Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 3102

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/03102

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * байр * тоотод оршин суух Е овогт Ц у /РД:********2/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо *гудамж И* улсын их сургуульд /РД:******/ холбогдох,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. у нь и сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүний харъяа сургууль болох Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн багийн багшийн албан тушаалд ажиллаж байсан.

Намайг 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн И сургуулийн ректорын Б/74 тоот тушаалаар “сахилгын ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр ажлаас халагдсанд гомдолтой. Сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан тохиолдолд ажлаас халах үндэслэл болгодог байхад хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Би сарын үндсэн цалин 826,400 төгрөг авдаг байсан

Иймд Ц.у намайг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,921,984 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.у нь 2006 онд манай сургуулийн санхүү эдийн засгийн сургуулийн нябо бүртгэлийн дадлагажуулагч багшаар анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай хийж мөн хугацаагаар сунгагдан ажлаа үргэлжлүүлж хийсээр ирсэн. Гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсан.

Ц.у нь ажлаа хийж байхдаа байгуулагын дотоод журам, сургуулийн дүрэм, багш ажилчдын ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг И С-ийн ректорын 2017.04.11-ний өдрийн Б/33 тоот “хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим асуудлын тухай” тушаалын заалтыг биелүүлээгүйгээр оюутнуудыг амралтанд авч яван согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нэг оюутан нас барсан харамсалтай үйл явдал болсон.

Ц.у оюутнуудыг амралтын газар очих гэж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй. Иймд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар цуцалсан.

Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил хүлээлцсэн актыг эх хувиар нь аваад ажлаа хаяад алга болсон, ажлыг тушаал гарсан өдрөө хүлээлцсэн гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.у нь  хариуцагч И сургуульд холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Ц.у нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэж маргав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу  Ц.у И сургуулийн ректорын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 тоот тушаалд гомдлоо 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь гомдлоо хугацаандаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Ажилтан ажил олгогч нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Ажил олгогч нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 тоот тушаалаар Ц.уг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, и сургуулийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.7-д заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөр тасалбар болгон захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлан тушаал гаргажээ.

         Ажил олгогч нь ажилтаныг байгууллагын дүрмийн 22.7-д “Дээд боловсролын тухай хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагаас гаргасан дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ шийдвэр гаргах бөгөөд ректорын шийдвэр тушаал хэлбэртэй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний 5.1-д “Байгуулагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 2-оос дээш заалтыг нэг дор зөрчвөл” гэж заасан боловч Ц.у нь 2-оос дээш заалтыг нэг дор зөрчсөн нь хавтас хэрэгт авагдсан баримт хариуцагчийн тайлбараар нотлогдохгүй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээндээ ямар зөрчлийг ноцтойд тооцохоо ажилтантай харилцан тохирч урьдчилан нэрлэн заасан байх учиртай.

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн Ц.утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, и сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч ажилтан нь Хөдөлмөрийн хуульд заасан “ноцтой зөрчил” гаргасан нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Ажилтан Ц.у нь 826,400 төгрөгийн цалинтай байсан болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан ажил олгогчийн цалингийн баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч маргаагүй болно.

Иймд и сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүртэлхи 5 сар 14 хоногийн цалин 4,670,120 төгрөгийг /826,400*5сар 14хоног= 4,670,120/ гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Хариуцагч нь багш нар зуны 3 сард үндсэн цалингаас бага цалин авдаг гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч ямар журам, тушаалаар цалин тооцох талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон.                                                                                                    

ТОГТООХ нь:

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.уг   и сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  и сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулиас 4,670,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.уд олгосугай.

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.уд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч и сургуульд  даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.у нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч и сургуулиас 89,672 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ