Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 505

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00505

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03264 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГЕГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б\260 тоот тушаалаар намайг өвчтэй байх хугацаанд ажлаас халсан.  

Улмаар ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах болон ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 тоот шийдвэрээр намайг Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16 -ны өдрийг хүртэлх олговорт 1 882 136 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Өмнөх хугацаанаас гадна 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал би ажилгүй байсаар байх тул ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс 9 cap 4 хоногийн цалин хөлс болох 5 680 000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т- нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/260 дугаар тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 001/ХТ2017/01083 дугаар тогтоол тус тус гарч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар заасан байх бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176 2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан байна.

Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх ба иргэн Б.Т-ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гаалийн Ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 393 472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож, нэхэмжлэлээс 286 528 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ГЕГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч ГЕГ-т холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01083 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Т-ыг ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг 2 сар 24 хоногоор тооцож 1 882 136 төгрөгийг хариуцагч Гаалийн Ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5 393 472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА