Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 152

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Ц.Гансүлд, хохирогч Г.Нацагдорж, шүүгдэгч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-217), иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хаад боржигон овогт Энхбатын Энхтайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0107 0123 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хаад боржигон овогт Энхбатын Энхтайван: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зуухны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26 дугаар байрны 456 тоотод оршин суудаг, ЧД87080718 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Э.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7 дугаар гудамжны 650-б тоотод хамтран амьдрагч З.Ариунтуяаг “зээлсэн мөнгө өг” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Нацагдоржийн өгзөг рүү хутгалж бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Энхтайван нь 2014 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7 дугаар гудамжны 650-б тоотод хамтран амьдрагч З.Ариунтуяа, түүний найз С.Нарангэрэл болон Г.Нацагдорж, Д.Цэвээндорж нарын хамт архидан согтуурсан байна. Улмаар шүүгдэгч Э.Энхтайван нь согтуурсан үедээ хамтран амьдрагч З.Ариунтуяаг унтлаа, боссонгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг авирлаж, хутга барин танхайрахдаа хохирогч Г.Нацагдоржийн өгзөг рүү хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Энхтайван:  Миний хувьд мөрдөн байцаалтын үед өөрийн мэдэх бүх зүйлийг мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Г.Нацагдорж: Би ажлаа тараад гэр рүүгээ харих гэж байхад манай эхнэр над руу яриад хороололд байна гээд дуудсан. Намайг очих үед хорооллын эцэст нэгэн кароакед сууж байсан. Тухайн үед машин барьж явсан хүн архи уугаагүй. Би согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг болохоор архи их уугаагүй. Харин Э.Энхтайван, З.Ариунтуяа, манай эхнэр 3 ихэнх архийг уусан. Кароакеноос гараад Э.Энхтайваны гэр рүү явсан. Цэвээн машинаа тавьчихаад бид нартай хамт архи уусан. Шүүгдэгч Э.Энхтайван эхнэр З.Ариунтуяагаасаа мөнгө нэхээд дайраад байхаар нь З.Ариунтуяаг хамгаалах гэж байгаад би хутгалуулсан. Миний хувьд мөрдөн байцаалтын үед 600.000 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд нүүрсний үнийг хасаад 400.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал буюу хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Шүүгдэгч Э.Энхтайванаас өнөөдрийг хүртэл ямар ч хохирол, төлбөр аваагүй гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 0107 0123 дугаартай хэргээс)

Хохирогч Г.Нацагдоржийн өгсөн: ...2014 оны сүүлxээр би эхнэрийн хамт Энхтайван, Ариунтуяа нарын гэрт уригдаж очсон. Биднийг тэдний найз Цэвээн гэх залуу хүргэж ирсэн. Тэгэхэд манай эхнэр Нарангэрэл согтоод гэрийн баруун орон дээр, харин талийгаач Ариунтуяа гэрийн хойморын орон дээр унтаад өгсөн.

Энхтайван, Цэвээн бид 3 архиа ууж байхад Цэвээн “дотор нь муухайраад байна гарчихаад ирье” гээд гарсан. Тэр үед Энхтайван талийгаач Ариунтуяаг татаж чангаагаад хоёр хацар руу нь алгадаад “чи бос миний мөнгийг өг” гэхэд Ариунтуяа нойрмог “чи юу яриад байгаа юм бэ? Би чамд өргүй, чи миний мөнгийг өгөөрэй” гээд буцаад орон дээр дээшээ хараад хэвтэж байхад нь Энхтайван гэрийнхээ унинаас барьж байгаад Ариунтуяагийн чээж, толгой руу нь хэд хэд дэвссэн.

Тэгэхээр нь би босож очоод Энхтайванг түлхэж унагахад тэрээр “та нар нутгархаж, намайг бөөрөлхөж байна уу, би бие засчихаад орж ирээд алнаа” гэж хэлээд гараад явсан. Удалгүй Цэвээн, Энхтайван 2 хамт орж ирээд бид гурав архиа ууж байтал Цэвээн “дотор муухайраад байна” гээд дахин гарсан.

Харин Энхтайван Ариунтуяаг унтуулахгүй татаж, чангаагаад бос гээд байхаар нь би “чи одоо боль л доо” гэхэд “энэ муу худлаа үхсэн юм шиг унтаад” гээд гал тогооны шүүгээнээс урт хутга барьчихаад Ариунтуяа руу “чамайг алчихъя” гээд ухас хийхэд нь би хутгатай гарыг нь барих гээд чадалгүй Ариунтуяагийн чээжин дээр дарж унахад Энхтайван миний өгзөг рүү хутгалсан. Тэгээд Энхтайван “эхлээд Ариунтуяаг дараа нь та нарыг алах байсан юм” хэмээн агсамнах үед Цэвээн орж ирээд “юу болоод байгаан” гээд Энхтайванг тонгорч унагаагаад гар, хөлийг нь хүлсэн. Би эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 6-8 дугаар хуудас),

Гэрч С.Нарангэрэлийн өгсөн: “...Намайг унтаж байхад манай нөхөр Нацагдорж чи болиоч хүн аллаа гээд орилоход нь би сэрсэн бөгөөд Энхтайван хоолны шүүгээнээс хүрэн иштэй том хутга аваад манай нөхрийн зүүн гуя руу нь хутгаараа хатгасан. Энхтайван манай нөхөр Нацагдоржийг хутгалчихаар нь хүн хутгалчихлаа гээд орилох үед Ариунтуяа “юу болов, яав” гээд сэрсэн бөгөөд болсон явдлыг мэдээд “миний хоёр найз байхгүй байсан бол би алуулах байжээ” гэсэн. Ариунтуяа бид хоёр манай нөхрийн өмдийг тайлж шархыг нь нойлын цаасаар боосон, тэгэхэд Энхтайван согтуу байсан..., ...Энхтайван согтуу агсам тавиад байсан учир хөл гарыг нь хүлсэн байсан юм..., ...Энхтайваны ээж нь ирээд хүүгээ загнахад тэрээр хүлээстэйгээ хэр нь “та нарыг ална” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16-20 дугаар хуудас),

Гэрч Д.Цэвээндоржын өгсөн: “...Нацагдорж, Энхтайван бид гурав архи уугаад сууж байхад Энхтайван орон дээр унтаж байсан талийгаач Ариунтуяаг татаж босгож сэрээгээд чи наашаа суу, худлаа согтоод гээд Энхтайван, Ариунтуяа нар хоорондоо хэрэлдэж маргалдаад Энхтайван талийгаачийг чи миний мөнгийг өг, миний 5.000.000 төгрөгийг өгөөд зайл гээд талийгаачийг орон дээр нь хэвтэж байхад нь гэрийнхээ унинаас барьж байгаад цээж болон толгой дээр нь дэвсээд байхаар нь Нацагдорж салгаад, би Энхтайваныг гэрээс нь аваад гарах гэтэл та нар нийлж намайг зодох гэж байна уу? гээд над руу агсраад байсан гадаа гараад Энхтайван надруу би наранд тайван амьдармаар байна шүү гээд агсраад байхаар нь дуугуй бай чи тийм шоронгоор явсан хүн юм уу гэхэд би наранд тайван амьдармаар байна гээд миний цээж хэсэгт хэд хэдэн удаа мөргөхөөр нь би гараараа шанаан тус газарт нь нэг удаа цохиход Энхтайван газар унахаар нь гарыг нь ард талд нь өчихөд Энхтайван одоо болъё миний буруу гэхээр нь би гарыг нь тавихад газраас босоод надаас түрүүлээд гэр лүү гээ орсон намайг араас нь орох гэтэл гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг түгжчихсэн, тэгээд гэрт ороод орилж эхэлсэн, тэгэхээр нь би наад хаалгаа онгойлго гэхэд Нарангэрэл хаалга онгойлгож өгсөн. Тэгээд гэрт ороход гэрийн баруун орон дээр Нацагдорж өмдөө тайлчихсан гуянаас нь цус гарчихсан наадах чинь намайг шаачихлаа ш дээ гээд дэргэд нь Нарангэрэл, Ариунтуяа нар чи яаж байгаа юм гээд байж байсан. Энхтайван гэрийнхээ хоймор орны өмнө гартаа хүрэн иштэй 20-30 см орчим урт хутга барьчихсан зогсож байхаар нь Энхтайванг тайвшруулж байгаад ойртоод хутгатай гарыг нь барьж аваад газар унагаад уяа авч хүлсэн...Энхтайваны ээж нь гэрт орж ирээд Энхтайваныг чи яаж байгаа юм бэ гэхэд. Энхтайван ээж рүү гээ зайл муу гичий минь гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд намайг ална гээд мөн талийгаачийг ална гээд занаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-26 дугаар хуудас),

Гэрч Ш.Нарангэрэлийн өгсөн: “...шөнө Энхтайваны аав ээжийн гэрт нь унтаж байхад талийгаач Ариунтуяа гэрийн хаалга нүдэж орж ирээд Энхтайван гэртээ хүн хутгалчихлаа хамт явъя гээд Энхтайваны гэрт очсон. Энхтайваны гэрт очиход Энхтайваны гар хөлийг нь хүлчихсэн байдалтай газар хэвтэж байсан. Энхтайванд хутгалуулсан гэх Нацагдорж гэх залуу гэрийн хойморт байсан орон дээр сууж байсан. Би Энхтайваны хүлээсийг тайлчих гэтэл Цэвээндорж яахын бэ наадах чинь агсраад үсчээд унана гэж байсан. Энхтайваны хөлийн хүлээсийг тайлахад Энхтайван босч ирээд ээжийнхээ хөл рүү та нар муу юм нууд гээд агсраад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас),

Гэрч Я.Зидаабазарын өгсөн: “...шөнө унтаж байхад талийгаач Ариунтуяа манай нутгийн Нарангэрэл, Цэвээн гэх залуугийн хамт ирээд Энхтайван хүн хутгалчихлаа гээд эхнэр бид хоёр Энхтайваны гэрт очиход Энхтайван хүлээстэй газар хэвтэж байсан Нацагдорж хутгалуулсан гээд гэрийн баруун талд байсан орон дээр сууж байсан. Тэгээд удаагүй байхад Энхтайваны аав ээж нь араас ирээд бид нар Энхтайваны хүлээсийг тайлчих гээд тайлуулсан. Энхтайван босч ирээд Цэвээн болон талийгаач Ариунтуяа нар луу та нарыг ална гээд агсраад байхаар нь буцаагаад Цэвээн хүлсэн. Хэсэг хугацааны дараа Нацагдоржийг эхнэр Нарангэрэлтэй гэрт нь хүргэж өгөхөөр Энхтайвны аав болон ээж нь хамт явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн криминалистикийн шинжээчийн 4819 дугаартай “ шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг өмд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн өмднүүдийн саарал өмдөнд үүссэн 4х3 мм, 2х1.5 см хэмжээтэй цоорхой нь халалтын улмаас үүссэн хуучин цоорхой байна. Саарал өмдөнд үүссэн 34х8 мм, саарал брюкен өмдөнд үүссэн 5.5 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин уранхай байна. Саарал өмдөнд үүссэн 3.6 см, саарал брюкен өмдөнд үүссэн 4 см уранхай нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг уранхай нь бага зэрэг бохирлогдсон байх тул шинэ уранхай байна. Саарал өмдөнд үүссэн 3.6 см, саарал брюкен өмдөнд үүссэн 4 см уранхай нь нэг удаагийн болон нэг цаг хугацаанд, нэг багаж зэвсгээр үүссэн байж болно.” гэх дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн  шүүх эмнэлгийн шинжээчийн 12188 дугаартай “...Нацагдоржийн биед зүүн өгзөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 45 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн криминалистикийн шинжээчийн 3353 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Э.Энхтайваны гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй Э.Энхтайваны гарын дардас санд бүртгэлгүй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас),

Э.Энхтайваны яллагдагчаар өгсөн: Би өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 12 дугаар сарын 27-ны орой Ариунтуяа, Нацагдорж, Нарангэрэл, Цэвээндорж бид нар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойтын 7-650 б тоотод манай гэрт очиж мах чанаж идэнгээ 2 шил архи, 20 орчим пиво хувааж ууцгааж байгаад би согтсон байсан болохоор ямар шалтгаанаар Нацагдоржийг хутгалснаа мэдэхгүй байна. Манайд бүгдээрээ суугаад мах чанаж идээд архи, пиво ууж байсан. Тэгээд согтоод тасарчихсан болохоор ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Маргааш өглөө нь миний уусан архи гараад сэргэхэд гэртээ хэвтэж байсан бөгөөд намайг Нацагдоржийн өгзөг рүү хутгалсан гэж хэлэхээр нь би Нацагдоржийн гэрт нь очтол тэрээр гэртээ хэвтэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 134-135 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Энхтайван нь үйлдсэн хэргээ санадаггүй боловч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтаас Э.Энхтайван нь бусдыг илтэд үл хүндэтгэн агсамнаж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн буюу танхайрсан шинж нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Нацагдоржийн өгсөн: “...Тэр үед Энхтайван талийгаач Ариунтуяаг татаж чангаагаад хоёр хацар руу нь алгадаад “чи бос миний мөнгийг өг” гэхэд Ариунтуяа нойрмог “чи юу яриад байгаа юм бэ? Би чамд өргүй, чи миний мөнгийг өгөөрэй” гээд буцаад орон дээр дээшээ хараад хэвтэж байхад нь Энхтайван гэрийнхээ унинаас барьж байгаад Ариунтуяагийн чээж, толгой руу нь хэд хэд дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-8 дугаар хуудас),

- Гэрч С.Нарангэрэлийн өгсөн: “...Энхтайван согтуу агсамнаад байсан учир түүний хөл, гарыг хүлчихсэн байсан юм. ...Энхтайваны ээж нь ирээд хүүгээ загнахад тэрээр хүлээстэйгээ хэр нь “та нарыг ална” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16-20 дугаар хуудас),

- Гэрч Д.Цэвээндоржийн өгсөн: “...гадаа байхад Энхтайван над руу хандан “би наранд тайван амьдармаар байна шүү” гээд агсамнаад миний чээж рүү мөргөөд байсан..., ...би түүний гарыг ард нь өчихөд Энхтайван “одоо больё найзаа миний буруу” гэхээр нь гарыг нь тавихад тэр гэртээ түрүүлж ороод хаалгаа чоожилсон. Би хаалгыг нүдтэл Нарангэрэл хаалга онгойлгож өгсөн бөгөөд Энхтайван гэрийнхээ хойморт гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би түүнийг тайвшруулж байгаад хутгатай гарыг нь барьж өчиж унагаад түүнийг хүлсэн...”

- Гэрч Ш.Нарангэрэлийн өгсөн: “...Энхтайваны хүлээсийг тайлахад тэрээр босож ирээд “та нар муусайн юмнууд” гэж агсамнаад ээжийнхээ хөл рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас) зэрэг болно.

Түүнчлэн танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ хутга хэрэглэн бусдын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд энэ талаар шүүхийн мэтгэлцээнд маргаан өрнөөгүй болно.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Энхтайванг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 95 дугаар хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Э.Энхтайванг ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн дардас дарагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Энхтайванд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэх үед гаргасан авир араншинг харгалзан үзэж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин тэрээр хохирогчийн биед гэмтэл учруулсан даруйдаа эмнэлгийн болон бусад тусламж үзүүлээгүй бөгөөд хожим нь өөрийн таньдаг хүмүүст үзүүлэн оёдол, боолт хийлгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.10. дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулахгүй тул өмгөөлөгчийн санал үндэслэлгүй байна.

Шүүгдлэгч Э.Энхтайван 2014 оны 12 дугаар сарын 27-ны шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн;

- 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж

- 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “...Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2., 181.3. дахь хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус хуульчилсан тул түүнд оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Г.Нацагдарж нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө эмчилгээний зардалд 600.000 (зургаан зуун мянга) төгрөг, харин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөн 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг нэхэмжилсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар ч баримт хэрэгт байхгүй байх тул түүний нэхэмжлэлийг эрүүгийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байв. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Э.Энхтайваны үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нацагдоржид хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч түүнд эмчилгээний зардалд тооцож төлбөр төлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Энхтайван нь эрүүгийн 2015 0107 0242 дугаартай хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бөгөөд тус хэргээс Багануур дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоол (хх-ийн 1-3 дугаар хуудас)-оор эрүүгийн 2016 0107 0123 дугаартай хэргийг тусгаарласан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.7. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайваны цагдан хоригдсон нийт 202 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан саарал өнгийн брюкэн болон дотуур өмдийг хохирогч Г.Нацагдорж авахгүй, устгуулах саналтай байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хаад боржигон овогт Энхбатын Энхтайванг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 6 жилийн хугцаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайваны цагдан хоригдсон нийт 202 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн брюкэн болон дотуур өмдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхтайваны гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул хохирлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Энхтайванд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА

                                    ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

                                         Г.ГАНБААТАР