Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00048

 

  2021 01 19 001/ХТ2021/00048

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэр,

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2019/00016 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Д.Ганбатад холбогдох,

Нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг гаргуулах,

 Сөрөг нэхэмжлэл: Талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаах, автомашины доголдолыг арилгасан засварын зардал 7 170 250 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би*******тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 55-04 ДОА улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг түүнд худалдахаар болж, 2018 оны 05 сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээ ёсоор тээврийн хэрэгслийг 43 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч******* нь тээврийн хэрэгслийн үнийг бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй бөгөөд урьдчилгаа гэж 20 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 23 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлж барагдуулна гэж байсан. Миний хувьд өөрийн өмчлөлийн 55-04 ДОА улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг*******ын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд мөн өмчлөх эрхийг ч бас түүний нэр дээр шилжүүлсэн болно. Гэвч******* нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ болох 23 000 000 төгрөгийг ******* надад өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

Д.Ганбат нь машиныг авах талаар өөрөө надад санал тавьсан. Машины хувьд ямар ч асуудал байхгүй, зүгээр л ачаанд явж байсан машин. Жил болгон оношилгоонд орж байсан бөгөөд 2018 оны 5 сард оношилгоонд орсон байсан машинаа Ганбатад худалдсан. Ганбатын хүсэлтээр машины улсын дугаарыг УБ дугаартай болгохын тулд Чинтуяа, Энхбат нарын нэр дээр шилжүүлж байсан. Автотээврийн үндэсний төв нь оношилгоонд ороогүй машиныг бусдын нэр дээр шилжүүлж өгдөггүй. Миний машин оношилгоонд орсон байсан учраас бусдын нэр дээр шилжүүлж болж байсан.******* машиныг харж, жолоодож үзээд, гэрээ байгуулахаас өмнө машиныг надаас аваад явсан. Авснаас хойш Улаанбаатар хот руу ачаанд байнга явж байсан ба би 2, 3 удаа ч явж байхтай нь таарч байсан. Мөнгөө өгөхгүй болохоор машинаа буцааж авъя гэж хэлж байсан боловч******* нь машиныг өгөхгүй байсан. Надад өгөх мөнгөө элдэв шалтаг, зовлон тоочиж өгөхгүй өдийг хүрсэн. Том тэрэг жолоодож явахад их чадвар шаардана. Мэргэжлийн биш жолоочоор бариулж явснаас машинд эвдрэл гарсан байх гэж үзэж байна. Иймд*******аас 23 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******тай 2018 оны 5 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ хийсэн юм. Тэр үед гэрээ хийгээд 20 сая төгрөгийг *******д бэлнээр хүлээлгэн өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон. Уг машины чиргүүлийн номер гэрчилгээ байхгүй асуудалтай болж хоёр гурван хүнээр дамжсаар байгаад 2018 оны 06 сарын 11-ний өдөр Б.Энхбат гэдэг хүнээс худалдан авах гэрээ хийж авсан боловч одоог хүртэл чиргүүлийн бичиг баримт, номер ирээгүй, уг машин эвдрэл ихтэй шаардлага хангахгүй байсан учир шилжүүлж аваагүй. Ийм учир *******ын нэхэмжлэлд дурдсан 2018 оны 05 сарын 22-нд хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ учир түүний нэхэмжилсэн 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие *******тай авто чирэгч машин авах тухай ярьж бид 2018 оны 05 сарын 22-ны өдөр гэрээ хийж нотариатын газраар батлуулан *******д бэлнээр 20,0 сая төгрөг өгсөн юм. Үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэж байсан. Тэр үед уг машиныг ямар ч асуудалгүй эвдрэл гэмтэл байхгүй гэж надад өгсөн ба би түүнийг нь 4 хоног нэмж засвар хийгээд шалгаж үзэхээр 2018 оны 05 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу гарсан. Хот руу явах үедээ туслах жолооч Б.Цэцэгтулга, Г.Түвшинтөгс нартай хамт явсан. Тэр өдрөө хот руу явж байх замдаа Хэнтий аймгийн хавьд машин эвдрээд зогссон. Тэгэхээр нь би өөрөө Улаанбаатар хот руу сэлбэгэнд явж Билэгттрак ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрээс 421 000 төгрөгийн сэлбэг худалдан авч ирээд туслах 2 жолоочтойгоо цуг засаж янзлаад 5 сарын 30-нд хот орсон. Үүнээс хойш 2 удаа эвдэрч би өөрөө сэлбэгэнд Алтан эмээл 6 сарын 6, 7-нд орж 4638 юаны сэлбэг авчирч зассан. Тэгээд 2018 оны 06 сарын 10-нд дахиад хот руу гарсан ба замдаа дахин эвдэрч 6 сарын 12-14-ний хооронд апартур порсунк сэлбэгийг авчруулан А.Алтанхуяг гэдэг жолоочийг дуудаж ирүүлэн засуулсан. Тэндээс цаашаа хот руу явж байгаад дахин Цонжин болдогийн хавьд эвдэрсэн. Энэ мэт байнга машин нь эвдэрч байсан болохоор би *******тай 3 ч удаа ярьж машинаа буцааж ав, миний өгсөн мөнгийг буцаагаад өгчих, энэ машин зассан сэлбэг зардлыг яахав тооцохоо болъё гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Гэтэл ******* сүүлдээ бүр эвдэрхий машинаа нэгэнт гэрээ хийсэн байдлаар үлдэх мөнгө 23 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Тэгээд ч одоо энэ машин 38-06 ДОА улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлд байгаа. Миний өмчлөлд ямар ч машин байхгүй болно. *******тай хийсэн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээгээр миний бие өөрийн өмчлөлд уг машиныг шилжүүлэн аваагүй. Харин өөр өөр хүмүүсийн өмчлөл рүү шилжүүлсэн болох нь 2018 оны 06 сарын 07-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 67-36 УБП болж өмчлөл нь Ц.Чинтуяа гэгчийн нэр дээр шилжсэн. Мөн 2018 оны 06 сарын 08-ны өдөр мөн машины дугаар нь өөрчлөгдөж 38-06 ДОА болгон Б.Энхбатын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд дээрх 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус, *******аас******* миний өмчлөл рүү уг гэрээгээр шилжсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Уг гэрээ хийх үед *******д өгсөн 20 сая төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна. Одоо надад байгаа 38-06 ДОА улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлийн машиныг буцааж өгөхийг хүсч байна.

Мөн *******аас авсан гэх одоо Б.Энхбатын нэр дээр байгаа 38-06 ДОА улсын дугаартай авто машиныг 2018 оны 05 сарын 22-ны өдөр авснаас хойш олон удаа эвдэрч засварын ажлын хөлс болон сэлбэгийн зардалд надаас нийт 7 170 250 төгрөгийн зардал гарсан ба түүний хохирлыг төлүүлэх хүсэлтэй байх тул гаргуулж өгөхийг хүсье. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

1.*******тай хийсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Ч.Тунгалагтамир нотариатчийн баталсан 1657 дугаартай гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Учир нь уг гэрээнд 2 талын ярилцаж тохирсон хүсэл сонирхол агуулагдсан гэрээний гол нөхцөлөө тохирсон хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Харин 2018 оны 6 сарын 07-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 67-36 УБП болж өмчлөл нь Ц.Чинтуяа гэгчийн нэр дээр шилжин, мөн машины дугаар 6 сарын 8-ны өдөр өөрчлөгдөж 38-06 ДОА болгон Б.Энхбатын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын мэдүүлгээр дүр үзүүлэн хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ болох нь нотлогдож байна. Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын нэр дээр уг машиныг шилжүүлсэн нь худалдан авагч*******ын хүсэлтээр хийгдсэн.

2. Б.Энхбатын өмчлөлийн автомашиныг буцааж өгөх гэснийг огт зөвшөөрөхгүй. Учир нь Д.Энхбатын өмчлөлийн машин биш гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн уг машиныг 2018 оны 5 сарын 20-нд******* өөрийн эзэмшилдээ авсан төдийгүй одоог хүртэл*******ын өмчлөл, эзэмшилд байж, ашиглаж ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн орлого олж байсан. Иймээс*******аас машиныг биш үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөгөө авна. Автомашины чанар байдлын хувьд Нордбэнз /Northbenz/ ачааны автомашины (чиргүүлтэй) шинэ нь 120 000 000 төгрөг байдаг. Уг автомашин нь хэрэглэж байсан хуучин машин, шинэтэй мэдээж адилгүй.******* өөрөө ирж үзээд болно гээд авсан. Би өөр хүнд зарах гээд тохирсон, нөгөө хүн нь Улаанбаатар хотоос ирчихээд зээл хөөцөлдөж байгаа араас мөнгө нь шилжиж ирнэ гээд байж байхад******* би авъя гэж гуйсаар байгаад авсан.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******аас 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч*******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, 38-06 ДОР улсын дугаартай авто машиныг буцааж өгөх, *******аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 /хорин сая/ төгрөг болон сэлбэг, засварын хөлс 7 170 250 /долоон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 27 170 250 /хорин долоон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 824 /дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 272 950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2019/00016 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 824 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдол гаргаж байна.

Уг магадлалд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна гэж үзэж хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

Харин анхан шатны шүүх хэргийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч асуусан асуултад хариулсан тайлбар зэрэг мэтгэлцэх зарчмын дагуу өөрийн нэхэмжлэлийг бүрэн үгүйсгэж, нотолж чадаагүй зэрэг асуудалд бодит зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн билээ.

Шүүх нь шийдвэрийнхээ дүгнэлт хэсэгт: 1. Нэхэмжлэгч нь авто машиныг хариуцагчийн өмчлөлд 2018.05.22-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө шилжүүлж өгсөн нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн.******* нь 2018.05.22-нд хийсэн гэрээний үед хүлээн авч 3-4 хоногийн дараа анх тээвэрт хот руу явсан гэдэг нь бүгд нотлогдож байгааг гэрээ хийхээс өмнө авсан мэтээр дүгнэсэн.

2. Дөнгөж гэрээ хийгээд 2018.05.26-нд хот руу явах замд эвдэрч, түүнээс хойш 20 хоногийн дотор 3 удаа эвдрэл гарсан. Тэр эвдрэл нь тухай авто машины моторт гарсан байдаг. Энэ тухай машины сэлбэг авсан тухай баримт, мөн засч янзалсан хүний гэрчийн мэдүүлэг зэргээр цаг хугацаа, эвдэрсэн гэмтэл зэрэг нь нотлох баримтаар хэргийн баримтаар тодорхой байгаа. Гэтэл дээрх нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргахдаа уг машин нь хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө байсан эвдрэл гэмтэл үү, эсвэл өмчлөлд шилжсэнээс хойш үүссэн гэмтэл үү гэдэг нь тодорхойгүй байх. 3-4 хоног заавал үйлчилгээ хийсэн гэж тайлбарласан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь нэг талыг баримталсан дүгнэлт юм. 2018.05.22-оос хойших гэмтэл гэдэг нь тодорхой, ******* нь үүнийг үгүйсгээгүй ба өмнө эвдрээгүй байсан гэдгээ бүрэн нотолж чадаагүй. Энэ хугацаанд машинд эвдрэл гарсан тухай******* хэлж байсан гэдгийг гэрчүүд давхар нотолдог.

Тэгэхээр худалдагч тал болох ******* нь тухайн авто машиныг худалдахдаа моторын эвдрэл, элэгдэл хорогдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй болох нь дөнгөж худалдаж аваад 4 хоног болоод эвдрэл нь тодорхой болж эвдрэл гарч зассан тухай нотлогдож байгаа. Үүнийг шүүх нэг талыг барьж буруу дүгнэлт хийсэн.

3. Худалдан авсан машины нэлээд том эвдрэл гарсан тухай *******д цаг тухайд нь хэлж, машинаа буцааж өгөх тухай яригдсаныг ч шүүх буруу дүгнэсэн. Учир нь машиныг буцааж ав гэдгийг 2018 оны 7 сарын эхээр уулзаж хэлсэн, мөн 7 сарын сүүлээр утсаар яриад дахин мотор янзлуулж байна, шинээр тавиулах уу, хуучнаар нь боолгоод аваад очих уу гэхэд хуучнаар нь боолгоод аваад ирээ гэж хэлж байсан. Мөн 8 сард ирээд эхлээд 10 сая төгрөгийг буцааж өгье, үлдсэнийг хадлангийн дараа өгье гэж ярилцсан байсан тухай ******* үгүйсгээгүй, гэрчүүд нотолдог. Шүүх хурал дээр ******* машинаа буцааж авах талаар ярьснаа хүлээдэг. Буцааж мөнгө өгөх тал дээр хоорондоо бүрэн тохироогүй явж байгаад ******* 2018 оны 12 сард шүүхэд өргөдөл өгсөн байдаг.

Миний хувьд аль болох тохиролцож машиныг нь буцааж өгөөд өгсөн 23 сая төгрөгөө авах л санаатай байсан. Гэтэл тухай үедээ харилцан ярилцаж машинаа буцааж авах гэж байсан мөртлөө надад өгөх 23 сая төгрөг дээр хугацаанд тохирч чадаагүй явсан гэдгийг тайлбар болон хурал дээр ярьсан мэдүүлгээр тогтоогдож байтал шүүх буруу дүгнэлт хийсэн. Учир нь худалдах үедээ машины мотор муу гэдэг тухай үнэн зөвөөр хэлээгүй нууж дарагдуулсан худалдагч талын үүргийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

4. Худалдаж авсан зүйл болох машины мотор, бусад засварын зардалд гаргасан 7 170 250 төгрөгийн талаар шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Хэрэгт хэзээ ямар гэмтэл гарсан, хэдэн төгрөгийг зардал гарсан тухай нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байгаа. Үүнийг давхар гэрчүүдийн мэдүүлгээр нотолдог. Энэ талаар шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Харин үндэслэлгүй нэг талыг барьж доголдлын талаар санал гаргаж байгаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүх нь худалдагч талын эрхийн доголдолгүй эд зүйлийг худалдах болон тухайн худалдаж байгаа эд зүйлийн доголдлын талаар нуун дарагдуулсан бол хүлээх хариуцлагын талаар ердөө дүгнэлт хийгээгүй. *******аас авсан авто машин 4 хоноод л эвдэрч эхэлсэн, засаж сэлбэсэн, энэ тухай өөрт нь хэлсэн, үүнийг мэдэж байсан, буцаах талаар ярьсан, өөрөө ч буцааж авъя гэсэн. Энэ бүх үйл явдлууд гэрчийн мэдүүлэг, тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнийг хянан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 ******* нь*******ад холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаах, автомашины доголдолыг арилгасан засварын зардал 7 170 250 төгрөгийг шаардаж гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 23 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангажээ.

 Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч******* хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр ******* өөрийн өмчлөлийн 55-04 ДОА улсын дугаартай Нордбенз /Northbenz/ маркийн, тусгай чирэгч зориулалттай автомашиныг, түүнтэй холбоотой баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх,******* автомашиныг хүлээн авч, түүний үнэ 43 000 000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 Гэрээний дагуу худалдагч эд хөрөнгийг шилжүүлсэн боловч худалдан авагч үнийг бүрэн төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тээврийн хэрэгсэл Б.Энхбатын өмчлөлд бүртгэлтэй байгаа тул эрхийн зөрчилтэй, түүнчлэн биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 111.2.1.-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус заажээ.

 ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг үндэслэж автомашиныг*******ын эзэмшилд биетээр нь шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн хүсэлтээр өмчлөх эрхийг *******аас Ц.Чинтуяад, Ц.Чинтуяагаас Б.Энхбатад шилжүүлсний дараа 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Энхбатаас*******ад шилжүүлэхээр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

 Гэрээний зүйлийг худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгсөн, эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж шүүх үзсэн нь буруу биш байна. Эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй нь худалдагчийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул эд хөрөнгийн эрхийн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 252 дугаар зүйлд нийцсэн гэж үзэв.

 Хариуцагч нь автомашины чиргүүлийн номер, гэрчилгээ байхгүй, бичиг баримт ирээгүй гэх боловч зохигч чирэгч автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, дээрх зөрчлийг худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдсээр байж хүлээж авсан тул энэ талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д зааснаар шаардлага гаргах эрхгүй.

Иймд худалдсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д зохицуулсан тул гэрээнээс татгалзаж, холбогдох зардлаа гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зөрчөөгүй.

 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д зааснаар худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

 Худалдан авагч буюу хариуцагч******* нь гэрээ байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хүлээн авсан, эзэмшилд шилжүүлснээс хойш 4 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эвдэрч, энэ талаар худалдагчид мэдэгдсэн гэх боловч Б.Энхбатаас тээврийн хэрэгслийг шилжүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах боломжтой байхад тус гэрээнд гарын үсэг зурж, эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон, мөн доголдлын талаарх нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, худалдагчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь шаардах эрхээ алдсан, тээврийн хэрэгслийг ашиглах явцад эвдэрсэн гэмтлийг засуулахад гаргасан зардлыг нэхэмжлэгч төлөх үүрэггүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 Түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, хуучин автомашин бөгөөд зохигч гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй, техникийн оношилгоонд орсон эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн, энэ хугацаанд худалдан авагч гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаагүй тул гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2019/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

  ДАРГАЛАГЧ,               ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧ                         Х.ЭРДЭНЭСУВД