Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2421

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ю Б Э П” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6 975 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ю Б Э П” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд ХД 72 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 103 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НРТ13В29 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 1 дүгээр улиралд багтаан байрыг хүлээлгэж өгөх ёстой байсан ч 2015 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Захиалагч миний бие гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын үнэн зөв мэдээллийг гэрээнд заасны дагуу надад өгөөгүй учраас миний бие байрны м.кв дутсан гэдгийг мэдээгүй байраа 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны талбайг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр зураг төсөл гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй “Инженер геодези” ХХК-д хандаж байрныхаа талбайг Стандартчилал хэмжил зүйн газрын баталсан Монгол Улсын стандарт 6058:2009 аргачлалаар хэмжүүлж холбогдох дүгнэлт, тэмдэглэлээр миний бие өмчилж буй орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд заасан 46.4 м.кв биш 42.56 м.кв талбайтай болохыг тодорхойлсон. Гүйцэтгэгчийг гэрээний 1.2, 1.3, 1.5, 4.2.3, 5.3-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иймд надад учирсан хохирол орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлөгдсөн /46.4 м.кв - 42.56 м.кв/ = 3.84 м.кв буюу үнийн дүнгээр /3.84 м.кв х 1 800 000/= 6 912 000 төгрөг, “Инженер геодези” ХХК-д төлсөн орон сууцны хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 63 840 төгрөг нийт 6 975 840 төгрөгийг “Ю Б Э П” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю Б Э П” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны 71, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Манай компанийн уг хотхоны барилгын ажлыг “Ө б” ХХК болон “А” ХХК, “Х к” ХХК, “С О” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцны чанар стандартад нийцсэн, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбай хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгчид 103 тоот байрны түлхүүрийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэсэн гэрээ гэж хийгдсэн ч гэсэн зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргаагүй, уг барилга 2008 оноос баригдсан, гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн стандартаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю Б Э П ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6 975 840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагч баригдсан орон сууцыг санал болгож нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй” гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэргийн нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “Ю Б Э П” ХХК нь барилга байгууламжийг D/06/07 дугаар төслөөр 2008 оны 5 дугаар сараас барилгыг барьж эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгасан нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тогтоогдсон байгаа тул хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулах боломжгүй /цаг хугацааны хувьд/, захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 2.1-т заахдаа “Энэхүү гэрээгээр баригдах орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1 800 000 төгрөг, нийт 46.4 м.кв орон сууцны үнэ 83 520 000 төгрөг байна.” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан заалтын дагуу ойлгож худалдах, худалдан авах гэрээ гэж үнэлэх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасны дагуу 2 тал ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий зүйлийн 1.1-т 2-т тус нөхцөлийг оруулж харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмших эрхтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч шүүх хуралд өгсөн тайлбартаа “Манай компани уг хотхоны барилгын ажлыг “Ө б” ХХК, “А” ХХК, “Х к” ХХК, “С О” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцны чанар стандартад нийцсэн барилгын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзээд худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.” гэжээ. Нэг тал нь тодорхой давхарт өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх агуулгатай гэрээ байгаа нь захиалгаар орон сууц бариулах тухай гэрээний 1.1-1.6-д заасан заалтуудаар нотлогдож байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд  бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т орон сууц захиалгаар бариулах гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.6-д зааснаар захиалагч барилгын баталгаат 3 жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргах, гүйцэтгэгч хугацааны дотор хангах үүрэгтэй. Орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бол орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй ажлын үр дүн доголдолтой болж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын хэмжээнд ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” шаардлагыг захиалагч гаргах эрхтэй гэж заасан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “Ю Б Э П” ХХК-д холбогдуулан гэрээнд заасан хэмжээнээс 3.84 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Happy town орон сууцны 72 дугаар байр, 2 дугаар орцны 103 тоот 46.4 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 83 520 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй байна. /хэргийн 5-12 дугаар тал/

 

Харин гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ. Маргааны зүйл болох ХД-72 дугаар байрны барилгыг “Ю Б Э П” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр худалдан авсан ба гэрээ байгуулах үед барилгууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хэргийн 27-29 дүгээр тал/

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаар актаас үзвэл уг орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдаж улмаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусчээ. /хэргийн 30-33 дугаар тал/

 

Хариуцагч талын өөрийн зураг төсөл, материалын дагуу барьж буй орон сууцнаас нэхэмжлэгч сонгож, гэрээнд заасан үнийг төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч орон сууцыг  2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Инженер геодези” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон акт гарах үед мэдсэн гэх боловч энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймээс илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 126 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                   С.ЭНХТӨР