Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102

 

Г.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа, хариуцагч С.Ундрах нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0023 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Г.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн Г.Дэлгэрмааг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 02ы өдрийн 221/МА2017/0023 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Ундрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхүүд Г.Дэлгэрмааг "Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байсан" гэж дүгнэсэн

Гэтэл Г.Дэлгэрмаа нь 2013 оны 6 дугаар сарын 20-нд НХҮХ-ийн Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо энэхүү албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байсан тул миний бие Улсын Дээд шүүхийн 2010 оны "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 4-т заасан " Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ" гэдгийг үндэслэл болгож хуучин НХҮХ-ийн Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг сул орон тоо гэж үзэн шинээр байгуулагдсан ХХҮГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, энэхүү ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг тухайн албан тушаалд томилсон гэж ойлгож байгаа.

Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар"-ын 2, 7 дугаар хэсгийг тус тус үндэслэсэн болно.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт иргэн Г.Дэлгэрмааг "... хуучин НХҮХ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байсан тул тус хэлтсийн даргын 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон байна..." гэж дүгнэсэн байсан. Үүнийг хариуцагч миний бие "... Г.Дэлгэрмаагийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хэмжээнд нягтлан судлаагүй байна" гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүх мөн л энэ асуудлыг нягтлан судлалгүйгээр магадлал гаргасан байна гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь төрийн албатай холбоотой хууль тогтоомжуудыг зөрчихийг хариуцагч талд үүрэг болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд маргаан бүхий б/32 дугаар тушаалаар “хэлтэс өөрчлөн байгуулагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор зохицуулжээ.

Гэвч энэ тохиолдолд маргаан бүхий албан тушаалын орон тоо цөөрөөгүй болох нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж, өөрчлөгдөхөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, мөн орон тооны хувьд ч цөөрөөгүй байхад нэхэмжлэгчийн ажиллавал зохих албан тушаалд уг ажлыг эрхэлж байгаагүй, захиргаа, хяналтын албаны даргаар ажиллаж байсан М.Ганбаатарыг томилсон байгаа нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үргэлжлүүлэн ажиллах эрх, төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.

Хариуцагчийн “мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн б/26 дугаар тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон байх бөгөөд тухайн үед ажлын байрны тодорхойлолтод мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байхыг шаарджээ.

Хариуцагчаас “анх томилогдохдоо шаардлага хангаагүй” гэж маргаж байгааг цаг хугацааны хувьд нөхөн дүгнэлт хийх, улмаар “хууль ёсны шаардлага”  гэж үзэх боломжгүй байна. Учир нь захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг анх ажилд томилох үедээ 3-аас доошгүй жил ажилласан эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан атлаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, 3 жил нийгмийн халамж, үйлчилгээний салбарт ажиллуулсны дараа өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгаа нь цаг хугацааны хувьд маргаан үүсгэх, нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм.

Нөгөө талаар хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, “нийгмийн халамжийн салбарт 6-аас доошгүй жил ажилласан байх” гэж хугацааны шаардлагыг нэмсэн байна. Гэвч энэхүү өөрчлөлт нь цаашид уг ажлын байранд шинээр орох албан хаагчид хамааралтай болохоос өөрчлөлт орохоос өмнө уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагч буюу 2013 онд төрийн албанд орж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдсан нэхэмжлэгчид хамааралгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүрэм, журмыг буцаан хэрэглэхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах зааврын 4-т ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус тухайн байгууллагын зорилт чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулахаар зохицуулжээ.

Эндээс хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь өмнөх чиг үүргээс өөрчлөгдөөгүй, ажлын байрны гол үйл ажиллагаа адилхан байгаа болох нь хэрэгт авагдсан хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд ажлын туршлага 3 жил байсныг 6 жил болгох ямар зайлшгүй шаардлага байсан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагчийн санал дүгнэлт байхгүй, журмын дагуу хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй гарын үсэг зураагүй[1] байна.

Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах зааврын 7-д тухайн байгууллага, нэгжийн хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу баталж мөрдүүлэхээр заажээ. Энэ тохиолдолд байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч тухайн байгууллагын чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, зорилго өөрчлөгдөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0023 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас