Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлаастын 18 дугаар гудамж, 411 тоотод оршин суух, Боржигон овогт Лундаагийн Э/РД: НО82011446/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 24 дүгээр байр, 89 тоотод оршин суух, Боржигон овогт Дугарбаатарын М/РД: ХД73041775/-т холбогдох

 

24 876 825 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, гэрч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие фитнес клубт явж байгаад О.Баясгалан гэдэг хүнтэй танилцаж түүнээс хойш танилын холбоотой болсон. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед О.Баясгалан надруу залгаад өөрийнхөө танил Д.М гэдэг хүний талаар ярьж тэр хүний бизнес маш амжилттай явж байгаа. Автомат тоглоомын газар ажиллуулдаг. Тэр хүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Уг бизнес нь ашиг сайтай, Д.М бол хүн чанартай найдвартай хүн тул чи хөрөнгө оруулаач гэж намайг ятгасан. Тэгээд тэр өдрөө 14 цагийн үед Бөхийн өргөөний ойролцоо О.Баясгалантай уулзахад хөрөнгө оруулалт хийхэд алзахгүй маш их ашигтай, хамтран ажлаад үзээч гээд байхаар нь би ярилцаж үзье гэсэн.

Ингээд О.Баясгалангийн зуучилсан Д.М гэгч хүнтэй уулзахад Д.М нь би тоглоомын газар ажиллуулдаг. Надад 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна өдөр өдөртөө ашгаа авдаг учир найдвартай гээд Автомат тоглоомын газар дагуулан очиж үзүүлсэн. Надад тайлбарлахдаа би энэ газрыг ажиллуулдаг учир надад итгэж болно. Хэрвээ чи хөрөнгө оруулвал нийт ашгийн 15 хувийг чамд өгнө гэхээр нь итгэл төрж хамгийн анх миний зүгээс мөнгөө зээлэх саналыг тавьсан. Миний хувьд тэдгээр хүмүүсийг сайн танихгүй учир мөнгөө 15 хувийн хүүтэй богино хугацаатай зээлье гэхэд О.Баясгалан, Д.М нар зөвшөөрч барьцаанд нь О.Баясгалангийн хашаа байшинг чиний нэр дээр шилжүүлж өгье гээд гэрээ хийхээр тохиролцсон.

Гэрээ хийх үед хашаа байшингаа дараа шилжүүлье цаг их орно эхлээд гэрээгээ хийе, зээлийн гэрээ хийснээс хамтран ажиллах гэрээ хийсэн нь чамд илүү л ашигтай маш их ашигтай учир санаа зоволтгүй гэх мэтээр ярьж намайг хуурч мэхлэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нэртэй хэлцлийг хийсэн. Ингээд би О.Баясгалан, Д.М нарт итгэж Хүүхдийн 100-ийн Хас банкин дахь өөрийн 5000412917 тоот данснаас 10,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Мөн шинээр тоглоомын машин оруулж ирмээр байна гээд 6,000,000 төгрөг, тоглоомын газар буйдан авмаар байна гэж 1,000,000 төгрөг, түрээсэнд өгмөөр байна гээд 3,500,000 төгрөгийг тус тус бэлнээр авсан авсан. Д.М нь өөрийн дансаараа дамжуулан 2,376,825 төгрөг, түрээсийн төлбөрт Мын өмнөөс Дуламсүрэнгийн дансруу 2,000,000 төгрөг, нийт 24,876,825 төгрөгийг надаас бэлэн болон бэлэн бусаар авсан.

Ингээд миний бие гэрээнд заасны дагуу 15 хувийн ашгаа авах гэсэн боловч ямарч ашиггүй байсан бөгөөд үндсэн хөрөнгө оруулалт болон ашгаа аль алинийг нь авч чадаагүй. О.Баясгалан, Д.М нар нь өөрсдийн явуулж байсан үйл ажиллагааны талаар буруу мэдээлж хятадуутай хамтран ажилладаг байснаа нуун дарагдуулж ташаа мэдээлэл өгсөн бөгөөд тус тоглоомын газрын нийт ашгийн 15 хувиас авна гэж бодож байтал зөвхөн Д.Мт олгогдсон ашгаас 15 хувийг авахаар болсноо сүүлд мэдсэн боловч Д.М нь надад ямар ч ашиг өгөөгүй бөгөөд тухайн тоглоомын бусад хөрөнгө оруулагч нар Д.Мтай хамтран ажиллахгүй гээд Д.Маас зайгаа барьж эхэлсэн байсан.

Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж О.Баясгалан нь намайг хуурч мэхлэн ташаа мэдээлэл өгч анхнаасаа дампуурах гэж байгаа газарлуу миний мөнгийг оруулж Д.Мтай танилцуулж хууран мэхлэх замаар гэрээ байгуулж надаас мөнгө завшиж байгаад миний бие маш их гомдолтай байна.

Иймд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.М, Л.Э нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу оруулсан 20,500,000 төгрөг, Д.Мын дансруу шилжүүлсэн 2,376,825 төгрөг, Д.Мын өмнөөс түрээслүүлэгч Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн 2,000,000 төгрөг нийт 24,876,825 төгрөгийг хариуцагч Д.М, О.Баясгалан нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Э 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээний үүргийн үнийн дүнд 24 876 824 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрчилсөн. Л.Э, Д.М нар нь 2015 оны 9 сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 59-р зүйлд заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь О.Баясгалан, Д.М нар нь өөрсдийн явуулж байсан үйл ажиллагааны талаар буруу мэдээлэл өгч хятадуудтай хамтран ажилладаг байсан талаар ташаа мэдээлэл өгсөн бөгөөд Л.Э нь тус тоглоомын газрын нийт ашгийн 15 хувиас авна гэж бодож байтал зөвхөн Д.Мт ногдох хэсгээс 15 хувь авах болсноо сүүлд мэдсэн байдаг. Д.М нь Л.Эд ямар ч ашиг өгөөгүй бөгөөд тухайн тоглоомын газрын бусад хөрөнгө оруулагч нар Д.Мтай хамтран ажиллахгүй гээд Д.Маас зайгаа барьж эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж О.Баясгалан нь Л.Эыг хуурч мэхлэн ташаа мэдээлэл өгч, анхнаасаа дампуурах гэж байгаа газрыг мэдсээр байж Л.Эын хөрөнгийг оруулан  хууран мэхлэх замаар гэрээ хийсэн байдаг. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Л.Э, Д.М нарын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу оруулсан 20 500 000 төгрөг, Д.Мын дансанд шилжүүлсэн 2 376 825 төгрөг Д.Мын өмнөөс түрээслүүлэгч н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 24 376 825 төгрөгийг хариуцагч Д.Маас нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч Л.Эын өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч юу гэж тайлбарладаг вэ? гэхээр анх намайг хуурч мэхлээд гэрээ байгуулсан гэж хэлдэг. Миний хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарладаг. Болсон үйл явдал гэвэл Д.М нь манай тоглоомын газар дампуурах гээд байна. Тийм учраас чи надад хөрөнгө оруулагч олоод өгөөч эсхүл мөнгө зээлээч гээд өдөр шөнөгүй дагаад байсан учраас би Л.Эыг дагуулж очоод Д.Мягтмартай зориудаар танилцуулсан юм. Хашаа байшингаа тавиад зээл аваад өгье гэсэн боловч хашаа байшин маань бэлэглэлийн гэрээтэй хийгдсэн учраас авахгүй байсан. Ерөнхийдөө Л.Эд мөнгө зээлээд чиний мөнгө зээлсний хариуд ашгийг чамд өгнө. Чи бол хамтран ажиллах гэрээ байгуулчих. Энэ маш их ашигтай ажилладаг газар гэж танилцуулсан байдаг. Л.Эд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан. Тухайн үед зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Тэгэхэд Д.М, О.Баясгалан нар нь хамт явж байгаад чи 10 000 000 төгрөгөө зээлчих. Хашаа байшингаа тавиад чиний мөнгийг өгнөө гэдэг байдлаар ятгаад 10 000 000 төгрөгийг нь аваад тоглоомын газартаа хөрөнгө оруулсан байдаг. Үүний үндсэн дээр талуудын хооронд хамтран ажиллах хэлцлийг хийсэн. Гэрээндээ ашгийг 15, 85 хувиар орж ирснийх нь дагуу хувиарлана гээд заагаад өгчихсөн. Өөрөө бол миний хүсэл зоригийн илэрхийлэл юу вэ? гэхээр 10 000 000 төгрөгөө тэд нарт зээлсэн миний 10 000 000 төгрөгийг буцааж өгнө гэсэн учраас хамтран ажиллах гэрээг хийсэн. Тоглоомын газарт очоод суусан ч ямарч ашиг байгаагүй. Аль хэдий нь дампуурсан газар байсан. Тэгээд энэ газар дампуурлаа гэсэн чинь чи надад 6 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг өгөөч гээд ахиад бараг 10-аад сая төгрөг авсан байдаг. Л.Э мөнгөө олж авъя гэсэн боловч дампуурсан газарт хөрөнгөө оруулчихсан юм байна гэдгээ ойлгоод тухайн үедээ гэрээнээсээ татгалзаж, хамтран ажиллах үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн боловч Д.М нь би чамд мөнгийг чинь өгнөө 10 000 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн байдаг. Тэгээд Д.Баясгалан дээр очоод чи намайг ийм хүнтэй зуучилж танилцуулсан. Би уг нь 10 000 000 төгрөгөө зээлье гэсэн чи хашаа байшингаа тавиад аваад өгнө гэсэн чинь яасан бэ? гэхэд О.Баясгалан нь би Д.Мт хэлээд тэр мөнгийг чинь аваад өгье гэдэг энэ үйл баримтыг О.Баясгалан нь хэлээд байдаг. Ерөнхийдөө гэрээ яаж байгуулагдсан бэ? гэвэл би зуучилсан юмаа Л.Э үйл ажиллагаа эхлэнгүүт хажууд байж байгаад өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод явж байсан цаашдаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг мэдээд больсон байдаг гэсэн тайлбарыг О.Баясгалан өгсөн байдаг.” гэв.

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Эын нэхэмжлэлтэй, Д.М надад холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Талууд автомат тоглоомын газар ажиллуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж гэрээгээр Л.Э нь автомат тоглоомын газрын үйл ажиллагаанд зориулж 10 000 000/арван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал нь ашгийн 15 хувийг авахаар тохирсон бөгөөд гэрээ байгуулснаас эхлэн тус тоглоомын газрын үйл ажиллагааг Л.Э нь хариуцан, өдөр тутмын орлогыг өөрөө авдаг байсан.

Улмаар автомат тоглоомын газрын үйл ажиллагаа доголдож цаашид ажиллуулах нөхцөл боломжгүй болсны үүднээс арга буюу зогсооход хүрсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлийг хамтран хариуцах тул оруулсан хөрөнгө оруулалтыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Д.Мын өмнөөс н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд үйл ажиллагаа явуулахад гарч буй зардлыг хамтран хариуцах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “өөрийн дансаараа дамжуулан авсан 1 376 825 төгрөг, буйдан авмаар байна гэж 1 000 000 төгрөг, түрээс гэж 3 500 000 төгрөг авсан” гэжээ.

Хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр бэлэн мөнгө авч байгаагүй ба харин дансаар дамжуулан авсан мөнгөний тухайд тоглоомын үйл ажиллагаанаас олсон орлогоос надад ногдох хувийг Л.Э нь тухай бүр шилжүүлж байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

Үндэслэх нь:

 

          Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Д.Мт холбогдуулан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нийт 24 876 825/хорин дөрвөн сая найман зуун далан зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Тус Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1.1, 2.1.2, 6-ын 6.1, 6.2-т зааснаар зохигчид хуулийн этгээд байгуулахгүйгээр Автомат тоглоомын газар ажиллуулах, нэхэмжлэгч нь 10 000 000/арван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны цэвэр ашгаас 15/арван тав/ хувийг, хариуцагч нь 85/наян тав/ хувийг авахаар, тэр хэмжээгээр үйл ажиллагаанаас бий болсон аливаа эрсдэл, хариуцлагыг хүлээхээр харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох ... хамтран ажиллах үүрэг хүлээнэ.”, 476.3-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт заасан Гэрээг байгуулан, Гэрээнд тусгавал зохих талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэлийг тусгаж, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтын үйл ажиллагаа явуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд ...”, 478 дугаар зүйлийн 478.1-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 10 000 000/арван сая/ төгрөгийн хураамж төлж, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хариуцагчтай хамтын үйл ажиллагаа болох автомат тоглоомын газрыг ажиллуулж байсан болох нь зохигчийн тайлбар, Хас банкны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкин дахь 5753574722 тоот депозит дансны 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Худалдаа Хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх гүйлгээний мэдэгдэл, О.Баясгалангийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчийн дансанд 2 376 825/хоёр сая гурван зуун далан зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, түрээслүүлэгчид 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь автомат тоглоомын газрыг хятадуутай хамтран ажиллуулдаг байснаа нуун дарагдуулсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран автомат тоглоомын газрыг ажиллуулж байсан болох нь Хас банкны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкин дахь 5753574722 тоот депозит дансны 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Худалдаа Хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх гүйлгээний мэдэгдэл, О.Баясгалангийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан байх ба хариуцагч нь Гэрээг байгуулах зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Гэрээг хуурч, мэхлэн байгуулсан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь автомат тоглоомын газрыг ажиллуулахтай холбогдон өөрт бий болсон алдагдлыг өөрөө хариуцна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчаас нийт 24 876 825/хорин дөрвөн сая найман зуун далан зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М нарын хооронд хийгдсэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 24 876 825/хорин дөрвөн сая найман зуун далан зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М нарын хооронд хийгдсэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 24 876 825/хорин дөрвөн сая найман зуун далан зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ