Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 15

 

 

Ц.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИЗОУИСд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У- нь ИЗОУИСтай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүний харъяа сургууль болох Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн багийн багшийн албан тушаалд ажиллаж байсан ба 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Их засаг их сургуулийн ректорын Б/74 тоот тушаалаар “сахилгын ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. Сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан тохиолдолд ажлаас халах үндэслэл болгодог байхад хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Би сарын үндсэн цалин 826 400 төгрөг авдаг байсан. Иймд Ц.У- намайг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 921 984 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У- нь 2006 онд манай сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн ня-бо бүртгэлийн дадлагажуулагч багшаар анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай хийж мөн хугацаагаар сунгагдан ажлаа үргэлжлүүлж хийсээр ирсэн. Гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсан. Ц.У- нь ажлаа хийж байхдаа байгуулагын дотоод журам, сургуулийн дүрэм, багш ажилчдын ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг Их засаг Олон улсын их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 тоот “Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим асуудлын тухай” тушаалын заалтыг биелүүлээгүйгээр оюутнуудыг амралтанд авч яван согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нэг оюутан нас барсан харамсалтай үйл явдал болсон. Ц.У- оюутнуудыг амралтын газар очих гэж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй. Иймд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар цуцалсан. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил хүлээлцсэн актыг эх хувиар нь аваад ажлаа хаяад алга болсон, ажлыг тушаал гарсан өдрөө хүлээлцсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.У-г Их засаг Олон улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Их засаг Олон улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулиас 4,670,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.У-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.У-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ИЗОУИСд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.У- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ИЗОУИС-аас 89,672 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.У- ИЗОУИС-ийн Санхүү Эдийн засгийн сургуульд багшаар ажиллаж байхдаа ИЗОУИС-ийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-33 дугаар бүхий “Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим асуудлын тухай” тушаалыг биелүүлэхгүйгээр оюутнуудыг амралтанд авч яван согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нэг оюутан нас барсан харамсалтай явдал гарсан. Хэрвээ ректорын тушаалыг дагаж мөрдсөн бол ийм явдал гарахгүй байх байсан. Төгсөгч нар амралтанд явах гэж байсныг мэдсээр байж таслан зогссогоогүй, дэмжиж өөрийн биеэр очиж архидсан нь нэг оюутны нас барах нөхцөлийг бүрдүүлсэн. Ц.У- БСШУ-ны сайдын 2006 оны12 дугаар сарын19-ний өдрийн 482 дугаар тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ерөнхий дүрэм”-ийн 13.1-д заасан “Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил.үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах”, 13.4-д заасан “Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих”, Боловсролын тухай хуулийн 44.2.1-д заасан “Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих”, 44.2.7-д заасан “Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хонхны баярыг амралтын газар архидаж тэмдэглэсний улмаас оюутан нас барсан талаар Facebook, сонин, телевизүүдээр удаа дараа цацагдаж, ИЗОУИС-ийн нэр хүнд ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн нь “ноцтой дутагдал”-д тооцохоор байгаа юм. Оюутнуудтай архидан ссттуурсан. Багшийн ёс зүйг зөрчсөн, оюутан нас барсан зэрэг нь Ц.У-г багшийн ажилд эгүүлэн ажиллуулах боломжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ИЗОУИСд холбогдуулан нэхэмжлэгч Ц.У- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэж маргаж байна.

 

Ажил олгогчийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус сургуулийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.7-д заасан үндэслэлээр Ц.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ня-бо бүртгэлийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 17 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч Ц.У- нь ректорын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-33 дугаартай “Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим асуудлын тухай” тушаалыг биелүүлэхгүйгээр оюутнуудыг амралтанд авч яван согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нэг оюутан нас барсан бөгөөд сургуулийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Дээд боловсролын тухай хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч шийдвэр гаргах бөгөөд ректорын шийдвэр тушаал хэлбэртэй байна.” гэж заасныг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж заасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд заасан үндэслэл хамаарахгүй байх ба хөдөлмөрийн гэрээний 5.1-д “Байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 2-оос дээш заалтыг нэг дор зөрчвөл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ц.У- нь хөдөлмөрийн гэрээнд заасан 2-оос дээш заалтыг нэг дор зөрчсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Хариуцагч Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаар “...ректорын шийдвэр тушаал хэлбэртэй байна.” гэсэн нь тус сургуулийн ректороос гаргаж буй баримт бичиг нь тушаал хэлбэртэй байхыг зохицуулснаас бус уг тушаалыг зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн уг тушаалыг нэхэмжлэгч зөрчиж, сахилгын зөрчил гаргасан үйлдлийн улмаас бусдын амь хохирсон буруутай болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У-г Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт шүүх 4 670 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваа гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 672 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                                  ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ   

                    

                                                                                                  С.ЭНХТӨР