Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 818

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00818

 

 

“Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 56 046 561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Зоригтбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф ББСБ” ХХК нь хариуцагч С.А-д 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд С.А-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны .... тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчтай хэд хэдэн удаа уулзсан. Төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан боловч хариуцагч тохирсон хугацаандаа үндсэн зээл болон зээлийн хүү төлөөгүй. Хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүү 9 188 480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 605 105 төгрөг, нотариатын тасалбар 13 500 төгрөг, нийт 51 807 130 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэх эрхтэй байдаг. Бид нэмэгдүүлсэн хүүгээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож 4 252 931 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 56 046 561 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч С.А-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны .... тоотод байрлах 40 м.кв 3 өрөө байрыг албадан худалдаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөг зээлж, нийт зээлийн хүүнд 20 683 300 төгрөг төлсөн. Хариуцагч зээл авсан нь үнэн, 20 000 000 төгрөг төлсөн. Анхны нэмэгдүүлсэн хүү 2 605 150 төгрөг, мөн сүүлийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэгдүүлсэн хүү 4 252 931 төгрөгийг нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.А-гээс үндсэн зээл 21 816 700 төгрөг, зээлийн хүүнд 14 542 322 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 319 285 төгрөг, хохиролд 13 500 төгрөг, бүгд 38 601 807 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 244 754 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А- үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205008563 дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны .... тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 200 төгрөгөөс 508 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 61 817 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч С.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 421 159 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Ф ББСБ" ХХК дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч С.А-гээс үндсэн зээлийн үлдэгдэлд 21 816 700 төгрөг, зээлийн хүүд 10 310 139 төгрөг +7 408 109 төгрөг + 4 142 184 төгрөг нийт 14 542 322 төгрөг гэж буруу тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, хүүд 10 310 139 төгрөг +7 408 109 төгрөг + 4 142 184 төгрөг нийт 21 860 432 гэж тооцоолох байтал 14 542 322 гэж буруу тооцоолол гаргасан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнөх хүүний зөрүүг огт дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь гэрээний хугацаанд нийт хуримтлагдсан хүү 7 502 464 төгрөг төлөхөөс хүүд 2016 оны 03 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 09-нд 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-нд 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг төлсөн байхад хуримтлагдсан хүүний зөрүү 5 002 464 төгрөгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурьдаагүй байна.

Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо 20 хоногийг 10 хоног гэж буруу тооцоолж нэмэгдүүлсэн хүүг 9 225 төгрөг гэж буруу тооцоолсон. Өөрөөр хэлбэл, 40 000 000 х 8.4% х 20хоног/ 365 = 184 110 төгрөг болох үндэслэлтэй байсан. Мөн нийт нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо 184 110+1 481 621 + 828 437 = 2 494 168 төгрөг гэж тооцоолох байтал нийт нэмэгдүүлсэн хүүг 2 319 285 төгрөг гэж үндэслэлгүй тооцоолсон.

Бидний тооцоолсноор үндсэн зээлийн үлдэгдэл 21 816 700 төгрөг + гэрээний хугацаан дах хүү 5 002 464 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү 21 860 432 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 2 494 168 төгрөг + хохирол 13 500 төгрөг = 51 187 264 төгрөг байх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн заалтад нэхэмжлэгчийн 56 046 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Ф ББСБ” нь хариуцагч С.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 046 561 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 “Ф ББСБ” ХХК болон С.А- нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр зээлийн барьцаанд С.А-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 40 дүгээр байрны .... тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалах барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, барьцаалагч нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.  

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 500 000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 183 300 төгрөг, нийт 20 683 300 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээлийн хүүгээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

            Гэрээний 3.1 дэх хэсэгт талууд нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоног тутам 0.7 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргийг буруу тооцсон алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

            Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 40 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 1 жил 11 сар 12 хоногийн зээлийн хүүд 32 800 000 төгрөг, нийт 72 800 000 төгрөг төлөхөөс төлөгдсөн 20 683 300 төгрөгийг хасвал 52 116 700 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Түүнчлэн зээлийн хүү 12 116 700 /52 116 700-40 000 000/ төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг тооцоход 2 423 340 /2 423 340Ч20%/ төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч С.А-гээс үндсэн зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 12 116 700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 423 340 төгрөг, хохиролд 13 500 төгрөг, нийт 54 553 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 13 500 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж дүгнэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байсныг залруулах боломжтой.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00434 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “38 601 807” гэснийг “54 553 540” гэж, “17 224 754” гэснийг “1 493 021” гэж,

3 дахь заалтын “421 159” гэснийг “430 717” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА