Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 974

 

 

Л.О-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00211 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ ДХНХҮ  төвд холбогдох

БНСУ ДХНХҮ  төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ ДХНХҮ  төвийн дарга Б.Тэнүүний 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар тус байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Л овогтой О-ыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч тал энэ тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэн, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус төвийн дарга тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “БНСУ ДХНХҮ  төв”-ийн зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай 2016 оны А/157 дугаар тушаал, мөн тушаалаар баталсан “БНСУ ДХНХҮ  төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 55 дугаар “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буух тухай” тогтоол гарсан байдаг.

Үүнд: 1.7-д заахдаа Хөдөлмөрийн яамны хуучин нэрээр харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хуучин нэрээр харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, болгон нэгтгэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дэх заалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах дараах байгууллагыг дор дурдсанаас өөрчлөн зохион байгуулсугай” гэж дурдсан байгаа. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар өөрчлөн зохион байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ажил албан тушаалтны хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн байгаа. Тэгэхээр татан буугдсанаас бусад тохиолдолд хөдөлмөрийн  гэрээг  цуцлахыг хориглоно гэж заасан байгаа. Иймд Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Тэнүүний 2016 онь 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгож Л.О-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.О-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тус яам гаргаагүй, харин “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16/36 дугаар тушаалаар шийдвэрлэсэн байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах татан буух тухай” 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ “БНСУ ДХНХҮ  төв”-ийг шинээр байгуулсан. Шинээр байгуулагдсан БНСУ ДХНХҮ  төвийн дүрэм, бүтцийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан байгууллага татан буугдсан. БНСУ ДХНХҮ  төв”-ийн дүрмийн 3.4-т зааснаар тус төвийн дарга нь төвийн албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрхтэй. Тус төвийн дарга Б.Тэнүүн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалаар Л.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд Л.О-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, сайд гаргадаггүй тул хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин БНСУ ДХНХҮ  төвийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн яамны харъяа БНСУ ДХНХҮ  төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас Л.О-ыг чөлөөлөх тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан журмыг дагуу мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгосон байдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хариуцагч биш тул, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БНСУ ДХНХҮ  төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөх, зохион байгуулах татан буулгах тухай” тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /хуучин нэрээр/ харьяа Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийг нэгтгэсэн. Хүн амын, хөгжил нийгэм хамгааллын /хуучин нэрээр/ яамны харьяа Солонгос улс дахь нийгэм хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг шинээр байгуулсан байдаг. Төвийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Л.О-ыг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Төрийн байгууллагын өөрчлөлттэй холбоотойгоор тус төвийн дарга Б.Тэнүүн нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Тэгээд ч хоёр байгууллагыг нэгтгэсэн шийдвэрийг манайх гаргаагүй. Төвийн дарга Б.Тэнүүнийн хувьд төрөөс тогтоож өгсөн бүтэц, орон тоог өргөтгөх, илүү цалин, мөнгө өгөх боломж байхгүй. Иймд төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог өөрчилсөн, сайдын тушаалыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр захиргааны байгууллагын албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу зохих бүтцийн өөрчлөлтийг хийсэн гэж үзэх боломжтой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ ажил олгогчийн зүгээс биелүүлсэн гэж үзэж байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа байдлыг шүүх анхаарахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллыи яамны харъяа БНСУ ДХНХҮ  төвийн /хөдөлмөрийн харилцаа дотоод ажил санхүү хариуцсан гэх/ мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНСУ ДХНХҮ  төвөөс 25 084 848 /хорин таван сая наян дөрвөн мянга найман зуун дөчин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, иийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нэхэмжлэгч Л.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Л.О-с  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгох, хариуцагч БНСУ ДХНХҮ  төвөөс 283 374 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00211 дугаартай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрийн 3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНСУ ДХНХҮ  төвөөс 25 084 848 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгосугай гэжээ. Ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо 2 163 857 төгрөг, хоолны мөнгө 270 000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 216 385 төгрөг, нийт 2 650 242 төгрөг, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмж 7 950 726 төгрөгийг хасаж, 25 084 830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцсон нь дутуу байна. Cap бүрийн үндсэн цалин 2 524 500 төгрөг, нэмэгдэл урамшуулал 252 450 төгрөг, хоол унааны зардал 315 000 төгрөг, нийт 3 091 950*13 cap буюу 40 195 350 төгрөгөөр болно. Мөн Ажлаас халагдсаны тэтгэмжийг 7 950 726 төгрөг гэж алдаатай тооцоолсон байна. Тухайн үед ажлаас халагдсаны тэтгэмж Монгол дахь цалингаар 550 369*3=1 651 107 гэж тооцож олгосон ба үүнийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар вонд хөрвүүлэн тооцож нийт ажилчдын дансанд 795 000 вон орж байсан болно. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин орлогыг дутуу тооцоолсон гэж үзэж, зөрүү мөнгийг олгуулах гомдлыг гаргаж байна. Зөрүү мөнгө нийт 13 459 413 төгрөг болж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон тус яамны харьяа БНСУ ДХНХҮ  төвд  тус тус холбогдуулж БНСУ ДХНХҮ  төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Ажилтан Л.О нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Бүгд найрамдах Солонгос Улс дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн хөдөлмөрийн харилцаа, зөвлөгөө мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч БНСУ ДХНХҮ  төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/36 дугаар тушаалаар Л.О-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 А/157 дугаар тушаалаар баталсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг өдрөөр тасалбар болгон нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлжээ. /хх-ийн 5 дугаар тал/

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цомхотголд орсон гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 дугаар тушаалын хавсралтаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн бүтэц, орон тоог 14 хүртэл байхаар баталсан байна. Уг шинэ бүтэц орон тоонд нягтлан бодогч, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн буюу хөдөлмөрийн харилцаа дотоод ажил санхүү хариуцсан мэргэжилтэн нь хөдөлмөрийн харилцаа, судалгаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэж зөвхөн нэршилийн хувьд өөрчлөгдсөн байгаа нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаал тус төвд шаардлагагүй болж уг орон тоог цомхотгосон гэж үзэхгүй.

            Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.

            Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүд бодитоор бий болоогүй  байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж,  нэхэмжлэгч Л.О-ыг урьд эрхэлж байсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай  тус тус нийцсэн, энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хоногийн хугацаанд бодох ёстой.

Хариуцагч байгууллагын дарга Б.Тэнүүний тодорхойлсноор нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2016 оны 12 сарын болон ээлжийн амралттай байсан 11 сарыг оруулахгүйгээр 2016 оны 8, 9, 10 дугаар сарын дундаж цалинг тооцоход  3 101 950 төгрөг болох /хх-ийн 175/ ба 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 13 сард 40 325 350  төгрөг,  ажлын 8 хоногт  /144 276*8/ 1 154 208 төгрөг,  нийт 41 479 550  төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 40 195 350 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангуулахаар давж заалдах гомдол гаргасан тул энэ хэмжээгээр гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцнэ гэж үзэв.   

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжид хэдэн төгрөг, хэзээ олгосон талаарх хариуцагч байгууллагын санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй байхад 7 950 726 төгрөгийг хасч тооцсон нь буруу байх бөгөөд хэрвээ тэтгэмж олгогдсон бол холбогдох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед харилцан тооцох боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.