Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

 

Х.П-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/00309 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Х.П-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.П нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалаар хэлтсийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тус тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Х.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.П-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Х-ын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн болж тус маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Гэвч Х яамны зүгээс одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг Х-нд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлд хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т зааснаар Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх шийдвэрийг гаргадаггүй тул тус хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Х.П-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бус, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариуцагчаар оролцсон. Мөн Х.П нь яамнаас цалин хөлсөө авдаггүй бөгөөд яам түүний албан тушаалд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээгүй болно. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.4-т төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн шууд захирагч байхаар хуульчилсан бөгөөд яамны төсвийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болно. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т Яамыг гадаад, дотоодод Монголын Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч яамнаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргаас итгэмжлэл олгогдох ёстой болно. Мөн Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан өргөдлийн хариуг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/421 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт ... Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд нэр дэвшсэн этгээд ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, Авилгатай тэмцэх газраар хянуулж, зөрчилгүй тухай дүгнэлт гаргуулсны дараа тухайн албан тушаалд томилогдох хуулийн зохицуулалттай болохыг анхаарна уу гэсэн байгаа. Нэхэмжлэгч Х.П нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1-д зааснаар ... хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэхгүй, уг зөрчлийг бий болгож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8 744 068 /найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга жаран найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Х.П-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 330 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, Х.П-лд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 154 855 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Х.П-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2017/11680 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт "Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдлаар өөрчлөлт оруулах. Тус шүүхийн шийдвэрээр бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын "Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгаагүй буюу орхигдуулсан байна. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,  дэвтэрт даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийлгэх байсан. Анхан шатны шүүх тус гурван шаардлагаас 2 дахь шаардлага болох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг орхигдуулсан байна. Хэдийгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн тухай дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тухай заасан боловч даатгалын шимтгэлийг нөхөж төлөх тухай заагаагүй байх тул хожим тодорхой бус байдал үүсч, маргаан гарахаар байна.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны  өдрийн 372 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.П-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.П-лийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 203 447 төгрөгийг хариуцагч Х яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр /хх-ийн 9-25/ хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тодорхой ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүнийг үгүйсгээгүй хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараах   2017  оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааг хамааруулан  нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй. Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд нэр дэвшсэн этгээд ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, Авилгатай тэмцэх газраар хянуулж, зөрчилгүй тухай дүгнэлт гаргуулсны дараа тухайн албан тушаалд томилогдох ёстой гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх заалтад нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.         

            

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулан  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/00309 дүгээр шийдвэрийн 4 дүгээр заалтыг   “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах зааснаар Х яам нь Х.П-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х яаманд даалгасугай” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч,  41.1.3-т  зааснаар хариуцагч  тус тус давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                               Н.БАТЗОРИГ