Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00309

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр

     Дугаар 182/ШШ2018/00309

                 Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, .. дугаар баг, Ховд гол ... дугаар байрны .... тоот хаягт оршин суух, 50 настай, эмэгтэй, Ж овгийн Х-ийн П /РД:БК67052602/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж-5, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Нэхэмжлэгч Х.П нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалаар хэлтсийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тус тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Х.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.П-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн болж тус маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгаж өгнө үү ... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх бичгээр ирүүлсэн хүсэлтэндээ:

... А.Б миний бие нь тус өдөр 08 цаг 30 минутад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралтай байна. Давж заалдах шатны шүүх хурал хойшлогдохгүй тул Х.Пийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд тус шүүх хурлыг нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Бидний зүгээс ямар нэгэн эвлэрэн хэлэлцэх саналгүй болно ... гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Д.Р нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлд хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т зааснаар Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх шийдвэрийг гаргадаггүй тул тус хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Х.Пийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бус, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариуцагчаар оролцсон. Мөн Х.П нь яамнаас цалин хөлсөө авдаггүй бөгөөд яам түүний албан тушаалд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээгүй болно. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.4-т “төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар хуульчилсан бөгөөд яамны төсвийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болно. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т “Яамыг гадаад, дотоодод Монголын Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө” гэж заасан. Иймд нэхэмжлэгч яамнаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргаас итгэмжлэл олгогдох ёстой болно. Мөн Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан өргөдлийн хариуг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/421 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт “... Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд нэр дэвшсэн этгээд ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, Авилгатай тэмцэх газраар хянуулж, зөрчилгүй тухай дүгнэлт гаргуулсны дараа тухайн албан тушаалд томилогдох хуулийн зохицуулалттай болохыг анхаарна уу” гэсэн байгаа. Нэхэмжлэгч Х.П нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1-д зааснаар “... хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэхгүй, уг зөрчлийг бий болгож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.П нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч Х.П нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг А.Б-т 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /х.х-ийн 4 тал/

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд С.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй бөгөөд тус яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Р, О.Г нарыг томилж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1/2990 тоот итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 36 тал/

Зохигчид дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө  бүрэн төлөөлж “шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор А.Б, Д.Р, О.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.П, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ. /х.х-ийн 4, 36 тал/

Х.П нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтас хэргийн 9-33 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар  тогтоол хүчин төгөлдөр болсон тул Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын ажлаас халсан ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаалаар үндэслэлгүй халсан нь нотлогдсон гэж үзнэ.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Х.П ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шаардах эрхтэй.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн төлнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй. /х.х-ийн 28-33 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

 

Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцэх тул “Х.П-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам биш, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1-д зааснаар Х.П ... хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэхгүй, уг зөрчлийг бий болгож байгаа” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Х.П-ийн сарын дундаж цалинг 999 979 төгрөг гэж тодорхойлсон, нийгмийн даатгалын дэвтрээр нэхэмжлэгч нь сард дунджаар 999 979 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдож байх тул ажилтны сарын дундаж цалинг 999 979 төгрөг гэж тооцсон болно. /х.х-ийн 6-8, 9-17 тал/

Нэхэмжлэгч Х.П-ийн ажилгүй байсан хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл байх ба энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу түүний урьд авч байсан сарын  дундаж цалин хөлс /нэг өдрийн дундаж цалин хөлс 46 511 төгрөг х 188 хоног/-ийг тооцож, нийт 8 744 068 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.   

Иймд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8 744 068 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иймд нэхэмжлэгч Х.П-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 330 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, буцаах олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн тул түүний хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 74, 78-79 тал/

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8 744 068 /найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга жаран найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгосугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Х.П-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 330 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, Х.П-д буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 154 855 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Х.П-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2017/11680 дүгээр захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ