Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ГЕГ -т холбогдох

 

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар Б\260 тоот тушаал гарган Гааль татварын ерөнхий газар татан буугдсан тул гэсэн заалтаар, Тус газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилтай Б.Т  намайг эмнэлгийн магадлагаа Эмнэлгийн хуудас № 0979494 -тай байсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-д заасан заалт ба Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зарчмыг зөрчин, ажлаас халах үндэслэлийг бодит байдлаас гуйвуулан, ялгаварлан гадуурхах замаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж өмнөх өргөдөл ба нэхэмжлэл, гомдлыг гарган, уг ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах болон ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулан надад олгуулах, дээрхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг холбогдох хуулиудын дагуу тус шүүхэд нэхэмжилсэн бөгөөд Шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 16 -ны өдөр 181\ШШ2017\00781 тоот дараах Шийдвэр гарсан Тогтоох нь хэсэгт

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Т ыг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Гаалийн ерөнхий газраас 1.882.136 төгрөг гаргуулан Б.Т т олгосугай...” гэж бусад холбогдох заалтыг дурдсан ба нэхэмжлэлийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16 -ны өдрийг дуусталх хугацаагаар тооцсон.

2017 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 16 цагаас 18 цагийн хооронд иргэн Б.Т  миний 3 давхар дутуу барьсан барилга шатаж улмаар бидэнд 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь дээрх өрөөсгөл ба албан тушаалын авилгалын сэдлээр намайг шалтгаангүй халж, орлогын эх үүсвэргүй, тооцоолох боломжгүй санхүүгийн эрсдэлд санаатай оруулсан авилгач түшмэл Б.Асралтын үйл ажиллагаанаас үндсэн хамааралтай.

Эхнэр бид хоёул сард 1.300.000 төгрөгийн орлоготой түүнээсээ 300.000-400.000 төгрөг гаргаж, харуул хамгаалалтынхаа асуудлыг шийдэж ирсэн ба энэ гамшиг нь манай өрхийн орлого олон сараар тасалдаж, тус барилгын харуул /нэг хүн өдөр шөнөгүй харахгүй жишээ нь би ганцаараа олон өдөр шөнө харсан ч хийдэл, ядарснаас цалгардал гардаг ба тогтвортой эх үүсвэргүй болсноос шүүхийн шийдвэр удааширснаас/-ын бусад ээлжийг санхүүжүүлж чадаагүй буюу манаа эзэнгүйдсэн байдлаас шууд үүдэлтэй юм.

Улмаар одоо болтол шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, хууль хэрэгжүүлэхгүй, албыг шударга зарчмаар хаших үүрэг хариуцлага бүхий өргөсөн тангаргаасаа няцаж, хуулийн хариуцлагыг умартаж, төрийн үйлчилгээний ангиллын албан тушаалд хүртэл эрээ цээргүй шунаж, хэн нэгэнд амласан тал зассан үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хамгаалахаар улайрч өдий хүрсэн.

Миний сэдэл, ба хөөцөлдөлгөөгөөр Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-378/757 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гарч тэнд шалгалтаар илэрсэн бодит байдлыг тодорхойлсон ба “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, хүрээлэн байгаа сөрөг нөлөө, аюул учруулахгүй байх, 11.1.5-д барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх заалтуудыг тус тус хангахгүй байна гэж үзэн дээрхи илэрсэн зөрчил дутагдлыг эрх бүхий мэргэжлийн зураг төслийн байгууллагаар зураг төсөл боловсруулж, засварын ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлэн, ажлын явцын хяналтыг тогтмол хийж, ажил дууссаны дараа гүйцэтгэлийг актаар хүлээлцэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан ба үүний цаана тус барилгын зураг төсвийг 38 см-ын ханатайгаар зохион төсөв батлуулж, санхүүжилтийг нэмж авсан мөртлөө дийлэнх ханыг 24 см зузаантай хана болгож, барьсан, том гаруудын авилгалын уршигт хэрэг байдаг тул би зориуд хуулийн сан хөмрөгт баримт болгон удаа дараагаар тэмдэглэн үлдээж байгаа болно.

Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар миний өмнөх нэхэмжлэлтэй холбогдох шүүхийн шийдвэр ба магадлалын асуудлыг хэлэлцэн, дугаар 001 \XT2017\01083 тоот тогтоол гарсан ба уг тогтоолд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж баталсан тул энэхүү нэхэмжлэл хүсэлтийг доорхи байдлаар дахин гаргаж байна. Өмнөх хугацаанаас гадна 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал би ажилгүй байсаар байх ба хурал болох өдрийг хүртэл ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс 9 сар 4 хоногийн цалин хөлс болох 5.680.000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэмэлт нэхэмжлэлийг гаргаж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна. 1 сарын дундаж цалинг 635.000 төгрөгөөр тооцсон” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т  нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/260 дугаар тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 001/ХТ2017/01083 дугаар тогтоол тус тус гарч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар заасан байх бөгөөд хуулийн 120.1.3 давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176 2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны 001/ХТ2017/01083 дугаар тогтоол 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх ба иргэн Б.Т ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч ГЕГ т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч ГЕГ  нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан  байгаа гэж эс зөвшөөрч маргасан.

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Б.Т ыг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дах гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1083  дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч ГЕГ  нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Б.Т ыг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байна.

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл  буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 8 сар 30 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Гаалийн Ерөнхий газраас шаардах эрхтэй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгон.” гэж заанаар нэхэмжлэгч Б.Т т Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэрээр Б.Т ын сарын дундаж цалин хөлсийг 603.976 төгрөг гэж тооцжээ.

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 9 сар 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор /28.093х9 сар 4 хоног/ 5.393.472 төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Т т олгох нь хуульд нийцнэ.

 

            Нэхэмжлэгч Б.Т  нь Гаалийн ерөнхий газраас шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл цалин шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй ба 2017 оны 12 сарын 21-ний өдрөөс хойш, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т ыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ГЕГ т даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Гаалийн Ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5.393.472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т т олгож, нэхэмжлэлээс 286.528 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т ын  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ГЕГ т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Гаалын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 102.246 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР