Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 674

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00674

 

 

“СЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00161 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “СЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: “МК” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44 413 940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:СЭ” ХХК нь “МК” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ болон цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Бараа нийлүүлэх гэрээгээр “СЭ” ХХК нь гэрээнд заасан цахилгаан шатыг нийлүүлэх, “МК” ХХК нь тоног төхөөрөмжийн үнийг төлөх, Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээгээр манай тал цахилгаан шатыг барилгын хонгилд угсрах суурилуулах, “МК” ХХК нь угсралтын хөлсийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн.

Бараа нийлүүлэх гэрээний дагуу манай тал цахилгаан шатыг нийлүүлж, “МК” ХХК нь тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлсөн.

Цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээгээр “СЭ” ХХК нь цахилгаан шатыг тухайн барилгын хонгилд угсарч суурилуулсан боловч “МК” ХХК нь угсралтын хөлсийг дутуу төлсөн. Уг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар нийт 33 600 ам.доллар төлөх үүрэгтэй ба үүнээс “МК” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн ба тухайн өдрүүдийн Монголбанкны ханшаар тооцоход нийт 15 502 ам.доллар төлсөн байна.

Нийт төлбөл зохих 33 600 ам.доллароос төлсөн 15 502 ам.долларыг хасаж тооцоод 18 098 ам.долларыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцоход 1 ам.доллар нь 2 454.08 төгрөг буюу нийт 44 413 940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “МК” ХХК-аас 44 413 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СЭ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 380 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

                                                                                                                                

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “МК” ХХК нь 2013 онд “Хос билэг” хотхоны орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан төсөл хэрэгжүүлсэн болно. Дээрх барилгын цахилгаан шатны ажил дээр 2013 оны 09 сард “СЭ” ХХК-тай гэрээ хийн хамтран ажилласан.

Анхан шатны шүүх манай компаниас 40 000 000 төгрөг гаргуулж “СЭ” ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “СЭ” ХХК нь хариуцагч “МК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 098 ам.доллар буюу 44 413 940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

“МК” ХХК болон “СЭ” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, “СЭ” ХХК нь FJ-K-001 загварын P630C06012/14 техникийн үзүүлэлттэй, 630 кг даацтай, нийт 8 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, “МК” ХХК нь тоног төхөөрөмжийн үнэ 174 640 ам.долларыг төлөх үүргийг хүлээж, талууд хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй.

 

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цахилгаан шатны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, “СЭ” ХХК нь нийт 8 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “МК” ХХК нь цахилгаан шатны угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд нийт 33 600 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч “МК” ХХК ажил гүйцэтгэх гэрээний хөлсөө 33 600 ам.доллар төлөхөөс 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн ба тухайн өдрүүдийн Монгол банкнаас зарласан зах зээлийн ханшаар тооцоход нийт 15 502 ам.доллар төлснийг хасч үлдэх 18 098 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцон, нийт 44 413 940 төгрөгөөр шаардлагаа тодорхойлсон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал, түүний үндэслэл, гэрээний үүргийн гүйцэтгэл, ажлын хөлсний талаар тайлбар гаргаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар явуулсан нь хуульд нийцжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дах хэсэгт зааснаар тайлбар гаргаагүй хариуцагч талыг нэхэмжлэлийг эсэргүүцээгүй гэж дүгнэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч “МК” ХХК-иас 44 413 940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СЭ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 380 050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4  119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА