Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00211

 

                                           

 

 

 2018 оны 01 сарын 31 өдөр

 

Дугаар 182/ШШ2018/00211

 

       

       Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, .. дүгээр баг, Жаргалант .. хэсэг гудамж .... тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, Боржигон овгийн Л-ийн О /РД:М............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байранд байрлах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Хариуцагч: Бүгд найрамдах Солонгос улс, Сөүл хот, Жүнгү дүүрэг, Тэгеру 320,  S/W барилга 6, 9 давхарт байрлах, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /РД:6007643/-д холбогдох

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т  нэхэмжлэлдээ болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа /Хөдөлмөрийн яамны хуучин нэрээр/ БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Т-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар тус байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Л овогтой О-ыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч тал энэ тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэн, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Тус төвийн дарга тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 мөн хуулийн 42.1, Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай 2016 оны А/157 дугаар тушаал, мөн тушаалаар баталсан “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 55 дугаар “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буух тухай” тогтоол гарсан байдаг.

Үүнд: 1.7-д заахдаа Хөдөлмөрийн яамны хуучин нэрээр харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хуучин нэрээр харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, болгон нэгтгэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дэх заалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах дараах байгууллагыг дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай” гэж дурдсан байгаа. Үүнд: 1.1-1.7-д дурдсан байгууллагыг өөрчлөн зохион байгуулсан. Тэгэхээр эдгээр байгууллага татан буугдсан гэсэн үг биш татан буугдаагүй, өөрчлөн зохион байгуулагдсан гэж ойлгож болно. БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар өөрчлөн зохион байгуулагдсан.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон тус яамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хуулийн зүйл заалт, Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлаж, үндэслэлгүй, худлаа тайлбар гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил албан тушаалтны хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэг байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн байгаа. Тэгэхээр татан буугдсанаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно” гэж заасан байгаа. Иймд БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Тэнүүнийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгож Л.О-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.  

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд  бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хууль бус эс үйлдэхүй, үйлдэл үйлдээгүй болох нь тодорхой байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Л.О-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тус яам гаргаагүй, харин “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16/36 дугаар тушаалаар шийдвэрлэсэн байгаа. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хэргийн хариуцагч биш, тус яаманд холбогдуулан нэхэмжлэл  гаргасан нь үндэслэлгүй юм.

             Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буух тухай” 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр /харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг  шинээр байгуулсан. Шинээр байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, бүтцийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан байгууллага татан буугдсан.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн дүрмийн 3.4-т  зааснаар тус төвийн дарга нь төвийн албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрхтэй. Тус төвийн дарга Б.Тэнүүн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар Л.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд Л.О-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, сайд гаргадаггүй тул хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн яамны харъяа Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний  төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас Л.О-ыг чөлөөлөх тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан журмыг дагуу мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгосон байдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хариуцагч биш тул, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч  БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-гийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьнаас шүүх хуралдаанд оролцож байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөх, зохион байгуулах татан буулгах тухай “тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /хуучин нэрээр/ харьяа Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийг нэгтгэсэн.

Хүн амын, хөгжил нийгэм хамгааллын /хуучин нэрээр/ яамны харьяа Солонгос улс дахь нийгэм хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг шинээр байгуулсан байдаг. Төвийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Л.О-ыг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа.

Төрийн байгууллагын өөрчлөлттэй холбоотойгоор тус төвийн дарга Б.Т нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Тэгээд ч хоёр байгууллагыг нэгтгэсэн шийдвэрийг манайх гаргаагүй. Төвийн дарга Б.Т-н хувьд төрөөс тогтоож өгсөн бүтэц, орон тоог өргөтгөх, илүү цалин, мөнгө өгөх боломж байхгүй. Иймд төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог өөрчилсөн, сайдын тушаалыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр захиргааны байгууллагын албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу зохих бүтцийн өөрчлөлтийг хийсэн гэж үзэх боломжтой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ ажил олгогчийн зүгээс биелүүлсэн гэж үзэж байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа байдлыг шүүх анхаарахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Л.О нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд тус тус холбогдуулан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Зохигчид нэхэмжлэгч Л.Оыг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах”-аар заасан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /хуулийн этгээд/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

Нэхэмжлэгч Л.О нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Т-ыг томилж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 12-14 тал/

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Р-ийг томилж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэл,

Хариуцагч Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр “Эй Эм энд Партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Ж.А-г томилж, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Н-г томилж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус итгэмжлэл олгожээ. /х.х-ийн 17, 19, 93-94 тал/

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.О нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Бүгд Найрамдах Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн хөдөлмөрийн харилцаа, зөвлөгөө мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/001 тоот тушаалаар нягтлан бодогч, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн /хослон/-нээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Бүгд найрамдах Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/001 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүх үзлэг явуулж, бэхжүүлэн авсан нотлох баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн  88-89, 119-157, 160-176 тал/

Ажил олгогч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Л.Оыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь заалтыг тус тус үндэслэжээ. /х.х-ийн 174 тал/

Ажил олгогчийн 16/36 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “байгууллага татан буугдсан, ажилтны ажлын байрны орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн” эдгээр үндэслэлийн алинаар Л.Оыг ажлаас халж байгааг тодорхойлон заагаагүй ба хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоолоор “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв татан буугдсан ... гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй ...” гэх үндэслэл зааж, мэтгэлцэж байгаа болно.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөлүүдийн аль нэг үндэслэлд хамруулж дүгнэх боломжгүй гэж үзнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.7-д “Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хуучин нэрээр /харъяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болгож, өөрчлөн зохион байгуулжээ. /х.х-ийн 32-33 тал/

Өөрөөр хэлбэл өмнө нь Хөдөлмөрийн яамны харъяанд байсан БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв, Хүн амын, хөгжлийн нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагааг явуулахаар болгосон байна.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаал гарч, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар тус төвийн дүрмийг хоёрдугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны бүдүүвчийг батлаж, 2 дахь заалтаар батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, цалин нэмэгдлийг тогтоох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг тус төвийн даргад үүрэг болгож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ. /х.х-ийн 119-121, 151-155 тал/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/182 тоот тушаалаар тус яамны харъяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Т-ийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн томилжээ. /х.х-ийн 119-121, 156-157 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д зааснаар “ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

Ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа “Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч Л.О-ыг ажлаас халахаас 1 /нэг/ сарын өмнө түүнд мэдэгдэн, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/53 тоот тушаалаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болох нь тогтоогдож байгаа ба зохигчид уг үйл баримтын талаар маргахгүй байгаа болно. /х.х-ийн 174-176 тал/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалын хавсралтаар “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн бүтэц, орон тооны бүдүүвчийг баталсан байх ба тус төсвийн нийт орон тоог 14 хүртэл байхаар тогтоосон байна. /х.х-ийн 119-121, 151-155 тал/

            Гэвч дээрх тушаалын дагуу “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т  зааснаар “ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм норматив, үндсэн цалингийн сүлжээ, болон бусад холбогдох журам”-ыг батлаж мөрдүүлээгүй байна.

Ажил олгогч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүд бодиттойгоор бий болоогүй байхад ажилтныг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Шинэ бүтцээр шинэчлэн байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 14 орон тоотой байх ба нягтлан бодогч, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн буюу хөдөлмөрийн харилцаа, дотоод ажил санхүү хариуцсан мэргэжилтэн нь хөдөлмөрийн харилцаа, судалгаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийн хувьд өөрчлөгдснөөс гадна, уг орон тоонд өөр бусдыг авч ажиллуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, ажлын байрны тодорхойлолт, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаал болон тушаалын хавсралтууд зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 119-121, 151-155, 160-170 тал/

            Иймд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаал, ажлын байр нь   шинээр батлагдсан орон тооны бүтцээр түүний гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь  ажилтныг ажлаар ... хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох зэрэг хуулиар болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Иймд шинээр зохион байгуулагдсан буюу эрх, үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч буюу БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь   ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах эрхгүй.

Хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Л.Оын ажлын байр, орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн нь гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 16/36 тоот тушаал үндэслэлгүй байна.

Хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч Л.О-д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын дундаж цалин хөлстэй цалин хөлс болох 7 950 726 төгрөг олгосон болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 176 тал/

Иймд нэхэмжлэгч Л.О-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 2 163 857 төгрөг, хоолны мөнгө 270 000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 216 385 төгрөг нийт 2 650 242 төгрөг байхаар тогтоон, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 7 950 726 төгрөгийг хасаж тооцон, 25 084 830 төгрөгийг хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 175-176 тал/

Нэхэмжлэгч Л.О-ын сарын дундаж цалин 2 650 242 төгрөг байхаар тооцов. /х.х-ийн 88, 175 тал/

Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр /ажлын 268 хоног/ хүртэл байна.

Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ажил олгогчын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нэхэмжлэгч Л.О нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх ба хариуцагч нь хөдөлмөрийн харилцааны оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн /хөдөлмөрийн харилцаа дотоод ажил санхүү хариуцсан гэх/ мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 25 084 848 /хорин таван сая наян дөрвөн мянга найман зуун дөчин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-ад олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч Л.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,  нэхэмжлэгч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Л.О-ад олгох, хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 283 374 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ