Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 161

 

                                                                       

                            

                                              

 

              

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,098 ам.доллар буюу 44,413,940 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК   нь М ХХК  -тай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” болон “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан. Бараа нийлүүлэх гэрээгээр гүйцэтгэгч буюу С ХХК   нь FJ-K-001 загварын P630C06012/14 техникийн үзүүлэлттэй, 630 кг даацтай, 8 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, захиалагч тал буюу М ХХК   нь тоног төхөөрөмжийн үнийг төлөх, “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ээр манай тал цахилгаан шатыг барилгын хонгилд угсрах, суурилуулах, М ХХК   нь угсралтын хөлсийг төлөх эрх, үүргийг тус тус харилцан хүлээсэн. Бараа нийлүүлэх гэрээгээр манай тал цахилгаан шатыг нийлүүлсэн, М ХХК   нь тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлсөн, “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ээр С ХХК   нь цахилгаан шатыг тухайн барилгын хонгилд угсарч суурилуулсан боловч М ХХК   нь угсралтын хөлсийг дутуу төлсөн болно. “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлс нь гэрээний 2.2 дахь хэсэгт заасан хүснэгтийн 4 дэх нүдэнд тодорхойлсончлон нийт 33,600 ам.доллар ба үүнээс М ХХК   нь дараах төлбөрийг хийсэн байна. Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-нд 5,000,000 төгрөг төлсөн ба тухайн өдрүүдийн Монгол банкны ханшаар тооцоход нийт 15,502 ам.доллар төлсөн. Нийт төлбөл зохих 33,600 ам.доллараас нийт төлсөн 15,502 ам.долларыг хасаж тооцоод 18,098 ам.доллар буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар нь 2,454.08 төгрөг буюу нийт 44,413,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ С ХХК   бүрэн гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт нь ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК   нь хариуцагч М ХХК  -д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,098 ам.доллар буюу 44,413,940 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч М ХХК  -ийн Гүйцэтгэх захирал О.Д нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

М ХХК   болон С ХХК   нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулж, С ХХК   нь FJ-K-001 загварын P630C06012/14 техникийн үзүүлэлттэй, 630 кг даацтай, нийт 8 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, М ХХК   нь тоног төхөөрөмжийн үнэ 174,640 ам.долларыг төлөх үүргийг хүлээж, талууд гэрээний үүргээ хэн аль нь биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч С ХХК   нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан хариуцагчаас төлбөр нэхэмжлээгүй байна. /хх-8-9/

 

Тус хоёр компани нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, С ХХК   нь нийт 8 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, М ХХК   нь цахилгаан шатны угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд нийт 33,600 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-10-11/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК   ажлын гүйцэтгэлийн хөлс 33,600 ам.долларын төлбөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-нд 5,000,000 төгрөг төлсөн ба тухайн өдрүүдийн Монгол банкны ханшаар тооцоход нийт 15,502 ам.доллар төлж, нийт төлбөл зохих 33,600 ам.доллараас үлдэгдэл 18,098 ам.доллар буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар нь 2,454.08 төгрөгөөр тооцон, нийт 44,413,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, мөн цахилгаан шатны угсралтын ажлын хөлсийг төлж байсан байдлаас нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийт 8 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн, ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Зохигчид цахилгаан шатны угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсийг ам.доллароор  тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 2.3-т “...валютын ханшийг тухайн өдрийн арилжааны ханшаар тооцож, төгрөгт шилжүүлнэ...” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн нийт 30,000,000 төгрөгийг тухайн өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцож, үлдэгдэл төлбөр болох 18,098 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны 1 ам.долларын албан ханш  2,454.08 төгрөгөөр тооцож 44,413,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, 218 дугаар зүйлийн 281.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай нийцэж байна.

 

Хариуцагч М ХХК   нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт  8 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсний үлдэгдэл төлбөрт 44,413,940 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК  -д төлөх үүрэгтэй гэж үзэн хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй..

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал, түүний үндэслэл, гэрээний үүргийн гүйцэтгэл, ажлын хөлсний талаар тайлбар гаргаагүй бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Шүүх дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч М ХХК  -аас 44,413,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК  -д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч М ХХК  -ийн Гүйцэтгэх захирал О.Дарханбаяр нь хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутанд хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тов мэдэгдэх хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч М ХХК  -аас 44,413,940 /дөчин дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК  -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК  -аас улсын тэмдэгтийн хураамжид 380,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК  -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Хариуцагч М ХХК   шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР