Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М-т холбогдох

 

24 876 825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э- 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээний үүргийн үнийн дүнд 24 876 824 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрчилсөн. Л.Э-, Д.М- нар нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь О.Б-, Д.М- нар нь өөрсдийн явуулж байсан үйл ажиллагааны талаар буруу мэдээлэл өгч хятадуудтай хамтран ажилладаг байсан талаар ташаа мэдээлэл өгсөн бөгөөд Л.Э- нь тус тоглоомын газрын нийт ашгийн 15 хувиас авна гэж бодож байтал зөвхөн Д.М-т ногдох хэсгээс 15 хувь авах болсноо сүүлд мэдсэн. Д.М- нь Л.Э-д ямар ч ашиг өгөөгүй бөгөөд тухайн тоглоомын газрын бусад хөрөнгө оруулагч нар Д.М-тай хамтран ажиллахгүй гээд Д.М-аас зайгаа барьж эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж О.Б- нь Л.Э-ыг хуурч мэхлэн ташаа мэдээлэл өгч, анхнаасаа дампуурах гэж байгаа газрыг мэдсээр байж Л.Э-ын хөрөнгийг оруулан хууран мэхлэх замаар гэрээ хийсэн байдаг. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Л.Э-, Д.М- нарын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу оруулсан 20 500 000 төгрөг, Д.М-ын дансанд шилжүүлсэн 2 376 825 төгрөг Д.М-ын өмнөөс түрээслүүлэгч н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 24 376 825 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Талууд автомат тоглоомын газар ажиллуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр Л.Э- нь автомат тоглоомын газрын үйл ажиллагаанд зориулж 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал нь ашгийн 15 хувийг авахаар тохирсон бөгөөд гэрээ байгуулснаас эхлэн тус тоглоомын газрын үйл ажиллагааг Л.Э- нь хариуцан, өдөр тутмын орлогыг өөрөө авдаг байсан. Улмаар автомат тоглоомын газрын үйл ажиллагаа доголдож цаашид ажиллуулах нөхцөл боломжгүй болсны үүднээс арга буюу зогсооход хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах тул оруулсан хөрөнгө оруулалтыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Д.М-ын өмнөөс н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд үйл ажиллагаа явуулахад гарч буй зардлыг хамтран хариуцах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр бэлэн мөнгө авч байгаагүй ба харин дансаар дамжуулан авсан мөнгөний тухайд тоглоомын үйл ажиллагаанаас олсон орлогоос надад ногдох хувийг Л.Э- нь тухай бүр шилжүүлж байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М- нарын хооронд хийгдсэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 24 876 825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Л.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00049 дугаар шийдвэр нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талд шийдвэр гаргасан гэж үзэн энэхүү гомдлоо гаргаж байна. Л.Э- би О.Б-, Д.М- нарын хэлсэн үгэнд итгэж мөнгө зээлж байгаа гэж ойлгож дансаар болон бэлнээр нийт 24 876 825 төгрөг өгсөн. Би эхний 10 000 000 төгрөг өгөхөд О.Б-, Д.М- нар нь хамт байсан ба хамтран ажиллах гэрээ хийчих дараа нь зээлийн гэрээ болгож өгөөд О.Б-гийн хашаа байшинг барьцаа болгож өгнө гэсэн. Энэ хоёр зээл авах гэж явж байснаа О.Б- хариу тайлбартаа тодорхой бичсэн байсан. Би энэ 2-т мөнгө зээлж сарын 15 хувийн хүү авахаар тохиролцсон байсан. Нэхэмжлэгч Л.Э- би нэхэмжлэлээ О.Б-, Д.М- нарт холбогдуулан гаргасан. Би өөрийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- нарт хариуцагч О.Б-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж гэрчээр оролцуул гэж хэл байгаагүй ба энэ тухай надад танилцуулаагүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.М- байсан би Г.А-д итгэмжлэл хийж өгсөн ч Х.М-аас татгалзаагүй байхад хэрэгт Г.А-ыг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэнд маш их гомдолтой байна. Х.М- энэ хэргийг сайн мэдэж байгаа болохоор хариуцагч О.Б-гаас татгалзаж, гэрчээр оролцуулах хүсэлт гаргахгүй байсан. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцахаар тохиролцсон, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон хамтран ажиллах гэрээ байна гэж үзсэн. Зээлийн гэрээг хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэхэмжлэгчийг чамаас зээл авч байгаа, газар хашаа байшинг барьцаанд өгнө, автомат тоглоомын газар ашигтай гэж хуурч мэхлэн мөнгө авсан байхад буруу дүнгэлт хийсэн гэж үзэж байна. Автомат тоглоомын газрыг хуулийн этгээд ажиллуулдаг, тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг хариуцагч нар сайн мэдэж байсан ч нэхэмжлэгч намайг хууль мэдэхгүй хүнд итгэдэг занг нь ашиглан 5 удаа мөнгө авсан. Би мөнгөө олж авах гэж автомат тоглоомын газар очиж байсныг авто тоглоомын газрыг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллуулж өдөр болгоны ашгийг авдаг, ашгаа өдөр бүр өөрийнхөө данс руу хийж хариуцагчийн данс руу хийж байсан гэж дүгнэсэн. Би 2015 оны 09-12 сар, 2016 оны 01-05 сар хүртэл өөр газар ажиллаж байсан. Миний дансанд найз нөхөд болон бусад хүнээс орлого гэж мөнгө ордог  байсан. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд тайлбар өгөхөд энэ хэргийг ойлгохгүй буруу зөрүүтэй прокуророос авч байсан нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгөөгүйг ойлгохгүй байна. Миний эрх ашгийг хамгаалж чадаагүй итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс татгалзсан болно. О.Б-, Д.М- нар нь дампуурах гэж байгаа мэдэж мөнгө хэрэгтэй болохоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадаагүй болохоор надаас зээлээр авсан мөнгөө хамтран ажиллах гэрээ байгуулж авсан болгож хууран мэхлэж намайг хохироосон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Д.М-, Л.Э- хоёрын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, О.Б-, Д.М- нараас 24 876 825 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Л.Э- хариуцагч Д.М-т холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 24 876 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг автомат тоглоомын газар ажиллуулахад зориулж хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааны цэвэр ашгаас 15 хувийг, хариуцагч нь 85 хувийг тус тус авч, тэр хэмжээгээр үйл ажиллагаанаас бий болсон аливаа эрсдэл, хариуцлагыг хүлээхээр харилцан тохиролцсноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “дээрх хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу оруулсан мөнгөө хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тэрээр хамтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учраас хамтран ажиллах гэрээнээс гарч, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг шаардсан буюу гэрээ цуцалсантай холбоотой шаардлага гаргасан байгааг шүүх анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д.М- нь хамтран ажиллаж ашиг өгнө гэж хуурч мэхлэн 20 550 000 төгрөгийг залилсан гэх үндэслэлээр Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан байх ба үүнээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тухай шаардлага гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үндэслэлийн талаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-т “Гэрээг цуцалсан” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.  

 

Хариуцагч Д.М- нь нэхэмжлэгчийг автомат тоглоомын газрын үйл ажиллагаанд 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 10 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжиж байх явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн болон түрээслүүлэгчийн дансанд шилжүүлж байсан мөнгийг гэрээг цуцлах хүртэл хугацааны ашиг байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал гэж үзэж нэхэмжлэгчийн хариуцагч Д.М-ын дансанд шилжүүлсэн 2 376 825 төгрөг, Д.М-ын өмнөөс түрээслүүлэгч н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-ыг оролцуулаагүй, мөн О.Б-д холбогдох шаардлагаас татгалзаж, гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр өөрийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Ариунзулд олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзул нь өөрт олгосон итгэмжлэлийн хүрээнд О.Б-д холбогдох шаардлагаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.М-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д олгож, үлдэх 14 876 825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Д.М-аас 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 335 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                  ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ   

                       

                                                                                                    С.ЭНХТӨР