Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/00434

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/00434

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ФХ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56.046.561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ФХ ББСБ ХХК нь хариуцагч С.Атэй 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд С.Агийн өмчлөлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны 56 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Манайх 2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар хэд хэдэн шаардлагаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчтай хэд хэдэн удаа уулзсан. Төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан боловч хариуцагч тохирсон хугацаандаа үндсэн зээл болон зээлийн хүү төлөөгүй. Иймд ФХ ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хариуцагч С.Агээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг, хүү 9.188.480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.605.105 төгрөг, нотариатын тасалбар 13.500 төгрөг, нийт 51.807.130 төгрөгийг  нэхэмжилсэн. Сүүлд ФХ ББСБ ХХК 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 4.252.931 төгрөгөөр нэмэгдүүлж,  нийт 56.046.561 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн үүнтэй холбогдуулаад Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг,  159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч С.А өмчлөлийн  Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны 56 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө байрыг албадан худалдаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасны дагуу гаргасан байгаа. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэх эрхтэй байдаг. Бид нэмэгдүүлсэн хүүгээ 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож гаргасан байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:С.А миний бие ФХ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 51.807.130 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөг зээлж, нийт зээлийн хүүнд 20.683.300 төгрөг төлсөн. Үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 56.046.561 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч зээл авсан нь үнэн, 20.000.000 төгрөг төлсөн үнэн, эвлэрье гэсэн болсонгүй. Анхны нэмэгдүүлсэн хүү 2.605.150 төгрөг, мөн сүүлийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн нэмэгдүүлсэн хүү 4.252.931 төгрөг, эдгээрийг нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. 

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ФХ ББСБ ХХК нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.046.561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ФХ ББСБ ХХКнь хариуцагч С.Атэй 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №01/07 зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Ү-2205008563 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүүгээр байрны 56 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, 40.0000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 12.732.589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.313.972 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг буюу нийт 56.046.561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч ФХ ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 40.000.000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр С.Ад бэлнээр өгсөн нь кассын зарлагын баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 20.683.300 төгрөг  төлж, үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

            Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт сарын 0.7 хувь буюу үндсэн 3.5 хувийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

            Хариуцагч нь зээлийн гэрээний хугацааны дотор буюу  2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 2.500.000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15.183.300 төгрөг, нийт 20.683.300 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээлийн хүүгээс хасч тооцжээ.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлж хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хариуцагчийн төлсөн төлбөрийг бүхэлд нь хүүнд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, 2017 оны 2 дугаар сараас хойшхи төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Ийнхүү тооцоолбол, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 10.310.136 төгрөг 99 мөнгө, 20 хоногийн нэмэгдүүлсэн хүүг Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу тооцоход /40.000.000 төг х 8.4 хувь х 10 хон : 365 хоног/ 9.225 төгрөг, 48 мөнгө болох ба төлсөн 3.000.000 төгрөгийг хасвал, үндсэн зээл 37.000.000 төгрөг, зээлийн хүү 10.310.139 төгрөг 99 мөнгө,нэмэгдүүлсэн хүү 9.225 төгрөг, 48 мөнгө байна.  2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэтэрсэн хоног 174 хоног байх ба энэ хугацааны зээлийн хүүг томьёонд оруулбал /үндсэн зээл * жилийн хүү * хэтэрсэн хоног / 365 хоног/  37.000.000 төг х 42% х 174 хоног / 365 хоног = 7.408.109 төгрөг 60 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 37.000.000 төг х 8.4% х 174 хоног / 365 хоног = 1.481.621 төгрөг 92 мөнгө болж байна.

            2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 15.183.300 төгрөгийг хасвал, үндсэн зээл 21.816.700 төгрөг, зээлийн хүү 17.718.549 төгрөг 60 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 1.490.847 төгрөг 40 мөнгө байх ба 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэтэрсэн хоног 165 хоног байх ба энэ хугацааны хүүг дээрх томьёогоор тооцвол, 21.816.700 төг х 42% х 165 хоног / 365 хоног = 4.142.184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.816.700 төг х 8.4% х 165 хоног / 365 хоног = 828.437 төгрөг мөнгө болж байна.

            Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №01/07 тоот зээлийн гэрээний 4.2.7-д “Зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс энэ ажиллагаатай холбогдон гарсан /барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, зээлдэгчийг эрэн сурвалжлах, нууцлагдмал эд хөрөнгийг олж илрүүлэх, шүүх, цагдаагийн байгууллагатай энэ талаар хамтран ажилласан ажиллагааны зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэхтэй холбон гарах зардал, шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшуулал зэрэг/ зардал, ББСБ-д учирсан бусад бүх хохирлыг Монгол Улсын Эрүүгийн болон Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу хариуцан барагдуулна” гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гарсан нотариатын зардалд 13.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан ба зохигчид гэрээндээ энэ талаар тохиролцож, хариуцагч нь уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.

            Иймд хариуцагч С.Агээс үндсэн зээлийн үлдэгдэлд 21.816.700 төгрөг, зээлийн хүүнд 10.310.139 төг 99 мөн + 7.408.109 төг 60 мөн + 4.142.184 төг = 14.542.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.319.285 төгрөг, хохиролд 13.500 төгрөг, нийт 38.601.807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ФХ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай тул хариуцагч С.А зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

            7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570.200 төгрөгөөс 508.383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 61.817 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч С.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 421.159 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Агээс үндсэн зээл 21.816.700 төгрөг, зээлийн хүүнд  14.542.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.319.285 төгрөг, хохиролд 13.500 төгрөг, бүгд 38.601.807 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ФХ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.244.754 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205008563 дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны 56 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570.200 төгрөгөөс 508.383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 61.817 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч С.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 421.159 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ