганбат манай гэрийн гадаа ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би нүүр тус газарт нь 1 удаа цохиж газар унагаагаад дээрээс нь дэвссэн...” /хх-ийн 19-20/ гэх мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14039 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Ч.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсны гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталжээ.

Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Ч.Э- нас барсан болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0000237066 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Э-ын гаргасан “...анхан шатны шүүх хэт яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрх мэргэд овгийн Ч.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН