Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0478

 

2016 оны 7 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0478

Улаанбаатар хот

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А-д холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, шүүгчД.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.3, 5.4, Барилгын тухай хууль /2008/-ийн 25 дугаар зүйлийн 25.2.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-94/891 дугаартай дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрчээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж чадаагүй.

Учир нь Х ХХК-ийн хийсэн засвар тохижилт болох бар, караокетой холбоотой маргааныг шүүхээр шийдэгдэж дууссаны дараа шинэ түрээслэгч Ү ХХК үргэлжлүүлэн түрээслэхийн тулд заавал мэргэжлийн хяналтын газарт ажлын байраа үзүүлж стандарт шаардлага хангасан талаар дүгнэлт гаргуулах учиртай байсан. Иймд ажлын байрыг түрээслэх хүсэл зорилготой Ү ХХК мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын байрны талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байдаг. Үүнийг шүүх анхаарч үзэх учиртай байсан. Өөрөөр хэлбэл стандарт шаардлагад нийцсэн засвар хийх эсэх нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс шууд хамааралтай байсан. Гэтэл шүүх мэргэжлийн хяналтын байцаагч Б.Х өөрөө сайн дураараа гэнэтийн шалгалт хийж 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 31-02-345/1128 тоот шаардлага хүргүүлсэн мэт дүгнэлт хийжээ. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсангүй, шүүх цуглуулаагүй байгаа нь шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдэг гомдол үндэслэлтэй болохыг харуулна. Энэхүү шаардлагад нийцүүлэн засвар тохижилт хийсэн болох нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31-02-341/1118 тоот дүгнэлтээр тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч тал маргаагүй.

Ха ХХК-тай гэрээ байгуулсны дараа 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын комиссын гишүүний илрүүлсэн зөрчил, саналын тэмдэглэлд үйлчилгээ эрхлэх боломжгүй, салхивч агааржуулагч байхгүй, батлагдсан зургийн дагуу ашиглах талаар шаардлага ирсэн. Гэвч Я ХХК-д хүргүүлсэн улсын комиссын шаардлагыг Ха ХХК үл тоож чанаргүй засвар тохижилт хийж, түрээслүүлэгчийн эд хөрөнгийн хийц загварыг дураар өөрчилсөн, гэрээ зөрчсөн зэрэг маргаанууд үүссэн. Нэгэнт Ха ХХК стандарт норм зөрчсөн засвар хийсэн НМХГ-аас үргэлжлүүлэн үйлчилгээ эрхлэх боломжгүй гэсэн шаардлагууд ирсэн зэргээс болж шинээр тохижилт хийх шаардлага Я ХХК-д үүссэн бөгөөд засвар тохижилтоо өөрсдийн хөрөнгөө хийсний дараа 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Я ХХК нь НМХГ-т хүсэлт гаргасан болно. Энэхүү дүгнэлт гаргуулах хүсэлт нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөө холбогдох албан тушаалтанд хянагдаж дээд албан тушаалын этгээд нь Ц.А байцаагчид цохолт хийсэн байхад шүүх өөрөө дураараа ажиллаж дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Х улсын байцаагчийн шаардлага болон дүгнэлтийн үргэлжлэл нь Ц.А байцаагчийн дүгнэлт байсан.

Иймд нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, үндэслэл бүхий болж чадаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ха ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Ад холбогдуулан Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-94/891 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Я ХХК-аас ИНҮЭТ ХХК-ийг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан[1] байх ба дээрх хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Ад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Улмаар хариуцагч нь хяналт шалгалт хийхдээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/235 удирдамжийг үндэслэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/235 удирдамжаар хяналт шалгалт хийх чиглэл, хамрах хүрээг тогтоосон байх ба үүнд Я ХХК-ийн гаргасан хүсэлтийг шалгах чиглэл өгөөгүй, хариуцагч тухайлан баталсан удирдамжгүйгээр хяналт шалгалт хийснийг зөвтгөх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд ... Я ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт нь тухайн өдрөө холбогдох албан тушаалтанд хянагдаж дээд албан тушаалын этгээд нь Ц.А байцаагчид цохолт хийсэн байхад өөрөө дураараа ажиллаж дүгнэлт гаргасан мэтээр шүүх тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгох бөгөөд барилгын техникийн улсын хяналтын байцаагч нь Барилгын тухай /2008 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан чиглэлээр хяналт шалгалт явуулах эрхтэй байна.

Гэтэл хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А нь хуульд заасан хяналт шалгалт явуулаагүй, мөн Я ХХК-ийн хүсэлтэд дурдагдсан ИНҮЭТ ХХК-д холбогдуулан шалгалт хийгээгүй, харин Ха ХХК /хуучин нэрээр KTL ХХК/-ийн хийсэн засварын ажилтай холбоотой дүгнэлт гаргасан нь илт алдаатай, өөрөөр хэлбэл барилга байгууламжийн ашиглалттай холбоотой дүгнэлт гаргах ёстой байтал өөрийн эрх хэмжээнээс хальсан асуудлаар Я ХХК-д зөвлөмж өгчээ.

Дээр дурдсанчлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-94/891 дүгээр дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай /2008 он/ хуулийг тус тус зөрчсөн илт хууль бус захиргааны акт мөн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ